Шууд Chart

Т.Доржсүрэн: Яруу найрагчид сэтгэлгээний хувьд их хувьсгалч хүмүүс

2017-02-20 17:09:17

Т.Доржсүрэн зохиолчийг танихгүй хүн ховор. Өгөөж баян Сэлэнгэ нутгаараа овоглож олон зуун шавиа яруу найраг хэмээх энэ л гэгээн сүм рүү эргэлт буцалтгүй оруулсан гээд түүний ач тус их. Шижир алт шиг үг, утга уянга, ур хийц, уран санаа нь халгиж цалгисан шүлэг найргийг уншсан хэний ч сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Тэрбээр номонд, үгийн шидэнд  асар их хүч чадал байдгийг олон хүүхдэд мэдрүүлж өгсөн ачтан билээ. МЗЭ-ийн шагнал тэрбээр “Амь чулуу”, Шүлгэн судар”, “Үүлэн борлог”, “Зохиолчдыг ивээсэн нөмөр”, “Наранд наадсан Сэлэнгийн буудай буюу Сүдэвцэрэнгийн Базарсад”, “Сэлэнгийн алдарт тариаланчид”, ”Хоймор нутгийн хийморь”,  “Адууны тэнгэртэй эр буюу амьд тууж” зэрэг уран зохиол,  сэтгүүл зүй,  түүх,  судалгааны  40 –өөд ном бичиж та бидэнд оюуны асар том хөрөнгө оруулалт өгсөн. Найрагч маань Завхан аймгийн Отгон сумын харьяат. Гэвч Сэлэнгэ сайхан нутагтаа 43 жил ажиллаж амьдарч яваа болохоор "Сэлэнгийн Доржсүрэн" гэдэг нэрийг хэдийнэ хүртжээ.  МУГЖ С.Жавхлангийн “Хүлээлээ” дууны үгийг ч бичсэн гээд түүний тухай бичвэл их хугацаа орох нь. Аав шиг минь дүнхийсэн ноён оргил энэ цагийн эрхэм суутан, яруу найргийн охин тэнгэрийн хишигт найрагчийн эгэл яриагаар уншигч таныг “дайлъя”. Таалан болгооно уу.

-Сар шинийн өмнө МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбараас зохион байгуулан орон нутгийнхаа телевизүүдтэй хамтран зохиолчдынхоо өвийг үлдээх зорилгоор цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн гэсэн. Энэ талаар сонирхуулаач ...

-Сэлэнгэ аймагт утга зохиолын дугуйлан 1961 онд анх байгуулагдаж, Орхонтуул сумын уугуул Батмөнх гэдэг хүн анхны дугуйлангийн эрхлэгчээр ажилласан түүхтэй. Түүнээс хойш манай дугуйланг өгүүллэгийн нэрт мастер Жагдалын Лхагваа, нэрт зохиолч И.Гүрринчин, сэтгүүлч Гэндэнпунцаг,  Д.Сүхбаатарын шагналт зохиолч Чой.Лувсанжав гээд олон хүн удирдсан түүх бий. 1977 онд төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн гуай ирж Сэлэнгэ аймагт “Залуу зохиолчдын нэгдэл”-ийг байгуулсан юм. Залуу зохиолчдын нэгдлийн эрхлэгчээр тэр үед Сэлэнгэ аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтэст ажиллаж байсан С.Базарсадыг томилсон юм. 1993 онд МЗЭ-ийн орлогч дарга, хэл шинжлэлийн ухааны доктор Ширсэдийн Цэнд-Аюуш ирж МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг байгуулсан шийдвэрийг бидэнд танилцуулж хурал хийлгэн С.Базарсадыг МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын даргаар баталж билээ. Манай салбар Баян-Өлгий аймгийн дараа байгуулагдсан хоёр дахь салбар. Бид тэр үед дарга, нягтлан бодогч хоёроо цалинжуулан ажиллуулж чаддаг байлаа. Манай утга зохиолын дугуйлан, нэгдлээс маш олон зохиолч төрөн гарсан. Бид түүхээ, өвөө хойч үедээ үлдээх зүйл хийх ёстой гэж бодсоны учир цуврал нэвтрүүлэг хийхээр болсон.

-Үг бүхэн амьтай гэдэг. Яг  тарни шиг ...

-Яруу найрагч хүн дотоод сэтгэлийнхээ мэдрэмж бүхнийг хөглөж шүлгээ бичдэг гэж боддог. Түүнийг нь онгод гэдэг байх. Үг бүхэн үнэ цэнэтэй. Яруу найрагч өөртөө зориулж шүлэг бичдэггүй.  Ард түмэнд зориулж шүлэг бичдэг гэж ойлгодог.  Тийм болохоор муу бичих ёсгүй. Бурхан шашны номуудыг харж байхад дийлэнх нь шүлэглэсэн хэллэг байдаг. Шүлэг бол тарни мөн гэж хэлэх үндэслэл түүнээс төрж байгаа юм.

-Радиогийн Базарсад найрагч  гэхээр их ухаан, уянга хүн чанар мэдрэгддэг. Энэ сайхан эрхмийн дотны хүний хувьд танд ярих зүйл их бий биз?

-Сүндэвцэрэнгийн Базарсад хэмээх эрхэм хүн бол миний багш. Түүнгүйгээр Сэлэнгийн гэх тодотголтой шүлэг, уран зохиолд хөл тавьсан хүмүүс цөөхөн байх. Тэр маш гайхамшигтай зохион байгуулагч, удирдагч хүн байсан. Амьдралынх нь сүүлчийн өдрүүдийг хүртэл хамт явсандаа бахархаж явдаг. Би багшдаа зориулж “Наранд наадсан Сэлэнгийн буудай буюу Сүдэвцэрэнгийн Базарсад” гэдэг ном  2013 онд бичиж олонд хүргэсэн. Монголын зохиолчдоос Орос, Европын орон руу галт тэргээр зорьсон бүх хүнийг Сүхбаатар хотын галт тэрэгний буудал дээр үдэж,  ирэхэд нь угтан авдаг тийм сайхан хүн байсан. Бид хамт явдаг байлаа. Буузаа хийгээд, сүүтэй цайгаа бариад бид галт тэрэгний буудал дээр олон он жилүүдийг багштайгаа үдсэн. Багш маань “Би дөрвөн улирлаар 16 ном гаргана” гэж ярьдаг байсан ч эхний хоёр улирлаа ч дуусгаж амжаагүй дөнгөж тавь гаруйхан насандаа бурхны оронд морилсон доо. Тэр Монголын алдарт тариаланчдадаа “Наранд наадсан Сэлэнгийн буудай” алдарт дуугаа үлдээсэн.

-Дуунд ургасан сэлэнгийн буудай

Дурдан торго шиг өгөөжтэй газар минь

Алтан алим шиг алганд минь бөмбөрөөд

Аадар бороо шиг шаагин асгарна ...гээд Базарсад багшийн дуу дуулахаар нүд минь баярын нулимсаар бүрхдэг. Бид ийм л сайхан газрын хишигтэй нутгийн эзэн гээд бодохоор бахархмаар?

-Намар бүхний шар талд тариа шуурайлах цагаар багшийн дуу уянгалж байхад хамтдаа л байгаа юм байна даа гэж санагдуулдаг даа. Багш маань бурхан болохоосоо өмнө “Зохиолчидтой өнгөрүүлсэн 20 жил” гэдэг дурсамжийн номоо гаргасан нь манай түүхийн хамгийн нандин өв гэж боддог. МЗЭ-ийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж Сэлэнгийн зохиолчдыг маш олон газраар аялуулж, уран зохиолын олз омгоор бялхуулдаг хүн байсан. Бид Дархан, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Хэнтий гээд олон аймгаар аялж байлаа. Мөн хил зэргэлдээ ОХУ-ын Буриад улсаар их явдаг байв. “Буриадын Үнэн” сонин,”Байгаль” сэтгүүлд бидний бүтээл бишгүй гарч байсны гавьяа нь багш бүхнийг холбож чаддаг байсных гэж ярилцдаг. МЗЭ-ийн төлөлөөгчдийн бүрэлдэхүүнд орж хоёр ч удаа Орос, Европын орноор явж ирээд “Братскийн усан цахилгаан станц”, “Шушенск” гэдэг сайхан найраглал бичиж “Цог” сэтгүүлд нийтлүүлж байлаа. Намын дээд сургуулийг 1987 онд төгсөж ирээд “Сүхбаатарын туг” сонины хариуцлагатай эрхлэгчээр томилогдон бид хоёр нэг байгууллагад ажиллах боломж олдсон юм. Би тэр үед тус сонины сурвалжлагч-утга зохиолын ажилтан, хэвлэх үйлдвэрийн дэргэдэх намын үүрийн нарийн бичгийн дарга байв. Хажууд нь байхад уул шиг нөмөртэй хүн байж дээ.

-Яруу найрагчдыг их зөнч гэдэг. Та нар яагаад зөнч байдаг юм бэ. Үг амьтай болохоор тэр юм болов уу?

-Яруу найрагчид сэтгэлгээний хувьд их хувьсгалч хүмүүс. Тэдний хүрч сэтгэж байгаа газарт хүрэхийн тулд энгийн хүн их замыг туулах хэрэг гарна. Сэтгэлгээний хурд нь нарны тусгал шиг урт учир зөнч байхаас аргагүй. Хэзээ нэгэн цагт ирэх алсыг яруу найрагчид төсөөлж чаддаг,  Тэр нь амьдрал дээр хожим үнэн байсан нь батлагдах нь их. Тийм учир зөнч гэсэн биз ээ.

-Та хамгийн сүүлд ямар шүлэг тэрлэв?

-Яруу найрагчид янз бүрийн л цаг хугацаанд шүлгээ бичдэг. Намар илүү бичдэг, өвөл илүү бичдэг гээд л ярих нь бий. Би жилийн дөрвөн улиралд шүлгээ бичдэг. Намраар жаахан гунигтайхан шүлэг тэрлэх нь илүү мэдрэгддэг. Хамгийн гэгээн шүлгээ өвөл бичсэн байх нь их. Одоо өдөр бүр таталбар хийж байгаа. Нас ахих тусам оюун ухаан удаашрах хандлага бий гэж зарим хүмүүс хэлэх нь бий.Надад тийм юм мэдрэгддэггүй. Харин илүү их амьдралыг, уран зохиолыг, уншигчдыгаа ойлгосон болохоор илүү сайныг хийх нас ирсэн гэж санадаг. Хамгийн сүүлд хайрын шүлэг тэрлэсэн.

-Яруу найрагчид онгод гэж ярьдагЗарим хүн бодож  бичдэг ч гэдэг. Таны хувьд уран бүтээлээ хэрхэн туурвидаг вэ?

-Шүлгийг бол сэтгэлээрээ бичдэг, үргэлжилсэн үгийн зохиолоо эхлээд бодож дараа нь буулгадаг. Шүлэг шиг онгодоор бичсэн “Үүлэн борлог” туужаа найраглал бичих шиг мэдрэмжээр бичиж дуусгаж байсан. Шүлгээ эхэлж байхад арынх нь мөртүүд сэтгэлд ургаад заримдаа гар гүйцэхгүй тохиолдол гардаг. Онгод хүлээж уран бүтээл хийж үзээгүй. Бичье гэсэн үедээ л бичдэг ээ.

-Хүүхэд байхдаа нэрт яруу найрагч Г.Сэр-Одын нэрэмжит Уран жиргээ, Дунгийн эгшиг уран уншлага, яруу найргийн наадмыг хуруу даран хүлээдэг байлаа. Энэ наадмыг таньгүйгээр төсөөлөхийн аргагүй. Олон ч хүүхдийг яруу найрагч, сэтгүүлч болгосон ачтай, өгөөжтэй  наадам. Энэ наадмын тухай сайхан хууч дэлгээч?

-1990 онд С.Базарсад багш надад “Хоёулаа хүүхдийн яруу найргийн наадам хийх үү” гэж асуусан. Би зөвшөөрсөн. Санхүүгийн асуудал хүнд байсан. Би ивээн тэтгэе гэсэн . Багш бөөн баяр болж билээ. Тэр үеийн 10000 төгрөгөөр ивээн тэтгэсэн. Би баян хүн биш. Байгаагаа л зарцуулсан. Анхны наадамд Сүхбаатар хотын 10 жилийн 1-р сургуулийн 10-р ангийн Н.Амаржаргал гэдэг охин түрүүлж, Ерөөгийн Д.Гэрэлтуяа охин аман хүзүүдсэн юм. Энэ наадамд түрүүлсэн Н.Амаржаргал маань хожим нэртэй найрагч болж Оюутны яруу найргийн анхны наадамд түрүүлсэн бүсгүй. Хүний их эмч, сэтгүүлч, яруу найрагч  хүн дээ. 1993 онд багш МЗЭ-ийн шийдвэр гаргуулж энэ наадмыг Г.Сэр-Одын нэрэмжит “Дунгийн эгшиг” хүүхдийн яруу найргийн наадам болгосон.1996 оноос хойш миний бие өдгөөг хүртэл багшийнхаа замыг нь гаргасан энэ албыг хийж яваа. Манай наадмаас маш олон авьяастан төрөн гарсан. Н.Амаржаргал, Д.Гэрэлтуяа, Г.Хишигбадам, Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн, Аринтунгалаг, Бат-Ирээдүй,  Д.Одонтунгалаг, Д.Отгонцагаан, О.Отгондэлгэр, Д.Навчаа,  М.Болортунгалаг, Ш.Жавзанпагам, А.Дарханцэцэг, Ц.Уранбодол, Ж.Амартайван, Б.Анхцэцэг, Ариунаа, О.Цэнд-Аюуш, Д.Батцоож, Б.Бат-Эрдэнэ, Э.Энхболд, А.Лхамдулам ,Д.Отгонсэлэнгэ  гээд маш олон хүүхдийг нэрлэж болно. Д.Бямбасүрэн маань сэтгэлгээний яруу найргийн анхны наадамд түрүүлсэн,  Д.Отгонцагаан маань улсын “Болор цом”-д хэдэн жил цээжинд хурдалсан, О.Цэнд-Аюуш маань МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-д гурван удаа дэд тэргүүн байр эзэлсэн, Э.Энхболд маань хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд түрүүлсэн гээд олон амжилт бий. “Дунгийн эгшиг” наадамд түрүүлсэн хүүхдүүдэд хурдан удмын даага өгдөг болгох санаачлагыг бас гаргаж Баянгол сумын уугуул “Улсын алдарт уяач” Өлзийжаргал, Лувсандорж, Шаамар сумын “Улсын алдарт уяач” Н.Юмжигмэд нар хурдан удмын даагаар байлж байсан түүхтэй. Хурдан удмын даага хөтөлсөн анхны хүүхэд нь эдүгээгийн сэтгүүлч, яруу найрагч Ж.Амартайван, удаах нь сэтгүүлч, яруу найрагч Д.Отгонцагаан, Б.Анхцэцэг.  Даага хөтөлсөн хүүхдүүд сайхан найрагчид болсон шүү. Ширсэдийн Цэнд-Аюуш гуайн үүсгэн байгуулсан Утга зохиолын дээд сургуулийг Д.Одонтунгалаг, З.Дэлгэрцэцэг, Ж.Амартайван, Д.Отгонцагаан, Б.Анхцэцэг, О.Отгондэлгэр, Э.Энхболд, О.Цэнд-Аюуш зэрэг олон хүүхэд төгсөн гарсан нь энэ наадмын үр өгөөж гэж бодож явдаг. Ихэнх нь олон сайхан шүлэг яруу найргийн номоо хэвлүүлж олны хүртээл болгосныг хараад магнай тэнэгэр суудаг даа.

-“Дунгийн эгшиг аймгийн наадамд түрүүлсэн хүүхдэд хурдан удмын даага бэлэглэдэг нь ямар учиртай байсан юм бэ?

-Монгол Улсад хүүхдийн ийм том наадам хийдэг газар байхгүй. Тэр тусмаа МЗЭ-ийн шийдвэрээр байгуулагдсан “Хүүхдийн уран бүтээлийн нэгдэл” гэдэг байгууллагатай ийм аймаг үгүй л дээ. Г.Сэр-Од бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хүн. 23 насандаа бурхны орныг зорьсон ч “Буйдан баатар” гэдэг туульсын найраглал, “Ээждээ” , “Шөнийн онгоцоор” , “Дөмөн” гээд алдарт шүлгүүдээ үлдээсэн. Монголын их утга зохиолыг үүсгэн байгуулагчдын нэг байсан. Түүний нэрийг алдаршуулах бодол бидэнд байсан юм. Хурдан удмын дааганы хувьд  найрагч хүүхдүүд шүлгээр уралдах нь дааганы уралдаан шиг тийм хөөрхөн, хар хоргүй, үнэнч болдог. Түүнээс үндэслэж даагаар байлья гэж ярилцсан юм. Одоо даага өгөхгүй байгаа ч хүүхдийн наадмыг ямар ч хар хор оруулахгүй үнэнчээр явуулах гэж би 20 жил зүтгэж яваа.

-Та шинэ өглөө бүрийг их энергиэр угтдаг. Ер нь хэрхэн угтдаг вэ?

-Сэрэнгүүтээ бодлоо цэгцэлдэг. Тэгээд босож гадаа гарч орчныг ажиглаж, уулс ширтэж, их мөрнүүдийн зүг нүд бэлчээж өдрийн өнгийг хараад орж ирдэг. Орхон-Сэлэнгийн бэлчир өвөлдөө цасан дунд мэлтийгээд мөрний зүгээс жавар тасхийж байдаг бол дэлгэр цагт усны үнэр сэнхийгээд түмэн зүйлийн шувуудын дуу нургиж байдаг. Ийм сайхан орчинд сууж амьдарч байгаа учир өглөө бүхэн өөдрөг байдаг аа.

-Таны амьдралын хамгийн жаргалтай үе хэзээ байв. Аз жаргал гэж чухам юу вэ?

-Мэдээж хүүхэд насанд байсан. 5-6-р ангийн хүүхэд байхдаа “Монголын шилдэг яруу найраг” гэсэн ногоон хавтастай номыг дахин дахин уншсаар зохиолчдынх нь намтар түүхийг цээжилчихсэн хүүхэд явсан. Ч.Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” найраглалыг хөгшдөд уншиж өгч уйлуулаад чихрээр шагнуулдаг байлаа. Бас хурдан морь унаж явсан тэр цаг үе үнэхээр сайхан цаг үе байж дээ. Аз жаргалын хамгийн том хэмжээ нь элэг бүтэн байх. Аз жаргалтай байхын тулд зүрх сэтгэлдээ сүүдэр тогтоодоггүй болох хэрэгтэй гэж боддог. Бусдад хийсэн сайн тус бүхнийхээ дараа аз жаргалыг мэдэрдэг. Ялангуяа хүүхдийн төлөө сайн юм хийх бүртээ аз жаргалыг илүү их мэдэрдэг.

- Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодолын "Харамчийнхан" гэдэг сайхан шүлэг бий. Өөрөөсөө ч хамаг юмаа харамладаг харамч эх оронд минь харийн дайсан довтлоход азаргаар адуу, хоёр сайхан хүүгээ харамлалгүй өгч эх орноо аврахын төлөө зүрх сэтгэлээ өгч байгааг гайхамшигтай дүрсэлсэн. Түүн шиг өнөө эх орноо хямралаас гаргахын төлөө жирийн иргэн алтан бөгжөө, агт морио, мөнгө төгрөгөө өргөж байна. Үндэсний тэрбумтангууд гэж зарлагдсан хүмүүс, саятангууд, хувьчлал нэрээр ард түмний бүтээн босгосон бүхнийг авч хөрөнгөжсөн эрхэмүүд,  Монголынхоо газрын баялагийг ашиглаж байгаа хүмүүс одоо эх орондоо "өрөө төлөх" болсон санагдана. Та нар минь "Харамчийнхан" шиг эх орныхоо төлөө сэтгэл гаргаарай гэж цахим хуудсаар бусдыг уриалсан байсан ...

-Хүн сэтгэл гаргавал өглөг багаддаггүй. Эх орон гэдэг бидэнд байгаа бүх юм минь шүү дээ. Мөнгө төгрөг, эрх ямба эх орны дэргэд юу ч биш. Бид эх оронтойгоо байхад л жаргалтай. Тийм ч болохоор хэдэн зуун, мянганыг дамжин дээдсүүд минь энэ газар шороогоо хамгаалж амь насаа өргөж ирсэн. Тэд байгаа бүхнээ эх орондоо өгсөн. Өнөө цагийн хөрөнгөтэй хүмүүс газрынхаа баялагаар хөлжиж, эх орныхоо хишгээр мөнгө төгрөгтэй болж байгаа нь бүхний нүдэнд ил байгаа шүү дээ. Тийм болохоор жаахан сэтгэл гаргахад л эх орон чинь гэрэлтэй болох нь гэдгийг л сануулсан төдий.

- ...Өглөө мандах нар шиг тийм сайхан бүсгүй бий

Өөр хэнд ч байхгүй тэр бүсгүй миний бүсгүй Энэ таны шүлэг. Амьдралын хос жигүүр болсон сайхан ханийнхаа тухай яриач?

-Миний хань Батчулууны Нэмэхсүрэн гэж сайхан бүсгүй байгаа. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүн. Адуу, айраг хоёроороо алдартай нутаг. Жаргал, зовлон бүхний дэргэд хамтдаа байж 40 жил хамтдаа яваа бидэн хоёр. Социалист системийн үед гоёлын гуталчин гэдэг мэргэжил эзэмшсэн. Олон бүсгүйд гоёлын гоё гутал хийж өгсөн дөө. Өндөр өсгийтэй гутал моодонд орж байхад миний ханийн хийсэн гутал маш эрэлттэй байлаа. Орос, Буриадууд хүртэл захиалж хийлгэдэг байсан. Ханийнхаа буянаар залуу насандаа хамгийн сайхан гутал өмсөж явлаа. Миний хань дөрвөн сайхан охин, нэг хүү төрүүлж өгсөн. Харамсалтай нь сайхан хүү минь бурхны оронд одсоон. Цэцэг шиг дөрвөн охин минь сайн сайхан яваа. Том охин Одонтунгалаг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан, удаах охин Орхонсэлэнгэ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тавдугаар бүрэн дунд сургуульд англи-орос хэлний багш, удаах охин Орхонтунгалаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын бүрэн дунд сургуульд зураг дизайны багш, отгон охин Отгонсэлэнгэ Улаанбаатар хотод “Монфа” эмийн үйлдвэрт чанарын менежерээр ажиллаж байна. Уул мөрлөм ханхар гурван хүргэн хүүтэй болсон. Том хүргэн төмөр замд ажилладаг, удаах хүргэн шатрын багш, бага хүргэн газар тариаланд ажиллаж байна. Хоёр  зээ хүү, гурван зээ охинтой.

-Үрийн үрээ тэвэрсэн өнөр өтгөн айл сар шинээ хэрхэн угтах вэ?

-Сар шинийг бүр залуудаа хийж эхэлсэн. Гучин нас хүрээгүй байхад аав, ээж хоёр минь, хадам аав минь ирж өвөлжөөд сар шинэ хийгээд түүнээс хойш таслаагүй. Би чинь ээжийнхээ талаас хамгийн том эрэгтэй нь. Бөл дүү нар маш олон бий. Сар шинээр наян настай буурал шиг налайж суугаад хүүхдүүдээ,  зээ нараа, бөл дүү нараа хүлээж золгодог. Энэ завшааныг ашиглаж Алтан унжлагат хэмээх тахиа жилдээ аз жаргалаар түүрэн байхын ерөөлийг нийт уншигчдадаа өргөе.

-Монголын яруу найраг таны нүдээр ...

-Би алтан үеийнх ч биш мөнгөн үеийнх ч биш. Тэгэхээр энэ хоёрын завсрын үеийн яруу найрагч. Алтны ч, мөнгөний ч хольцтой гэж хэлбэл үгүйсгэхгүй байх. Б.Явуухулан, Ч.Чимэд, Ц.Гайтав, Ч.Лхамсүрэн, Ц.Цэдэнджав гээд томчуудаас үг дуулсан. Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, П.Бадарч, С.Дашдооров, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн гээд хүмүүсийн шүлгийг халуунаар нь уншиж заримд нь шүүмжлүүлж, заримаас нь урмын үг сонсож явсан. Миний үеийнхэн Ц.Чимиддорж, З.Түмэнжаргал, Н.Сүхдорж, Л.Мягмарсүрэн, Д.Нямаа, Ц.Нямаа...гээд хөвөрнө. Бидний үед “Утга зохиол урлаг” сонинд” , “Цог” сэтгүүлд нэг шүлэг нийтлүүлэхийн тулд том шалгуур давж очдог байсан тийм үе. Монголын яруу найраг 1990-ээд оноос нэгэн том давалгаатай хамт нийгмийн хувьсгалтай зэрэгцэн урагшилсан. Олон урсгал, өнгө , ая дан орж ирсэн. Мэдээж эрчимтэй хөгжиж байгаа. Ялангуяа бүсгүйчүүд монголын яруу найрагт олноор орж ирсэн. 1990-ээд оныхон бол их утга зохиолын ачааг нуруун дээрээ үүрэх тийм сайхан залуучууд гарч ирсэн шүү. Харин түүний дараа үеийнхэн тэдний энд хүрэхгүй л байна гэж боддог. Сайн тал их байгаа ч саар зүйл их бий болж байгаа гэж харж явдаг. Ямар ч хяналт байхгүй бичицгээж байгаа болохоор их шуурганд зогсож чадахгүй хөөгдөж яваа юм шиг л байна. Хэнд ч үзүүлээгүй, хэнд ч харуулаагүй шүлгүүдээ нийлүүлээд ном гаргачихаж байна. Ном гарангуутаа эзний биш монголын яруу найргийн төлөөлөл болж ард түмэнд очдог. Энэ утгаараа залуучууд хэвлүүлэх гэж байгаа номоо сайн нягталж байгаасай гэж бодож явдаг даа.

Миний бүсгүй

Их холоос надад ирж өглөө бүхэн уулздаг

Ихэр шаргал оддын хамт үдшээр бас зочилдог

Сэмрэх сэтгэл цойлдож хайраар дүүргэдэг

Сэмхэн санаа алдуулж жаргалд умбуулдаг

Сайхан бүсгүй надад байдаг

Саран хээр хоноход хамт ирж хонодог

Сархад шиг согтоох бүсгүй надад байдаг

Сар хоног урсах тоолонгоор хамт байдаг

Зөөлөн инээднийх нь уярамыг олж хардаг

Зөвхөн намайг харах нүдийг нь аргаддаг

Туяхан хурууг нь барьж байна гэж боддог

Тугал нүдэн дээр нь үнсэж байна гэж төсөөлдөг

Биенд түгэн тархах илчийг нь мэдэрдэг

Би чиний бүсгүй гэж хэлэх шиг санагддаг

Багтаж ядсан хайр цээж хөндүүрлэтэл тэлж

Барьсан үзэг хурдалж шүлэг бичүүлдэг

Санчигнаасаа хяруутсан үсийг минь илж

Сайхан шүлэг байна гэж хэлэх шиг болдог

Их холоос зүрхэнд минь ирж үүрээ зассан

Ийм сайхан гэгээн бүсгүй миний бүсгүй

Алтан нар мөнгөн саран дамжиж хамт байдаг

Амьсгалдаа ч хиртээмгүй тийм бүсгүй миний бүсгүй

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Доржсүрэн: Яруу найрагчид сэтгэлгээний хувьд их хувьсгалч хүмүүс  
Үзсэн: 3855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.46.xxx] 2017-03-10 20:53
Zabhan nairagjtai nutag mishigiin banzragj gej otgon sumin saihan nairagj blaa minii nutgiin nairagj ulam sain bijeerei
Зочин [202.179.31.xxx] 2017-02-20 17:25
Bagshdaa hamgiin saihniig husen ereeye. Ta mini urt naslaarai...
Т.Доржсүрэн [202.179.31.xxx] 2017-02-20 19:59
Яруу найргийн цэцэгсийн хүрээлэнд удаан амьдарч их бүтээл туурвиарай

Бидэнтэй нэгдээрэй