Сүхбаатар, Говь-Алтай аймгийн бөхийн галаар буугаад мордов
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна.
Дэлгэр Монголын дээл бүсэн гоёлтой эрийн гурван наадмын нэг хүчит бөхийн галыг манай сайтын сурвалжлах хэсэг зорив. Ингэхдээ Улаанбаатар хотоос зүүд хойд зүгт буюу Харзтайн авшигт өвөрт тус тусдаа гал болон гарч буй Сүхбаатар аймгийн “Жавхлант”, Говь-Алтай аймгийн “Хантайшир”, Увс аймгийн “Увс нуур”, Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээгээр саатлаа.
Тэгэхдээ эхний сурвалжлагаа Сүхбаатар, Говь-Алтай аймгийн галын талаар өгүүлье.
О.Баярхүү: Өвгөн багшаасаа өвлөсөн эрдмээ чадах чинээгээрээ үргэлжлүүлж явна
“Жавхлант” дэвжээний хувьд уламжлал ёсоор “Хайрын билэг-2” амралтын газар тав дахь жилдээ гарч байна. Тэд энэ сарын 17-ноос бэлтгэлдээ гарсан гэнэ. Нийтдээ 25 бөх бэлтгэлээ хийж байгаа бөгөөд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, аймгийн арслан Э.Мөнхбаатар, Хөвсгөл, Дорнод аймгийн сумын заан цолтой хоёр залуу нийлсэн өөр аймгийн гурван бөх нэгджээ.
Э.Мөнхбаатарын хувьд өнгөрсөн жил өөрийн аймгийн баяр наадамд түрүүлж, арслан цол хүртсэн ч бөх сонирхогчид түүнийг энэ жил улсын цол хүртэх байх хэмээн таамаглаж байгаа. Олны үг ортой, бөх таньдаг хүний мэлмий үнэн байдаг хойно үгүй гэх газаргүй л дээ. Бэлтгэл нь ч сайхан жигдэрч буйг уг дэвжээний багш, аймгийн хурц арслан О.Баярхүү хэлж байв. Мөн нөгөөтэйгүүр түүнтэй хамт бэлтгэл хийх нь бусад залуучуудад ч давуу талтай байж болох юм.
Саяхан болсон наадмын сорилго барилдаанд тэдний галын хоёр бөх буюу улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын начин Бо.Батжаргал нар гурав давсан. Харин улсын баяр наадамд улсын болон аймгийн цолтой бүх бөх зодоглох бол үүнээс доош цолтой болон залуу бөхчүүдээ орон нутгийн наадмуудад илгээнэ гэлээ.
Сүхбаатар аймгийн бүх сумын баяр наадам долоодугаар сарын 6,7-нд болохоор товлогдсон аж. Тэгэхээр сумын цолтой бөхчүүд өөрсдийн сонгосон болон багшийнхаа зөвлөгөөний дагуу ирэх сарын хоёрноос гуравны хавьцаа хүлгийн жолоо залах юм байна. Тэдний бэлтгэл өдөрт 2-3 удаа хийгдэж байгаа юм билээ. Тус гал энэ газар бэлтгэл хийгээд таван жил болоход улсын харцага нэг, улсын начин цолтон хоёр төрснөөс гадна жил бүр аймгийн цолтон тосон авч, баяр хөөрж болж байгаа тул ээл өгөөжөө өгсөн сайхан хангай хэмээн билэгшээн сууна.
О.Баярхүүгийн хувьд таван жилийн өмнөөс дасгалжуулагчаар ажиллаж байна. Гэхдээ зөвлөх багшаараа Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат, Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай начин, улсын харцага Чойдорын Өвгөнхүү агсныг ажиллуулж, алтан сургаалийг нь сонсож байсан билээ.
Тэгвэл буурал багшаа тэнгэр болсноос хойш буюу энэ жилээс шавь нартаа зөвхөн өөрийн зүгээс чиг үүрэг өгч галаа ахалж байна. Энэ тухайгаа О.Баярхүү “Өвгөн багшийнхаа бидэнд үлдээсэн эрдмийг чадах чинээгээрээ хэрэгжүүлж, биелүүлж, үргэлж бодож явна” гэсэн юм. Мөн түүний аав Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Монгол Улсын харцага, чөлөөт бөхийн спортын мастер Дахын Одсүрэн гэж хүчтэн байлаа. Бөхийн удамтай тэрбээр аавынхаа арга барилыг ч шавь нартаа суулгаж буй нь мэдээж.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, даншгийн аварга Ц.Буянтогтохын удмын бөх, МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжавыг зөвлөгөө өгч байна уу гэхэд “Заан байнга л утсаар ярьж байна. Ажил ихтэй байгаа болохоор ирж амжихгүй байгаа” гэсэн юм.
Мөн О.Баярхүү өвөө багшийгаа мэндэд бэлтгэлээ таслахгүй хийдэг байсан бол энэ жилээс галынхныхаа бэлтгэлийг улам чамбайруулахын тулд өөрийнхөө бэлтгэлийг хойш тавих шаардлага арга буюу гарчээ. Гэхдээ тэдэнтэйгээ аль болох хийж байгаа хэмээн яриан дундаа дурсаад авна билээ. Түүний зөвлөхөөр Монгол Улсын начин Ц.Анхбаяр ажиллаж байна. цааш ярихдаа “Ц.Анхбаяр ах надад их нэмэр болж байна. Нэмж хэлэхэд жил бүрийн наадмын биднийг бэлтгэлийг дэмжиж, ажиллаж байгаа энэхүү амралтын газрын захирал Оюунбилэг болон ажилчдад нь талархлаа илэрхийлье” гэсэн юм.
Ш.Мөнгөнбаатар: Өнгөрсөн жил аварга найзтайгаа бэлтгэл хийсэн бол энэ жил нутгийнхантайгаа гарч байна
“Жавхлант” дэвжээнд ид барилдаж буй бөхчүүдийн хамгийн том цолтой нь Онгон сумын харьяат, улсын харцага Шарын Мөнгөнбаатар. Тэр олон жил улсын цолны эгнээнд яригдаж байгаад өнгөрсөн жил санасандаа хүрсэн. Түүнээс энэ жилийн баяр наадмын бэлтгэлийн талаар тодруулахад “Миний хувьд саяхан галдаа гарч ирээд байна. Заалны барилдаанд ч цөөхөн гарсан. Бэлтгэл маань одооноос л жигдэрч байна. Өнгөрсөн жил Монгол Улсын аварга Ч.Санжаадамба найзтайгаа тусдаа бэлтгэлд гарсан бол энэ жил нутгийнхаа галд гарч байгаадаа таатай байна” гэсэн юм.
“Хантайшир” дэвжээнийхэн улсын начин цолтон олон төрнө гэдэгт илүү найдаж байна
Ийнхүү бид цааш явж Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээг зорив. Тус галынхан “Жавхлант” дэвжээний хойхно байрлах “Мандал” амралтын газар бэлтгэл сургуулилтаа базаагаад 10 гаруй жил болж байгаа билээ. Гэвч энэ жилээс тус амралтаас зүүхэн талд тусдаа гэр барьж гарчээ. Уг галыг Бигэр сумын харьяат, Монгол Улсын начин С.Багахүү ахалж байгаа юм билээ.
Биднийг очиход Цээл сумын харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд өглөөний гүйлтээсээ дөнгөж ирээд байсан юм.
С.Багахүү начинтай ярилцаж байх үед “Мандал” амралтыг зорих болсон иргэд жил ирэх тусам олширч байна. Тэгэхээр бөхчүүдэд маань жаахан халгаатай санагдсан. Эд нар маань бэлтгэлээ хийснийхээ дараа сайхан амрах ёстой. Иймд хүний хөлөөс зайдуу гэр бариад байгаа юм” гэв. Үүний дараа улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ “Манай галын бөхчүүдийн бэлтгэл сайн байгаа. Энэ гэр, хашааг Б.Багахүү начин өөрийн хөрөнгөөрөө хэдхэн хоногийн өмнө бий болгож байгаад талархаж байна. Зарим ажил ч дуусаагүй байна. Явган хүний зам, сагсан бөмбөгийн талай, хүчний бэлтгэл хийх орчин гээд олон ажил үлдсэн. Яваа яваандаа сайхан болно байх. Дараа дараагийн жилүүдэд бид энд л бэлтгэлээ хийж байхаар тогтсон” гэсэн юм.
С.Багахүү: Улсын харцага Б.Бат-Өлзий есийн даваанд гараад ирэхийг үгүйсгэхгүй
С.Багахүү начин “Бөхчүүдийн маань бэлтгэл одооноос сайхан жигдэрч байна. Өнөөдөр сүүлчийн гүйлт. 12 км-т явууллаа. Одоо наадам болтол хөнгөн бэлтгэл хийлгэнэ. Манай галд аймгийн арслан цолтой 10 орчим бөх бий. Тэднийгээ улсын цолонд хүрэх болов уу гэж горьдож байна. Улсын начин Ш.Шинэбаяр, Б.Хишигбаатар нарыгаа ч цолоо ахиулах болов уу гэж найдаж сууна. Бидний гардаг энэ хангай их сайхан өгөөжтэй. Улсын олон цолтон төрүүлсэн шүү дээ. Мөн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий манай галынхантай заалны бэлтгэл хийгээд гурван жил болж байна. Харин улсын наадмын галд энэ жил анх удаа гарч байна. Тэр энэ жил есийн даваанд гараад ирэхийг үгүйсгэхгүй” гэсэн юм.
Б.Бат-Өлзий: Ялангуяа 5-6-гийн даваанд тунах магадлал өндөр
Энэ үеэр улсын харцага Б.Бат-Өлзийтэй ярилцахад “Бэлтгэлд гарч ирээд 10 орчим хонож байна. Бэлтгэл одоо яг сайхан жигдрээд янзтай болж байна” гэсэн юм. Тэгэхээр нь “Таныг бөх сонирхогчид “Салхи нь зөв эргэвэл Бат-Өлзий түрүүлнэ дээ” гээд байгаа. Сэтгэлзүй болон мэдрэмжинд тань ямар нэг юм бодогдож байна уу” гэхэд “Учраа болгон хамгийн хүчтэй өрсөлдөгч. Ялангуяа 5-6-гийн даваанд тунах магадлал өндөр байгаа. Хичээж барилдана аа” гэв.
Үргэлжлэл бий ...
Сүхбаатар, Говь-Алтай аймгийн бөхийн галд "дөрөө мултлав" | ||
Үзсэн: 8094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.