Энэ удаагийнхаа редакцийн зочноор “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяаг урьж ярилцлаа.
-Бурхныг тигээр нь урлахгүй бол гэм уналд ордог-
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Шүтээн урлалын төвийн талаар яриагаа эхэлье?
-Шүтээн урлалын төв маань байгуулагдаад зургаан жил боллоо. Монголын уламжлалт таван их ухааны нэг аймаг болох урлахуйн ухааныг хөгжүүлэх,бурхан шашныг дэлгэрүүлэхийн тухайд байгуулагдсан. Бурхан урлал, зээгт наамал,төвд хэл, уншлага, ламрин, монгол бичиг, зурхайн хичээл орно. Миний бие үүний зэрэгцээ бурхны шашны мөн чанараар нь таниулахын тухайд зургаан цуврал томоохон бие даасан лекцийг ард түмэндээ хүргэсэн. Буддын шашны талаар бидний мэдэж байвал зохилтой TV цуврал хичээл явуулдаг. Түүнчлэн шашны сургаал номыг зөвөөр ойлгуулахын тухайд “Үлгэрт ламрим”, “Эцэг эхийн ачийг хариулах”, “Заяаны таван тэнгэр”, “Гонгор”, “Намсрай” зэрэг номыг орчуулан гаргасан. Бидний ерөнхий гол зорилго бол бурхан шашны урлахуйн ухаан буюу бурхан зураг, зээгт наамал болоод бурхан шашныг дэлгэрүүлэхийн тухайд лекц ном зохиол гаргадаг сургалт судалгааны төв юм.
-Хэн хандаж болох, бас хэдий хугацаанд суралцах талаар?
-Насны хязгаар заадаггүй, гарын ур дүйтэй хүмүүс үнэ төлбөргүй суралцдаг. Хугацаа бол урт шүү. 3-4 жил сурна. Яагаад гэхээр энэ бол маш нарийн дэгтэй сайн судалж сурах шаардлагатай урлаг юм. Харин СУИС төгссөн зураач нар шүтээн урлах сурахын тулд хоёр жил сураад төгсөх тохиолдол бий. Бурхан зураг, зээгт наамлын хичээлийг би өөрөө заадаг. Мөн зээгт наамлын зөвлөх багшаар МУУГЗ Батын Цэрмаа ажилладаг. Бусад төвд хэл, уншлага, монгол бичиг, зурхайн зэрэг зургаан хичээлийг мэргэжлийн багш нар ордог.
-Та бурхан зургийн урлагт суралцаад хэдэн жил болж байна?
-20 гаруй жил болжээ. Гурав дөрвөн наснаасаа зурж эхэлсэн. Миний аав их сайхан зураач хүн бий. Би багаасаа ном уншиж бодож сэтгэж зурдаг байлаа. Багадаа амьтан их зурсан. Жаахан томроод ном уншиж монгол үлгэр зурах болсон. “Гэсэр”, “Жангар”, “Эр хоёр загал”-аас эхлээд дэлхийн сонгодог зохиол “Цагаан соёот”-ыг уншаад чонын амьдралыг харуулсан цуврал зураг зурна. Тэгээд Пионерийн ордын зургийн дугуйланд Жилайр Батбаяр багшийнхаа удирдлага дор таван жил сурч зургийн ертөнцөд хөл тавьсан. Дараа нь Донжийн Лодой Цана мид Бурханч лам Г.Пүрэвбат багшийнхаа сургуулийг байгуулахад анхлан элсэн орж бурхан зургийг нарийн дэг дор долоон жил суралцаж төгссөн юмаа.
-Шүтээн урлалын хөгжлийн талаар ярилцъя?
-Би Энэтхэг явж Далай багшийн дэргэдэх “Норовлинка” дэлхийн хэмжээний урлахуйн ухааны сургуультай очиж танилцаад манай сургалт илүү нарийн дэгтэйг мэдэрсэн. Ур чадварын хувьд ч бид илүү явна. Монголд бурхан урлалын хоёр сургууль бий. Нэг нь багшийнх, нөгөө нь манайх. Төвдүүд бол уламжлалаа л барьж байна, шинэчлэл гэж байхгүй. Хэдэн зуун жилийн өмнөх загвараар. Гэтэл манай бурхан урлаач бүр өөрийн гэсэн өнгө, дэг жаягтай сонголт ихтэй болохоор илүү тансаг.
-Манайд мэргэжлийн бус хүмүүс бурхан урладаг. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Бурхан зургийг гарын дүйтэй зурах авъяастай хүн бүр зурдаггүй. Бурхныг урлахдаа нэг зураас л буруу татвал гэм уналд орно гэдэг. Үүнийг мэдээд зурдаггүй хүн байхад мэдэхгүй зурдаг хүмүүс ч их байна. Ер нь бол гурван бүдүүндүүлэх, гурван нарийндуулах, гурван шувтайлгах гээд номон дээр заачихсан байдаг. Бурхныг нь багшаасаа дамжуулан авшиг хүртэн урладаг. Манайд бол энэ эрхийг өгдөг хүн бол ганцхан Донжийн Лодой Цана мид бурханч лам Г.Пүрэвбат багш маань юм. Багш маань дээдсээс уламжилж авсан эрдмээ шавь нартаа уламжлуулдаг. Ингэхгүйгээр зүгээр зурах юм бол гэм уналд орно. Яагаад гэвэл бурхан зураг гэдэг дүрсэнд ургасан номлол учраас хүн шүтээд гэгээрэлд хүрэх замыг заадаг маш нарийн номтойгоо уялдсан. Бурхан зургийг ном мэт уншиж болно.
-Хувиараа бурхан урладаг хүмүүсийн тухайд та юу хэлэх вэ?
-Мөнгө олохын тухайд бурхан зурдаг хүн олон байна. Над дээр Хятадаас орж ирдэг зурган хатгамлыг оёод аравнайлаад өгөөч гэсэн хүмүүс их ирдэг. Тэгээд энэ бол тигийн алдаатай, авсан хийсэн хүн гэм унал алдаанд орох аюултайг хэлдэг. Зарим нь ухаардаг, зарим нь яадгийг мэдэхгүй. Ер нь бол СУИС төгссөн хүүхдүүд ч байна, хувиараа гарын дүйтэй хүмүүс ч байна. Тэд бурханаас бусад юуг ч хийж болно. Харин бурхан хийвэл өөрийнхөө болоод өрөөлийн толгойд булуу хурааж байна гэсэн үг. Хамаагүй энгийн хүн оролдож болдоггүй урлаг юмаа.
-Манайхан бурхан шүт, тахиул гэхээр дэлгүүрт байгаа хуулбарласан хувилсан зургийг авч залдаг. Энэ маань хэр бодитой шүтлэг юм бол?
-Энэ бас их асуудалтай. Би энэ бүхнийг зөвөөр таниулахыг хичээж яваа хүн. Олон жилийн ужиг асуудлаас болоод бидэнд бурханаа таньж мэдэх асуудал байхгүй болжээ. Манайхан номлолын дагуу гэхээсээ илүү аль хямдыг нь дэлгүүрээс авч тавьдаг. Хэвлэмэл, тигийн алдаатай. Үүнийг бизнес болгоод байна. Гэтэл бурхан бол оймс гуталтай адил лангуун дээр тавьж зардаг зүйл биш юмаа. Үүнийг хойтын буян, насаа уртасгах зэргээр ямар нэг үйлэнд бүтээлгэдэг. Ингэхдээ сайн өдрийг сонгон сайн бурхан урлаач дээр ирж өдөр судараа тохирон хадаг барьдаг номтой. Бурхан урлаач үйлийг шинжин даавуун дээр шороон будгаар зурна. Хамаагүй материалаар ч хийдэггүй. Энэ бүхнийг номонд тодорхой заасан байдаг. Тэгэхээр бурхан бүтээх энэ үйлийг ямар нэг байдлаар дэг жаяггүй үйлдэж зарж борлуулж байгаа хүмүүс ямар нэг байдлаар гэм уналыг хураана.
-Танай төвийн тигээр нь бүтээсэн бурхныг хувилах асуудал байж болох уу?
-Миний хийсэн бурхныг зөвшөөрөлгүй хувилаад маш хямд зардаг. Тэр бүхний араас хэл ам хийгээд яваад байж чаддаггүй. Миний хувьд зөв бүтээсэн бүтээлийг хувилан тараахад жанлав оршино гэж үздэг. Буруу бүтээсэн бүтээлийг алтаар цутгаад ч жанлав оршдоггүй. Орц материал үнэтэй учраас тодорхой хэмжээний өртгөөр бүтдэг. Гэтэл хүмүүсийн амьжиргааны түвшин шууд авах боломжгүй учраас оргиналь бүтээлийг даавуун дээр хувилаад шүтэхэд болно. Гол нь зөв байх ёстой гэдгийг би анхааруулдаг.
-Нэг бурхан бүтээхэд хэр цаг зарцуулах вэ?
-Хэмжээнээсээ хамаарна. Жижиг шүтээн зургийг нэг хоёр өдөр, бүр жижгийг нь өдөртөө зурчихдаг. Өндөр Гэгээний нэг өдрийн дотор тохой хэмжээний Цагаан дарь эхийг бүтээх уламжлал байна. Ер нь А4 хэмжээтэй амирлангуй бурхныг 4-5 хоног, догшин бурхныг бүтээхэд долоо хоног хэрэгтэй. Би дипломын ажлаа “Диваажингийн орон”-г бүтээж хамгаалсан. Энэ бол 1.80Х2 м хэмжээтэй бүтээл болохоор жил гаруй хийсэн. Ямар уламжлалаар хэрхэн яаж бүтээх вэ гэдгээсээ шалтгаалаад хугацаа янз бүр.
-Тиг гэхээр энгийн хүмүүс сайн ойлгохгүй байж болох юм?
-Бурхныг багшийг бүтээх тогтсон хэмжээ бий. Манайхан машстаб гэж хэлвэл илүү ойлгоно. Бурхан багшийн сонор дөрвөн хуруу, мэлмий нэг хурууны хагас хэмжээнд багтааж зурна гэдэг. Үүнээс өөрөөр хийвэл гуа бус болоод хэмжээ алдаатай болно. Бурхан багшийг 32 лагшин 80 найргаар шинжээд энэ тигэн дотор багтаагаад зурвал төгс төгөлдөр дүр нь гарна гэж Ганжуур Данжуурын урлахуй ухааны аймагт бичсэн. Хэрвээ тиг гэж байхгүй бол хүн бүхэн маш олон янзаар Дорж Дулмаатай адилхан олон янзын дүр төрхтэй болно. Тиг бий учраас хүмүүн төрөлхтний хамгийн дээд дүр лагшин төгс төгөлдрөөрөө оршиж байна. Тиг гэдэг нь хүний гэгээрсэн тэр дүрийг алдаа эндэгдэлгүй гаргаасай гэсэн зааварчилгаа ном сударт заасан хэмжээс юм.
-Бурхан бүр өөрийн тигтэй гэдэг. Тэр тигийг анх хаанаас гаргасан байдаг юм бол?
-Анхлан бурхны Зандан Зовуу хэмээх лагшингийн дүр гарсан юм. Түүх нь гэвэл хоёр хаан ураглахад нэг нь маш алт мөнгө эд агуурсаар бэлэг барьж. Өнөөх хаан хариу ямар бэлэг барихаа удаан бодож. Гэтэл нэг мэргэн түшмэл нь Төгс гэгээрсэн Бурхан Будда гэж байна. Тэрний лагшин дүрийг бүтээгээд баривал энэ бэлэгнээс илүү төгс төгөлдөр бэлэг байх болно гэж. Бурхан багшийн байгаа газар очоод зурах гэтэл гэрэл нь гялбаад зурж болдоггүй. Тэгээд усанд туссан дүрсийг нь зураад бэлэглэсэн гэдэг. Өнөө хаан ихэд гайхаж энэ юун хүн бэ гэхэд төгс гэгээрсэн бурхан будда гэж ийм хүн байна. Усанд туссан дүрс учраас долгилсон маягтай босоо дүр гарсан.
-Жирийн хүмүүс тигийн алдаатай эсэхийг мэдэх боломж бий юу?
-Мэдэх арга байхгүй. Мэргэжлийн хүн бол мэднэ. Сүсэгтэн олон бол гоё өнгөтэй байна уу, үнэ нь хямд уу гэдгийг нь харна. Би хүмүүст их хэлж өгдөг ч тэр бүр мэдэх аргагүй. Тэгэхээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах ёстой юм.
-Догшин бурхдыг дураараа бүтээвэл илүү уналд орох уу?
-Аливаа бурхан бүр өөрийн бүтээх дэг номтой. Догшин бурхдыг бүтээхийн өмнө гүйцэлдүүлэх үйл бий. Сахих ёс журмын дагуу гүйцэлдүүлэхгүй бол хилэгнэх гэмтэй. Би номыг нь үзээд учир утга бүхнийг ойлгосон учраас алдал байхгүй. Харин дур зоргоороо мөнгөний тухайд бурхан урлаад байгаа хүмүүс амирлангуй бурхан бол гайгүй, харин догшин бурхадыг дур зоргоороо бүтээх юм бол сөрөг нөлөө их. Сүншигтэй догшин бурхдыг бэлхүүснээсээ доош гарган авч явах, байршуулахад хилэгнэн догширч янз бүрийн саад барцад гардаг.
-Мухар сүсэг төөрөгдөл рүү хөтөлдөг-
-Та бурхан шашны мөн чанарыг таниулах үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн анхны алхам нь юу юм бол?
-Миний зорьж яваа ажил энэ. Эхлэл нь бол мухар сүсгийг халж үнэн танин мэдсэн сэтгэлээр аливаад хандах хандлагыг суулгаж өгөх нь гол зорилго юм. Бид аливаад дандаа мухар сүсгээр ханддаг. Энэ бол хамгийн хортой зүйл. Шашныг мөхөөх зүйл бол мухар сүсэг гэж үздэг. Шашин хоорондын мөргөлдөөн бол мухар сүсгээс үүсдэг. Манай шашин илүү, миний багш хүчтэй гэх мэтээр эхэлж улмаар том аюулд оруулдаг. Аливаа шашны урсгалын Багш дээдсүүд бол эв найртай ойлголцдог. Аливааг мөн чанараар нь таньж мэдээд шүтвэл аврал. Үнэн бишрэл үнэн адистит оршино гэж үздэг. Мухар сүсэг ямар ч үр дүн байхгүй төөрөгдөл рүү хөтөлнө. Тэгэхээр буян нүгэл гэж юув, эрхийг яаж тоолохов, Ум ма ни бад мэ хум ямар учиртайв, тахилаа яаж өргөхөв, бурханд яаж мөргөхөв гээд бүхнийг эхнээс нь цуврал хичээлээр зааж байна. 108 хичээл маань ер нь дүүрч байна. Энэ нэвтрүүлгүүдээ ном болгохоор бэлтгэж байна. Бид ингэж л энгийн түвшнээс эхлэж ойлгохгүй бол төөрөгдөл рүү л явна.
-Гадны шашнууд ихээр орж ирж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Аливаа улс орон уламжлалт шашин шүтлэгээ дээдлэн зонхилж явдаг. Бидний байгаль дэлхий уул, ус, газар шороотойгоо шүтэлцэн оршдог шашин бол бурхны шашин яалт ч үгүй мөн. Манайхан түүхээ сайн мэдэхгүй учраас Төвдөөс ирсэн гадны шашин гээд ярьдаг. Гэтэл манайх Хүннү, Сүннүгийн үеэс бурхны шашныг сонгон шүтэж иржээ. Эзэн Богд Чингис хаанаас эхлээд Өгөдэй гээд номт хаад их төрсөн. Хаад олон боловч буддын шашны сургааль номлолыг дэлгэрүүлж чадсан эрдэм төгс хаад их ховор. Тийм учраас манайхыг дээдийн номын өлгий болсон номт гурван улсын нэг гэж үздэг. Тэгэхээр бид уламжлалт хүмүүнлэг хүнийг хүн байлгах тухайд нь зорьж яваа энэрэнгүй энэ сургааль ариун бурхны шашнаа зонхилох шашнаар авах нь зүйтэй. Хүн юу шүтэх нь өөрийн эрхийн асуудал учраас өөр өөрсдийнхөө үйлийн үр, буяны хүчээр ямар ч шашинд орж болно. Гэхдээ би өөрөө бурхны шашныг дэлгэрүүлж явдаг хүний хувьд аль нэг шашнаас илүү давуу гэхгүйгээр шашнаа судлаж үзээд аль бодитой амьдралд нийцэхийг шүтээсэй гэж боддог. Бурхны шашин хэдэн зууны тэртээд хүний биеэс гэрэл цацардаг, хүн бол гэрлэн чанартай гэдгийг нотолсон. Харин шинжлэх ухаан аура буюу гэрлэн бүрхүүлийг одоо нотолж байна. Ер нь шинжлэх ухаанаас өмнө маш олон зүйлийг батлаад нотлоод хүний дотоод биеийг бол маш нарийн судалсан. Бусад шашин байх ёстой. Гэхдээ хөгжингүй оронд шашин олноор орж ирэхээр мухар сүсэнтнүүдийн дунд мөргөлдөөн гарах аюултай. Харгис шашнууд ч орж байна. Өөрийнхөө амины золионд амьтан алж өргөдөг ийм шашин хүртэл байна. Тэгэхээр зарим энэрэнгүй бус шашнаас болгоомжилж төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй.
-Үүнийг хэн хэрхэн яаж хийх ёстой юм бэ?
-Манай шашны зүтгэлтнүүд маань хичээгээд аль аль талдаа дэлгэрүүлээд яваа боловч ерөнхий бодлогыг төр зохицуулдаг. Төр дорвитой алхам хийхгүй болохоор дур зоргоороо аашилж байна. Тэгэхээр бүх шашны тэргүүнийг цуглуулж яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Бид цагаан сараа хэзээ хийх тал дээр хүртэл нэгдэж чаддаггүй. Зурхайч нар нь бүгд өөр өөрийн цаг тооны бичиг гаргадаг, тэр нь хоорондоо зөрдөг. Энэ дээр төр нэгдсэн бодлого бариад эрдэмтэй толгой болсон хүмүүсээ нэгтгэн нэг тийш нь шийдэхгүй бол осолтой. Нэгдэж нэг шийдвэрт хүрэх л хэрэгтэй.
- Нэг шийдвэрт хүрэх алхам ямар нэг байдлаар хийж байв уу, та нар?
-Хэлж ярьдаг хүмүүс бий. Гэтэл төрийн толгойд янз бүрийн шашин шүтдэг хүмүүс байна. Хамгийн гол нь эрх барьж буй хүмүүс суудлаа олохгүй үймж байх завсар харийн шашнууд маш амжилттайгаар шургалчихлаа. Тэд хүмүүсийг бодлогоор хоол энэ тэрээр хуурч татаж байна. Ер нь монгол гэрийн хоймор гадныхан тухалж бид үүд рүүгээ байрлажээ. Монгол хүн өөрөө өөртөө эзэн байхын тухайд эх оронч үзэлтэй, энэ үзлийнхээ төлөө чин зоригтой бат зогсдог байх хэрэгтэй. Бид шашныхаа талаар өөрсдөө цэгцтэй мэдлэггүй учраас гадныхны нөлөөлөлд автдаг. Манай шашин их аугаа, хэд дахин илүү нарийн чанад сургаалтайг ухаарахгүй байна. Бид өөрсдийнхөө авдранд байгаа эрдэнийг үзэхгүй хүний юм руу зүтгээд байна. Тэгэхээр манай залуус үндэснийхээ шашныг судлаач, сэтгэлээ хандуулаач. Эндээс асар их ухаарал үнэт зүйлийг авах боломжтой. Үүнийхээ дараа сонголтоо хийх нь эрхийн асуудал.
-Буддын шашинг манай үндэснийх гэж үзэх үндэслэл нь юу вэ?
-Бид түүхээ харах хэрэгтэй. Түүхээ мэдэхгүй болохоор төөрөгдөлд ордог. Эртний түүхэн зохиолд Хүннүчүүд руу Хятадын цэргүүд дайрахдаа тохой хирийн алтан бурхан олж авсан. Тэрийгээ Хятадын хааны ордонд тахиснаар тэнд бурхны шашин дэлгэрвэй гэжээ. Түүхийг гуйвуулах аргагүй. Манай түүхчид Энэтхэг Төвд тэгээд Монголд үүссэн гэж үздэг. Тийм биш юм. Нарийн түүхээ үзвэл манай хаад Энэтхэгийн хутагт хувилгаадтай шууд захидлаар харьцаж байжээ. Тэгээд манайд дээдийн номыг дэлгэрүүлээч гэсэн хүсэлт илгээсэн баримт нь хүртэл бий. Тухайн үед бүх шашин байсан. Гэхдээ эзэн богд Чингис хааны үеэс олон гүрнийг нэгтгэн удирдахад, оюун санаагаар нь удирдаж базах хүчтэй шашин нь аль юм бэ гээд сонголт хийсэн. Ингээд хамгийн хүмүүнлэг энэрэнгүй, гүн онолтой, бодитой нэгтгэж чадах шашин нь бурхны шашин гэдэг дээр санал нэгдсэн. Тэгээд Хубилай хааны үед төрийн их багшаар Пагваа гэж ламыг сонгож байсан. Энэ бол дөрвөлжин бичгийг зохиосон их том лам. Тэв Тэнгэрийг төрийн их хэрэгтэй оролцож үймээн самуун дэгдээсэн гэж үзээд нугаслаж алдаг. Тэгээд төрийн хэрэгт бөө нарыг оролцуулахгүй гэж зарлигдсан. Тэрнээс хойш хаад төрийн хэрэгт бурхны шашнаа оруулж үйл хэргээ явуулж иржээ. Бурхны шашныг бид шууд хуулбарлан аваагүй. Өндөр гэгээн Занабазарын үед ч, Хубилай хааны үед ч монголын газар шороо байгаль дэлхийтэйгээ зохицуулан зурхай, дээл хувцас, номлол сургаал уншлагад өөрчлөлт хийж монгол гэсэн онцлогийг суулгасан. Манайхан төвд хэл дээрх номыг гадных гэж ойлгодог. Гэтэл бид өөрсдөө төвд, санскрит хэл, уйгаржин бичгээрээ номыг зохиогоод гаргаж байсан. Тэгэхээр яалт ч үгүй гаднаас ирсэн ч бидний өв уламжлал аж байдалд нэвт шингэж уламжлалт шашин маань болсон юмаа. Бусад шашны урсгалууд нь ингэж тогтож суурьшиж идээшээгүй.
-Харийн шашны нөлөөлөл хүчтэй байна. Гэтэл манай уламжлалт шашныхан нам гүм байх юм?
-Хүмүүс их хэлдэг. Есүс, Мүүнийхэн айл айлын хаалга тогшиж хүн бүртэй биечлэн уулзаж байна. Манайхан яагаад ингэж болдоггүй юм бэ гэдэг. Тэгэхээр бурхны шашны номлол сургаал нь цаанаа их ариун мөн чанартай, тэнгэрлэг сургаал. Шашин гэдэг үнэний сургааль гэсэн утгатай үг. Энэ сургаал номонд хүнийг нэгэн насанд нь гэгээрүүлэх нууц аргыг зааж өгсөн. Дээр үед нэг шад номыг сурахын тулд алт эрдэнэс агуурс өгдөг байж. Яагаад гэхээр хүн нэг сонссоныхоо даруйд маш хурдан ухаараад богино хугацаанд өндөр түвшинд хүрч гэгээрч чаддаг юм байна. Тийм учраас энэ дээдийн номын үнэ цэнийг алдуулж гуйгаад ч юмуу өөр дорд замаар хүргэж болохгүй. Ер нь тухайн хүний буяны хүч нэмэгдээд ирэхээр аяндаа энэ номонд ордог. Ингэж учрахгүй бол хүчээр татаж оруулах нь зохисгүй юм. Буяны хүч нь нэмэгдээд ирэхээр аяндаа өөрөө хүрээд ирнэ гэж үздэг. Учрахгүй байна гэхээр цаг нь болоогүй гэсэн үг. Ер нь энгийн сүсэгтэн хүмүүст зориулсан номын сайхан төвүүдэд очвол их юм ойлгоно шүү.
-Манай аав, ээжүүд хүүхдүүдээ уламжлалт шашнаа ойлгож хүндлүүлэхийн тухайд юунаас эхлэх ёстой вэ?
-Шат дараатай олон ном сургааль бий. Энгийн ардад зориулсан үлгэрээр гаргасан номууд байна. Үлгэрийн төгсгөлд номлол ухаарлыг заагаад өгчихсөн. Тэгэхээр “Ардыг тэжээх рашааны дусал”, миний гаргасан “Үлгэрт ламрим” гээд л. Номонд дуршил төрүүлэхийн тухайд Ренбүүчи, Далай багш нарын лекц номуудыг унших хэрэгтэй. Хүүхдүүдэд эцэг эхийн ачийг хариулах сургаалт номыг заавал уншуулах хэрэгтэй. Аав ээжийнхээ ач тусыг эхлээд ойлгох хэрэгтэй. Миний эмхэтгэн гаргасан зурагтай их гоё ном бий. Ер нь бага багаар шат ахиад явах нь зүйтэй.
-Зөв хүн болж төлөвших, зөв амьдрахын үндэс нь юу вэ?
-Хүн болж төрсний учир утга өөрийгөө таньж мэдэх болоод хүн байхад оршино. Өөрийнхөө доторх муу сэтгэлийг танин мэдэж улмаар ялан дийлэх хэрэгтэй. Өөрийгөө танин мэдсэн хүн нийгмийн бусад харилцаанд зөвөөр хандаж зөв оролцоог бий болгоно. Би хэн бэ, би юунаас бүтсэн бэ миний бодол санаа сэтгэл оюун ухаан гэж юу юм, би юу хийхийн тухайд төрсөн юм бэ, муу сэтгэл гэж юу юм, би юунаас болоод зовлонд унаад байна зовлонгийн гол шалтгаан болсон муу сэтгэлийг хэрхэн дарах вэ? Энэ бүхнийг ухаарах. Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг чинь их учир утгатай үг. Эхлээд өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Бид энэ асуудлыг орхичихоод өөр юм хийгээд явдаг. Өөрөө өөрийнхөө энэ муу сэтгэлүүдийг ялан дийлж гэмээ мэдсэн байх хэрэгтэй. Хүн өөрийгөө өвчтэй хүн гэж ойлгох ёстой юм байна. Нисванасын буюу мунхаг, уур, шунал, харам, атаа гэсэн таван сэтгэлээр өвчилчихсэн гэж ойлго. Тэгээд энэ өвчнөө дарахгүй бол ямар ч өндөр боловсролтой байгаад нэмэргүй. Мунхаг гэдэг нь аливааг мөн чанараар танин мэдээгүй сэтгэлийг хэлдэг. Эдгээрийг танин мэдээд өөрөө хүн болоод ирэх хэрэгтэй. Бид хүн болоогүй адгуусны мөн чанараар оршиж байна. Боловсроогүй, ариусаагүй номд шамдаагүй сэтгэлтэйгээ ажиллаж чадаагүй хүн араатнаас ялгаагүй. Юу баясана тэнд очно, юу таалагдахгүй байна тэрнээс зугатаана хүн дайсагнавал эргүүлээд дайсагнана тэгээд л нэг идэж уухын тухайд гээд их араатанлаг шинжтэй. Хүний биед бурханлаг болоод араатан чанар зэрэгцэн оршдог. Алийг нь сэрээж хөгжүүлэх нь өөрийн хэрэг. Муу сэтгэлээ ялан дийлээгүй цагт юу ч хийж чадахгүй. Хүн биеэ засахад нилээн олон жил хэрэгтэй шүү.
-Энэ бүхнийг цогцоор нь тусгасан ном бүтээл гэвэл?
-Цуврал 108 лекцэндээ бүгдийг нь тусгасан. Тэгээд өөрийн зорилго болоод сүсэгтэн олныхоо хүсэлтийн дагуу лекцээ бичгийн хэлэнд шилжүүлэн ном болгохоор ажиллаж байна. Энэ ном сүсэгтэн олон болон шашин судлаач нарт их хэрэгтэй гарын авлага болно. Номын үг онолоор биш энгийн яриагаар илэрхийлэгдсэн учраас ойлгоход их амархан. Ач холбогдол өндөр байна.
-Зовсон хүний үйлийг даана гэдэг маш хариуцлагатай ажил-
-Бөөгийн мөргөл их хүчтэй болж байна. Хүмүүсийн олонх нь бөөг зорин очдог боллоо. Энэ талаар таны бодол?
-Бид бага ч гэсэн мэдлэг мэдээлэлтэй хэзээ хаана юунд хандахаа мэддэг баймаар байна. Би бөөг ч тэр ер нь ямар ч шашныг муулдаггүй. Шашнууд эцэстээ аливаа төрөлхтөнд туслах эрхэм нэг зорилгод нэгддэг. Гэхдээ зорилгодоо хүрэх арга зам нь өөр өөр байдаг. Зарим нь мөнгө хөөдөг, зарим нь бүр үнэнээсээ зүтгэдэг. Бид эрдэмтэй чадалтай бөө лам нараа харь орны бодлогын золиос болж хэлмэгдүүлэн устгасан хар түүхтэй улс. Харин одоо эргээд сэргэж байна. Энэ цагт сайн муу, чаддаг чаддаггүй олон хүн байна. Бөө ч бай, лам ч бай зовсон төрөлхтний үйлийг ариусгаад тэр үйлийг нь даагаад авч явна гэдэг маш хариуцлагатай үйл. Үүнийг буруу хийвэл өөрсдөө хүнд унал руу унана. Тэгэхээр үүнийг мөнгө олох, алдар олох, амьжиргаагаа авч явахын тухайд хийж болохгүй. Чадалтай мундаг эрдэмтэй хүн дээр очих нь чухал. Зөв хүндээ хандвал үр дагавар зөв гарна. Дутуу дулимаг хүн дээр очвол сайжрах бүү хэл буруу тийшээ явна. Манайд хуучин чадалтай бөө нар их байсан. Одоо ч байна. Гэхдээ яг уламжлалаар нь эцэг өвгөдөөсөө дамжуулаад авч байна уу, шууд л хийж байна уу гэдэг дээр яриатай шүү дээ. Манайх чинь Даяндээрхээ шүтдэг, шарын бөө Гомбо Цамбаа шүтдэг хосолмол үйл хийдэг. Харин өнөөдөр юу ч мэдэхгүй жаахан хүүхдэд онго өгч байна. Суурь мэдлэггүй учраас улаач нь хэлж байгаа үгийг нь зөв дамжуулж чадахгүй түшээ нь ч хүртэл зөв таниулж чадахгүй байна. Бөө дэндүү олширчээ. Аливаа зүйл хавтгайрч олшрохоороо чанараа алддаг.
-Айлуудыг танайд бөөгийн уг удам байна. Тэрийгээ ав. Тэгэхгүй бол хүний амь нас гарах гээд байна гэх үйлдэл хавтгайрлаа. Айл бүр нэг бөөтэй болох юм байх. Энэ хэр үндэслэлтэй асуудал юм бэ. Иргэд үүнд хэрхэн яаж хандвал дээр вэ?
-Эртнээс манайд ийм олон бөө байгаагүй юм. Маш их чанартай цөөн бөөтэй байсан. Манай Хөвсгөлийн бөө нарыг их удам угсаа сайтай яг уламжлалаараа явдаг гэж үздэг. Одоо цагт яг тэр эцэг өвгөдийн сүнс орохгүй дундуур нь албин тийрэн, төөрсөн сүнснүүд ороод байх магадлал өндөр байна. Над дээр ийм зовлонд унасан олон хүн ирдэг. Буцаагаад хэрэгслээ өгөөд болъё гэхэд биенээс сүнс нь гардаггүй. Хан ад юмуу албин оршчихсон, дотроос нь байнга зовоогоод болдоггүй. Зарим нь сонирхоод далдыг харна гээд сонирхоод орчихдог. Тэр хүн энэ үйлээ даагаад явж чадах уу үгүй юу гээд маш их хариуцлагатай ажил. Залуус мэдлэггүйгээр хөөрч даган дуурайж их орж байна. Ингэж болохгүй. Бодлоготой мэдлэгтэйгээр ороод эргэж буцахгүй тууштай байх хэрэгтэй. Замын дундаас буцаж болдоггүй. Ямар багшаас яаж авах нь их чухал. Би одоо ямар газраас яаж тэр тэнгэрүүдийг оруулаад байна гэдгийг судалж байна. Ер нь бол ихэнх нь төөрсөн сүнс болон бирдийн оронгоос тийрэнгүүд орж ирдэг юм байна. Эд бол хүмүүний өнөө маргаашийн юмуу хэдэн жилийн дараах юмыг хэлээд өгчихнө л дөө. Тэгэхээр л мундаг юм байна гээд шүтчихдэг. Гэтэл тийм биш. Манай багш дээдэс гэгээнтнүүд айлдахдаа бөө удган бол энэ насны ажил үйлсийг бүтээж чадна, ашдын дараа дараачийн олон төрөлд хөтлөөд явж чадахгүй гэж үздэг. Харин төгс гэгээрсэн бурхад маань энэ ертөнцөөс гэтэлж нирваанд хүрсэн учир дараа дараагийн төрөлд хөтөлж чадах учраас авралын орон болж чадах юм. Тэгэхээр нэгэн насны хэрэг бүтэх нь дээр үү эсвэл ашдын амар амгалан хэрэгтэй юу сонгох хэрэгтэй.
-Бөөгийн онгыг авахгүй байж болох уу?
-Болно. Заавал ав, авахгүй бол тэгнэ, ингэнэ гээд сонин сонин зүйл их сонсогдох юм. Эсгийд боогоод шатаадаг л гэнэ. Уг нь тэр удмын хамгийн оюун ухаан хурц мэдлэгтэй хүнд очих ёстой юм л даа. Гэтэл суурь боловсрол муутай хүнд өгчихөөр зөв аваад явж чадахгүй байна. Өндөр түвшний мэдлэгтэй хүнд өгвөл маш зөв гараад ирнэ. Сүсэгтэн олон мэдлэг сайтай байхгүй бол золиос болж хохирох магадлалтай.
-Та тэр хүмүүст туслах боломжтой юу?
-Энэ их хэцүү асуудал. Нэгэнт орчихвол буцааж гаргахад тун ярвигтай тул анхнаасаа сайн судалж бодох хэрэгтэй. Би одоо л бөөг судалж мөн чанарыг олохоор хичээж явна. Бөөгийн сүнс хүний биеийн орныг ашиглаж үйлээ бүтээдэг. Тухайн хүний сүнсийг зайчлан ордог юм байна. Би нэг бөө дээр судалгаа хийж байна. Тэр ний нуугүй ярьдаг. Биеийг нь таллаад чичирч орж ирдэг, тэгээд ярина, тэр бүхнийг нь сонсоно. Тэгээд гараад явдаг. Сүүлдээ махан биеийн сүнсийг бүр биенээс нь гаргаж тавиад үйлээ хийдэг гэнэ. Хамгийн асуудалтай нь махан биеийн сүнс эргээд биеэ олохгүй төөрөх магадлалтай.
-Албин тийрэн гэж юу юм бэ?
-Энэ бол манай буддын шашны ойлголт. Би өөрөө хүмүүн бус далд ертөнцийн амьтдыг судалдаг. Хүмүүн бус амьтад гэж бий. Бидэнтэй адилхан амьтан хирнээ нүдэнд үзэгддэггүй хүмүүн бус амьтад байна. Галын тэнгэр гэж хүртэл байдаг. Та нар гал руугаа сонгино сармис гээд муухай юм хийвэл нүүр амаар яр шарх гардаг шүү дээ. Тэгэхээр юм болгон эзэнтэй. Тэрэн дотор чинь хүнийг хорлодог хорлодоггүй янз бүр байна. Жишээ нь бэлгийн замын өвчнийг Мам гэж дон хийдэг. 404 өвчний ад, 350 хүнийг хорлодог ууртай, догшин, амирлангуй, согтууруулж, мансууруулдаг гэх мэтийн 1080 ад дон байна. Хорлогдсон хүнийг мэдэхэд маш амархан. Зан ааш нь хувирна, ан гөрөө хийнэ, дэмий ярина, хэрэггүй элдэв гаж юм цуглуулна. Энэ мэт шинжээр нь юунд хорлогдсныг мэдэж болдог. Адууд өөр өөрсдийн үүрэг зорилготой.
-Монгол хүний оюун ухаан хүчирхэг байдаг нь махны ач тус-
-Манайхан сүүлийн үед хүүхэддээ чамин содон нэр өгдөг болсон. Та судлаач хүнийхээ хувьд энэ талаар зөвлөгөө өгөөч?
-Нэр залах уламжлал бүрэн алдагдсан байна. Дээр үед өдөр судар хараад хадаг барьж лам багш дээр очиж нэр хайрлаач гэж гуйдаг байсан. Тэгээд төрсөн өдөр гараг цагаар нь зурхай зураад аль од тохиож аав ээж нь ямар нэртэйв тэр бүхнийг нарийн бодолцож гаргадаг байсан. Усан махбодь давамгайлсан хүнд усан утгатай нэр өгвөл тэр айлд хэрүүл зовлон тасрахгүй. Махбодийг тэнцүүлж өгдөг. Олон юм харгалзана. Гол нь тэр хүүхэд ямар үйлийг бүтээх гэж төрсийн. Буянаар төрсөн юмуу, үйлээр ирсэн юмуу. Тэр зорилго нь гараад ирнэ. Буян хишиг төгөлдөр, нас охор, ном эрдэмд төгс юмуу. Хэрвээ нас охор хүүхдэд бол нас уртасгах, буян хишиг бага хүүхдэд буян хишиг дэлгэрүүлэх нэр өгдөг. Одоо бол бүр хамаагүй болсон, миний хүү цэлмэг өдөр төрлөө Цэлмүүн гэж нэрлэнэ, эсвэл ийм баяраар төрсөн юм чинь гэх мэтээр хандах болж. Ингэж болохгүй. Маш өндөр дээд заяатай сайн явах хүүхдэд дураараа нэр хайрлавал өвчин ороогоод салдаггүй. Хувь тавилан дорой төрсөн ч ламаас сайхан нэр залаад өгөхөөр буян мөр нь тэгшрээд сайхан явчихна. Тэгэхээр судрын эхэн дээр дур зоргоороо битгий нэр өгөөрэй, ламаас залаарай. Надаас хүмүүс их нэр залдаг. Би монгол утга төгөлдөр нэр өгдөг. Номын нэр сайхан шүү дээ. Долгор, Должин гэсэн нэрийг их голдог, хөгшин хүний нэр гэнэ. Гэтэл Долгар гэдэг чинь Цагаан Дарь эх, Должан гэдэг чинь Ногоон Дарь эх гэсэн утгатай маш сайхан нэр юм шүү дээ.
-Таны нэрний учир?
-Би нэр судлаад удаж байна. Тэгэхээр нөгөө биеэ засна гэдгээр эхлээд өөрийнхөө нэрийг судаллаа. Ухаан гэдэг нь монгол үг, заяа гэдэг самгардаар ялан дийлэх гэсэн утгатай. Ухаанаар ялан дийлэгч гэсэн утгатай юм.
-Харин та хүүхэддээ ямар нэр өгөв?
-Би нэг хүүтэй. Тэр үед оюутан байсан Билгүүн гэж нэр өгсөн. Хожим нь нэр судлаад харахад эрдэм оюуны утгатай аж.
-Бизнесменүүд шашныг дэлгэрүүлэх болон буяны үүднээс нутаг усандаа бурхан суварга бүтээх ажил хийж байна. Энд нөгөө тигийн асуудал хэр мөрдөгддөг вэ?
-Бурхан шүтээнээ ийн босгож байгаа нь сайшаалтай. Нөгөө талаасаа мэргэжлийн хүний нүдээр харахад асар учир дутагдалтай. Мэргэжлийн хүнд хандаагүй болохоор алдаа мадагтай байдаг. Лам хүн удирдаад яваа болохоор болно гэж үздэг ч урлан бүтээх тал дээр өрөөсгөл юм. Монголд ганцхан Донжийн Лодой Цана мид миний номын багш бурханч лам Пүрэвбат багш болоод түүний шавь нарт хандах хэрэгтэй. Буруу бүтээсний гэм нүгэл гэж айхтар юм бий. Нүдийг нь буруу бүтээвэл хараа муудах, гар хөлийг буруу хийвэл эрхтэн дутуу төрнө гэх мэт. Сайн тал нь ажил үйлс нь бүтэмжтэй дараа төрөлдөө сайхан төрөх гээд хэмжээлшгүй юм.
-Бид өглөөг яаж угтах, үдшийг хэрхэн үдвэл зүгээр вэ?
-Өглөө бар цагт буюу нар мандахаас өмнө босвол сайн гэж үздэг. Өглөөний 5.40 цагаас өмнө гэсэн үг. Ингэвэл бүх ажил бүтэмжтэй хийморьлог байна. Нар мандсанаас хойш босвол тэр өдрийн ажил дампуураад л дуусна. Яагаад гэвэл нар мандсанаас хойш боссон бүх хүн рүү Тудгар Ваанчиг хэмээх ертөнцийн шулмас таван хорт сумаар харвадаг. Таван хорт сум нь залхууруулагч, мансууруулагч, будангуйруулагч, тачааруулагч, мунхруулагч гээд. Тэгээд тэр өдрөө мансуураад залхуураад өнгөрдөг. Өглөө эрт босвол таван зөв хийгээ эзлээд босоод ирдэг. Орой эрт унт. 22 цагт гэхэд унтсан байх хэрэгтэй. 23 цагаас хойшхи бүх цаг биед өвчин болдог. Орой 17 цагаас өмнө хооллох хэрэгтэй. Бид дандаа дайсны хоолоо буюу оройн хоол иддэг. Өдөр махан хоолоо сайн ид. Монгол хүний оюун ухаан хүчирхэг байгаа нь махны ач тус юм шүү.
-Та даллаганы уутанд зориулж эд бүтээсэн гэсэн. Тэр талаар тодруулах гэсэн юм. Мөн манайхан даллаганы уутандаа чихэр, печень будаа, ааруул хүртэл хийдэг. Энэ хэр зохилтой үйлдэл юм?
-Эртнээс манай монголчууд буян хишгийг тогтоохын тулд даллаганы уутыг бүтээн буян хишгээ даллан тогтоож оршоож ирсэн. Гэвч өнөө үед ёс уламжлалаа мартан гээгдүүлснээс болж хэрхэн бүтээх, дотор нь юу оршоох талаар цэгцтэй мэдлэг байхгүй болсноор өөрсдийн дур зоргоор хамаагүй зүйлийг хийснээр буян хишиг тогтоох нь байтугай ариун бус зүйлийг даллан дуудаж гарз гарах муу нөлөөтэй байна. Яагаад гэвэл дотор нь оршоох зүйлийг ном дагуу мэдэлгүй хуурамч эд зүйлс хийж байна. Гэтэл номонд заахдаа ариун язгуурын 25 эд зай, мөн чанараараа бүтсэн жинхэнэ 9 эрдэнэ, хурдан морины дэл сүүлний хялгас, ариун газар орны шороо чулуу, мод, үр, дээд төрөлхтөний эд зүйлс гэх мэтийн номонд заасан эд зүйлийг хийдэг юм. Гэтэл манайхан дандаа орлуулсан хуурамч зүйлсийг хийдэг. Жишээ нь шүр гэхэд улаан хуванцар, алт гэхэд шар төмрөөр орлуулж хийж байна. Энэ нь өөрийгөө хуурч байгаагаас ялгаагүй бөгөөд хуурамч эд зүйлсэд хэзээ ч адистит жинлав оршихгүй юм. Дотор оршоох зүйл дээр эдгээрийг анхаарах хэрэгтэй. Уутны өнгө хүртэл номонд заагдсан байдаг. Айл өрх бүрийнх тус тусдаа өөр өөр өнгөтэй байдаг. Энэ талаар сүсэгтэн олонд таниулахын тулд гаргасан ном бий. Үүнийг уншвал дэлгэрэнгүй ойлголт авах болно. Мөн сүсэгтэн олонд номын дагуу зөв зүйлийг хүргэхийн тулд миний шавь нар миний удирдлагаар даллаганы уутанд оршоох адислагатай 25 зүйлийн зай мөн чанараараа бүтсэн есөн эрдэнэ гэх мэт ном зохилдуулан даллаганы уутанд орох эд зүйлсийг хайрцаглан савлаж түгээж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Ухаанзаяа: Эрх баригчид үймж байх завсар харийн шашнууд амжилттай шургачихлаа... | ||
Үзсэн: 13537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.