Шууд Chart

Д.Энхсайхан: 315 сая төгрөг зарцуулаад хотын төвөө цэцэгжүүлэх нь нэг их асуудал биш

2014-04-24 10:58:57

Энэ жил нийслэл хотод хийгдэх ногоон байгууламжийн талаар Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Энхсайхантай ярилцлаа.

-Ногоон байгууламжийн ажил хэр гүйцэтгэлтэй явж байна вэ. Ажиллах боловсон хүчний хувьд ямар байгаа вэ?
-Манай нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл сая 120 цэцэрлэгчбэлтгээд ажилд нь оруулчихлаа. Өнгөрсөн жил мөн 100 цэцэрлэгчбэлдсэн юм. Ингээд 200 гаруй цэцэрлэгч дөрөвдүгээр сарын дөрөвнөөс эхлээд ногоон байгууламжийн ажилдаа орчихсон байна. Ногоон байгууламж гэдэг бол мэргэжлийн хүн тодорхой цаг хугацаанд агротехникийн дагуу хийдэг ажил. Тэгэхээр ногоон байгууламжийг мэргэшсэн хүмүүс хийх ёстой. Өмнө нь орон нутгийн өмчит нийслэлийн харьяа “Цэцэрлэгжилт” компани гэж байгаад тэр нь хувьчлагдаад цэцэрлэгжилтийн асуудал Улаанбаатар хотод үндсэндээ орхигдсон байсан.Харин өнгөрсөн жилээс эхлээд мэргэжлийн цэцэрлэгчдийг бэлдээд ажилд нь оруулж байна.
 
-Цэцэрлэгчид ажил үүргийн ямар хуваариар ажиллаж байна вэ?
-Бид хувийн байгууллагуудтай гэрээ байгуулаад 14 хоногийн сургалт хийсэн. Ажилд авах зарын дагуу л ирсэн хүмүүс. Тэр хүмүүс маань цэцгээ тарина, модоо тарина, зүлэгжүүлэлтээ хийнэ. Одоогийн байдлаар модны хэлбэржүүлэлт усалгааны ажил хийгдээд дуусчихсан. Одоо хортон шавьжнуудаас хамгаалах модны шохойжилтын ажил явагдаж байна. Мөн тавдугаар сарын нэгнээс эхлээд хөрс боловсруулалт руугаа орно. Бүх ажлууд цаг хугацааныхаа дагуу төлөвлөгдчихсөн байгаа. Түүнийхээ дагуу л явагдана.
 
-Энэ жилийн хувьд тохижилт, ногоон байгууламжийн ажил дээр илүү шинэлэг зүйл юу байна вэ?
-Өнгөрсөн жил иргэд хотын ногоон байгууламжид ихталархалтай байсан. Энэ жил бид илүү их бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж их ярьдаг. Бид 60 гаруй хувийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийгээд хотын гудамж талбайг ногоон байгууламжаар хангахад хамтарч ажиллаж байна.
 
-Тэгэхээр нийслэлийн ногоон байгууламжийн хэдэн хувийг энэ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх вэ?
-Улаанбаатар нэгтгэл нийслэл хотын арав гаруй төв гудамжны ногоон байгууламжийг хийнэ.Бусад туслах гудамжуудаа хувийн аж ахуйн нэгжүүдээр хийлгэнэ. Нэг ёсондоо төр, хувийн байгууллага хоёр хэн нь ажлаа сайн хийх нь вэ гэж уралдах гэж байгаа юм. Өнгөрсөн жил бол хувийн байгууллагууд жаахан муу ажилласан. Төр нь илүү сайн менежменттэй ажилласан гэсэн үг л дээ.
 
-Өнгөрсөн жил хотын захын гэр хорооллуудаар цэцэрлэгжүүлэлт огт хийгдэхгүй байна гэсэн гомдол цөөнгүй гарч байсан?
-Ийм гомдол цөөнгүй ирсэн. Энэ жил долоон буудал орчмыг манай Улаанбаатар нэгтгэл хариуцаж ажиллаж байгаа. Зорчих хэсэг явган зам хоёрын голоор нэг хэсэг шороон замууд байдаг юм. Тэр хэсэгт нь зүлэг, цэцэг, гоёлын мод тариад долоон буудлын эцэс хүртэл цэцэрлэгжүүлнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд бас ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна.
 
-Энэ жил цэцгээ өнгөрсөн жилийнх шиг мандал болгож тарих уу?
-Энэ жилийн хувьд бид цэцгүүдээ хотын гудамжуудаар ваар саванд хийж тавихаар болсон. Өөрөөр хэлбэл, одоо тэр ваартай цэцгүүдээ гаргаж тавиад аравдугаар сар гэхэд буцаагаад хураагаад авчихна. Дараа жил нь тэрийгээ дахиж гаргаж ирээд тавьчих юм.
 
-Гудамжинд ваартай цэцэг тавихаар эрсдэл их гарах байх?
-Их том ваар байх юм. Шороо хийхээр 200 орчим кг болно. Тэр том ваарыг хүмүүс арай ч авахгүй байлгүй дээ. Бас ийм зүйл хийж байхад иргэд маань ухамсартай хандах байлгүй дээ.
 
-Өнгөрсөн жил цэцэг тарихдаа 300 гаруй сая төгрөг зарцуулсан. Зөвхөн нэг зун ийм хэмжээний мөнгийг зарцууллаа гэсэн шүүмжлэл бас байсан?
-Өнгөрсөн жил 315 гаруй сая төгрөгийг тэр цэцгэнд зарцуулсан. Сая гаруй хүн амтай хотод тэр байтугай л мөнгийг зарцуулж байгаашүү дээ. Яахав дээ, 315 сая төгрөг зарцуулаад хотын төвөө цэцэгжүүлэх бол нэг их асуудал биш.Хүмүүсийг баярлуулж байна шүү дээ. Тэгээд ч энэ цэцэгсийн нийгмийн ач холбогдол нь их өндөр. Хүмүүс тэр цэцгийг хараад тайвширна, стрессээ тайлна. Цаашлаад бүр нарийн тооцох юм бол тэр цэцэг чинь Монголын эдийн засагт 315 сая төгрөгөөсөө илүү их ач холбогдолтой юм билээ.
 
-Цэцгийг Хятадаас оруулж ирсэн, дотооддоо үрслүүлээгүй гэсэн яриа байсан. Энэ үнэн болов уу? 
-Цэцэгний тухайд нээлттэй тендер зарлаж явуулдаг. Өнгөрсөн жил Хятадаас оруулж ирсэн гэсэн мэдээлэл гараад байсан. Тийм зүйл огт байхгүй. Монголын хөрсөнд ургуулсан компаниудаас аваад л тарьж байгаа.
 
-Энэ жил цэцэгболон зүлэг тарихдаа хэр хэмжээний мөнгө зарцуулж байгаа вэ?
-Энэ жил өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээний мөнгө зарцуулна. Зүлгэндээ нэг зуу гаруй сая төгрөг зарцуулна.
 
-Хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахаар болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?
-Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 50 метр дотроо тохижилт, ногоон байгууламж хийх үүрэгтэй. Үүнийг манай байгууллагууд хэрэгжүүлдэггүй байсныг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс анхаарч ажил хэрэг болгохоор шийдсэн. Манайхаас байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд “Хөгжлийн түлхэц” нэртэй уралдаан зарлаад байгаа. Хамгийн сайн тохижилт ногоон байгууламж хийсэн аж ахуйн нэгжүүдийг манайх 15, 10, тавансая төгрөгөөр шагнах юм. Нөгөө талаасаа бид аж ахуйн нэгжүүдийг шахаж ажиллана. Манайхаас дүүрэг бүр дээр хоёр хүн томилогдсон байгаа. Тэдгээр хүмүүс нь гаднаа тохижилт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг өгөөд ажлыг нь хийлгэх юм.
 
Гадны зарим улсуудад бол байгууллагуудын гаднах талбайг нь хувийн аж ахуйн нэгжүүд нь тохижуулж өгөөд хөлс авдаг. Бид хувийн хэвшлийнхнийг тэр систем рүү шилжээсэй гэж хүсч байгаа. Би хувийн тохижилтын компаниудад хэлсэн л дээ. Зөвхөн манайхтай ажиллахаас гадна өөрсдөө санаачлаад аж ахуйн нэгжүүдтэй уулзаад тохижуулалтыг нь хий гэсэн. Манайхтай гэрээ байгуулж ажиллах шаардлагад нь хоёроос гурван аж ахуйн нэгжийн тохижуулалтыг хийсэн байх гэж орсон байгаа.
 
Ер нь төрийн хэдэн байгууллага юм хийхээс гадна хувийн аж ахуйн нэгжүүд, иргэд өөрсдөө эко сэтгэлгээтэй байх юм бол хот маань сайхан болно.
 
-Энэ жил ногоон байгууламжид нийт хичнээн сая төгрөг төсөвлөсөн байгаа вэ?
-Төсөв мөнгө хэлэхээр улстөржөөд явчихдаг юм. Ер нь манай Улаанбаатар хотод тохижилт үйлчилгээний ажлыг хийхэд маш их мөнгө хэрэгтэй. Манай нийслэлийн төсөв хязгаартай учраас бид тодорхой хэмжээний төсөв батлагдсан. Гэхдээ тэр хангалттай биш. Тийм ч гэсэн бид байгаа хөрөнгөдөө тааруулаад иргэддээ маш сайхан үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.
 
-Тав, зургаан зуу орчим сая төгрөг болсон уу?
-Дөрвөн тэрбум гаруй төгрөг байгаа. Энэ хөрөнгийн зарцуулалт нь бүгд хуулийн хүрээнд нээлттэй явж байгаа. Өмнө нь тохижилт үйлчилгээний чиглэлээр дүүргийн Засаг дарга нарт тэрбум төгрөг өгдөг байсан. Харамсалтай нь өнгөрсөн жилийнх шиг дорвитой ажил хийж байгаагүй.
 
-Одоо тэгэхээр дүүргүүдийн Засаг дарга нарт ногоон байгууламж хийх төсөв хөрөнгө байхгүй юу?
-Байхгүй. Яахав дүүргүүдийн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хороолол дундахаа ч юм уу тохижуулах эрх нь бол нээлттэй байдаг. Орон нутгийн хөгжлийн санд нь 30-аад тэрбум төгрөг байдаг. Тэр мөнгөөрөө аятайхан тохижуулалтын ажлууд хийж болно шүү дээ. Урд нь бол дүүргүүд нохойны хөшөө ч гэдэг юм уу,  хэрэггүй юманд их мөнгө зарцуулдаг байсан.
 
-Танай байгууллагаас ногоон байгууламжийн цэцэрлэгжүүлэлт, усжуулалт арчилгааг бүгдийг нь хариуцдаг уу?
-Тийм. Гудамжуудаа хариуцаж авсан байгууллагууд мааньтөсвөө авсан учир өөрсдөө усалгаагаа хийнэ, хамгаална. Бүх юмаа өөрсдөө хийдэг.
 
-Ногоон байгууламжийн асуудал дээр хувь иргэдтэй хамтарч ажиллах, тэднийг урамшуулах боломж хэр байдаг вэ. Тухайлбал, иргэд хашаандаа мод тарина гэвэл суулгацыг нь өгнө ч гэдэг юм уу?
-Хувь иргэдэд бол тийм зүйл байхгүй. Төрийн мөнгийг зарцуулж байгаа учраас иргэдэд өгч болохгүй шүү дээ. Иргэд бол өөрсдийнхөө санаачилгаар ногоон байгууламж хийх үүрэгтэй. Уг нь иргэд нэг удаа идэвхи санаачилга гаргаад л тохижуулаад авчихад цаашдаа хэдэн жил сайхан байна шүү дээ.
 
-Өнгөрсөн жил хотын зарим гудамжинд хиймэл зүлэг тавьж байсан. Ер нь хиймэл зүлэг тавих нь хэр зохимжтой юм бэ. Зарим хүн үнэхээр гоё зүлэгжүүлэлт хийж чадахгүй бол хиймэл зүлэг байсан нь дээр гэдэг юм билээ?
-Өнгөрсөн жил Модны хоёрын голын замаар нэг хиймэл зүлэг тавьж үзсэн. Би тэрийг нь хуулуулаад авчихсан юм. Тэр зүлэг чинь амьд л байх ёстой. Энэ жил бол дандаа амьд зүлэг тарина.
 
-Нэгэнт хотоо сайхан тохижуулаад гудамжиндаа цэцэг тарьж, зүлэгжүүлчихээр түүнийг хайрлаж хамгаалах иргэдийн ухамсар хэрэгтэй байж таарна. Ер энэ тал дээр нийтэд хандсан мэдээлэл, сурталчилгаа хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Танай байгууллагаас энэ тал дээр иргэдэд хандаж уриалсан үйл ажиллагаа зохион байгуулж байна уу?
-Оюутнуудын дунд рекламны санаа авахаар шторкны уралдаан зохион байгуулсан. 1000 гаруй оюутан хамрагдсан. Тэндээс санаа аваад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэд рүү хандсан шторк сурталчилгааг нэлээд хийнэ. Хүн ер нь бие биенийхээ нөлөөнд их автдаг. Тийм учраас иргэд бие биедээ зөв шаардлага тавьж нөлөөлөх ёстой. Хүн бүхэн дор бүрнээ миний хот гэсэн сэтгэлгээгээр, соёлтой боловсон хандаасай гэж хүсч байна даа.
 
-Орон нутгууд дахь ногоон байгууламжийн асуудлыг яаж зохицуулдаг вэ?
-Аймгуудад бол Засаг дарга нар нь л хариуцна.
 
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар нэгтгэлээс хариуцаж тохижуулдаг уу?
-Үгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол нийслэлийн өмчит үйлдвэрийн газар. Санхүү хөрөнгө, дарга ажилчид нь тусдаа. Дотроо зүлэг ногоо хариуцдаг ажилчидтай байдаг юм.
 
-Танай байгууллагатохижилт үйлчилгээнээс өөр ямар ажлуудыг хийж гүйцэтгэдэг вэ?
-Ганц ногоон байгууламж бидний ажил биш. Улаанбаатар нэгтгэл маань хотын арав гаруй үйлчилгээг хариуцдаг. Нохой муур устгах, зам засвар, хайс хашлага, тэмдэг тэмдэглэгээ, үерийн болон хөрсний усны шугам хоолойн цэвэрлэгээ, далан сувгийн цэвэрлэгээ гээд олон үйлчилгээг хариуцдаг.
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Энхсайхан: 315 сая төгрөг зарцуулаад хотын төвөө цэцэгжүүлэх нь нэг их асуудал биш  
Үзсэн: 4879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-10-11 19:30
Заавал энэ тэр газарууд биш иргэд өөрсдөө энэ жил тарьсан цэцэгнээс намар үрийн аваад хавар өөрсдөө үрслүүлэхэд арай бага зардалаар цэцэгтэй болж болох юмшиг. нэг иргэн нэг цэцэгний үр аваад хавар үрслүүлээд тарьчихад улаанбаатар 1сая цэцэгийг үнэгүй тарьчихнашдээ энэ талаар үр авах, үрслүүлэх зэрэг дээр бол манай улсад зөндөө л мэрэгжилтэн байгаа учир тусалж дэмжээд болчин байх
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-02 22:30
jiliin jild zuleg gd tariad daraa jil bhgui bolgood bdga boli. 1 tariad teriigee hashaad hais hii. tegehdee uzemjtei tgd l boloo. daraa jil mungu zarahgui uslaad l boloo odoo

Бидэнтэй нэгдээрэй