Шууд Chart

Г.Аюурзана: Намайг зохиолч болгосон зүйл бол миний уншиж үзэх аз тохиосон хэдхэн сайн ном

2021-05-24 14:34:53

Монголын Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана сайн номыг хэрхэн сонгож унших, тэдгээрийн ялгаа зэрэг талаас нь уншигчдад өөрийн туршлагаасаа хуваалцжээ.

Үүнийг уншигч танаа хүргье. “Зохиолч хүний боловсрол бол эхлээд маш их унших, уншиж дадаад сайн номыг муугаас нь ялгаж цэгнэж сурах, тэгээд хэзээ ч муу зохиол бичихийг өөртөө зөвшөөрөхөөргүй түвшинд хүрэх явдал. Харин уншигч хүний боловсрол бол ганц олсон энэ насныхаа хайран цагийг аахар шаахар зүйлс уншин үрэхгүй, мунхрахгүй амьдрах чадвар юм. Сонирхогч уран сайханчийн түвшний зохиолчид дэндүү олон байгаагаас л манай уран зохиол зөв голдиролдоо орохгүй, уншигчид зөв сэтгэлгээтэй болохгүй байна. “Зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ?” гэж Набоковоос асуухад “Өөрөөсөө өмнө бичигдсэн бүх сайн зохиолыг нэвтэрхий мэддэг хүнийг хэлнэ” гэж хариулсан байдаг юм. Би мэдэрснээ л бичдэг. Хэзээ ч зориудын зохиомол юм бичиж үзээгүй. Жинхэнэ уран бүтээлч дандаа оргил үедээ явах ёстой. Намайг зохиолч болгосон зүйл бол миний уншиж үзэх аз тохиосон хэдхэн сайн ном. Өөр юу ч биш. Кино биш, хэвлэл мэдээлэл биш, интернет биш, магадгүй, туулж үзсэн амьдрал минь ч биш байж мэднэ. Гайхамшигт мэдрэмжийг би ганцхан “Нууц товчоон”-оос л амссан даа. Энэ бяцхан судар бол миний амьдралд тохиолдсон хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг л гэж хэлнэ. Нас явах тусам энэ итгэл минь улам батжиж байгаа. Ганцаардана гэдэг уран зохиолын амин сүнс юм. Зохиолч байна гэдэг жүжигчин байхаас, эсвэл сэтгүүлч байхаас эрс өөр. Гав ганцаараа л бүх ертөнцөө бүтээдэг. Тэгээд бичсэн зүйлээрээ дамжуулж л бусадтай ганцаардлаа хуваалцдаг. Ганцаардал гэхээр л уй гуниг гэж ойлгоод хэвшчихсэн шиг байгаа юм. Үнэндээ ганцаардал гэдэг бол гуниг зовлонтой ямар ч хамаагүй мэдрэмж. Хувь хүн хувь чанараа сэрж мэдрэхийн нэр гэж би ойлгодог. Хүн юмс, үзэгдлийг ойлгох чадвартай боловч харилцан ойлголцох чадваргүй амьтан юм шиг заримдаа надад санагддаг юм. Бидний эргэн тойронд гомдол, цөхрөл, хорсол, сөргөлдөөн, мөчөөрхөл дүүрэн байдаг нь ойлголцоогүйнх л юм. Хэрэв би өөрийгөө авьяасгүй, тааруухан зохиолч гэж боддог байсан бол, хэзээ ч бичсэн зүйлээ хэвлүүлэхгүй байсан. Би өөрийнхөө номуудыг ямар ч орны ямар ч мундаг зохиолчид үзүүлэхэд нүүр улайхааргүй гэдгийг мэднэ. Надад хамаатай зүйл бол миний бичсэнийг зарим хүн уншдаг, тэдэнд би дараагийн удаад илүү сайн уран зохиол уншуулахын төлөө л амьдарч яваа хүн гэдгээ мартахгүй байх явдал. Хэзээ ч дахин уншихад бэлэн ном бол Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд”. Би заримдаа өөрийгөө хамгийн их аз жаргалтай байгаагаар төсөөлөхдөө зуслангийнхаа байшинд гал түлчихээд, дээл нөмрөөд, Прүстийг уншихаас өөр ажилгүй хүн болчихлоо гэж мөрөөддөг. Ханийн хувьд биш, утга зохиолын мэргэжлийн хүний хувьд хэлэхэд одоохондоо Өлзийгөөс илүү гарах шүлэгтэй хүн Монголд алга байна. Уран бүтээлчийнх ньтухайд бол надтай надгүй бүх л уншигч нь хайрлаж, хүндэтгэдэгийг би олонтаа мэдэрсэн. Түүнээс өөр мөрөөдөх эмэгтэй надад таарч байсангүй. Үгүй ээ, таарч байсан юм байна. Гэхдээ ном зохиол дотор л. Би бясалгал хийж, автаж үзсэн. Ер нь амьдралын сайхан нь өөр рүүгээ гүнзгий нэвтэрч, бусадтай хутгалдахгүй байхад л илүү тод мэдрэгддэгийг би бясалгалаар батжуулан ойлгож авсан. За, тэгээд хог шороогоор шуурсан, машин бөглөрсөн хотын амьдрал дунд ч даяанчлах боломж бий. Сайхан ном унших бол нэг ёсны даяанчлал юм даа. Шүлэг, яруу найргийн тухай, ерөөсөө уран зохиолын тухай миний ойлголт олонхынхоос их өөр л дөө. Монгол хүн бүр л өөрийгөө уран зохиол мэддэг гэж боддог. Огт мэддэггүй нь ч гэсэн “Тэр бол сайн шүлэг. Тэр бол аугаа яруу найрагч. Түүний зохиолууд л сайн. Тэр муу үхсэн баас, юу юм бэ” гэх мэтээр ярьж явдаг. Тийм хүмүүсийн дунд жинхэнэ яруу найраг гэж юу болох тухай ч юм уу, хүн бүрийн цээжээр мэддэг зарим шүлэг зохиол үнэндээ хариу ч үгүй эд гэдгийг шууд хэлэх нь утгагүй хэрэг л дээ. Тэдний бахдал, бишрэлийг аялдан дагах нь ч хаашаа юм бэ, яршиг зүгээр чимээгүй л явж байх нь заримдаа хамаагүй дээр. Сайхан зүйлийг олж харж чаддаг, зовлон ойлгодог, гуниглаж мэддэг, уудам сэтгэлтэй хүмүүс л хамгийн сайн уншигч байдаг. Фолкнерын зохиолуудыг би “миний амьдралд тохиолдсон нэг гайхамшиг” л гэж хэлнэ. Ер нь сайн зохиол бичнэ гэдэг бол өөрөө аугаа их үйлс юм. Гэр бүлтэй хүн өөрийгөө тодорхой байдлаар хязгаарлах үүрэгтэй шүү дээ. Тийм хязгаар дотор үүрд амьдрах болно гэдгээ ухамсарлаж байж л хүн гэрлэдэг. Ганц амьдралд биш, бас уран бүтээл дээр ч гэр бүлийн ийм хязгаар мэдрэгддэг. Гэхдээ би энэ “хязгаар” гэдэг үг, ойлголтод дуртай. Яг л “эх орон” гэдэг шиг дээгүүр, гоё үг, ихэмсэг ухагдахуун. Жинхэнэ сайн шүлгийн нэг мөр гэдэг юутай ч харьцуулшгүй, аугаа зүйл шүү дээ. “Хүний бүх амьдрал Бодлэрийн ганц мөрийн үнэд ч хүрэхгүй” гэж Акутагава хэлсэн байдаг. Яагаад ихэнх сайн зохиолч эрэгтэй байдаг гээч? Эмэгтэй хүний мөн чанарыг эрчүүд илүү их хайдаг учраас л тэр. Яагаад аахар шаахар, “Салхинд туугдагсад”, “Харри Поттэр” мэтийн цагийн зугаа маягийн зохиолуудыг эмэгтэйчүүд бичдэг гэж бодож байна? Мөн чанарын асуудлаас хол учраас эм хүний бяр хүрэх ажил байхгүй юу. Зарим үнэхээр сүрдэж биширмээр зохиол байдаг юм аа. Бүр дотор харанхуйлмаар, “Би хэзээ ч ийм ном бичиж чадахгүй байх аа” гэж өөрийн эрхгүй бодогдмоор. Би “Үлисс”-ийг оросоор хоёр, англиар нэг, редакторлож байхдаа монголоор нэг уншсан. “Алдагдсан цагийн эрэлд”-ийн зарим ботийг би хоёр дахиж уншсан. “Нууц товчоон”-ыг мэдэхгүй ээ, лав 5-6 удаа уншсан байх. Одоо “Моби Дик”-ийг ахиад нэг уншъя гэж бодож байгаа. Унших тусам л би даанч түүхий яваагаа ухаардаг. Ном зарагдах нь зах зээлийн утгаараа амжилт. Харин үнэт чанар гэдэг энүүхнээр хэмжигддэггүй. Сайн зохиол бичихээс өөр амбийц байх ёсгүй. Сайн л зохиол бичиж чадвал өмнө чинь чиний орон зай бэлээхэн хоосон байна. Уран зохиолыг ойлгож таньснаар хүн эцсийн эцэст амьдралыг таних ёстой юм. Амьдрал гэдэг бол их өргөн ойлголт. Энэ ойлголтын дотор үхэл ч багтана. Жинхэнэ уран зохиол философиос ангид байдаггүй. Тиймээс ч уран зохиол ойлгодог хүмүүс амьдралыг тэнүүн, өргөн утгаар нь хардаг, шуналгүй, бусдад атаархдаггүй, үхлээс айдаггүй байх гэх мэт сайн чанаруудыг олж чаддаг. Ер нь уран зохиолд нэг сайн тал бий. Жинхэнэ сайн зохиолыг олж уншаад түүнээс суралцаж, тэр түвшнээс давсан ч зохиол биччих боломж хэзээд нээлттэй байдаг. Зарим нь ядаргаатай, зарим нь огт түвэг уддаггүй, зарим нь архичин, зарим нь огт амсдаггүй, зарим нь хоржоонтой, зарим нь тус дэмтэй, зарим нь номонд дуртай, зарим нь бол ном сөхөж хардаг ч үгүй гээд олон янзын л хүмүүстэй би нөхөрлөдөг. Тийм байх нь ч надад сонирхолтой байдаг. Бүгдээрээ нийтлэг зан араншинтай олон найзаар юугаа хийх вэ дээ. Нийтлэг л байх юм бол, нэгтэй нь л найзлахад хангалттай. Би бичмээр санагдсан болгоноо биш, өөрийнхөө уншмаар байгаа номоо л бичдэг. Бичиж суухдаа ямар нэгэн гярхай, зэвүүн уншигчийг дотроосоо олж хардаг. Миний ном түүнд л амттай уншигдахгүй бол бусад хүн хэзээ ч олж үзэх ёсгүй гэж бодож бичдэг. Тэр үл үзэгдэх уншигчаас өөр хүнд таалагдах амбийц надад байхгүй. Монголын уран зохиолын ертөнцөд надаас илүү зохиолч гарч ирсэн тэр өдөр л би үзгээ тавиад, таг чимээгүй алга болно. Уран зохиолд “Эсвэл шилдэг нь бай, эсвэл ор сураггүй арил!” гэдэг ганцхан л зарчим байдаг. Үхлийн тухай боддоггүй, бодлоо ч түүнийг ердөө л ямар нэгэн зугаатай адал явдал мэтээр төсөөлдөг үедээ хүн залуу явдаг. Амьдрал бол үхэлд бэлтгэгдэх урт удаан явц юм гэдгийг олж харсан өдрөө л хүн залуу насаа орхидог. Залуу биш болно, үхэлд тэр чинээгээрээ дөхнө гэдэг муу юм биш. Эсхилээс, Монтэниэс суралцсан Шекспир; Сервантес Шекспир хоёроос суралцсан бүх дэлхийн утга зохиол. Тэнд нь мэдээж Хомерын үеийнхний тэмдэглэн үлдээсэн домгоос суралцсан Бодлер; “1001 шөнийн үлгэр”-ээс, бас Бодлероос суралцсан Акутагава; Акутагавагаас, бас Люис Кэрроллоос суралцсан Борхэс; “Хуучин гэрээ”-нээс суралцсан Достоевский; “Ах дүү Карамазов”-оос суралцсан Фолкнер; Борхэсоос, бас Фолкнероос суралцсан Маркес… гээд л цөмөөрөө багтана. Уран зохиол бол ийм л аалзны тор юм. Уран зохиол уншдаггүй хүн өөрийгөө яг хэн бэ гэдгийг барагтай л бол эргэцүүлэхгүй дээ. Би хэн юм бэ? Чи хэн юм бэ? Бид яг ямар амьтад юм бэ? Бидний мөн чанар хэр зэрэг тууштай юм бэ? Энэ бол философийн гэхээсээ илүүтэй утга зохиолын л асуултууд шүү дээ. Ийм өндөр дээд эргэцүүлэл рүү хөтлөх нь өөрөө уран зохиолын зарчим, магадгүй зорилго нь юм. Жинхэнэ уншигчийг л би сэхээтэн гэж хэлнэ дээ. Түүх уншдаг хүмүүс голдуу л эх оронч байдаг шиг, буурьтай уран зохиол уншдаг хүмүүс цаанаа л ондоо, үгүй ядахнаа л аливааг эрүүл саруул хардаг. Цөөхөн үг солиход л, зарим нь харилцуурын цаанаас л шууд танигддаг. Дуу хоолой нь сэтгэлд шингэцтэй, харц нь тогтуун, үргэлж дотогшоо бодож тунгааж биеэ хянаж явдаг учраас бусдыг хэзээ ч үзэгдэх байдлаар нь сонждоггүй, өчүүхэн юманд ч хиймлээр бус үнэн голоосоо ханддаг, алаг үзэлгүй, тал тохой татах заль бачгүй, завшаан хайдаггүй, байгаагаасаа өөр дүр эсгэдэггүй тийм хүмүүс л номыг хамгаас буурьтай уншдаг. Жинхэнэ урлагийг гагцхүү эрүүл, саруул ухаан л бүтээдэг. Тодорхой хэмжээний туршлагатай хүний хувьд хэлж байна шүү” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Аюурзана: Намайг зохиолч болгосон зүйл бол миний уншиж үзэх аз тохиосон хэдхэн сайн ном  
Үзсэн: 1560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй