УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсож, байр сууриа нэгтгэжээ. Тодруулбал, 2014 оны Төсвийн тодотголын төсөл, Өрийн удирдлагын тухай, Газрын тухай, Гэмт хэргийн тухай хуулийн төслүүд болон бусад асуудлаар хуралдсан байна.
Мөн сүүлийн үед онц ноцтой гэмт хэргийн тоо өссөн. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хоёр эмэгтэйн амийг байж боломгүй зэрлэгээр хөнөөсөн, төрсөн эцэг нь нялх хоёр хүүхдээ машиндаа түгжиж шатаасан, нэг цэргийн албан хаагч амь насаа алдсан, гэр бүлээ хөнөөгөөд дараа нь өөрийгөө буудсан, урьдчилсан хорих ангид гэм буруутай нь тогтоогдоогүй Монгол Улсын иргэн амь насаа алдсан. Иймээс дээрх асуудлуудтай холбогдох байгууллагуудын удирдлагыг бүлгийн хуралдаандаа урьж оролцуулж, үүсээд байгаа ийм нөхцөл байдалтай холбогдуулан хариуцлага алдсан зүйл байна уу гэдгээр мэдээлэл сонссон байна.
Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Гэм буруутай нь тогтоогдоогүй шүүхээс ял аваагүй 1365 иргэн хоригдож байдаг юм байна. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улсын зургаан иргэн урьдчилан хориход нас барсан байна. Түүнчлэн гэм буруутай нь тогтоогдоогүй 390 хүн гурван сараас дээш, 35 хүн нэг жилээс дээш хугацаатайгаар хоригдож, аав ээж, үр хүүхэд, гэр бүлээсээ тусгаарлагдан, сэтгэл санаа эд материалаараа хохирч гүн дарамтад байгаа 400 гаруй иргэд байна. Иймээс ардчилсан Монгол Улсад хүний эрх зөрчигдөж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй ял аваагүй хүнийг удаан хугацаагаар хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь буруу юм. Үүнд МАН-ын бүлэг цаашид анхаарч ажиллана гэсэн шийдвэр гарлаа" гэлээ.
Хуулиар бол онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн, хүний амь хөнөөсөн, оргон зугтахаар завдсан бол таслан сэргийлнэ гэсэн заалт бий гэдгийг ч МАН-ын бүлгийн дарга санууллаа. Хорихын уулзалтын өрөөнд амь насаа алдсан ГТХЭГ-ын дарга асан Амарсайханы тухайд суурь өвчтэй байсан, хилсээр гэмт хэрэгт шалгагдаж байсан нь тогтоогдоод байгаа юм билээ гэж С.Бямбацогт дарга сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.
Түүнчлэн МАН бүлгийн хурлаараа Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд орсон өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх заалтыг дэмжихгүй гэсэн шийдлийг гаргажээ. Учир нь уг хуулиар улсын өрийн дээд хязгаарыг ДНБ-ний 90 хувь болгож өсгөх саналыг тусгасан. МАН-ын бүлэг Засгийн газар хоёр жилийн хугацаанд авсан өр зээлийнхээ тайланг нийт ард иргэдэд танилцуулах ёстой. Тэгээд дараагийн өр зээлийн асуудлыг ярих хэрэгтэй. Өмнөхөө зарцуулж дуусаагүй, тайлагнаагүй байж дараагийн өр зээлээ авах бодлого оруулж ирж байгаа нь буруу гэж үзлээ.
Мөн үүнээс гадна МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан "Газрын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн аж. Уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Газрын үндэсний хорооны мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсоогүй, орон нутгийн иргэд, малчид тариаланчдын санал бодлыг бүрэн тусгаагүй гэж үзсэн аж. Тиймээс МАН-ын бүлэг уг асуудлаар олон нийтийг хамарсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, ард иргэд, мэргэжлийн байгууллагын саналыг бүрэн тусгаж, үндэсний зөвшилцөлд хүрсний дараа хэлэлцэх ёстой гэж шийджээ.
Ардчилсан Монгол Улсад хүний эрх зөрчигдөх ёсгүй | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.