![](/uploads/201405/news/thumb/8d453cb17597b5610be586f321993901_x3.jpg)
Хамтарсан Засгийн газар байгуулагдаж Шинэчлэлийн гэх нэрийн дор үйл ажиллагаа явуулж эхлээд хоёр жил болж байна. Ард түмний итгэлийг хүлээсэн Шинэчлэлийн Засгийн газар эрх барьсан эхний жилүүддээ тун ч өндөр оноотойгоор явж байлаа. Харин саяхнаас байр суурь нь ганхаж эхлэх нь тэр. Товчхондоо бол улс орны эдийн засгийн хямралаас болж тийм дүр зураг харагдаж эхлэв.
Хүмүүсийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн эдийн засгийн хямралыг болоогүй хэмээн мэлзэж буй хүмүүс байна. Ерөнхий сайд нь өөрөө эдийн засаг хэвийн байна гэсэн мэдээллийг учир нь үл ойлгогдох график, судалгаа харуулж байгаад тайлбарлаж байлаа. Ард түмэн өөрсдөөс нь хол байдаг гадаад бодлого, намуудын дотоод зөрчил гэх мэт асуудлыг телевизээр харж, сонин, сайтаас уншихаас биш төдийлөн ойшоож үздэггүй. Гэхдээ л яг өдөр тутмынх нь амьдралд тулж ирсэн эдийн засгийн хямралыг шууд тусгаж аваад эрх баригчдаас хямралыг зогсоохыг шаардаж эхлэх нь тэр.
Байдал ингэж хурцдах үед сөрөг хүчин болоод зарим мэргэжилтнүүдийн эдийн засаг хямарч байна гэсэн үгийг ор үндэсгүй гүтгэлэг байна хэмээн мэлзэж суусан эрх баригчид асуудлыг ойлгож эхэлсэн гэж хэлж болно.
Энэ байдлаас гарахыг яаран хичээхдээ Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл”-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй байна хэмээн өргөн барьсан байдаг.
Тогтоолын төсөл өргөн барьсныхаа дараа буюу дөрөвдүгээр сарын 24-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засаг хямарсныг хүлээн зөвшөөрч “Манай Засгийн газар улсынхаа эдийн засгийн байдлыг 100 хоногт эрчимжүүлнэ” хэмээн амлаж ингэхийн тулд хийх ажлуудаа хүртэл танилцуулсан. Гэтэл эрхэм Ерөнхий сайд энэ мэдэгдлийг гаргахаас долоо хоногийн өмнө дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр манай улсын эдийн засгийн эхний улирлын дүн мэдээг Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Монголбанк, Статистикийн газартай хамтран гаргаж өнгөрсөн онуудынхтай харьцуулан тайлбарлаж эдийн засгийн нөхцөл байдлыг сүүлийн хоёр жилийн үзүүлэлтээс харвал аль ч талаасаа өсөлттэй байна гэж хэлж байлаа.
Өмнөх хэлснээ үгүйсгэж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар арга хэмжээ авч эхэлсэн нь олон хүнд нааштай санагдсан биз.
Нэгэнт яаралтай гэсэн тодотголоор өргөн барьсан тул УИХ уг тогтоолын төслийг нь сайн, муу элдвээр хэлж байгаад тавдугаар сарын есний өдөр баталсан. “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” гэсэн нэртэй болсон тогтоолын төсөл батлагдсан даруйд Ерөнхий сайдын улсынхаа эдийн засгийг хөл дээр нь босгож ирэх “Эзэн-100” гэх сүржин нэрт ажлаа эхлүүлэв. Тодруулбал, Ерөнхий сайдын хямралд орсон улсынхаа эдийн засгийг 100 хоногт босгож ирэх “тэнсэн харгалзах хугацаа” нь гүйж эхэлсэн.
Анхнаасаа “Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл”-ийг УИХ-д өргөн барихдаа “Энэ хаврын чуулганы хугацаанд яаралтай баталж хэрэгжүүлэх” гэж оруулсан учраас эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөт ажлаа 100 хоногт багтаана гэж гүрийсэн биз. Аливаа зүйлийг бодож, бичих ч амархан бүтнэ. Харин үйл хэрэг дээрээ л уддаг болохоос.
Ямартаа ч “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлаа эхлүүлэхийн тулд Ерөнхий сайд нэн түрүүнд өөрийнхөө дэргэд Эдийн засгийн зөвлөл байгууллаа. Өөрөө ахлаж ажиллах тус Эдийн засгийн зөвлөлд нийт 30 гишүүн байх бөгөөд үүний 18 нь хувийн хэвшил, бизнесийн салбарын хүмүүс байгаа аж. Харин тус зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан гэх залуу. Улсынхаа санхүү, эдийн засгийн асуудлыг эрхэлдэг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон Ч.Улаан, Х.Батбаяр сайдууд сураггүй, хувийн бизнес эрхэлдэг бизнесмэн залуугаас л дор байсан бололтой юм.
Залуухан бизнесмэн залуу ажилдаа шуурхайлан орж Монгол Улсын 10 тэрбум ам.долларын эдийн засгийг 20 тэрбум ам.доллар болгоно хэмээн мэдэгдсэн. Огт хөндлөнгийн гэмээр хүнийг ийнхүү зүгээр нэг байгууллагын биш бүхэл бүтэн улсынхаа эдийн засгийг эрчимжүүлэх ажилд салбарын сайдаас нь илүүд үзэж сонгосон нь сайн, муу олон таамаг дагуулж буй. Саарал ордноор явж буй хамгийн бодит үнэнд нийцэх таамаг нь ганхаж ядан буй Н.Батбаяр сайдын суудал гэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бизнесмэн залууд эдийн засгийг тогтворжуулах ажлыг амжилттай гүйцэтгэж чадвал Эдийн засгийн хөгжлийн сайдын суудлыг амласан ажээ.
Харин нөгөө талаас нэгэнт доройтсон гэдэг нь илт болсон эдийн засаг тэнхэл авахгүйгээр “тэнсэн харгалзах” 100 хоног нь дуусвал үүний бурууг хүлээлгэх “өгөөш”-ийг бэлдсэн ч байж болох юм. Хэрэв тийм бол сайдын суудал горилсон залуу өнөөх “бухын доодохыг харсан үнэг турж үхнэ” гэдэг болоод л дуусах байх.
Нэгэнтээ хэрэгжиж эхэлсэн энэ ажлыг дагасан эерэг сөрөг олон л асуудал гарч байна. Сөрөг хүчин өнөөх л хэлдгээ хэлж, “МАН аль жилийн өмнөөс л долларын ханш 1800-д хүрнэ гэдгийг анхааруулж байсан. Дээр нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, Чалкогийн гэрээг улам дордуулсан” зэрэг олон бурууг Хамтарсан Засгийн газар руу чихэж суугаа. Түүнчлэн эдийн засгийн энэ хямрал засаглалын хямралаас, төрийн хэтэрхий данхайсан бүтцээс болсон ч гэж тайлбарлаж байгаа. Энэ бүхэнд АН яаж зүгээр амаа хамхиад суух вэ. Өмнөх Засгийн алдаатай бодлогын уршгийг бид үүрч байна гэсэн дөмөгхөн тайлбарыг хийж байна. Түүнчлэн Ерөнхий сайдаасаа эхлээд салбарын сайд нь хүртэл “Манай оронд эдийн засаг хямраагүй, бага зэргийн хүндрэл л байна. Тэгээд ч энэ чинь дэлхийн эдийн засгийн өөрчлөлтэй холбоотой” гээд л өөрийнхөө хар амийг хоохойлдог хүний төрөлх зангаар биеэ өмөөрч суугаа. Бүр эвгүйдэж хүн болгоны аман дээр байдаг долларын ханшийн өсөлтийн талаар асуувал тэрийг чинь Монголбанк мэддэг юм гэж хариулна.
Харин өнөө валютын ханшийг тогтвортой барих үүрэгтэй Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргал нь 1800 давсан долларын ханшийг “Хавар болохоор долларын эрэлт угаасаа ихэсдэг юм. Хавар дуусаад ноолуурын мөнгө ороод ирчихвэл валют чангарах нь багасчихна” хэмээн тайлбарлана.
Түүнчлэн хоёр жилд өгсөх биш уруудаж туйлдаа хүрсэн эдийн засаг 100 хоногийн дотор бирдэд хүслээ хэлсэн мэт гэнэт л дээшилчихнэ гэж баймгүй. Олон ч хүн ингэж бодон итгэл муутайхан харзнаж байна.
Эдийн засаг эрчимжсэн, эрчимжээгүй “тэнсэн харгалзсан” 100 хоног нь дуусна. Тэр үед юу болох вэ. Эхлээд сайнаар бодож үзье, эдийн засаг үнэхээр хүнд нөхцөлөөс гарч уйгагүй хөдөлмөрийн үр дүнд өсч, иргэдийн амьдралд мэдэгдэж эхэлвэл хамтарсан Засгийн газар тэнгэрээс од шүүрлээ л гэсэн үг. Ирэх сонгууль тэднийх. Гэхдээ ийм боломж тун бага.
Харин Засгийн газрын амласан 100 хоног дуусахад бүх зүйл хэвээр байвал яах вэ. Хавх тавьчихаад хүлээж буй анчин адил тэдний гаргах алдаан дээр дөрөөлөх улс төрчид, фракц олон бий. Ард түмэн ч мөн итгэл алдарч үлгэрт итгэж суух цаг дуусчээ гэж бодох биз.
Үүний дараа ямар нөхцөл байдал үүсэх бол оо. Эрх баригчдын хэлсэнчлэн засаг унах нь гэж яаран хүлээдэг сөрөг хүчнийхэнд баяр хүргэж болох уу, эсвэл ирэх хоёр жилд төлөгдөх бондын өр, концессийн гэрээний төлөгдөх хөрөнгө зэргийг харгалзаж сөрөг хүчнийхэн энэ бүгдээс татгалзах уу.
Үнэндээ энэ бүхний цаана ямар тохироо, ямар хонжоо явж байна вэ. Бараг боломжгүй гэмээр “100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ” гэх амлалтыг гаргаж үүний үр дүнг хүлээж суух нь хэнд ашигтэй вэ...?
“Тэнсэн харгалзах” 100 хоног хэнд ашигтай вэ? | ||
Үзсэн: 4777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.