Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм. Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 2013 оны 10 дугаар сард 250 орчим төрийн болон төрийн бус байгууллагад явуулсан бөгөөд Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ирүүлсэн 150 гаруй байгууллагын 1000 орчим санал, 2014 оны нэгдүгээр сард Зөрчлийн хуулийн төсөлтэй хамт санал авахаар гаргасан 91 байгууллагын 900 орчим саналыг үзэл баримтлалд нийцүүлэн тусгажээ.
Харин Зөрчлийн тухай хуулийн төсөл нь 16 бүлэгтэй бөгөөд хуулийн төслийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй зүйлүүдийг Гэмт хэргийн тухай хуулийн ерөнхий ангитай уялдуулан тусгажээ. Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд заасан байна.
Хуулийн төслүүдийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Тухайлбал, хуралдаанд оролцсон гишүүд гүтгэх, танхайрах, тэсрэх, дэлбэрэх бодисыг хадгалах, тээвэрлэх зэргийг гэмт хэрэг гэдгээс хасан зөрчилд тооцохоор хуулийн төсөлд тусгасан талаар тодруулан асууж байлаа. Мөн хүүхэд шийтгэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээ авах, цагаачлах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд оруулж тооцсон учрыг тайлбарлахыг Хууль зүйн сайдаас хүссэн.
Сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, хуулийн байгууллагад хуурамч мэдүүлэг өгсөн бол гүтгэсэн гэмт хэрэгт тооцогдон зохих шийтгэлээ хүлээх бөгөөд хэвлэл мэдээллийг хэрэгслээр таамаглаж буй зүйлийнхээ талаар үзэл бодлоо илэрхийлсэн бол гүтгэсэн хэмээн үзэхгүй юм байна. Хүүхэд шийтгэх гэдгийг аав, ээж нь хүүхдээ загнах зандрах гэж ойлгож болохгүй гэж сайд хэллээ. Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн багш, насанд хүрэгчид хүүхдэд хүсэл зорилгоо тулган, түүнийгээ шийтгэх байдлаар гүйцэлдүүлэх явдал гарах болсон тул ийм зүйлчлэлийг төсөлд оруулж өгсөн юм байна. Хууль бусаар халамж үйлчилгээ авах үйлдэл нь нэг төрлийн залилангийн хэрэг бөгөөд үүнээс болж бусад хүмүүсийн эрх ашиг хохирч байдаг гэж тэрбээр мөн тайлбарлалаа.
Дээрх хоёр хуулийн бүх зүйл, заалт нь хүний хувь заяатай холбоотой учир тодорхой хугацаа гарган, мэргэжлийн хүмүүстэй судалж үзэх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан үзэж байлаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээс өмнө ажлын хэсэг гарган нягтлан үзэх хэрэгтэй гэсэн санал гаргасан ч дэмжлэг аваагүй юм.
Ингээд Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ шийдвэр дэмжигдвэл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзлээ.
Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ | ||
Үзсэн: 802 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.