Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх гарааны "Био-Ундарга" ХХК-ийн гурав дахь бүтээгдэхүүн болох “Дархан Гумат” органик бордооны үйлдвэрийн шугамын нээлт саяхан болсон билээ.
Тус арга хэмжээнд “Био-Ундарга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэрэнчимэд, УГТХ-гийн дэд захирал Б.Баатарцол, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа, “Монгол ногоо” төслийн зохицуулагч, Монгол Улсын гавьяат агорномич Т.Төрмандах, “Элит үр” ХХК-ийн захирал, улсын начин С.Нямжав, ШХА-ийн дарга Стефани Бурри, хөрөнгө оруулагч нарын зэрэг эрхмүүд оролцсон юм.
Зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан тус бүтээгдэхүүнийг бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэвэл өдөрт 4-8, сард дээд тал нь 240 тн бордоо хэрэглэгчдэд хүрэх боломжтой аж.
Тус органик бордоо нь хүрэн нүүрсний уурхайн хагас боловсорсон органик бодисын хуримтлалын үлдцээс тусгай технологиор гарган авсан үрийн соёололт, ургамлын өсөлт хөгжилтийг дэмжих, ган, хүйтэн, өвчин хортон тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх амин хүчил, ауксин, органик болон макро, микро эрдэс элементээр баяжуулжээ.
Швейцарийн хөгжлийн агентлагийн 80 хувийн санхүүжилтээр "Дархан Гумат" органик бордооны үйлдвэрийн шугамыг хийж гүйцэтгэсэн байна.
Энэ үеэр дараах эрхмүүдээс тодруулга авсан юм.
Б.Цэрэнчимэд: Манай үйлдвэр улсын хэмжээнд хэрэглэх нийт тариалалтын 20-40 хувийг хангана
"Био-Ундарга" ХХК-ийн гүйцэтгэх захирал.
-“Дархан гумат” бордооны давуу талыг та юу гэж тодорхойлох вэ?
-Хоёр давуу талтай. Эхнийх нь санхүүгийн хувьд маш их хэмнэнэ. Хоёрдугаарт Монгол Улсын хөрс, үржил шимийг судалсны үндсэнд ямар элемент, тэжээл дутагдалтай байгааг тодорхойлж гаргасан. Ийнхүү уг судалгаандаа тулгуурлаж “Дархан гумат” гэж гаргаж авлаа. Импортын бордоотой харьцуулахад бид бүх судалгаа шинжилгээгээ Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд хийдэг. Мөн гаднаас хараат бус болохоос гадна үнийн хувьд ямар ч хэлбэлзэлгүйгээрээ нэмэлт давуу тал болж байгаа юм.
-Үйлдвэрийн технологи нь юу вэ?
-Монголд судалгаа шинжилгээ хийсэн оюуны өмчөөр баталгаажиж байгаа. Гаднаас орж ирдэг бордоог иргэд янз бүрийн үнээр авдаг. Гэвч эцэст нь ямар ч хариуцлага байдаггүй. Тодруулбал, хэдэн хувийн ургац өгөх, ямар нөлөөтэй, чухам юунд үйлчилдэг вэ гэх мэт зүйл тодорхойгүй байдаг. Харин бид Монгол зааварчилгаа, тун нормоо нарийн гаргаж чадсан. Өнгөрсөн гурван жилд бид үйлдвэрийн, судалгааны, лабораторийн явцын судалгааг нэгэн зэрэг хийсэн.
-Улсын хэмжээнд нийт тариалалтын хэдэн хувийг хангах хүчин чадалтай вэ?
-Манай үйлдвэр 100 хувь бүрэн ажиллаа гэж үзвэл жил тутам улсын хэмжээнд хэрэглэх нийт тариалалтын 20-40 хувийг хангана. Тодруулбал, өдөрт найм, сард 240, жилд 3000 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай.
-Импортын бараа бүтээгдэхүүнээс хэдэн хувь хямд байх вэ?
-Бид 30-60 хувийг хэмнэнэ гэсэн тооцоо гаргасан. Үүнийг орох нормын хэмжээ, га тутмын зарцуулалтаас тодорхойлж байгаа юм.
-Танай компани өмнө нь “Ризо” био шингэн бордоо, нүхэн жорлон ариутгагч “Жига” био бактер үйлдвэрлэсэн. Гурав дахь бүтээгдэхүүн нь “Дархан гумат” болж байна. Энэ төрлийн бордоог үйлдвэрлэдэг хэд хэдэн улс бий. Тэдгээрээс юугаараа онцлог болж байгаа вэ?
-ОХУ, БНХАУ, Канад зэрэг олон оронд байдаг. Хамгийн гол нь тухайн улсын хөрсний онцлог, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж бүх судалгаа шинжилгээ нь өөр өөр хийгдсэнээрээ онцлогтой. “Дархан гумат” бол Монгол орны цаг уур, хөрсөнд нийцсэн.
-Орц найрлагын хувьд тодорхойлбол ...
-Бид өмнө нь био шингэн буюу бактерийн бордоо үйлдвэрлэсэн байдаг. Энэ удаагийнхт макромек элмент орсон. Түүнчлэн гурван төрлийн идэвхжүүлэлт нэмсэн. Энэ нь Монгол орны цаг уур, хөрсөнд тохирсон байдаг.
Б.Мөнхбат: Манай бордооны доторх агууламж харьцангуй нэмэгдсэн
Хөрс агрохимийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, хөрс судлаач.
-“Дархан гумат” бордоог гаргахын тулд та судалгаагаа хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-2019 оны намраас хийж эхэлсэн. Япон, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг улсад гуматын бордоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг судалсны үр дүнд өөрсдөө бордооныхоо томьёог зохиогоод түүхий эд нийлүүлэгч компаниуд руу хүсэлт илгээсний эцэст гумат бордооны баяжмал бэлэн болсон.
-Дотоодод үйлдвэрлэгддэг гуматын бордооноос юугаараа онцлог болж байгаа вэ?
-Монголд 2-3 компани гуматын бордооны үйлдвэрлэл явуулж байгаа. Манай бордооны онцлог нь доторх агууламж нь харьцангуй нэмэгдсэн. Мөн өвсний ургалт, иш навчны ногоон масс дэмжих, стрессийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлсэн элемент нэмэгдсэнээрээ давуу тал болж байна.
“Дархан гумат” бол Монгол орны цаг уур, хөрсөнд нийцсэн гэв | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.