Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Д.Энхболдын “XIII зуун” романы тэргүүн дэвтэр хэвлэгдэн гарчээ.
Уг романыг уншихуйд, аль найман зууны тэртээх Монгол ертөнц тэр л чигээрээ гэрийн гадаа хүрээ хороо, хөсөг нүүдэлтэйгээ нүүгэлтэн ирээд юу юугүй дөрөө мултлах мэт мэдрэмж өөрийн эрхгүй төрөв.
XIII зуунд их гүрнийг байгуулж буй их хаан, хөлөг баатрууд, хүн ард, зон олны аж амьдрал, омог огшуур байр байдал нь яг ийм л байсан болов уу гэх итгэл үнэмшил эрхгүй төрнө. Тэдний санаанд багтамгүй зөн совин, хорвоо ертөнцтэй сүлэлдэх нарийн холбоо, амьдралын ухаан одоогийн хэлээр бол амьдралыг үзэх үзэл, ертөнцөд тэнцэх, тэнцэхдээ оройлон тэргүүлэх философийг уран гэхэд дэндүү уран сайхнаар учиглан шаглана.
Шаглана гэхээрээ л “тос торгонд умбуулж, гоё ганган хээ хуарын эмх цэгцгүй зүйдэл дунд зүү төөрүүлсэнгүй”. Зохиогч бээр зүгээр л тэртээх зуунд, тийм нэг эгэл ард болон мэндэлж, тэндээ амьдарч чадсанд байх шиг байна.
Д.Энхболдын өгүүлэхүйн нэг онцлог бол ДҮР болоод түүний уншигчийн сэтгэлд урган төлжиж, амилж, амьдарч чаддаг тэр чадамж юм. Өөрөөр хэлбэл уншигчийг өөрийн эрхгүй өөртөө уусган нэгтгэж, дагуулж орхидог тийм нэг өөрийн гэсэн “амь” тээсэн чанартай, цаанаа нэг адын харизмтай дүрүүд романы турш хөвөрнө. Гэхдээ 13-р зууны хүмүүс шүү дээ.
Зохиогчийн өөр нэг гайхалтай чанар нь зөн билгийн зохист чанарыг төгс төгөлдөр ашигладаг. Түүний өмнө бичсэн туужуудад тод харагддагийг санаж буй биз ээ. Донжоо “арай л дэндүү” олсон энэ мэдрэмж нь романы бас нэгэн багана болж ачаа хийгээд алхаа нь тэгширсэн жингийн цуваа лугаа орших нь тархи оюун, сэрэл мэдрэхүйд юутай их цэнгэл эдлүүлнэ гэх вэ. За өгүүлэхүйн урлаг бол онцгой юм аа. Магтах гэхээр магтсан болчих гээд, үгүй гэхээр цээжинд булгилах хөөрлийг (магад жижигхэн атааг) тэгээд одоо яалтай ч юм бэ дээ.
Зохиогч судалгааг мөн ч даацтай хийжээ. Хаад ноёдын тухай, цэрэг дайны тухай, байлдах ур ухааны тухай, ард олны амьдралын тухай, эм эмчилгээний тухай, газар орон нутаг, байр байдлын тухай гээд олон талт судалгааг судалж, хамгийн онцлог нь уран бүтээлчийн үнэлэлтээр дүгнэж, уран сайханжуулан ашигласан санагдсан.
Мэдээж уран сайхны зохиол тул (заримдаа заавал хэмээн шаардагддаг) хэм хэмжээний долгис байж л таарна. Гэхдээ миний л хувьд хэтэрсэн санагдаагүй бөгөөд харин ч хөхиүн баясах, уншин цэнгэх, магад би тэнд (13-р зуунд) амьдрах шалтаг болж байсныг хэлэх хэрэгтэй байх. Нэг хэсэгтээ л бодол санаанаас гараагүй нь үнэн юм.
Өнөө цагт хамгийн ихээр ноолох болсон энэ сэдвийн бусад романаас сүнслэг, бодлог, амьдлаг, амь халуун роман болсноороо ялгарахын хажуугаар зохиолчийн зөн мэдрэмжийн хийгээд зөвтгөл дагуулсан зарим шийдлүүд нь олны хэлээр “нохой шувуу шуугиулах” нь дамжиггүй гэж бодном. Уншсан хүнд “Ингээд дуусчхаж байгаа юм уу” гэсэн гайхширал, магад харамсал төрнө. Гэхдээ санаа зоволтгүй. Учир нь дараагийн дэвтэр нь зохиолчийн ширээнээс хэзээ мөдгүй мөлтөрч, хэвлэлтэд шилжих дөхөж байгаад оршино.
Уншигчийн хувиар сэтгэгдлээ л бичив. Учир нь би уран зохиолын мэргэжилтэн биш тул уг романы талаар туурвил зүй хийгээд бичлэгийн ур чадварын талаар мэргэжлийн шүүмж бичиж чадахгүй. Мөн би бас түүхч биш учир “тийм байсан, ийм байсан” гэх мэтгэхгүй юм. Зүгээр л жаргаж уншсан минь л үнэн ...
Т.Бум-Эрдэнэ
Зохиолч Д.Энхболдын “XIII зуун” романыг зохиолч Т.Бум-Эрдэнэ ихэд үнэлжээ | ||
Үзсэн: 534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.