Хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, иргэдэд мэдээлэл сурталчилгааг оновчтой хүргэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх “Халдварт өвчнөөс сэргийлэх, вакцины мэдээлэл сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт сургалт өнөөдөр ЭМЯ-нд боллоо.
Тус сургалтаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Австралийн Мурдокийн Хүүхдийн судалгааны төвтэй хамтран хэрэгжүүлж буй эмнэл зүйн судалгааны үндсэн судлаач, Б.Цэцэгсайхан, ДЭМБ-ын Дархлаажуулалтын зөвлөлдөх хорооны гишүүн, Мурдокийн хүүхдийн судалгааны төвийн профессор Ким Мулхолланд, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нар “КОВИД-19 вакцины (Рfizer-BioNTech) стандарт болон хагас тунгийн нэмэлт дархлаажуулалтын дараах дархлаа тогтоц, аюулгүй байдал, хариу урвалыг үнэлэх эмнэлзүйн судалгааны явцын үр дүн”, “Вакцинаар сэргийлэх боломжтой өвчний хяналт”, “ХӨСҮТ-д хэрэгжиж буй ковид-19-ийн судалгаа шинжилгээ” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл солилцлоо.
ХӨСҮТ-д “Ковид-19-ын эсрэг вакцины дараа илэрсэн урвал, хүндрэлийг тандсан дүн”, “Ковид-19-ийн халдвар болон вакцинжуулалтын дараах дархлааны хариу урвалыг тодорхойлох дүн”, “Ковид-19 вакцины гурав дахь тунгийн дараах дархлааны хариу урвал болон урвал хүндрэлийг судлах нь”, “Монгол Улсад Ковид-19 халдварыг үүсгэж буй SARS-CoV-2 вирусийн геномын хувилбарын тандалт”, “Ковид-19 вакцинжуулалт болон халдварын дараах SARS-CoV-2 вирусийг саармагжуулах идэвхийн судалгаа”, “18-аас дээш насны насанд хүрэгсдийн дунд Ковид-19-ийн эсрэг зөвшөөрөгдсөн вакцины гомолог сэргээх тун ба UB-612 вакцины гетеролог сэргээх тунгийн аюулгүй байдал, хүлцэх байдал болон дархлал тогтоцыг харьцуулах, санамсаргүй түүвэрлэлт, идэвхтэй хяналт бүхий Монгол дахь судалгаа” сэдвээр судалгаа шинжилгээнүүдийг хийсэн талаар тус төвийн захирал Ц.Билэгтсайханы тавьсан илтгэлд вакцины дараа 25-54 насны хүн амын дунд хөнгөн урвал давамгайлан илэрч байсныг дурдсан. Ингэхдээ түгээмэл илэрсэн шинж тэмдэг нь толгой өвдөх, түгээмэл илэрсэн нь тариулсан газарт хөндүүрлэх, улайх, толгой өвдөх, даралт ихсэх, 38.9 хэм хүртэл халуурах, ядрах, дотор муухайрах, бие зарайх, толгой эргэх, булчин өвдөх, нойргүйдэх, гар хөл бадайрах, нойр ихээр хүрэх, хөлрөх зэрэг байсан бол амьсгал бачуурах, ухаан балартаж унах, татах, ойрын үенд хүртэл хавдах, арьсны харшлын урвал, нүүрний болон бүх биеийн хаван, анафилаксийн шокийн шинж тэмдэг нийтлэг бус илэрчээ. Гэхдээ хоёрдугаар тунгийн дараа эдгээр шинж тэмдэг буурч байгааг судалгаагаар тогтоосон байна.
ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зохион байгуулсан уг сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн удирдлагууд болон өрхийн ЭМТ-ийн 80 гаруй эмч, мэргэжилтэн танхим болон цахимаар оролцсон.
“Халдварт өвчнөөс сэргийлэх, вакцины мэдээлэл сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулах нь” сургалт боллоо | ||
Үзсэн: 269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.