Монголын шувуу судлалын нийгэмлэг болон шувуу сонирхогч залуус Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумдын хилийн заагт байрлах Цэнгийн цагаан нуурт ажиллаад иржээ.
Тэд намрын эхэн сард аж төрөх эргийн шувуудын дүр төрхийг халснаа буулгасан байна. Мөн тэд зөвхөн шувуудын зураг аваад зогсохгүй нутгийн иргэдэд эрэг татмын шувуудын тухай мэдлэг олгох, улмаар байгаль хамгаалах мэдлэгийг нь сайжруулах зорилготойгоор мэдээлэл өгч ажилласан гэнэ.
Цэнгийн цагаан нуурт ажилласан багийнхан шувуу ялган таних, барих, бөгжлөх, тоолох, гэрэл зураг авах зэрэг арга техникийг сурсны зэрэгцээ шувуудын нүүдэл, биологийн талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авчээ.
Зохион байгуулагчид, гэрэл зурагчид Цэнгийн цагаан нуур, түүний эргэн тойронд байх ус, намгархаг газрын орчинд тааралдсан шувуудыг тоолоход 74 зүйлийн 14.368 шувуу бодгаль тоологдов. Эдгээрээс Азийн сүвээцагаан энэ жил хамгийн олон байсан ба нийт 5516 бодгаль тоологджээ. Уг нуурын орчимд нүүдлийн үедээ дамжин өнгөрдөг, эсвэл үрждэг олон улсын болон бүс нутгийн ач холбогдолтой шувуудаас дурдвал Азийн цууцаль, цэн тогоруу, хошуу галуу, цагаан хэвэлт хөмрөг, нөмрөг тас зэрэг олон шувуу байжээ.
Ингээд Цэнгийн цагаан нуурын эрэг орчмын шувуудын амьдралын хэв шинж, орчны талаар фото сурвалжлагыг толилуулъя.
Эргийн шувуу гэдэг нь ус, намгархаг газрын эргээр, эсвэл эрэг орчмын гүехэн устай хэсгээр ихэвчлэн идээшлэх, амрах, унтах зэрэг амьдралын үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэ бүлэг шувуунд хиазат, тутгалжин, элсэг, хөгчүү, хөгчүүхэй, сэлээхэй, ноололдой, хараалж, хомноот, ухаа хөгт, шарандан, сүвээцагаан, хайргач, цууцал, хилэнжигүүрт, ээтэн, зуунхурга, хавтгайлж зэрэг нэр төрөл багтдаг аж.
Эргийн шувууд нэг иймэрхүү аж төрж байна | ||
Үзсэн: 2147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.