Шууд Chart

Хөдөө аж ахуйн салбарын зургаан чиглэлд хөтөлбөр хэрэгжинэ

2014-11-12 17:24:12

Өнөөдөр ҮХААЯ-аас Хятадын ХААЯ болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн "Хүнсний баталгаат байдал", "Монгол мал" үндэсний хөтөлбөрүүдийн Өмнөд-Өрнөдийн хамтын ажиллагааны хоёр дахь үе шатны төслийн семинар эхэлж байна. Өмнөд-Өрнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага хоорондын гурван талт хэлэлцээрт талууд өнгөрөгч гуравдугаар сард гарын үсэг зуран баталсан юм. Ийнхүү гарын үсэг зурснаар төслийн хоёр дахь шатыг талууд хамтран хэрэгжүүлэхээр болж байна.

Төслийн нээлтэд Үйлдвэр-Хөдөө Аж ахуйн яамны сайд Ш.Түвдэндорж, Хятадын ҮХААЯ-ны Газрын дарга, Төслийн удирдах хорооны дарга Л.Жой-Иш, НҮБ-ийн Хүнс-Хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч Шэйх Ахадизма, Төслийн багийн ахлагч малын тэжээлийн эксперт Ч.Хай-Сан болон БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид, манай улсын хөдөө аж ахуйн салбарын хувийн компани, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. 

Үдээс өмнө Өмнөд-Өрнөдийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсын ҮХААЯ-аас  хэрэгжүүлсэн "Монгол мал", "Хүнсний баталгаат байдал"  хөтөлбөрийн талаар болон одоо хэрэгжиж эхлэх ӨӨХА-ны хоёр дахь шатны хөтөлбөрийн зорилт, шаардлага, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж салбар яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга, Төслийн үндэсний зохицуулагч О.Баярсайхан илтгэл тавьсан юм. Үргэлжлүүлэн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ӨӨХА-ны зарчим, төслийн цикл, хэрэгжүүлэх арга зам, төслийн тайлагналт, сурталчилгаа, хөтөлбөрийн үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөөг танилцуулж Төслийн Үндэсний менежер Г.Гантулга  илтгэл тавьсан. Үүгээр хоёр дахь шатны хөтөлбөрийн үдээс өмнөх арга хэмжээ дууссан юм. Харин үдээс хойш талууд гол гол баримт бичгүүд дээрээ хэлэлцүүлэг хийх юм.

Одоо хэрэгжиж эхлэх хоёр дахь шатны төсөл 2014 оны арваннэгдүгээр сараас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл хэрэгжих бөгөөд "Хүнсний баталгаат байдал", "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний баталгаат байдлыг сайжруулах зорилготой аж. Төслийн хүрээнд БНХАУ болон ӨМӨЗО-оос дөрвөн эксперт, таван мэргэжилтэн хоёр жилийн хугацаанд эрчимжсэн мал аж ахуй, малын тэжээл, хүнсний ногоо, зөгий, загас, тахианы аж ахуйн чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэхээр хүрэлцэн ирээд байна. 

Өмнөд-Өрнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг НҮБ-ын Хүнс-Хөдөө аж ахуйн байгууллагадаа хэрэгжүүлдэг бөгөөд дэлхийн хүн амыг өлсгөлөнгөөс ангижруулах, улс орнуудын хүнсний баталгаат байдал, ядуурлыг бууруулах байгалийн нөөцийн тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн гарцыг харилцан туршлага солилцох явцад олж нээх, түүнд хүчтэй дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр 1996 оноос хойш Ази, Африк, Номхон далайн, Латин Амеркийн, болон Ойрхи Дорнодод 1800 орчим эксперт, мэргэжилтнүүдийг ажиллуулсан байна. Харин БНХАУ Өмнөд-Өрнөдийн хамтын ажиллагаанд 1996 оноос дэмжлэг үзүүлж  эхэлсэн бол манай улс 2010 оноос эхлэн нэгдүгээр шатны хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм. 

 

 

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хөдөө аж ахуйн салбарын зургаан чиглэлд хөтөлбөр хэрэгжинэ  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй