Шууд Chart

2014 оны эдийн засгийн онцлох 10 үйл явдал

2014-12-25 15:52:24

1.Сүүлийн 20 жилд аваагүй их ургац хураалаа

  

Энэ онд нийтдээ 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 16.6 цн үр тариа, үүнээс 16.9 цн улаанбуудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал тус тус хураан авлаа гэж ҮХААЯ-наас мэдээллээ. Энэ нь сүүлийн 20 жилд аваагүй их ургац аж. Тодруулбал, нийт хураан авсан үр тариа, улаанбуудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн амжилтыг үзүүлсэн, нэгжээс хураан авсан ургацаар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэн 55 жилийн түүхэнд авч байгаагүй өндөр ургац, ургацаас 14 аймгийн 896 аж ахуйн нэгж, иргэн 340.0 мянган тонн буудайн гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн нь 1991 оны түвшинд хүрч буй ажлын амжилтаас гадна зөөлөн буудайн гурилын дотоодын хэрэгцээг бүрэн хангасан үзүүлэлт юм байна.  
 
2.Мөнгөний бодлого хатуурав
 
 
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.0 хувь болгох шийдвэр гаргалаа. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт буурах хандлага сүүлийн хоёр жилд үргэлжилсэн. Монгол Улсын валютын албан нөөц тавдугаар сарын байдлаар 1.6 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар буурсан. Мөн  гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдах хандлага сүүлийн хоёр жилийн турш үргэлжилсэн, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зардал буурахгүй байгаагаас үүдэлтэйгээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, инфляцийн дарамтыг зөөлрүүлэх, дунд болон урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийг учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээг авч байгаа хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тайлбарласан юм.  
 
3.Сайдгүйгээр төсөв баталлаа
 
 
Түүхэндээ анх удаа Ерөнхий сайдгүй, Сангийн сайдгүйгээр төсвөө баталлаа. УИХ 2015 оны төсвийг хуулийн хугацаанд нь амжиж дөнгөж сая баталлаа. Ирэх онд Монгол Улсын төсөв 7.1 их наяд төгрөгийн орлоготой, 7.5 их наяд төгрөгийн зарлагатай байхаар батлагдав. Ингэснээр 439.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар баталлаа. Анх Засгийн газраас оруулж ирсэн төсвөөс 100 орчим тэрбум төгрөгийн таналт хийж байж дээрх хэмжээнд очжээ. Алдагдлын хэмжээ ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэж байгаа аж. Ирэх оны төсөв ам.долларын ханшийг 1750 төгрөгөөр тооцож баталлаа. Хямралын үеийн төсөв учраас зардлаа танах шаардлагатай гэж УИХ-ын гишүүд үзсэний дүнд бараг түүхэндээ анх удаа төсөвт байгууллагын дэд дарга, зөвлөхүүдийн орон тоог танаж 345 хүнээр цомхотгож байгаа нь энэ удаагийн төсөв батлах үйл явцын онцлог байв. Ингэснээр хоёр тэрбум 900 сая төгрөг хэмнэхээр болов.
 
4.Ам.долларын ханш 1900 хүрэв
 
 
Ам.доллартай харьцах Монголын мөнгөн тэмдэгтийн ханш энэ онд түүхэн доод түвшиндээ хүрлээ. Оны эхэнд 1714.3 байсан ам.долларын төгрөгтэй харьцах ханш наймдугаар сард 1905-д хүрч цойлсон. Ханшид нөлөөлөх хүчин зүйлийн нэг болох гадаад валютын нөөц 1.38 тэрбум ам.доллар болж, оны эхэн үеэс 37.8 хувиар доошлов. Бас гуравдугаар улиралд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс даруй 47.9 хувиар багасч, 216.4 сая ам.долларт хүрсэн юм. Хэдийгээр гадаад худалдааны алдагдал 2010 оноос хойших доод хэмжээндээ хүрсэн ч хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, өрийн дарамтаас үүдсэн валютын хэрэгцээ их буй учраас гадаад валютын цэвэр албан нөөцийг шавхаж байгаа гэхэд болно. Манай улс нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг импортоор авдаг гэсэн албан бус тоо бий. Ам.долларын ханш буурахгүй байгаа нь импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж, хэрэглэгчдэд дарамт учруулсаар ирсэн нь өнгөрсөн жилийн муу мэдээ. Ганц жишээ дурдахад, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн жилүүдэд байгаагүйгээр хямдарсан ч “ногоон”-ы ханшийн өсөлтөөс болоод манайд буураагүй юм.

5.Тавантолгойн хөрөнгө оруулагчид тодорлоо   
 
 
2010 оноос эхлэн Засгийн газрын 265 дугаар тогтоолын хүрээнд Тавантолгойд хөрөнгө оруулагчийг сонгох ажил эхэлсэн. Гэвч тодорхой үр дүнд хүрэлгүй удсан. Энэ шалгаруулалт энэ оны арванхоёрдугаар сард эцэслэн шийдвэрлэгдэв. Тус төслийн хөрөнгө оруулагчаар Хятадын “Чайна Шенхуа Энержи”, Японы “Сумитомо корпораиц” болон Монголын “Энержи Ресурс” компанийн хамтарсан консорциум шалгарсан юм. Засгийн газар болон хөрөнгө оруулагч талууд ирэх оны нэгдүгээр сарын 5-наас хэлэлцээгээ эхлүүлж, илүү нарийн тодорхой асуудлуудаар ойлголцолд хүрэхээр тогтоод байгаа гэнэ. Дашрамд дурдахад, “Таван толгой"-н хөрөнгө оруулагчаар шалгарсан талаар мэдэгдэл гаргаснаас хойш “Mongolian Mining Corporation"-ийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид зургаан хувиар өсчээ.

6.Гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурсан
 
Монголбанкнаас гаргасан мэдээгээр хэдийгээр Монгол Улсын урсгал дансны алдагдал багассан ч гэлээ эдийн засагт хамгийн чухал үзүүлэлт болох гадаадын шууд хөрөнгө оруулалт наймдугаар сарын байдлаар 70 хувиар буурсан үзүүлэлт гарав. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны наймдугаар сартай харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурсан нь улс төрийн тогтворгүй байдал, гадаадын хөрөнгө оруулагчдын үргээх бодлого, хандлагын илэрхийлэл хэмээн Эдийн засагчид онцлож байв. Гадаадын хөрөнгө оруулагчидтай итгэлцлийг бий болгохын тулд Засгийн газар бүхий л арга хэмжээгээ авч ажилласан. Энэ нь “Эзэн 100” хөтөлбөрт багтсан юм. Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ хараахан сайжраагүй. Ирэх оныг угтаж байна.  
 
7.Хүчингүй болгосон 106 лицензийг сэргээх шийдвэр   
 
 
Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 лиценз олгохоор болсон. Энэ оны долоодугаар сарын 1-нд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгох тухай хуульд өөрчлөлт орсноор ийм боломж бүрдсэн юм. Хайгуулын лиценз дахин олгож эхэлснээр гадны хөрөнгө оруулалтыг эргэн татах нэн таатай боломж нээгдэнэ гэж салбарын яам үзсэн. Тус 106 лицензэд хөрөнгө оруулсан компаниудын хохирлыг барагдуулах зорилгоор дээрх зөвшөөрлийг дахин сэргээхээр болжээ. Их хурлын Өргөдөл, гомдлын байнгын хороонд байгаа мэдээллээр 106 лицензийг эзэмшиж байсан 20 гаруй компанид 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаа юм. Энэ хохирлыг хэрхэн барагдуулах нь одоогоор тодорхойгүй, ажлын хэсэг үүн дээр ажиллаж байгаа юм байна. Одоогоор тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгоод буй. Геологи хайгуулын ажлын зардал, бусад зардлыг баримтад үндэслэн баталгаажуулж, босго үнийг нь тогтоосон нийт 18 талбайд сонгон шалгаруулалт зарлаж хуулийн хүрээнд шалгаруулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Босго үнээ баталгаажуулаагүй аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын газрын Ажлын хэсэгт тухайн талбайд зарцуулсан зардлаа тооцон баталгаажуулж босго үнээ тогтоох шаардлагатай байгаа гэнэ.
 
8.Инфляцийг нэг оронтой тоонд барих амлалт
 
 
Монголбанк энэ онд инфляцийг найман хувьд барина гэж амлаж байсан нь саяхан. Гэхдээ тэд чадсангүй. Энэ оны эхний хагаст инфляци улсын хэмжээнд 14.9 хувьтай, Улаанбаатарын хэмжээнд 15.4 хувьтай гарчээ. Энэ үед Мөнгөний бодлогын зөвлөлөөс инфляцийг боломжит түвшинд барих зорилгоор бодлогыг чангаруулсан. Энэ аргыг авч хэрэгжүүлснээр инфляци энэ оны төгсгөлд 12 хувь байх магадлалыг дэвшүүлж байсан юм. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар инфляцийн түвшин 11.5 хувьтай байна. Энэ тоо ирэх оны эхэнд нээх их хөдлөхгүй болов уу.  

9.Нүүрсний үнийн уналт  
 
 
Монголын нүүрсний экспорт өссөн ч түүнээс олох орлого нь буурлаа. Учир нь дэлхийн зах зээлд нүүрсний шалдаа буусан явдал байв. Тухайлбал, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрсний экспорт 822.6 мянган тонноор өсчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч нүүрсний үнэ дараах байдлаар буурчээ. Нүүрсний үнэ 2011 онд энэ нь 155 ам.долларт хүрч байжээ. Гэтэл энэ онд ”Эрдэнэс Тавантолгой” компани уурхайн аман дээрээс нүүрсээ 34-37 ам.доллараар "Чалко” компанид нийлүүлж байна. Энэ нь төрийн өмчит тус компанийг алдагдалд оруулж байсан учраас олборлолтоо түр зогсоогоод байсан юм. Мөн тус компаниас авсан зээлийн эргэн төлөлтийг удаашруулах шалтгаан болсон юм. "Чалко”-д төлөх өр 110 сая ам.доллар хэвээр байгааг Уул, уурхайн сайд Р.Жигжид хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн юм.
 
10.Хятадын ардын банктай юанийн хэлцлийг нэмэгдүүлэв
 
 
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиаочуан нар Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх шинэ гэрээнд наймдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа. 2011 онд байгуулсан 10 тэрбум юанийн дүнтэй “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ” хүчингүй болсон бөгөөд шинэ гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
 
Тус хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилготой юм. БНХАУ бол Монгол Улсын худалдааны гол түнш орон бөгөөд юань нь хоёр орны хоорондын хил худалдааны төлбөр тооцоонд идэвхтэй арилжаалагддаг хоёр дахь валют юм. Дашрамд дурдахад, Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны нийгэмлэгийн судалгаагаар БНХАУ-ын юань нь   дэлхийн идэвхтэй арилжаалагддаг валютуудын долоодугаарт эрэмбэлэгдсэн худалдааны санхүүжилтэд ашиглагддаг хоёр дахь идэвхтэй  валютаар шалгарсан байдаг юм. 
Нийтэлсэн: Д.Мягмардорж

2014 оны эдийн засгийн онцлох 10 үйл явдал  
Үзсэн: 3369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй