Монгол Улсын “Эдийн засгийн чуулган” Төрийн ордонд үргэлжилсээр байна. Үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр явагдсан. Тус нэгдсэн хуралдааныг Эдийн засагч Д.Жаргалсайхан хөтлөн явуулсан бөгөөд зочдоор Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж, нийтлэлч Б.Батбаяр, судлаач Др Г.Рагчаасүрэн, Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тае Хьюн нар оролцсон юм.
Нэгдсэн хуралдааны дараа чуулган салбар хуралдаануудаар үргэлжилсэн. “Институцийн засаглал ба хамтын ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг нийгмийн хөгжил”, “Мэдээллийн ёс зүй” зэрэг салбар хуралдаан болж өндөрлөлөө.
"Институцийн засаглал ба хамтын ажиллагаа” сэдвийн дор явагдсан салбар хуралдаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эдийн засагч Д.Жаргалсайхан нарын төлөөлөл оролцож манай улсад нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байдал үүсэх гол нөхцөл нь үндсэн суурь асуудал болсон засаглалд байдаг гэсэн саналыг хэлцгээж байсан юм. Тодруулбал, Засгийн газар тогтворгүй ажиллах нь эргээд эдийн засгийн болоод бүхий л асуудалд сөргөөр нөлөөлдөг тул нэн тэргүүнд Засгийн газрын тогтвортой бүтцийн тухай хууль батлаж Засгийн газар солигдсон ч институци нь тогтвортой ажиллаж байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн юм.
Энэ талаар хуралдаанд оролцогчдын байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн М.Батчимэг: Хамгийн гол нь Засгийн газар тогтвортой байх хэрэгтэй
-Энэ жилийн форум эдийн засгийн үечлэлийн асуудал ч бай, хүн амын амьжиргааны асуудал ч бай ер нь улс орны хамгийн чухал суурь болсон засаглалын асуудлыг хөндөж нухацтай ярьж байгаагаараа чухал гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл бид эдийн засгаа яаж өөд татах вэ, яаж зам барьж, барилгаа сайхан болгох вэ гэж ярьдаг байснаас биш үнэхээр тулгараад байгаа энэ асуудлууд засаглалд, тогтолцоонд байна гэдгийг бага ярьж ирсэн. Өнөөдөр бүх түвшиндээ засаглалаа сайжруулж байж Монгол Улс цаашаа явна гэсэн дүгнэлтийг хамтарч хийж байгаа нь сайшаалтай. Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталсан, 23 жилийн дараа бид дахин Үндсэн хуулийндаа шаардлагатай зарим нэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрчихээд байна. Өнөөдөр дэлхий дахинд хурдтай хөгжсөн бүх орны туршлага бол Засгийн газар нь тогтвортой ажилладаг, урт хугацааны бодлогын шийдвэрүүд нь тодорхой байдаг, араас нь тэр бодлогыг хэрэгжүүлж байдаг төрийн мэргэшсэн алба ажиллаж байдаг. Ингэж байж хөгжиж чадаж байна. Гэтэл Монгол Улс бол 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жилийн хугацаанд 16 дахь Засгийн газар ажиллаж байна. Ийм богинохон хугацаатай, дээрээс нь Засгийн газар өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчдаа байнга халаа сэлгээ хийж өмнө нь явж байсан бүх бодлогыг өөрчилдөг энэ үед бол Монгол Улс хаашаа ч явахгүй. Тэгэхээр бидний хийж буй дүгнэлт бол бид өнөөдөр мэдээж барилга барих, эдийн засгаа хөгжүүлэх талаар ярих ёстой. Гэхдээ хамгийн чухал суурь асуудал болсон засаглалын тогтолцоог сайжруулах, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, Төрийн албаны хуулиа боловсронгуй болгож батлах, Засгийн газрын тогтвортой бүтцийн тухай хуультай болох ийм гурван зүйлийг хийх хэрэгтэй байна гэсэн тодорхой дүгнэлтэд хүрлээ.
Эдийн засагч Д.Жаргалсайхан: Одоо намууд ил тод болох хэрэгтэй
-Манайд өнөөдөр болохгүй байгаа олон асуудал бий. Тэр дотроос засаглал болохгүй байна гэдгийг өнөөдрийн энэ форумаар ярьж байна. Ингэхдээ засаглал дотроо төр засгийг бүрдүүлж байгаа гол хүчнүүд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал дотроо бас болохгүй байна. Илрэл нь бол УИХ гүйцэтгэх засаглалын эрхийг өөртөө бүрэн авсан байна. Ерөнхий сайд болон бусад бүх сайд нарыг томилно гэдэг үүнийг илэрхийлж байгаа юм. Нэгдүгээрт, үүнийгээ болих хэрэгтэй гэж ярьж байна. Энэ форумд хүмүүс ингээд өөрсдийнхөө санаа бодлыг хэлээд бидний сэтгэлгээний түвшин урагшаа нэг алхаж илүү тодорхой болж байна. Засаглалын институци, төр засгийн эрхийг ганцхан улс төрийн намууд авч явдаг. Тэр улс төрийн намууд өөрсдөө ил тод байх ёстой. Ил тод болгоно гэдгийг Засгийн газрын хэмжээнд ярьсан, одоо намуудын хэмжээнд яръя. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг урагшлуулахад их чухал нөлөөтэй. Энэ талаар ч гэсэн форум дээр нэлээн сайн логик дараалалтай ярилцлаа гэж бодож байна.
Өнөөдрийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат мөн оролцож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат: Уул уурхайн том төслүүдээ яаралтай шийдэх хэрэгтэй
-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд манай улс хамгийн түрүүнд ямар үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх ёстой вэ гэдэгт чуулганд оролцогчид янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Таны бодлоор бид нэн түрүүнд юу хийх хэрэгтэй юм бэ?
-Миний харж буйгаар ойрын том төслүүдээ яаралтай шийдэх хэрэгтэй. Бид хоёр толгой гээд л ярьдаг. Гэтэл энэ хоёр том төсөл чинь хэдэн зуун жижиг үйлдвэрүүдийг төрүүлдэг. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрүүдээ хөгжүүлэх боломж энэ хоёр том төслийг дагаад гараад ирнэ шүү дээ. Том төслүүдээ түргэхэн явуулчих юм бол олон жижиг төслүүд хойноос гарч ирээд нөгөө ажлын байр, орлого зэрэг сайжирна шүү дээ. Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй.
-Эдийн засгийн орчин савлагаатай байна. Дээр нь ирэх жилээс эхлээд манай улс томоохон өрүүдээ төлөх нөхцөл байдал үүссэн талаар бас ярьж байна л даа?
-Өр бол тодорхой хугацаанд төлөгдөнө. Уг нь өр төлдөг эдийн засгийн хамгийн сонгодог арга бол хуримтлал үүсгээд түүнээсээ төлөх хэрэгтэй. Гэтэл манайхан хуримтлал үүсгэж амждаггүй өр төлөх хугацаа болчихдог. Тэгэхээр л нөгөө урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж зээл авч өрөө төлдөг. Одоо энэ тулсан асуудлаа үүгээрээ л шийдэх байх. Ер нь цаашдаа бол хуримтлал бий болгох хэрэгтэй.
Бас нэг асуудал бол уг нь улсын төсвийг нэг л газар зарцуулдаг ёстой. Гэтэл одоо манайд УИХ-ын 76 гишүүн төсөв захиран зарцуулж байна. Засгийн газрын гишүүн болгон төсөв зарцуулж байна. Цаана нь 20 гаруй сан нэртэй төсөв зарцуулагч байна. Ингээд нөгөө хүрч ядаж байгаа улсын жаахан төсөв чинь талаар нэг цацагдаад аль нь үр ашигтай байгаа, аль нь үрэн таран болоод дуусч байгаа юм гэдэг хяналтгүй болчихож байгаа юм. Энэ бол буруу, улсын төсвийг Сангийн яам л хариуцах ёстой. Тэгэхээр байгаа юмаа зөв зарцуулж байж асуудал шийдэгдэнэ. Тэгвэл хөрөнгө оруулалт хэрэггүй, журамлачих л хэрэгтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Засгийн газарт хөрөнгө оруулалтаа нэмэх шаардлага бий
-Энэ жилийн "Эдийн засгийн чуулган"-ы онцлогийг та хэрхэн харж байна вэ?
-Энд заавал онцлогийг дурдаад хэрэггүй байх. Би энэ эдийн засгийн чуулганд олон жил оролцож байна. Сүүлийн гурван жил төв банкаа төлөөлж оролцож байгаа. Манай газар хэлстийн дарга нар ч бүгд оролцож байгаа. Бидний хувьд эдийн засагчид, хөрөнгө оруулагчид бодлого шийдвэр гаргагчдыг цуглуулдаг, хоорондоо санаа зовж байгаа зүйлээ ярилцдаг, тайлбараа өгөлцдөг, мэдээж эндээс дараагийн бодлогын шийдвэрүүддээ ямар мессеж мэдээлэл, ямар бодол санаа авах уу гэдэгт их чухал байдаг. Тийм учраас бид бол энэ чуулганд идэвхтэй оролцож хүмүүсийн санаа оноог сонсох дуртай.
-Ерөнхий сайд нээлтийн үеэр энэ чуулганы үр дүнд хөрөнгө оруулагчдыг ихээхэн татсан шийдвэрүүд гарах болов уу гэж хүлээж байгаагаа дуулгасан?
-Мэдээж Засгийн газрын хувьд гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа. Бид ч гэсэн энэ асуудалд эерэг үр дүнд хүрэх болов уу гэсэн хүлээлт байна.
Яг одоо "Монголын эдийн засгийн форум" салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Засгийн газарт хөрөнгө оруулалтаа нэмэх шаардлага бий | ||
Үзсэн: 2558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.