Шууд Chart

Л.Баатар: Мэргэшсэн судлаачидгүй болохоор Монгол Улс эдийн засгийн хямралаа тооцож чаддаггүй

2015-04-03 15:15:16

"Монголын эдийн засгийн чуулган-2015" Төрийн ордонд “Өрсөлдөх чадвар, орон нутгийн хөгжил” сэдвийн дагуу салбар хуралдаанаар үргэлжилж байна. Хуралдаанаар манай улсын өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд орон нутгийн хөгжил хэрхэн хамааралтай байдаг талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь болон Азийн сангийн суурин төлөөлөгч, ЭЗХАХБ-ын Евроази өрсөлдөх чадвар хөтөлбөрийн төслийн менежер оролцож ярилцсан юм.

Түүнчлэн хуралдаанд оролцогч Монгол-Өвөрмонголын бизнесийн Ерөнхий холбооны тэргүүн Л.Баатар манай улсад мэргэжлийн судалгаа, судалгааны баг байдаггүй учраас эдийн засгийн хямралаа түрүүлж тооцож, ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна хэмээсэн юм. Тэрбээр төрөөс шууд санхүүждэг судалгааны байгууллагуудын ачаар уул уурхай болон бусад салбарын хямралыг ирэх хэдэн жилээр ч тооцох боломжтой байдаг учир Монгол Улс мэргэжлийн, хараат бус судлаачдыг ихээхэн дэмжих хэрэгтэй гэлээ.
 
Монгол-Өвөрмонголын бизнесийн Ерөнхий холбооны тэргүүн Л.Баатар:
 
-Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой гэж та бодож байна вэ?
-Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд олон шалтгаан байдаг. Үүн дотроосоо бид эхлээд судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Асуудал нь хаанаа байна, зах зээл хаана байна, зах зээлийн хэлбэлзэл ямар байгааг эхлээд судлах хэрэгтэй. Эхлээд энэ жилийн байдал, тэгээд тав, арав, хорин жилийн дараах байдлыг судлахгүйгээр шууд цээжээр бодоод шийдчихээр дараа нь янз бүрийн асуудлууд их гардаг. Миний бодлоор өнөөдөр Монголын эдийн засаг ингэж хоцорч тааруу яваа нь судалгааны ажил хоцорсонтой холбоотой. Жишээ нь, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний гол зах зээл бол Хятад. Тэгвэл Хятадын зах зээл, хөгжлийн бодлогыг судлах хэрэгтэй. Монголд өнөөдөр хөгжлийн шинэ гарц гаргая гэж ярьж байна. Би заримдаа Монголын эдийн засагч, улс төрчидтэй харьцдаг. Тэгэхэд нэгдсэн бодлогоор судалгаа хийдэг зүйл огт байхгүй гэдэг нь харагддаг. Харин хувиараа, аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө хийж явдаг. Энэ бол буруу.
Би нэг жишээ хэлье. 2012 онд намайг  Өвөрмонголд байхад Монголоос нүүрс ачиж гаргадаг манай холбооны гишүүд энд байдал хүнд болж байна гэж намайг дуудсан юм. Тэгэхээр нь би хүрч ирээд аж ахуйн нэгж компаниудтайгаа уулзсан чинь ер нь муудаж байна, нүүрс эрс багасах хандлагатай болчихлоо, хүнд байдалд орж байна гэж хэлсэн. Үнэхээр ч тийм үе эхэлж байсан, цаашид ч хүндрэл үүсэх нь ойлгомжтой байсан юм. Гэтэл Монголд телевизээр экспортын нүүрс дээр татвар тавих хуулийн төсөл ярьж байсан. Тэгэхэд их санаа зовсон. Энэ салбар нь ийм хүнд байдал орж эхэлж айхад төр засаг огт мэдэхгүй, буруу шийдвэр гаргах гэж байсан. Яагаад гэвэл судалгаа хийж байгаа хүн байхгүй болохоор мэдэхгүй байх нь аргагүй. Тэгэхээр судалгаа сайн хийж байж, шинжлэх ухаанч аргаар олон улсын жишигт нийцүүлж гадаадын судлаач нартай хамтарч ажиллах хэрэгтэй. Ингэж хамтарч ажиллах нь Монголд хэрэгтэй.
 
-Танайд энэ төрлийн судалгаа хийдэг төв, хүрээлэн байдаг уу?
-Их олон байдаг. Хүрээлэн, тусгайлан салбаруудад зориулсан судалгааны багууд байдаг. Манайх шиг ийм эдийн засгийн холбоонууд бас өөрсдийн хэмжээнд судалгаа хийдэг.
 
-Тэр судалгааны байгууллагууддаа төр засгаас санхүүжүүлж ямар нэг дэмжлэг үзүүлэх үү?
-Санхүүжүүлдэг. Төрөөс санхүүжүүлэхгүй бол эрдэм шинжилгээний байгууллагууд юугаар ажиллах билээ. Тэд чинь ямар нэг бизнес эрхэлдэггүй учраас өөрсдийгөө санхүүжүүлэх боломжгүй. Нөгөө талаасаа тэр судалгааны байгууллагууд төрөөс санхүүжиж байж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үнэн зөв мэдээллийг өгөх боломжтой. 2012 онд намайг Монголд ирсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эдийн засгийн байдал сайн байна гэж ярьж байсан. Тэд мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ. Тэд чинь өмнөх саруудаас харж байж хэлдэг. Харин судлаачид бол урьдчилж мэдэх ёстой. 10 жилийн дараа юу болохыг ч мэдэж байх ёстой. Ингэж хийж байж л зөв замдаа орно.
 
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь өөрийн аймгийн туршлагаас ярьж, тогтвортой бүтэцтэй ажилласнаар эдийн засгийн өсөлт ч мөн тогтвортой сайн байдаг гэдгийг хэллээ.
 
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:
 
-Эдийн засгийн чуулганаас гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Монголын эдийн засгийн форум хоёр өдөр явагдлаа. Улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад дотоод байдал, орон нутгийн өрсөлдөх чадвар гээд олон тал дээр ярилцаж байна. Би бол энэ форумыг оношоо тогтоож чадаж байна гэж бодож байна. Өнөөдөр бодит байдал ийм байна, үүнээс яаж гарах вэ гэдгийг ярилцаж байна. Бидэнд аль улс оронтой ч төстэй яваагаа мэддэггүй үе байсан шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд ойролцоо 15 оронтойгоо жишээд дээшилж байна уу, доошилж байна уу гэдгээ хэмжээд байна. Нөгөө талаас орон нутагт амьдрал ямар байна вэ гэдэг бодит нөхцөлийг хэмжиж өгч байна. Энэ 180 орчим үзүүлэлтээр гарч ирж байгаа болохоор нэлээн бодитой. Судалгааг бол мэргэшсэн судалгааны байгууллагууд юм уу эсвэл гадны хараат бус байгууллагууд хийж байж зөв гарна уу гэхээс хүмүүс өөртөө таалагдсан үр дүнг гаргах гээд байдаг юм.
Манай аймаг засаглалаараа улсын хэмжээнд тэргүүлдэг. Монгол орны хэмжээнд хамгийн болохгүй байгаа зүйл бол засаглалын асуудал. Жишээ нь, Сүхбаатар аймагт миний баг бүрэлдэхүүн сүүлийн найман жил тогтвортой ажиллаж байгаа. Гэтэл Засгийн газар сүүлийн 25 жилд 14 удаа солигдсон байна. Энэ бүхэн эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлж байдаг.
 
-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн суурь асуудлыг шийдэх ёстой гэж ярьж байсан. Үүний тоонд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудал бас орох байх?
-Итгэлцэл гэдэг бол маш чухал. Гэхдээ итгэлцэл гаднаа гэхээс илүү дотроо байх ёстой. Миний анх ажил яриад явж байсан яам гэхэд хоёр, гурав солигдчихсон байна. Тэгэхээр энэ чинь өөрөө итгэлгүй байна гэсэн үг шүү дээ. Харин бүтэц нь тогтвортой ажиллах юм бол би өөрөө итгэлтэй болно. Би итгэлтэй байх юм бол хүмүүс надад итгээд хөрөнгө оруулна. Тийм болохоор энэ форумын ач холбогдлыг би итгэлийг төрүүлж чадах оношоо олох ийм боломж олдсон гэж бодож байна.
 
Эдийн засгийн чуулган салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Л.Баатар: Мэргэшсэн судлаачидгүй болохоор Монгол Улс эдийн засгийн хямралаа тооцож чаддаггүй   
Үзсэн: 2028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй