Шууд Chart

Засгийн газрыг хангалтгүй ажилласан гэж дүгнэв

2015-04-13 12:17:30

УИХ-аар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж буй. Бие даагч гишүүд өнгөрөгч 2014 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлт товчхондоо хангалтгүй байсан гэдгийг өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Тодруулбал, Ц.Даваасүрэн гишүүн 2014 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэхдээ ард иргэдэд өгсөн популист шинжтэй амлалтуудыг хэрхэн биелснийг харах хэрэгтэй гэсэн бол Х.Болорчулуун гишүүн зөвхөн Шинэчлэлийн Засгийн газрын тавьсан замууд нэгхэн жилийн дотор эвдэрсэн байгаагаар 2014 оны үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байсан гэдгийг хэлж болно гэсэн юм.

Энэ долоо хоногт Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Энэ талаар бие даагч гишүүд өнгөрсөн 25 жилд төрийн оролцоог багасгах нэрийдлээр төрийг ямар ч өмчгүй, зохицуулалтгүй болгосон гэж үзэж байгаа аж. Тиймээс Төрийн өмчийн хороо өмнөх хувьчлалын гэрээнүүдийг эхлээд дүгнэх хэрэгтэй гэлээ. Түүнчлэн төрийн өмчид менежмент хийж байгаа хүмүүс алдаа дутагдалтай ажиллаж байхад тэдэнтэй хариуцлага тооцох механизм огт байхгүй байна гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн. Бие даагч гишүүд  боловсролын болон эрүүл мэндийн салбарын хувьчлалыг дэмжихгүй байгаа аж. Учир нь ард иргэдэд хамгийн ихээр хэрэгтэй эмнэлэг, сургуулиуд цөөхөн хэдэн хүний гар дээр очих ёсгүй гэж үэзж байгаа ажээ.
 
Үүнээс гадна тэд энэ долоо хоногт хэлэлцэх Казиногийн тухай хуулийг аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг нь бодож дэмжиж байгаа бөгөөд үүнийг манай улсын орлого нэмэгдүүлэх бас нэг хувилбар гэж харж байгаа аж. Түүнчлэн Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаа юм байна. Уг хуульд 15-60 насны нийгмийн даатгалд хамрагдаж амжаагүй хүмүүс даатгалыг нөхөн төлөх боломжтой болж байгаа юм.
 
Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа гэлээ. Түүнчлэн Төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулж уул уурхайн салбараас орон нутагт оруулах хөрөнгийн хэмжээг нэмэх нь нэг талдаа зөв мэт харагдаж буй боловч нөгөө талаасаа орон нутгийн иргэдэд байгалийн баялгаа зарж идэхээс өөр арга байхгүй гэсэн ойлголт төрүүлэх учраас дэмжихгүй байгаа гэдгээ хэллээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
 
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өр нэмэх заалтыг оруулж ирсэн гэлээ. Үүнийгээ төсвийн тэнцэлд оруулах уу?
- Төсвийн тэнцэлд оруулж тооцохгүй гэж байгаа. Тэгэхээр дамжуулан зээлдэж байгаа гадаад зээлүүдийг тооцохгүй гэсэн үг. Дамжуулан зээлэх зээлээ тооцохгүй болохоор тэр хэмжээгээр өр зээлээ нэмэх бололцоо бүрдэж байгаа.
 
- Тавантолгойн төслийн асуудлаар бие даагчид ямар байр суурьтай байгаа вэ?
 - Бид Тавантолгойн төслийг хөдөлсөн гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн жил 5.8 сая тонн нүүрс экспортолсон байгаа. 300 гаруй сая доллар олсон байгаа. Өмнөх популист амлалтаас болж тавьсан өрийг нь дээрх мөнгөөр төлсөн болохоос биш аль хэзээний хөдөлсөн. Хэрвээ Тавантолгойн орлогыг  хүний хөгжил сангийн 20.000 төгрөг болгож өгөөгүй бол хэдэн зуун тэрбум төгрөгийн ашигтай ажиллах байсан байгаа юм. Тэгэхээр ийм бялуугаа ашигтай болоод ирэхээр нь нугасалж болохгүй. Ер нь гадаад улс орнуудын өндийдөг цөөн хэдэн баялаг байдаг. Алмааз, нефть бүтээгдэхүүн, алт, зэс нүүрсний орд. Бид нефтиэ алдсан уу алдсан. Зэс, алтаа мөн алдсан. Одоо нүүрсээ алдвал өндийх зүйлгүй болно. Тавантолгойн төсөл харилцан үр ашигтай байх ёстой. Одоогийнх нь байдал болж байна. Зөвхөн одоо байгаа хүндрэлүүдээ шийдэх ёстой. Хоёр төслийг хөдөлгөж байна гээд гадныхны гарт аваачиж өгч болохгүй. Оюутолгойг гадны 14 банкны барьцаанд өгөх гээд байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ярьж байхад 5.5 тэрбумд бүгд багтана гэж байсан. Гэтэл одоо багтахгүй болчихсон. Дахиад бидний 34 хувийн өр зээлийг нэмэх гээд явж байна. Ийм том гэрээг сайн ярьж хийх хэрэгтэй. Муу гэрээний үр ашиг муу л гардаг. Тавантолгойн Чалькотой хийсэн гэрээнд манай улс нүүрсээ их хямдхан өгөхөөр тусгасан. Гэтэл Австрали улс нүүрсээ 110 доллараар өгч байна. Манайх бол 40 доллараар өгдөг. Өнгөрсөн долоо хоног Автраличууд мэдэгдэл хийж “Монгол Улс нүүрсээ Хятад руу хямдхан гаргаж байгаа нь бидний шүдний өвчин болоод байна” гэсэн байна. Тэгэхээр баялгаа ийм хямдхан өгөөд байж болохгүй юм.
 
-Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ хариуцлага тооцох асуудлыг хөндөх боломжтой юу. Манайх ёс төдий хэлэлцээд л өнгөрч байна. Уг нь ажлаа муу хийсэн төсвийн гүйцэтгэгч нарт хариуцлага тооцдог болмоор байна.
 - Төсвийн тогтвортой хуульд хариуцлага тооцохыг заагаад өгсөн байдаг. Одоо хэлэлцэж байгаа нь төсвийн үндсэн чиглэл. Чиглэлийг ч хэлэлцэхдээ хариуцлагын асуудлыг мөн ярьдаг л баймаар байгаа юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газрыг хангалтгүй ажилласан гэж дүгнэв  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй