Шууд Chart

Үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж байна

2015-04-14 12:38:07

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран  зохион байгуулж буй "Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган" Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл болсон 350 орчим үйлдвэрлэгч, тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 200 орчим хүн санал бодлоо солилцохоор цуглараад байгаа юм.  

 
Чуулганы үеэр хөдөө орон нутгаас ирсэн үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж байгаа юм. Энэ үеэр зарим үйлдвэрлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
 
 Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэн Б.Ганчимэг:
 
-Танайх хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна вэ?
Манай компани Булган аймгийн Сэлэнгэ суманд 40-өөд жилийн өмнөөс тариалж ирсэн уламжлалт хар тариаг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Хар тарианы стандарт нэршлийг нь бог тариа гэдэг юм. Үүнийг боловсруулах ажил бүгд гар аргаар явагддаг. Эхлээд будаагаа угаагаад усанд чанаад дараа нь ширмэн тогоонд хуурч хатаадаг. Хатсаных нь дараа модон ууранд нүдэж хальснаас нь салгадаг. Тэгээл шигшиж цэвэрлсэн будаагаа савлаад бэлэн болгодог.
 
Манай компани анх 2007 онд бүл болж байгаад 2009 оноос компани болсон. Одоогоор болсон будаа, түүхийгээр нь хийсэн дэр, хивэг гээд гурав дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Борлуулалтаа Булган, Эрдэнэт аймгуудаар хийдэг. Заримыг нь хүргэж өгнө, зарим хэрэглэгчид маань хол гэлтгүй өөрсдөө ирээд авчихдаг.
Компанидаа нийт таван хүн ажиллалуулдаг. Нэг ажилчны цалин 300-600 мянган төгрөг байдаг. Ер нь хийснээрээ авдаг.
 
-Ямар нэг төсөл, зээлд хамрагдсан уу. Ер нь орон нутагт бизнес эрхлэгчдэд тулгардаг бэрхшээл юу вэ?
-2010 онд аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдсан. Зээлд хамрагдаад сав баглаа боодлоос эхлээд л бүх зүйлээ хийгээд одоо брэнд бүтээгдэхүүн болгочихоод байж байна даа. Бизнес эрхлэгчдэд мэдээж хүндрэл их байдаг. Гэхдээ тэр болгоныг хүндрэл бэрхшээл гэж харвал үр дүнд хүрэхгүй шүү дээ. Төрөөс санхүү, шинэ технологийн тал дээр илүү анхаарч дэмжих хэрэгтэй байх гэж бодож байна.
 
 
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын иргэн Н.Эрдэнэбилэг:
 
-Хоршооныхоо талаар танилцуулаач?
-Манайх “Хутагтын говийн тэмээчин” гэдэг нэртэй хоршоо. -Би 2006 оноос энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2014 оноос хоршоо болсон юм. 2014 оноос хойш 12 гишүүн сүүн сүүн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр хоршооолын хэлбэрт шилжээд ажиллаж байгаа. Нийт таван ажилчинтай одоо анхныхаа цехийн үйл ажиллагаа руу шилжээд ажиллаж байна. Хоормог, аарц, хурууд, өрөм, шар тос гээд сүүнээс гардаг уламжлалт бүтээгдэхүүнийг гаргаж байна. Өнөөдрийн байдлаар бол гурван төрлийн бүтээгдэхүүнийг зургаан төрлийн савалгаанд хийсэн байгаа. Цаашдаа нийт найман төрлийн эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой байна.
 
-Борлуулалтаа яаж хийж байна вэ?
-Ингэний сүү гарч бага учраас бүтээгдэхүүнээ одоогоор орон нутагтаа мөн Дархан, Эрдэнэт аймгуудад нийлүүлдэг. Мөн захиалгаар бол бүтээгдэхүүнээ хүргүүлчихдэг. Хүмүүс эмчилгээний журмаар их захиалдаг юм. Хоршоо байгуулсны давуу тал гавал малчид бүтээгдэхүүнээ 10, 10 ингэтэй тэгээд нэг нэг уулын жалганд байхаар ийм бүтээгдэхүүн гаргах боломжгүй. Харин нэгдсэнээр зах зээлд өөрсдийгөө таниулах боломж илүү нээгдэж байна гэсэн үг.
 
-Аймгаас ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмждэг вэ?
-Сайхандулаан сумын Сум хөгжлийн сангаас бага хэмжээний зээл авсан. Дорноговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт, аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөнд суулгасан учраас тог цахилгаан, худгийн асуудлыг орон нутгийн хөрөнгөөр шийдэж өгсөн.
-Төр Төсөл хөтөлбөрүүдийг юм хийж байгаа хүнд өгмөөр байна. Ажил эрхлээгүй мөртлөө цаасан дэр сайхан худлаа биччихсэн хүнд өгөөд тэр нь аваад алга болчихоод байх юм. Яг ажил хийж эхлээд эхнийхээ бүтээгдэхүүнийн гаргасан хүнд жишээ нь жаахан илүү зээл өгөх хэрэгтэй байгаа юм.  Анхан шатны зэх зээл, тоног төхөөрөмжтой болчихсон хүмүүс чинь илүү хөгжинө шүү дээ.
 
 
Хэнтий аймгийн Батноров сумын иргэн Ц.Бямбасүх:
 
-Би гэртээ ганцаараа л дарханы ажлаа хийдэг. Ямар нэг төсөл хөтөлбөр, зээлд хамрагдаж байгаагүй. Эмээлээс гадна хазаар, ташуур, эрэгтэй эмэгтэй бүс гээд олон төрлийн зүйл хийж байна. Манай эмээл бол Батноровын Тожил дархан хийц.
 
-Бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг яаж хийдэг вэ. Хэр хугацаа шаардаж байна?
Нэг эмээлийг нилээн шахуу хийлээ гэхэд сарын хугацаа шаардана. Бүтээгдэхүүнээ захиалгаар хийдэг. Бас Дорнод, Сүхбаатар аймгууд руу явж борлуулдаг.
 
-Бизнесээ өргөжүүлэх боломж ер нь хэр байна?
Дарханы ажил бол бас арай өөр л дөө. Тэгэхээр шууд зээл аваад өргөжүүлэх боломж байдаггүй юм. Яагаад гэхээр дархан хийхийн тулд эхлээд шавиар орж байж дараа нь хийж эхэлнэ шүү дээ. Хугацаа их ордог.
 
 
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Д.Содномзамбуу:
 
-Та хэзээнээс ЖДҮ эрхэлсэн бэ? 
-Би 1991 оноос хойш энэ монгол гутал хийж байна. Одоо гэртээ нэг жижиг ажлын байртай, тэндээ эхнэр хүүхдүүдтэйгээ хамтарч хийдэг. Гуталнаас гадна гөлөм, бүс хийдэг. Борлуулалтаа 18 аймгаар л хийчихдэг. Бас онлайнаар захиалга аваад хийдэг. Сардаа 14-15 гутал хийнэ. Дан гар ажиллагаа учраас хугацаа орно л доо. Нэг гутал 300 мянгаас 10 сая хүртэл төгрөгний үнэтэй байдаг.
 
-Та бизнестээ зээл урамшуулал авч байсан уу?
-Таван жилийн өмнө анх жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээл олгож эхлэж байхад нэг зээл авч байсан. Дахиж ерөөсөө зээл аваагүй. Надад бол үйлдвэрлэлээ өргөжүүлэх санаа их байдаг. Ер нь ЖДҮ-ийг хөгжүүлэхэд борлуултан дээр нь илүү анхаарах ёстой байх. Мөн хөнгөлөлттэй зээлүүдээр бизнесээ өргөжүүлэх боломж их байдаг шүү дээ.
 
 
 
Ховд аймгийн Чандмань сумын иргэн Д.Ганцэцэг:
 
-Би анх 2000 онд хувиараа эсгийгээр бүтээгдэхүүн хийж байгаад 2010 оноос Бизнес Инкубатор төвд орж хийж байна. Манайх эсгийгээр тоглоом, гудас ширдэг гээд төрөл бүрийн зүйл хийдэг. Бүтээгдэхүүнээ орон нутагтаа л борлуулдаг, захиалгаар хийнэ. Гадаадын жуулчид бас их авдаг юм. Гар ажиллагаатай учраас хийхэд бас хүндрэлтэй. Гэхдээ 3-4 хоногт нэг том ширдэг гаргачихдаг.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж байна  
Үзсэн: 2309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй