Шууд Chart

"Алтан төл"-ийн эзэн

2016-02-08 10:20:10

/Хөрөг/

Цаг хугацааны хүлэг морьцахилсаар хонь жил юуюугүй шувтарч, бичин жил хаяа дэрлэжээ. Өнөөдөр энэ оны бөгөөд энэ өвлийн төгсгөл өдөр. Эх орны хүйс нутгаар яваад ирлээ дээ. Угтаа Өвөрхангай аймгийн сант сумаас энэ жил тодорсон “Алтан хурга”-ны эзэн Нарангийн хотыг зорьсон юм. Харин эднийх саяны их хүйтний өмнө отор хийж, зэргэлдээх Баянгол сумруу нүүжээ. Энэ сургаар далан давхар бууцтай Дагналтайн дэрс гэх газар руу давхилаа.

Оройн нар шагайхтай хамт, нам нам дуугарсан, ногоон дээлтэй хүнтэй уулзсан нь өнөөх “Алтан хурга”-ны эзэн Наран маань байлаа. 

Наран гэж дуу цөөтэй, дотогшоо яриатай, малынхаа бэлчээрт “амьдралтай” хүн. Удам дамжсан малчны хүү. Аав, ээж нь тэртээ 1989 онд “Монгол Улсын аварга малчин” болж байжээ. 

Түүний нутаглаж байгаа далан бууцтай “Дагналтайн дэрс” гэж их учиртай газараа. Газрын зураг дээр Монгол Улсын хэмжээнд хамгийн том талбайг эзлэх, энэ их дэрсийг хэдэн мянган мал ч ганц өвөл идээд, идээд барахгүй. Энэ нутгийг олж буусан нь бас малчин хүний ухаан. Зөв нүүдэл суудал юм.  Малд идээтэй, хүн зонд нөмөртэй, цасыг нь малтаад үзвэл таана босоо хэвээр байх энэ нутгийн сайхныг ээ.

Ийм л нутагт бие амар, сүрэг тарган өвөлжихөөс яахав. Нэг гэм нь Нарангийнх сүүлийн хэдэн жил бүл цөөджээ. Хоёр охин нь их, дээд сургуулийн оюутан. Харин малч удмаа өвлүүлэх гэж Өлзийт сумаас нэг хүү дэргэдээ авсан юм байна.

Ер нь Өвөрхангайнхан энэ жил говь талруугаа отор нүүдэл хийж байгаатай таарлаа. Хангайн говьчууд гэвэл “Даганалтайн дэрс”-нд өвөлжиж байгаа хонь жилийн “Алтан хурга”-ны эзэн Наран тэргүүтэй малчид эн тэргүүнд орно. Энэ хавийнхан гадаа хөл дээр тогтохын аргагүй тачигнаж байлаа ч аарцтай шөлөө аягалаад тунчиг тухтай өвөлжиж байна. Айл бүр өвс тэжээл багширтал хураажээ. Харин бичин жил бүр зуд болох албагүй. Байгаль цаг уурын шалгуурыг даван туулж, малаа мэнд оруулах нь малчин хүний ур ухаан, амьдралын туршлага байдаг.

Тэгвэл тийм туршлагаасаа Нарангийн ээж, 1988 оны “Монгол Улсын аварга малчин” Д.Долгор өгүүлж байна. Тэрбээр “Цаг хэцүүдээд ирэхээр малын хотоо хөлдөөхгүй гэж утдаг байлаа. Манай гэрийн эрчүүд гэрийн бараа хардаггүй байсан. Хэдэн малынхаа ая эвээр энэ хэд яваад алга болдог байлаа” гэв.

Ер нь мал өсгөхийн үндэс нь нутаг усаа зөв сонгож, зөв хариулгатай байх аж. Малчин хүн болгон тэгш малтай, тэгш амьдралтай байж чаддаггүйн учир нь өнөөх л хөдөлмөр зүтгэлийн ялгаа.

Далан давхар бууцтай Даганалтай дэрсэнд энэ жил эзгүй бууц хонд алга аа. Отроор энэ дэрсэнд 20 орчим мянган мал өвөлжиж байна. Харин эднийхээ дундаас болоод улс эх орны хэмжээнд хонь жилд өсгөсөн хургаараа Н.Нарангийнх дээгүүрт орж байгаа юм. Энэ бол өнөөг хүртэл цас зуд, цагийн хатуу хөтүүг туулж ирсэн малчин хүний сэтгэлийн хат.  

Монгол орны минь альчиг говь зах хязгааргүй мэт ээ.Жавар тачигнасан дүн өвөл, уургийн улаан наран тоймгүй мандаж, тоймгүй жаргана.Хонин сүрэг нь дулаахан өвөлжөөндөө тааваараа хотолж ирээд л. Нэг л мэдэхэд өдөр, бас үдэш.Хангайн говьд оторлож яваа, “Алтан хурга”-ны эзэнтэй уулзаж,  энэ нутгийн урь, хүн малын аж байдлаасцухас өгүүлбэл нэг ийм ээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Алтан төл"-ийн эзэн   
Үзсэн: 3284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй