Шууд Chart

Төлчин

2016-02-29 13:37:05

-"Урин цаг" цувралын нэгдүгээр хэсэг-

Цас ханзрахаар өтөг бууц, өвөлжөө, хаваржаагаа санагалзаад ирэх юм. Цагийн аяс хүний сэтгэлийг аль зүгт бодрохыг хүртэл зааж орхино. Сэтгэл зүрхний энүүхэнд сэрж мөргөсөн тоонот минь бий. Сайхан цагийн эргэсэн шар хуудсуудаас нэг дурсамж сэдрээхэд, Баруун дөрөлжийн дээгүүр хурдан шаламгай хүрэн тором унасан хүү, бөхөнд нь ууттай ишиг, хургаа зүүж, хонины бэлчээр, хот хоёрынхоо дунд өдөржин давхидагсан. Энэ хүүг тэрний тэр гэхээсээ илүүтэй "төлчин" гэвэл зохино.

Тэмээгээ сөглөх ч үгүй үсэрч буугаад бөхнөөс нь ууттай хургаа тайлан авч “асгаад”, араг сээзгийн дор хөмөрдөг. Шинэ төл нэгнээ дэрлэн унтаад, уургаа амласан ишиг,  хурганы завьжаар цагаан хөөс бултайгаад, төмбөс төмбөсхийтэл амьсгалаад нарны ээвэрт налайдагсан. Тэр дунд бас олон нэрс бий. Шаргалдай, халзаадай, хамар цагаан, өсгий цагаан... гээд үс зүсийг нь харж өгсөн нэр. Орой ишиг, хургаа тавьж өгөхөд тэдний "тар танигдаж" эхэлнэ. Үйлдэл бүрийг нь тодорхой мэдэх төлчин хүү гувшаа шарга, тэлээ бор гэх мэт нэр өгнө. Бас хаврын хаварт ямааны хурга, үхрийн хоньтой болдог доо. Энэ нь тухайн төл малын эх үрэгдсэн болон өөрөөр авахуулчих хургагүй хонь байхгүй учир, ийн хургыг ямаа болон үхэрт дасган хөхүүлэх явц юм. 

Нэг хавар манай гурван ямаа хээр ишиглээд хэд хоносоных нь дараа мэдээд очиход, ишигнүүд нь янгирын ишиг шиг догшин болчихсон, эх нь тэднийгээ бүргэдээс хамгаалаад дөрвөн хөл дороо зогсоогоод байж билээ. Тэд бүр хээрийн амьтад гэж өөрсдийгөө бат "итгэжээ". Эх нь “голох” байх гэж болгоомжлоод орой ишиг хурганы хашаанд өнөөх гурвыг оруулаагүй юм. Гэтэл бүгдээрээ эхийнхээ нуруун дээр гарч хэвтэнэ гээч. Ухаандаа, үнэг хярс гэтэхэд эх нь үргэж, ишигнүүд нь тэр даруй сэрнэ. Мөн дороос нь дулаахан шүү дээ.

Бас нэг ишгээ хээр гээсэн ямаа бэлчиж яваад гэнэт ойролцоох уулруу ганцаараа салаад явчихдаг байж билээ. Энэ үйлдэл гурван ч удаа давтагдсан. Нэг өдөр араас нь давхиад очтол агуйд ишгээ нууж, өдөр бэлчээр ойртохоор очиж хөхүүлээд эргэж сүрэгтэйгээ нийлдэг байжээ. Нэг сайн цадтал хөхсөн нялх ишиг хяраад хэвтээд байвал хоногтоо өлсдөггүй юм гэж насаараа мал дагасан ах маань хэлж билээ. Тэр уулын нэр "Агуйт", харин ишгийг "Агуйн улаан" гэж нэрлээд сүүлд ихээ том сэрх болж, хотоо чимдэг байв. Бас шувуу ишиг шүүрээд нисэхэд нь хашгирч орхитол унагачихаж билээ. Түүнээс хойш "Шувуун цагаан" гэж нэгэн эм ямаа манайд олон жил үр төлөө өгсөн дөө. Малд өгдөг нэр усны тухай өгүүлбэл нэг ийм, ийм учир шалтгаантай. 

Хаврын мал ногооны судал хөөгөөд жалга, уулын салаагаар тараад алга болдог байлаа. Бөөгнүүлж тогтоогоод эргээд харахад хаачсан нь бүү мэд болно. Сайтар үзвэл нэг, нэг уулын салаанд тав, арваараа орж, дөнгөж цухайж буй ногооны үндэс зулгаагаад зогсчихдог доо. Хумьж нийлүүлээд тал газар руу хариулна. Ингээд л нэг нүдэндээ ил болгож байгаа нь тэр. Төлчин хүү дээрх бүхнийг мэднэ ээ. 

Ой тойнд бүдэг бадагхан үлдсэн сайхан цагийн эргэсэн шар хуудсаас нэг дурсамж ийн сийрүүллээ. Цас ханзрахаар өтөг бууц, өвөлжөө, хаваржаагаа санагалзаад ирэх юм. Цагийн аяс хүний сэтгэлийг аль зүгт бодрохыг хүртэл заах аж. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Төлчин   
Үзсэн: 3747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2016-02-29 18:00
saihan niitlel bna. yag unen shuu bi baga da maliin hotond buuts. otog ni dotor hurga. ishigtei l hamt osson do hoorhii he he he
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-02-29 16:42
яг бичжээ би яг ингээд явж байсан тэр олон хурга ишгийг орой ирээд таньж эхэд нь олгож өгхөд түүртэдгүй байсан түүн дээр л тараа таниулдаг магтуулдаг байсан даа
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2016-02-29 16:10
сайн төлчин сайн хүү байна Аргүй л уламжлалт мал маллагааны арвин баялаг туршлагыг ахмад буурлууд аав ээж ах эгч нараасаа өвлөн авсан өөрөө сайн ажигч гярхай монгол ахуйд дассан удамт монголын үр сад байна даа сайхан дурсамж болжээ.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-02-29 15:07
Хэхэ
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-02-29 15:07
mundag
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2016-02-29 14:06
Ямар сайхан бичсэн юм бэ. Сэтгэлийн утас хөндчихлөө

Бидэнтэй нэгдээрэй