Казахстаны Алмата хотын циркчин, арслан сургагч Ө.Тунгалагтай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 26-аас “Аса” цирк болох “Дэлхийн цирк Монголд” нэртэй олон улсын циркийн тоглолтод хоёр арслангийнхаа хамт ирээд байгаа юм. Тус тоглолтоор морь, сармагчин, лам гөрөөс, одой морины гайхалтай үзүүлбэр тоглогдоно.
-Арслантай кино үзэж байснаас бодитоор харж байгаагүй бидэнд их сонин санагдаж байна. Та энэ хоёр “найзтайгаа” хэзээ танилцсан бэ?
-2005 оноос хойш нөхөрлөж байна. Манай циркийн хамт олон БНХАУ-ын Гуанжоу хотоос 2005 онд 10 арслан авч ирсний хоёр нь юм. Гуанжоуд төрөл бүрийн амьтан байдаг гэсэн. Заримынх нь үржүүлгийг ч явуулдаг гэж сонссон. Тухайн үед энэ хоёр арслан нэг ой зургаан сартай, 30 гаруй кг жинтэй байсан. Харин одоо 12 настай болж, 230 кг жинтэй, нэг метр 10 см өндөр болсон. Гэхдээ арслангийн насыг жилд дөрвөөр тоолдог ч би тэгэхийг хүсдэггүй.
-Тэгвэл арслан хэд насалдаг юм бэ?
-Зэрлэг байгальдаа 15 жил амьдардаг. Харин циркийн орчинд байгаа нь 26 жил болдог.
-Байгальдаа яагаад цөөхөн насалдаг юм бол?
-Хөгшрөхөөр нь залуу арслангууд нь хазсаар байгаад амийг нь хөнөөчихдөг юм. Энэ бол жам нь. Харин циркийн газар тийм зүйл тохиолдохгүй болохоор урт насалдаг. Бид тэдэнд идэж, уух зүйл өгснийхөө хариуд сургуулилт хийлгэж, “ажиллуулдаг”.
-Үнэлвэл хэдэн зуун ам.доллар хүрэх бол?
-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлээн үнэтэй.
-Казахстанд одоо найм нь үлдсэн гэсэн үг үү?
-Хоёр нь үхсэн. Тэгэхээр нь зургааг нь байгальд нь эргүүлэн тавьж оронд нь залуухан арслангууд авч ирсэн. Одоо тэд ид сургалтын шатандаа явж байгаа.
-Арсланг сургахад хэр хүндрэлтэй вэ?
-Тухайн сургагчаас л шалтгаална. Мөн арга, эв их шаардагддаг. Хугацаа ч нэлээн орно. Уг нь арслан гэдэг амьтан ухаантай шүү дээ. Эзнийхээ зан байдлыг мэдэрдэг. Ууртай байвал номхорно. Жаахан эрхлүүлэх юм бол толгой дээр гарах дөхнө. Тиймээс бид энэ амьтнаас харилцаагаа хэтэрхий холдуулж болдоггүй. Байнга хамт байх шаардлагатай. Хэт уурлаж харьцах юм бол араатан шинж нь илрэх гэмтэй ч бага хэмжээгээр байнга зандарч харьцах хэрэгтэй.
-Манайхаас өөр улсад та арслантайгаа үзүүлбэр үзүүлж байсан уу?
-Үгүй. ОХУ-ын хотуудад л тоглож байсан. Хамгийн хол зам туулж ирж буй минь энэ.
-Гэхдээ та манай улсад ирж байсан биз дээ?
-Үгүй. Би ОХУ-ын Буриад улсаас гаралтай хүн. Танайхан миний төрөл садан шиг хүлээж авч байгаад баяртай байна. Надад их ойрын хүмүүс шиг санагдлаа.
-Арсланд цаг агаар хэр нөлөөлж байгаа бол?
-Хүйтэн байна. Энэ амьтан халуун орных болохоор үргэлж дулаан байхыг шаарддаг. Тиймээс танай улсын циркийн хамт олон миний хоёр арсланд зориулж, халаагуур бэлдсэнд баярласан. Мөн би дулаан дэвсгэр дэлгэж өгсөн. Одоо тэд даарахааргүй болсон.
-Үзүүлбэр үзүүлж буй арслан үзэгчид рүү дайрч байсан тохиолдолтой юу?
-Байхгүй ч дайрах магадлал өндөр. Араатан л болсон хойно хэзээ ч, ямар ч авир гаргаж мэднэ. Тиймээс бид үзэгчдээ хамгаалах үүднээс эргэн тойрон тороор халхалдаг.
-Та өөрөө айдаггүй юм уу?
-Олон жил хамт байгаа болохоороо бараг айхаа байсан. Гэхдээ байнга болгоомжтой ханддаг. Хэн нэгэн рүү хэрвээ дайрах юм бол бид унтуулдаг тариа, даралттай ус бэлдсэн байдаг болохоор гэмтээхгүйгээр зогсоож чадна.
-Арслан ер нь хэр тайван амьтан бэ?
-Уурыг нь хүргэхгүй л бол тайван. Гэхдээ зөвхөн байнга харьцдаг бидэнд ийм зангаа үзүүлдэг. Харин өөр хэн нэгэн очвол тасдаад хаячихаж мэднэ. Тэд 24 цагийн 23-т нь унтаж чадна. Үлдсэн нэг цагийг хоолоо идэхэд зарцуулдаг. Тиймээс бид тэдний ажлыг хийлгэхийн тулд албан хүчээр сэрээж, торноос нь гаргадаг. Хэтэрхий залхуу амьтан гэж хэлж болно. Бас наддаа хамгийн хөөрхөн амьтны нэг.
-Тэднийг цаашид хэдэн жил “ажиллуулах” вэ?
-Хорвоогоос хальтал нь байлгана. Хэрвээ тэднийг одоо байгальд нь тавьбал хоолоо олж идэж чадахгүй байсаар өлсөж үхэх аюултай. Тиймээс бид өөрийнхөө гараар хооллосоор байгаад “явуулна”.
-Нэг өдрийнх нь хоолыг сонирхуулаач?
-Зургаан кг ястай мах, 100 грамм сүү, загасны тос, 500 грамм тахианы мах, нэг ширхэг өндөг иддэг. Үүнээс их идвэл таргална. Гэхдээ жингээ маш хурдан хугацаанд хасч чаддаг онцлогтой.
-Нэр өгсөн байх даа?
-Яар, Така гэдэг нэртэй. Манай нөхөр өгсөн юм.
-Харахад яг адилхан юм. Харин та юугаар нь ялгадаг юм бэ?
-Ихэр хүүхдээ хичнээн адилхан байлаа ч ээж нь ялгадаг шүү дээ. Түүнтэй адил би тэднийг ямар ч нөхцөлд танина. Тэгээд ч тэднийг нэрээр нь дуудахаар эргэж хардаг юм.
-Тэднийг үржүүлгэнд оруулдаг уу?
-Нас нь болсон ч боломж бага байна. Учир нь энэ амьтан чөлөөтэй байгальд хээлтүүлэгт ордог. Хэн нэгэн ойрхон байвал хүч гаргахгүй, унтаад л өгнө.
-Та арслангаас өөр амьтан сургадаг уу?
-Морь сургадаг. Энэ амьтан их ухаантай. Бидний заасан зүйлийг амархан сурдаг.
-Эмэгтэй хүн араатны хааныг сургана гэдэг их эр зориг шаардсан байх. Яагаад энэ амьтныг сонгосон юм бэ?
-Энэ шийдвэрийг би анх гаргаагүй юм аа. Гэр бүлийн хүн маань надад санал болгосон.
-Тэгвэл яагаад санал болгосныг нь нөхрөөсөө сонссон байх?
-Нөхөр маань надтай хамт циркийн үзүүлбэр үзүүлдэг юм. Нэг удаа надад “Хоёулаа арслан сургах уу. Чи юу гэж бодож байна” гэсэн. Эхэндээ би зөвшөөрөөгүй л дээ. Гэвч нөхөр, том хүү хоёр маань тэдэнтэй нөхөрлөж эхэлснээр би яах аргагүй татагдсан.
-Хүү тань бас амьтан сургагч гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ бид түүнийг энэ мэргэжлээрээ ажилла гэж хүчилдэггүй. Өнгөрсөн жил хоёр их сургуульд орох эрхтэй болсон. Яваандаа өөрөө шийдэг.
-Арсланг анх сургахдаа та айж байсан уу?
-Казахстанд ирснээс жил гаруйн дараа л би ойртсон. Айж байсан болохоор жил гаруй хугацаанд дөхөөгүй. Дөнгөж ойртдог болохдоо хоолыг нь урт төмрөөр түлхэж өгдөг байсан бол яваандаа гараараа өгдөг болсон. Гэтэл өнөөдөр би тэдэнтэй тэврэлдээд хэвтдэг болсон. Намайг долоогоод, үнэрлэдгийг нь бодохоор надад их хайртай байх.
-Та анх ямар үзүүлбэр үзүүлдэг байсан юм бэ?
-Нөхөр бид хоёр Алматагийн циркт агаарын гимнастикаар 1991-2004 он хүртэл ажилласан. Харин 2005 онд Астанагийн циркийн хамт олон бидэнтэй хамтарч ажиллах хүсэлт илгээснээр өдгөө энэ байгууллагад ажиллаж байна.
-Арслан сургах болсныг мэдээд аав, ээж тань хориглож байсан уу?
-Хориглосон. “Миний охин гимнастикаараа л хичээллэ” гэдэг байлаа. Гэвч би үгэнд нь орохгүйгээр нөхрөө дагаад арслантай ээж, хүү мэт боллоо доо. Миний удамд циркийн хүн нэг ч байхгүй. Би өөрийнхөө хүсэлтээр 1984 онд Москвагийн амьтан сургагчийн ангид орж, 1988 онд төгссөн. Харин гэр бүлийн хүн маань цэргийн албанаас ирээд 1992 онд Алматагийн циркт ажилласан. Бид тэнд танилцаж, эхнэр, нөхөр болсон.
-Та арслантайгаа манай улсын үзэгчдэд ямар бэлэгтэй ирсэн бэ?
-Галтай цагираг дундуур харайлгах, хойд хоёр хөл дээр нь үсэргэх, суулгах, морин дээр үсэрч гаргуулах зэрэг үзүүлбэр үзүүлнэ. Харин хүү маань амнаасаа мах идүүлнэ. Гэхдээ миний хүсэл арслантайгаа 30 минут тасралгүй үзүүлбэр үзүүлэх. Тэр хугацаанд нэг ч номер давтахгүй байх нь чухал. Дэлхий дээр ийм үзүүлбэр үзүүлсэн циркчин бараг байхгүй.
-Манай улсын цирк танд ямар санагдаж байна вэ?
-Олон улсын стандартад нийцсэн сайхан цирк байна. Гэхдээ арай хүйтэн юм аа. Мөн амьтан байрлуулах томоохон өрөөтэй болгох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Ө.Тунгалаг: Би заримдаа хоёр арслантайгаа тэврэлдээд хэвтдэг | ||
Үзсэн: 2700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.