Шууд Chart

128 мянган тонн мах экспортлоно гэж төлөвлөснөөс гурван мянгыг экспортложээ

2016-11-06 14:43:10

Монгол Улс 56 сая толгой малтай. Үүнийхээ 10-16 саяыг өвлийн идшинд хэрэглэдэг гэж үзвэл цаана нь 10 сая хүртэлх толгой малыг эскспортод гаргах боломжтой гэж салбарынхан тооцдог байна.

2015 онд 64 мянган тонн мах экспортлохоор төлөвлөсөн ч дөнгөж найман мянган тонныг экспортод гаргажээ. Харин 2016 онд 128 мянган тонн мах экспортлож, нэг тэрбум долларын худалдаа хийнэ гэж тооцоолж байсан ч өнөөдрийн байдлаар гурван мянга орчим тонн мах л экспортод гаргасан байна.

2016 оны хоёрдугаар сараас хойш Говь-Алтай аймаг дахь Бургастайн боомтоор БНХАУ руу 200 орчим тонн мах экспортложээ. Энэ боомтоор дамжуулан БНХАУ-д мах нийлүүлэх зөвшөөрөл авсан үйлдвэрүүдийн зарим нь өнөөг хүртэл үйл ажиллагаагаа огт эхлээгүй байна. Мөн Бургастайн боомтын үйл ажиллагаа ч тогтвортой үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгааг Монголын махны холбооны захирал Б.Очирбат хэлж байна.

Манай улсад махны 40 гаруй үйлдвэр байдаг ч тал хувь нь л тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Дийлэнх махны үйлдвэр олон улсын жишигт  хүрэх нь байтугай Монгол Улсын стандартыг дөнгөн данган хангадаг байна. Манай  улсын дотоодын хэрэглээний дөнгөж таван хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан мах байдаг нь гадныханд сөрөг ойлголт өгч, борлуулалтын хэмжээ болон үйлдвэрүүдийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжилтэн хэлж байна.

Мах экспортлож чадахгүй байгаа бас нэг шалтгаан нь малын эрүүл ахуй. 560 гаруй төрлийн эмийн ургамлаар хооллодог мөртлөө монгол мал өвчлөөд байдаг нь мал эмнэлгийн нэгдсэн тогтолцоо байхгүйтэй холбоотой. Улирал нь өнгөрсөн хойно вакцин нь ирдэг, эсвэл шаардлагатай эм тариагүй явдаг малын эмч, мал сүргийг эрүүлжүүлэх боломжгүй гэж Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир шүүмжилж байлаа.

Дэлхий нийтийн жилд хэрэглэж буй 250 гаруй сая тонн үхрийн махны бараг 30 хувийг манай урд хөрш худалдан авчээ. БНХАУ жил бүр 3.4 тэрбум  америк доллар зарцуулж, аль нэг улсаас мах худалдаж авдаг байна.

Энэ тоо баримтаас харахад, бидэнд асар том зах зээл, боломж байна. Тиймээс махны үйлдвэрүүд санаачилга гарган байнгын нийлүүлэгчтэй болох, мал эмнэлгийн нэгдсэн үйлчилгээгээр малчдыг хангадаг байх зэрэг олон аргыг хэрэглэж, мал эрүүлжүүлэх үйл ажиллагааг дэмжиж болох юм. Махны экспорт явахгүй байна гэж тал бүрт шалтаг тоочиж, шүүмжилж суулгүйгээр асуудлыг хамтдаа шийдэх нь чухал байна. 

Б.Чимэдлхам 


128 мянган тонн мах экспортлоно гэж төлөвлөснөөс гурван мянгыг экспортложээ   
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй