Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 21 аймагт тус бүр нэг үйлдвэр байгуулах хөтөлбөр тусгагдсан. Энэ дагуу аймгуудад хамгийн тохиромжтой, эдийн засгийн үр өгөөж өндөр, судалгаа тооцоо нь хийгдсэн төслүүдийг хөдөлгөх бодлого барьж байна.
Өнөөдөр шинээр байгуулагдсан үндэсний хөгжлийн газраас 21 аймгийн хөгжлийн бодлогыг хариуцсан мэргэжилтнүүдийн дунд “Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний гол зорилго нь эдийн засгийн гадагш чиглэсэн урсгалыг дотоодод шингээх, аймаг бүрээс үйлдвэрлэлийн төсөл хүлээн авахад чиглэж байна.
Ингэхийн тулд эхний ээлжинд “RND лаборатор” буюу Шинэ Бүтээл оновчтой санал гаргадаг, гар аргаар үйлдвэрлэл явуулж буй лабораториудад хөрөнгө оруулалт хийх, ивээн тэтгэгчээр ажиллах гадаад, дотоодын доноруудын зөвшөөрлийг авч аман хэлэлцээрийг хийгээд байгаа тухай Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, Төрийн соёрхолт инженер Н.Нацагням ярьж байна.
“Лабораторийг байгуулахад мэдээж гаднаас материалаа авах ч тодорхой хугацааны дараа бид өөрсдөө бүтээгдэхүүнээ хийдэг , 10 тэрбум америк доллар ороод ирлээ гэхэд түүнийг дотооддоо шингээдэг болно. Энэ бол бидний ойрын зорилго. Одоо бол эхний ээлжинд гараар бүтээгдэхүүн хийдэг хүмүүсийг цуглуулаад явж байна. Ажил дөнгөж эхэлж байна . Мэдээж тодорхой хугацаа шаардана” гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
Бүр тодруулбал “Монгол улсын хэмжээнд таван каластерыг үүсгэх, түүнийг дэмжсэн 27 дэд каластерыг үүсгэх, үүнд хүнд болоод хөнгөн үйлдвэрийн тэргүүлэгч чиглэлүүдийг тодорхойлсон. Энэ тэргүүлэх чиглэлийнхээ дагуу бодлогын хөрөнгө оруулалт, бодлогын зээлийг олох ажлыг зохион байгуулах матрицыг хийж дуусгасан” гэж Үндэсний хөгжлийн газрын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр ярьсан юм.
Монгол улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр Монголд хөдөө аж ахуй кластерийг аймаг бүрт байгуулах ажилд Япон улсын талаас дэмжихээ илэрхийлсэн. Аймгуудад эхний ээлжинд мал аж ахуйн салбарын үйлдвэрүүд байгуулах нь Засгийн газрын тэргүүн зорилт болоод байгааг хэлж байна.
“Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбар 15 -16 хувийг эзэлж байна. Дотоодын зах зээл дээр ийм өндөр хувьтай мөртлөө экспортод гаргаж буй хувийн жин маш бага хувьтай байгаа. Үндсэндээ 200-300 сая америк доллар. Тэгэхээр манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх нэг гол салбар бол гарцаа байхгүй хөдөө аж ахуйн салбар. Тэгэхээр анхдагч түүхий эд гаргаад байж болно. Дөнгөж угаасан ноостой, самнасан ноолуур , эцсийн боловсруулалт хийгээгүй мах гэх ч юмуу. Энэ хэлбэрээр гаргаад байвал манай экспорт өсөхгүй нь тодорхой” гэж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр хэллээ.
“Холбооны бүгд найрамдах Герман улсын зүгээс монголд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн. Удахгүй 12 дугаар сард Берлин хотноо Монгол Германы Засгийн газар хоорондын хамтарсан уулзалт болно. Энэ үеэр аж үйлдвэрлэл, шинэ технологи, ашигт малтмалын чиглэлээр хэлэлцээр хийх гэж байна. Иймд энэ удаагийн чуулганыг Германы хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулж байна” гэж ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Штефан Дуппел ярьж байна.
“Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” арга хэмжээний үеэр НҮБ-ын тогтвортой хөгжлийн бодлого, монгол улсыг 2030 хүн хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар танилцуулж, 21 аймгийн санал санаачилгыг хүлээн авлаа.
Үндэсний хөгжлийн газар 21 аймгаас төсөл хүлээн авч эхэллээ | ||
Үзсэн: 1449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.