МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын их хурал эхэлж байна. Танай хоёр намыг нэгтгэх сонирхол намуудын гишүүдийн дунд байдаг. Энэ талд дээр таны байр суурь ямар байна?
-Хэрвээ манай хоёр нам нэгдэх асуудал ярина гэвэл ойлголтоо нэг болгох ёстой. Одоогоор манай намынхан “ууган нэрэн дээрээ үлдсэн” гэх үзэл бодолтой байхад МАН-ынхан “хуучин намынхаа үзэл бодлыг шинэчлээд авч явж байгаа” гэсэн байр суурьтай байдаг. Салж болсон юм чинь нийлж болно гэсэн үзэл бодолтой хүмүүс ч бас бий. Аль алиныг нь үгүйсгэх аргагүй юм. Нэгдэж болно. Гэхдээ өөр утгаараа. МАН-ын хувьд энэ асуудлыг улс төрийн ашиг сонирхлын үүднээс хардаг. Тухайлбал, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэгдэж оролцох санал тавьж байсан. Бидний зүгээс ганцхан сонгуулийн үеэр хамтарч ажиллах нь учир дутагдалтай хэмээн үздэг.
Тэгээд ч нэгдэх процесс нь өөрөө цаг хугацааны асуудал. Хэрвээ тийм асуудал яригдвал бид хамтарч ажиллаж үзэх, аливаа асуудал дээр байр сууриа нэгтгэх гээд маш олон зүйл дээр зарчмын хувьд нэгдсэн шийдвэрт хүрэх хэрэгтэй.
-Тухайлбал?
-Уул уурхайн асуудал. Энэ их баялгийг яаж үр ашигтайгаар зарцуулах тал дээр бид нэг байр суурин дээр зогсож чадах уу гэдэг чинь бас их чухал. Ер нь бол нэгдэнэ, нийлнэ гэдэг асуудлыг бид хойш тавиад байдаггүй. Яагаад гэвэл манай улсын хойч ирээдүйд бас сайнаар нөлөөлөхүйц хүчин зүйл учраас тэр л дээ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд би нэгдэнэ гэдэг үгийг нэгдсэн байр суурьтай л холбож ярьж байгаа юм. Түүнээс биш яг хоёулаа нэгдээд нэг нам болох гэдэг өөрөө их төвөгтэй асуудлуудын нэг. Тийм шаардлага ч байхгүй юм болов уу гэх өнцөг ажиглагддаг.
-МАХН хоёр салсныг та явах ёстой зам замаараа явсан байна гэж хэлэх гээд байх шиг?
-Тухайн үед МАН, МАХН нэрээр хоёр салж, тус тусдаа айл гэр болж байхад энэ нь өөрөө их харамсмаар үйл явдал байсан нь үнэн. Гэхдээ өнөөдрийн байр суурьнаас эргээд харахад магадгүй их зөв үйлдэл болсон мэт хандлагыг төрүүлдэг нь бас л үнэн. Тодруулж хэлбэл, тодорхой түүхэн цаг үеүдэд МАН, МАХН хоёр нэг нам байсан хийгээд одоогийн гишүүд нь нэг намын хүмүүс байсан. Гэхдээ одоо бол хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа харуулаад өгсөн.
Манай нам зүүний үзэл баримтлалдаа хатуу үлдэж чадсан. Харин МАН нэрээ өөрчлөөд зогсохгүй үзэл баримтлалаа нийгмийн ардчиллын чиглэл рүү хандуулсан. Энэ нь цэвэр зүүний үзлээс арай өөр юм. Тэгэхээр барууны үзэл бодол руу хазайсан маягтай болсон нь бидэнд хамтарч ажиллах боломжгүй байдлыг үүсгээд байгаа юм.
-Та саяхан Н.Энхбаярыг эргээд ирсэн. МАН-ын их хурлын өмнө явсан болохоор таныг тодорхой зааварчилгаа аваад ирсэн гэх хардлага байна?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр намайг дарга дээрээ очоод жигтэйхэн нууц үүрэг даалгавар авч ирсэн гээд хэсэг цуурлаа. Энэ их хурлын уур амьсгалыг өөрчлөх лобби болоод АН-д хүртэл жигүүр ургуулах зэргээр нөлөөлөх жинтэй үүрэг өгсөн юм байх аа \инээв\. Гэтэл үнэн хэрэгтээ тэр хүнийг би намынхаа, энэ олон буурлынхаа, хувь хүнийхээ үүднээс эргэж очдог юм. Манай буурлууд “өнөөх Н.Энхбаяр дарга яаж байна” гээд өдөр шөнөгүй утас цохидог. Тийм болохоор би эндээс утсаар “бие тань ямар байна” гэж асуухаас илүүтэйгээр дэргэд нь очоод, энгийн яриа хөөрөө өрнүүлж, энд асуугаад байгаа олон хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байгаа юм. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ.
-Таныг даргынхаа биеийг нь асуучихаад л ирсэн гэдэг нь арай хийсвэр сонсогдож байна. Намынхаа болоод бусад цаг үеийн асуудлаар яриа хөөрөө өрнүүлдэггүй хэрэг үү?
-Тэр нь ч арай хаашаа юм. Намын дотоод асуудал, гишүүдийн талаар яриа өрнөх нь мэдээж шүү дээ. Хамгийн гол нь энэ цуураад байгаа шиг тийм сүртэй зүйл ярьдаггүй. Тэр хүний биеийн байдал эргэж хэвийн хэмжээндээ очихгүй гэсэн оноштой. Цаг хугацаа шаардсан шат дараатай эмчилгээ хийлгэж байгаа учраас бие нь арай дээрдсэн байгаа. Ойролцоогоор дөрвөн кг-аар жин нэмсэн. Түүний өвчний эхлэл нь маш их сэтгэлийн дарамт, стрессээс үүдэлтэй учраас цаашид хэдий чинээ тайван байна, төдий чинээ эмчилгээний үр дүн нь сайн гарах юм. Тийм ч учраас бид улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, сэтгэл чилээсэн асуудлуудын талаар ярихаас зайлсхийдэг гэж хэлж болно. Магадгүй үнэмшилгүй сонсогдож байж болох юм. Н.Энхбаяр дарга багагүй хугацаанд өвдөж яваа учраас бидэнтэй их энгийн, амьдралын яриа өрнүүлдэг. Эргэн тойрны хүмүүсийнхээ бие, эрүүл мэндийг хамгийн түрүүнд асуудаг болсон байна лээ. Тухайлбал, “өнөөх өлсгөлөн зарласан хэдэн эхчүүдийн бие нь сайн уу”, “Эрдэнэтийн Шархүүгиийн даралт нь хэвийн байдаг болов уу” гэх мэтээр асуух нь их элбэг.
-МАН-ын их хурлаар намын даргад Н.Энхбаярын нэрийг заалнаас дэвшүүлнэ гэсэн яриа гараад байгаа. Үүнийг юу гэж ойлгож болох вэ?
-Тийм яриа гарч байгаа талаар би бас сонссон. Ер нь тийм үзэгдэл болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ асуудал өөрөө хууль эрхзүйн хүрээнд боломжгүй зүйл. МАХН-ын дарга МАН-ын даргад нэр дэвшинэ гээд бодсон ч тэр, инээдтэй байгаа биз дээ. Н.Энхбаяр даргын зүгээс МАН-ын даргад нэр дэвших талаар дурсаа ч үгүй. Тиймээс энэ бол цэвэр улс төрийн тоглолт. Хэрвээ тийм зүйл болно гэж үзвэл үүнийг хурлын уур амьсгалыг эвдэх, өөр сөрөг хүчин буйг сануулах гэсэн МАН-ын гишүүдийн тоглолтын л нэгээхэн хэсэг л гэж ойлгох хэрэгтэй.
-Харин хүмүүс Н.Энхбаярыг эргэхдээ иймэрхүү зүйл тохироод ирсэн гэж хардсаар байгаа?
-Үгүй гэж шууд хэлье. Би өөрөө МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга хүн. Энэ утгаараа бусдаас арай илүү олон уулзах нь тодорхой биз дээ. Тэр тоолондоо үүрэг даалгавар аваад, түүнийгээ Г.Шийлэгдамба нь биелүүлэхээр зүтгээд байна гэдэг яриа өөрөө их өрөөсгөл гэдгийг хэлмээр байна. Үүрэг даалгавар өглөө гэхэд харин ч мэдээллийн өөр хэлбэрээр авч болно шүү дээ.
-Тэгвэл МАН-ын их хурлаас та ямар үр дүн гарна гэж харж байна. Ямар ч байсан нэгдэх асуудал энд нэг их чухал байр суурь эзлэхгүй юм байна?
-МАХН өнөөдөр улс төрийн түүхэн хөгжлийнхөө хувьд урагшилж байна. Өөрөөр хэлбэл бид урагшлах уу, ухрах уу гэдэг замын зааг дээрээсээ өнгөрөөд “Урагшлах” зам дээр эрчээ авчихсан байгаа гэж ойлгож байгаа. Харин МАН жинхэнэ урагшлах уу, ухрах уу гэдэг замын зааг дээр сонголтоо хийхээр зогсож байна. Өөр хоёр алхмаар ухарсан тал ч бий. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр МАН-ын их хурал ирээдүйн урагшлах, ухрах, эсвэл мөнхрөх хувь заяаг шийднэ гэсэн үг.
-Тэгвэл хэн нь дарга болж, МАН-ыг урагш нүүлгэнэ гэж харж байна?
-МАН-ын хэн нэгэн гишүүн над дээр ирээд, тэр манай дарга болно гэж хэлэхгүй. Би хэвлэл мэдээллээр явж байгаа хүмүүсийн нэрсийг хараад байхад М.Энхболд юм болов уу гэж хараад байгаа. Хэд хэдэн хүн л яригдаж байна. Хэн нь ч дарга болсон гэсэн МАН шинэчлэгдэх эсэх тухай асуудал ярихад хамгийн түрүүнд зорилтоо хэрхэн тодорхойлохоос хамаарна. Урагшлах зорилт тавих юм уу, эсвэл тодорхой хэмжээгээр асуудлыг намжаах чиглэл барих уу гэдгээс хамаарна. Мэдээж хойшлох хүсэл хэнд төрөх вэ.
Тэр зорилтод хүрэх чиг хандлагаа яаж тодорхойлох нь их чухал. Хамгийн зөв гарцыг төрийн анхан шатны байгууллага дахь энгийн гишүүд гаргаж ирдэг. Үүнийг удирдах шатны нөхөд нь хаяж гээлгүй шингээж чадвал тэр бодлого, зорилго хол явна. Нөгөө талаас хэрвээ хэдхэн хүнийхээ арга барилаар тэдгээр хүмүүсээ үл тоомсорловол цаашид хол явахгүй. Энэ бол түүхэн үнэнээр батлагдсаар ирсэн ухагдахуун юм.
Эмэгтэй хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнөөр нийгмийн сэтгэлгээний нэгэн шинэ хуудас нээсэн
-МАХН УИХ-ын сонгуульд 30 гаруй хувийн дэмжлэг иргэдээс авч байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулиар 10 хүрэх, үгүйтэй болж буурсныг ухралт гэж харах үндэстэй юү?
-Аливаа асуудлыг ямар өнцгөөс харна, тэр үүднээсээ үр дүнг тооцох боломжтой юм. Яг тоон утгаар нь аваад үзвэл 10 хүрэхгүй хувийн санал авсан нь таны байр суурьтай ижил байж болох талтай. Сонгуулийн үед улс төрийн намуудаас янз бүрийн тохироо хийх зорилгоор саналууд ирж байсан. Үүнийг би сонгууль нэгэнт өнгөрсөн болохоор ний нуугүй яриж байгаа юм. МАН-ынхан “танай нам ерөнхийлөгчийн сонгуульд битгий оролц, хамтаръя” гэж шууд тулгаж байсан. АН-ын зүгээс ч бас өөрсдөдөө ашигтай гэх байр сууринаас санал тавьж байлаа. Эндээс харахад улс төрийн гуравдагч хүчний орон зайг үл зөвшөөрөх, үйл ажиллагааг нь хязгаарлах үйлдлүүдийг үзүүлэхийг завдсан гэж хэлж болно. Энэ хандлага олон улсад ч түгээмэл харагддаг улс төрийн гажуудалт тогтолцоо юм.
-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь улс төрийн үүргээ хэнд ч худалдаагүйн нотолгоо гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Тэр ч утгаараа бид бусад жижиг намууд шиг аль нэгэн том намын хармаа хотонд орчихолгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан оролцсон нь улс төрийн хувьд томоохон шалгуурыг давсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид ерөнхийлөгчийн сонгуульд оролцсоноор улс төрийн хүрээний байр сууриа хэвээр үлдээх хийгээд бие даасан намынхаа мөн чанарыг илүү бодит утгаар нь харуулж, хадгалж чадсан гэж үзэж байгаа.
Нөгөө талаас Монгол улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Мэдээж УИХ болоод магадгүй ерөнхий сайдад эмэгтэй хүн нэр дэвших хэвийн үзэгдэл гэж үзвэл ерөнхийлөгч бол илүү өндөр түвшний асуудал. Тэгэхээр манай нам монголчуудын ерөнхийлөгчийн сонгуульд хандаж ирсэн үзэл бодолд нэгэн шинэ сэтгэлгээний хуудсыг нээж өгсөн. Энэ бүгдийг нэгтгээд харах юм бол бид улс төрийн намынхаа үүрэг хариуцлагыг нэр төртэй биелүүлж урагшлах зам руугаа бүрэн орсон л гэж ойлгож байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар “Шударга ёс эвсэл”-ийг бүрдүүлэгч МҮАН танай намтай хамтраагүй. Өнөөдрийн эвслийн уур амьсгалд энэ нөлөөлсөн үү?
-УИХ-д байгуулагдсан “Шударга ёс эвсэл”-д манай намаас 70 хувь, МҮАН 30 хувийг бүрдүүлдэг. Энэ утгаараа ерөнхийлөгчийн сонгуульд заавал манай намтай хамтрах шаардлагагүй л дээ. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн сонгууль, УИХ хоёр тусдаа асуудал. Тэр ч утгаараа энэ эвсэл өдийг хүртэл задраагүй хэвээр ажиллаж байна. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хэлэхэд “Шударга ёс эвсэл”-д шүүмжлэлтэй хандаж байгаа. Ямар нэгэн асуудалд бие дааж оролцох чадамж нь өөрөө хангалттай биш байна. Тэгэхээр “Шударга ёс эвсэл” ажлын чадамжаа дээшлүүлэх хэрэгтэй байгаа.
-“Шударга ёс эвсэл”-д 70 хувийг бүрдүүлдэг танай намын хувьд гишүүддээ энэ талаар чиглэл өгч байгаа юу?
-Яг энэ асуудлаар бид ирэх долоо хоногт намынхаа УИХ дахь гишүүдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ уулзалтаар ажлын чадамжид хариуцлага тооцох тухай асуудлаар гэрээ байгуулах юм. Энэ бол мөн бусад намуудад хийгдэж байгаагүй ажлуудын нэг. Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, цаашлаад бүлэг яагаад сайн ажиллахгүй байгаа тал дээр гарц хайна гэсэн үг. Магадгүй бүлгийн дарга нь МҮАН-ын гишүүн Н.Батцэрэг учраас зарим талаараа АН-ын бодлогыг дагаад байгаа учраас бүлэг идэвхгүй ажиллаад байж болох талтай. Тэгэхээр энэ бүгдээ бид эргэн харж, дахин үзэл баримтлалаа нэгтгэх, асуудалд илүү бодитой, үр дүнтэй гарц хайх зорилго тавиад байгаа юм. Гэхдээ салах сарних асуудлыг урдаа тавиад байж болохгүй. Магадгүй бүлгийн даргыг намуудаас нэг нэг жилээр ээлжлэх маягаар сонгох зохицуулалт хийхийг ч үгүйсгэхгүй.
-УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцох талаар яриад байна. Тэгвэл Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа сайдууддаа хариуцлага тооцох талаар ямар нэг чиглэл байна уу?
-Засгийн газартай хариуцлага тооцох бүрэн боломжтой. Түүний тулд улс төрийн намууд УИХ-ыг бүрдүүлж байгаа гишүүдтэйгээ ажлын үр дүнгийн талаар ярьж, хариуцлага тооцдог тийм хэвшилд шилжих хэрэгтэй. Ингэснээрээ Засгийн газрын асуудлууд тодорхой түвшинд цэгцэндээ орно. УИХ гэдэг чинь хяналт тавьдаг, хариуцлага хүлээлгэдэг бүтцийн байгууллага. Тухайлбал, төсвийн асуудал байна. Одоо хараад байхад гишүүд ЗГ-ыг муу ажиллалаа гээд байна. Гэтэл төсвийг УИХ-аар баталдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын дотоод сахилга бат, хариуцлагагүй байдлаас Засгийн газрын үйл ажиллагаа хамаараад байгаа хэрэг шүү дээ.
АН-ын бүлэг насаараа олонх байх юм шиг хэтэрхий дураараа авирлаж байгаа
-Тэгвэл Засгийн газар хэр ажиллаж байна гэж та хэлэх вэ. Үнэндээ танай намын төлөөллийн сайдууд хэл ам дагуулаад байна шүү дээ?
-УИХ, намын бүлгүүд өөрсдөө жинхэнэ мөн чанараа хадгалах ёстой. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлыг хараад байхад АН-ын бүлэг насаараа олонх байх юм шиг загнаж, хэтэрхий дураараа авирлаж байгаа. Яг энэ тусгал нь Засгийн газарт хүрч, шахалт үүсгэдэг. Засгийн газар нэг намын аясаар ажлаа явуулж байгаа. МАН-ын бүлэг бол эсрэгээрээ дандаа л цөөнх байх юм шиг, асуудалд болохгүй, бүтэхгүй талаас нь хандаж байна.
Үнэн хэрэгтээ улс төрийн хувь заяа хэн нэгэн дээр нь ээлжилж ирдэг. Үүнийг өнгөрсөн сонгууль ч харуулаад өгсөн. Гуравдагч хүчнийг илэрхийлж байгаа “Шударга ёс эвсэл” ч гэсэн үргэлж хүчтэйн өмнө хүчгүй болж, дарагдаж явах ёсгүй юм. Гуравдагч хүчний орон зай илүү бодитой байх нь улс орны ирээдүйд маш чухал тусгалыг олдог.
Засгийн газрыг огт ажлаа хийхгүй байна гэвэл хэтэрхий өрөөсгөл. Хамгийн гол нь хариуцлагатай байх нь л чухал байгаа юм. Шинэчлэлийн гэдэг нэр нь ард түмэнд хүлээлтийг бий болгосон. Зарим ажлууд нэрэндээ их зохисон. Зарим нь шинэчлэлийн гэх нэрээ хэтэрхий гажуудуулсан, жижигдсэн, гоёдсон ажлууд хийгдэж байгаа.
-Тухайлбал?
-Хөрөнгө оруулалт, уул уурхай асуудлууд байна. Ончтой шийдвэрт хүрч, ажиллаж чадахгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн маш олон асуудлууд байна. Уул уурхайгаа ашиглах талаар яриад байгаа мөртлөө гарах үр дагавар, сөрөг нөлөөллүүдийг бодитой тооцож, тэр чиглэлд бодлого төлөвлөлт хийгдэхгүй байгаа нь үнэн. Хүрээлэн буй орчин, нутгийн ард иргэдийн амьдрал ирээдүйд юу болох уу гэх мэт олон хүчин зүйлсийн нөлөөллийг давхар тооцох ёстой.
Би өөрөө гүйцтэгэх засаглалд ажиллаж байсан хүнийхээ хувьд сүүлийн хоёр Засгийн газрын үйл ажиллагааг хараад байхад улс төрийн намын үзэл, ашиг сонирхол хэт ихээр түрж орж ирээд байгаа нь харагддаг.
-Ярилцсанд баярлалаа
Г.Шийлэгдамба: МАН хоёр алхмаар хойшоо ухарсан | ||
Үзсэн: 3720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.