Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгатай ярилцлаа.
-Удахгүй шинэ он гарах гэж байна. Үүнээс өмнө энэ онд гаргасан амжилтаа дүгнэвэл, ямар зураг харагдах бол. Энэ онд Монголын сагсан бөмбөгчид олон улсын тавцанд шил дараалан амжилт үзүүлсэн санагдаж байна. Үүнээс яриагаа эхлье?
-Монголын сагсан бөмбөгчид эв нэгдэлтэй болж, хэрүүл маргаангүй болсны үндсэнд энэ онд болсон олон улсын найман тэмцээнээс долоон медаль хүртээд байна. Тухайлбал, монгол хүүхдүүд бүх Оросын нээлттэй тэмцээнээс хүрэл, Австри улсад 16 насныхан маань мөн хүрэл хүртсэн. Мөн оюутны Азийн аваргаас мөнгөн медаль авч, тивдээ сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлогч Хятадын хамтаар дэлхийн аваргад зодоглох эрхийг өвөртөлсөн. Улмаар гурвын эсрэг гурав төрлөөр дэлхийн аваргын төлөө тоглож, мөнгөн медаль аваад байна. Харин тавын эсрэг тавын төрөлд NBA-ийн зэрэглэлийн Чарли Паркер дасгалжуулагчаар удирдуулсан Тайванийн шигшээ багийг хожиж, талбай дээрээ аварга болсныг уншигчид тодхон санаж байгаа байх. Энэ мэт олон улсын тэмцээнээс долоон медаль хүртсэн амжилтуудыг дурдаж болох юм. Дээр нь дотооддоо 10-60 насны хооронд 35 сагсан бөмбөгийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Ингээд харахад, 2016 оныг Монголын сагсан бөмбөгчид үр бүтээл, амжилт дүүрэн үдэж байна.
-Найман тэмцээнээс долоон медаль авсан. Эдгээр амжилтын олонхийг хүүхдүүд буюу өсвөр насны тамирчид үзүүлжээ. Үүнийг сагсан бөмбөгийн холбоо зөв голдрилдоо орж, тамирчдын суурь зөв тавигдаж байгаа юм болов уу гэж харж байна?
-Мэдээж, холбооны бодлого хүүхэд, залуу үе рүү түлхүү анхаарч ажиллах байдаг. Өмнө нь ингэж системтэй хөгжүүлэх боломж хомс байлаа. Хоёр холбооны гэгдэх маргааны улмаас үйл ажиллагаа доголдох зүйл гардаг байсан юм. Нөгөө талаар сагсан бөмбөгт сэтгэлгүй, нэр хүнд олох сонирхолтой хүмүүс удирдаж байсантай холбоотой байх талтай. Өнгөрсөн хавар хоёр холбоо нэгдэж, албан ёсны хурлаа хийн Ц.Цэвэрбал багшаар удирдуулах болсон. Тухайн үед Азийн сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгч хүртэл ирж батламжилсан байдаг.
Гэвч баг тамирчдаа одоог хүртэл FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэмцээнд оролцуулахгүй байх талаар арга хэмжээ авч буй хүмүүс бий. Тэдний үйлдлээс болоод тамирчид л хохирч байна. Сагсан бөмбөгийн торгон ирэн дээрээ яваа Санчир, Билгүүн, Дэлгэрням, Баттөр тэргүүтэй шигшээ багийн залуус болон хүч түрэн гарч ирээд буй Азийн оюутны АШТ-ий аваргууд мөн оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн залуучуудын шигшээ багийн тоглогчдыг үндсэн том тэмцээнүүдэд оролцуулахгүй байх талаар цахим шууданг FIBA руу явуулдаг. Тэдгээр хүмүүс биднийг хийснийг харлуулах бус сагсан бөмбөгийн хөгжилд л санаатай саад болж байгаа гэдгээ ойлгоосой.
-Та битүү зүйл ярьж байхын оронд хэн гэдэг хүн шигшээ багийнхныг хорлоод байгааг зарлаж болохгүй гэж үү?
-Уншигчид хэнийг хэлж буйг сайн мэдэж байгаа байх. Шаардлагатай бол нэрийг дурдаж болно.
-Ц.Цэвэрбал багшийг холбооны ерөнхийлөгчөөр томилсоноор хоёр холбооны маргаан эцэслэгдсэн гэж бодож байна. Магадгүй сонгуулийн мөчлөг нөлөөлж байна уу?
-Үндсэндээ болоод өнгөрсөн хэрүүл. Тухайн үед улс төртэй холбогдож байсан хэрүүлийг эцэслэхээр МСБХ-ны ээлжит сонгуулиар Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийг олонхи дэмжиж, ерөнхийлөгч болгосон. Гэвч юм болгоныг улс төртэй холбон харлуулах амархан учраас тийм ч амар салахгүй байна. Хамгийн сүүлд МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ сайдтай холбон харлуулах кампанит ажил өрнөсөн. Содномзундуй агсан бол сагсан бөмбөгийг үндэслэгчдийн нэг. Түүний хүү сагсан бөмбөгт сэтгэл зүрх, мөнгөө өгөөд нэр хүндээ алдаж байх шиг байна. Өмнө нь сагсан бөмбөгийг дэмждэг хүн тийм ч олон байгаагүй. Одоо бүр цөөрөх янзтай боллоо.
-Өмнө улстөрчид зөндөө л удирдаж байсан санагдах юм. С.Баярцогт, Ц.Мөнх-Оргил тэргүүтэй улстөрчид голдуу бий. Улстөрчдөөр удирдуулж ирсний үлдэгдэл өнөөдөр арилаагүй юм болов уу?
-Нийгэм нь тийм байсан. Одоо бол өөр болсон. Өмнөх үеийн ерөнхийлөгч нарт маш их баярлаж явдгаа хэлэх нь зүйтэй байх. Магадгүй буруу системээс болж Монголд байгаа спортын бүхий л холбоод хэрүүлтэй байгаа болов уу. Манай холбооны хувьд олон жилийн хэрүүл дуусах шатандаа орж байсан юм. Гэвч нэр бүхий хүмүүс хааж боох боллоо. Улс төртэй холбоод байгаа шалтгаан нь зөвхөн хүний хийсэн зүйлийг харлуулах зорилго агуулж байгаа. Жишээлбэл, Тулга гэдэг хүн Ардчилсан нам гарч ирээд энэ талаар ярьдаг болсон гэдэг. Тэгвэл тийм биш. Анх 2012 онд Сү.Батболд гишүүнийг Ерөнхий сайд байхад “Мөрөөдлийн баг” төслийг орон даяар хэрэгжүүлж байсан. Зөвхөн оролцсон тамирчид нь Буянт-Ухаа ордныг дүүргэж, олон хүүхдийг сагсан бөмбөгийн спортод татан оролцуулж байлаа.
Тийм хэмжээний тэмцээн зохион байгуулахад сэтгэл гаргасан Сү.Батболд ахад маш их баярлаж явдаг. Дараа нь С.Эрдэнэ гэдэг хүнтэй хамтран ажиллаж, сагсан бөмбөгийн хөгжлийг өөр түвшинд гаргаж ирсэн. Энэ спортод сэтгэл гаргасан хүн бүрийн ажлыг харлуулан цааш түлхэж байна. Одоо ч гэсэн сагсан бөмбөгийн төлөө сэтгэлтэй хэн бүхэнтэй хамтарч ажиллах бэлэн. Энэ бол багийн спорт. Түүнээс биш хагаралдуулж, гүтгэн доромжилдог хэсэг бүлгийн сумны ир хийхгүй. Өнөөдөр хэн нэгний улс төрийн хүчээр далайлгаж, холбоог булаан авах үйлдэл гарах гээд байх шиг байна л даа. Ингэж бодож байвал, “Та андуурч байна” гэж хэлье. Одоо хэрүүл хийж, яс хаян хагаралдуулж, ашиг хонжоо харж байгаа хүмүүс нэг хэсэг сагсан бөмбөгийг ямар ч тэмцээнгүй болгочихсон байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, уналтад ороод байсан сагсан бөмбөгийг шинэ менежментээр хөгжүүлсний дүнд хөгжлийн галт тэрэг хөдлөөд байна. Тиймээс бид эвтэй байвал хүчтэй байдгийг хэлж байгаа. Хэрүүл маргаанаар цааш хөгжихгүй. Одоо нийслэлийн Тамгын газрын дарга, ОУХМ М.Отгонбаяр зөв менежментээр хөгжиж буй сагсан бөмбөгөө дэмжин ажилладаг.
-Олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх хүртэл хааж, боож байна гэж үү?
-Хүн хэлсэн үгэндээ эзэн байх хэрэгтэй. Монголын сагсан бөмбөгчид Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэмцээнд сүүлийн хоёр жил оролцоогүй. Шигшээ баг Инчоний Азийн тоглолтод оролцсон. Гэхдээ тэр бол Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээн биш. Олон улсын олимпийн хорооноос зохион байгуулдаг тэмцээн. Саяхан Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд оролцож чадаагүй. Ирэх онд болох дэлхийн аваргын урьдчилсан тоглолтод ч оруулахгүй байх арга хэмжээг спорт хариуцсан шинэ дарга, цэрэг нар авч байна. Энэ мэтээр сагсан бөмбөгийн төлөө нэг ч зүйл хийгээгүй байж садаа болж байгаа хүн олон байгаа.
Сагсан бөмбөгийн спорт өмнө нь ийм байгаагүй юм. Лиг болдоггүй өнждөг байлаа. Сагсчид хөл бөмбөг, гандболл, гал унтраадаг тэмцээнд хүртэл ороод явдаг байсан. Энэ бол бодит үнэн. Тэр үеэс манай найз нөхдүүд хамтран анх ажилчдын лиг буюу “Спрайт лиг”-ийг зохион байгуулж эхэлсэн. Улмаар үндэсний хэмжээний лиг хүртэл нь хөгжүүлчихээд байна. Наад зах нь сагсчид хангалуун сайхан амьдардаг болсон. Анх сагсан бөмбөгтэй ойрхон байсан бүх хүмүүс ямар байсныг нь мэднэ. Одоо тамирчид зөвхөн сагсан бөмбөгөө тоглоод амьдралаа аваад явж байна. Энэ амжилтыг улс төр, урлагтайгаа холин харлуулах хэрэггүй. Манай холбоо аль нам эвсэл, хувь улстөрчийн сонгуулийн ажилд явж үзээгүй, цаашид ч дагалдахгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.
-Үнэхээр ирэх онд болох олон улсын тэмцээнүүдэд шигшээ багаа оролцуулахгүй байх шийдвэр гаргачихсан юм уу?
-Ийм байдал үүсчихээд байгаа нь үнэн. 2019 оны Дэлхийн аваргын урьдчилсан тоглолтод ирэх 2017 онд эхэлнэ. Яг одоогийн байдлаар энэ тэмцээнд спортын салбарын удирдлагууд болон сагсан бөмбөгийн хөгжлийг хойш татаж ирсэн хүмүүс үндэсний шигшээ багаа оролцуулахгүй байх хэмжээнд хүргэж байна. Олон улсын байгууллагуудын зүгээс “танайх дотроо учраа ол” гэдэг. Энд нь юу ч хийгээгүй, хийдэггүй хэдэн хүмүүс “Та нарыг зайлуулна” гэдэг байдлаар хандах болсон. Сагсан бөмбөгчдийн дунд яс хаяж, хагаралдуулаг хэсэг бүлэг хүмүүс МАН-ын дарга М.Энхболдын хүү Анарыг муу зүйлд ашиглан энэ сайхан спортыг маань улстөртэй хутгах гэж байна. Анарын хувьд сагсан бөмбөгт элэгтэй өөрөө тоглодог байсан сайн залуу. Бид чин сэтгэлээсээ сагсан бөмбөгт хайртай, энэ спортыг улс төртэй хутгахгүйгээр хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг хэн бүхэнтэй хамтран ажиллана. Тиймээс бид нэгдэж ажиллая гэдэг. Сагсан бөмбөгчид улсаас нэг ч төгрөгийн татаас авч үзээгүй, харин 40 гаруй сая төгрөгийн татвар төлсөн байдаг.
-Сагсан бөмбөгийн холбоо тийм их мөнгө эргэлддэг газар юм уу. Ер нь холбоог гартаа байлгахын далд шалтгаан юу вэ?
-Өөрсдөө юм бүтээдэггүй мөртлөө хүний байгуулсан зүйлийг булаадаг монгол зан бий. Хүний босгосон зүйл рүү улайрч дайрдаг. Дайрахдаа муухай арга хэрэгсэл хэрэглэдэг. Шийдвэр гаргах төвшинд ухаантай хүн зөндөө байгаа учраас энэ байдал удахгүй цэвэрших байлгүй. Үгүй бол, хэрүүл хийж гүйдэг хэсэг бүлэг хүмүүс монголын сагсан бөмбөгийн хөгжлийг сарниулж мэдэх нь, улмаар тамирчид хохирох нөхцөл үүсээд байна. Санхүүгийн хувьд, олон улсын байгууллагатай ямар ч холбогдолгүй.
Ерөөсөө цэвэр олон улсын менежментээр явж байгаа. Бид спортын салбарт олон менежментийг Монголд оруулж ирсэн. Улсаас мөнгө аваад идэж уугаад байдаг бол хуулиар хариуцлага хүлээчихсэн байгаа биз. Улсдаа үйл ажиллагааныхаа татварыг төлдөг. Магадгүй спортын салбарын тэргүүний татвар төлөгч холбоо манайх байх. Өнгөрсөн онд спортын салбарт 8.9 тэрбум төгрөг зарцуулсан. Монголын залуучуудыг байлдан дагуулж буй сагсан бөмбөгийн спорт энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Тэр 8.9 тэрбум төгрөгийг бүрдүүлэхэд татвар төлж хувь нэмрээ оруулсан.
-Энэ жилээс хуучин холбоо үйл ажиллагаагаа сэргээж, “Дээд лиг”-ээ зохион байгуулна гэдэг яриа гадуур гарсан байна л даа. Үүний хажуугаар хамгийн олон үзэгчтэй гэгддэг “Супер лиг” энэ жил болохгүй байх магадлалтай гэх мэдээлэл авлаа. Заал танхимын маргаан байх шиг байна. Энэ талаар салбарын сайд Ж.Батсуурь, спортын төвийн дарга Ц.Шаравжамц нарт хандаж үзсэн үү?
-Хуучин холбоо хэнийг хэлээд байгааг сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн онд монголын ууган сагсан бөмбөгийн холбоо ээлжит их хурлаа хийж, ерөнхийлөгчөөр Ц.Цэвэрбал багшийг сонгосон. Тус хуралд FIBA-гийн төлөөлөгчид болон МҮОХ, Оюутны сагсны холбоо, сагсан бөмбөгийн үе үеийн зүтгэлтнүүд, бүх талын төлөөлөгч оролцсон юм. Ийнхүү 10 жилийн дараа МСБХ шүүхийн шийдвэрийн дагуу албан ёсны их хурлаа хийж, шинэчлэгдсэн. Өнгөрсөн сарын 4-нд “Супер лиг”-ээ эхлэх гэж байсан боловч Спортын төв ордны шинэ дарга нар эхлүүлэхгүй гэсэн. Одоо 21 аймгийн лигийн тэмцээн болж байна. Энэ тэмцээнд дуусаад мэргэжлийн лигээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Бидний зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Спортын төв ордны заал танхимын түрээсэнд 200 гаруй сая төгрөг төлсөн байдаг.
Өр төлбөртэй бол өөр хэрэг. Гэвч шинэ дарга нар тодорхой тайлбар өгөлгүй, аль нэг намын лиг маягаар хандах болсон. Үзэгчдийн зүгээс ч “Супер лиг хэзээ эхлэх вэ” гэж өдөр бүр асууж байна. Нөгөө талаар тамирчид бэлтгэл сургуулилтаа алдаж байгаа нь хамгийн гол эмгэнэл. Бид 2012 оноос арван жилийн мастер төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Энэ хүрээнд АНУ-аас 50 мэргэжлийн тоглогч ирж тоглох болсон. Үүний үр дүнд Монголын сагс өнөөдрийн төвшинд хөгжсөн. Энэ амжилтаараа бахархдаг. Хэсэг хүмүүс лиг хийнэ гээд яваад байгаа гэсэн. Тэр хүмүүс санасан төвшинд хийж чадахгүй байхад л сагсан бөмбөгт маш том хохиролтой. Миний хувьд тэр хүмүүсийг биднээс дээр юм хийнэ гэхэд итгэхгүй байна.
Үүнийг хийхийн тулд өглөө 07.00 цагт гэрээсээ гараад шөнө дунд гэртээ орох шаардлагатай. Эцэст нь хэлэхэд, одоо сагсан бөмбөгийн төлөө хөдөлмөрлөж байгаа залуус одон медаль горьдож энэ ажлыг хийгээгүй юм шүү. Манай багаас илүү сайн ажиллах хүмүүс байвал бид заавал буцаацалдах шаардлагагүй. Бид зөвхөн монголын сагсан бөмбөгийг дэлхийн тавцанд гаргахын тулд өдөр шөнөгүй зүтгэж байна. Мэдээж, бидний хэдхэн хүн хөдөлмөрлөөд энэ амжилтад хүрээгүй. Хамгийн сүүлд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэхэд ард түмэнд таалагдсан. Харамсалтай нь багийн спортын түүхэн амжилт спортын салбарын сайд дарга нарт таалагдахгүй байх шиг байна.
-Нэг үе Монголд багийн спорт хөгжихгүй гэдэг байсан. Одоо харин сагсан бөмбөгчид олон улсын тавцанд амжилт гаргаад ирлээ. Сагсан бөмбөгчдийг энэ амжилтад хүргэхийн тулд та болон танай хамт олон хэрхэн хөдөлмөрлөж байсныг монголчууд мэднэ. Төрөөс нэг ч төгрөг авахгүй өдий зэрэгт хүрсэн гэлээ. Одоо спортын салбарын сайд дарга нарт хандаж юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт, спортын сайд Ж.Батсууриас багийн спорт тэр дундаа сагсан бөмбөгт анхаарлаа хандуулаасай. Хоёрдугаарт, сагсан бөмбөгийн гэр бүлээс төрөн гарсан БТСГ-ын дарга Ц.Шаравжамц та бүх төвшний лигт тоглож буй сагсан бөмбөгчдөө бодон “Үндэсний супер лиг”-ийг эхлүүлэх Спортын төв ордонд заалыг энэ спортыг үзэх дуртай хөгжөөн дэмжигчдэдээ зориулан гаргаж өгнө үү. Гуравдугаарт МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар FIBA-гаас МСБХ-ны шинэ удирдлагуудыг хүлээн зөвшөөрсөн байсныг үл ойлголцох байдал үүсгэж, түдгэлзүүлсэн алдаагаа засаж, 2017 онд эхлэх сагсан бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцуулж өгөхийг сагсан бөмбөгчдийнхөө өмнөөс хүсье.
-Үндэсний шигшээ багийнхан ирэх онд ямар тэмцээнүүдэд орох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ирэх онд гурвын эсрэг гурав төрөл олимпод орох эсэх нь шийдэгдэх гэж байна. Дэлхийн оюутны наадамд Тайваньд болно. Дээр нь гурвын эсрэг гурвын гранпри тэмцээнүүд урьсан байгаа. Үүнээс гадна хэд хэдэн нэр хүндтэй тэмцээн бий. Эдгээрээс хамгийн гол нь 2019 оны Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт эхэлнэ. Тэр тэмцээнд оролцох эсэхийг спортын салбарын удирдлагууд шийдэх магадлалтай. Мөн дотоодод 40 орчим тэмцээн зохион байгуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Д.Дорж
С.Тулга: Сагсан бөмбөгт сэтгэлтэй, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг хүн бүр эвлэлдэн нэгдэх цаг болсон | ||
Үзсэн: 3996 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.