![](/uploads/201702/news/thumb/1791755fb108953071faf0262256db28_x3.jpg)
Биатлон гэдэг нь 2 өөр спортын төрлийн хосолсон нийлмэл спортыг хэлдэг. Энэ нь хос мөр гарган хурд сорьдог, хол замд онч сорьдог, хоёр спортын хослуулсан сонирхолтой төрөл юм. Гэхдээ ихэнх тохиолдолд гүйлтийн цана болон буудлага спортын хослол болсон спортын төрлийг ингэж нэрлэдэг бөгөөд биатлон гэвэл уг спортын төрөл гэж ойлгодог. Түүнээс гадна кросс гүйлт, буудлагыг хослуулсан зуны биатлон, мөн гүйлт, усанд сэлэлтийг хослуулсан орчин үеийн биатлон болон биатл зэрэг спортын төрлүүд бий болсон.
Энэ спортын үүслийн тухайд гэвэл биатлоны спорт Норвегийн цэргийн бэлтгэлээс анх үүсч байжээ. 1924 оны анхны өвлийн олимпийн хөтөлбөрт биатлоны спорт “цэргийн манаа” нэрээр орсон бөгөөд 1928, 1936, 1948 оны олимпийн наадмуудад үзүүлэх спортын хувиар багтсан байна. Гэхдээ оролцогч орнуудын зарим нь Олон Улсын Биатлоны Холбооноос гаргасан тэмцээний дүрмийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас албан ёсоор олимпийн хөтөлбөрт багтаж чадаагүй байна. 1950-иад оны дундуур ЗХУ болон Швед улсад биатлон эрчимтэй хөгжиж, 1958 онд дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн зохиогдож байсан байна. Үүний дараа 1960 оноос л өвлийн олимпийн хөтөлбөрт албан ёсоор багтаж эхэлсэн юм. Харин энэ спорт өнөө цаг үед өвлийн олимпийн хамгийн үзүүштэй, сонирхолтой спортын төрлүүдийн нэг болоод байгаа билээ. Мөн 1992 онд Франц улсын Альбервилл хотноо зохиогдсон 5 дахь удаагийн өвлийн олимпийн наадмаас эхлэн эмэгтэйчүүд биатлоны спортоор олимпийн тавцанд өрсөлдөх болсон түүхтэй.
Биатлоны спорт Монголд - Уг спорт манай улсад хэрхэн үүссэнийг сөхвөл яавч шинэ биш. Үүслээрээ 80 гаруй жилийн түүхтэй учраас Монголын ууган өвлийн спортын нэг гэхэд болно. Гэвч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ яалт ч үгүй шинэ болчихоод байгаа юм. Манай улсад биатлоны спорт анх 1930-аад онд үүссэн бөгөөд 1962 онд олон улсын биатлоны холбоонд элсчээ. Харин биатлоны холбоо байгуулагдахаас өмнө буюу 1956 онд тухайн үеийн Чехословак улсад болсон олон улсын тэмцээнд Монголын биатлонч оролцсон нь манай тамирчдын анхны хилийн чанад дахь тэмцээн байв. Улмаар тухайн жилдээ “Алдар” нийгэмлэгийн дэргэд олон улсын тэмцээнд оролцох зорилгоор биатлоны шигшээ багаа байгуулсан түүхтэй. Олон улсын биатлоны холбоонд элссэнээс хойш нэг жилийн дараа ОХУ, Финляндаас спортын винтов буу оруулж ирснээр мэргэжлийн тамирчдаа бэлтгэж эхэлсэн байх юм. Үүний үр дүнд 1964 оны Австри улсын Инсбург хотод болсон 10 өвлийн олимпийн 10-р наадамд биатлоны 20 км-ийн зайд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нарын гурван тамирчнаа илгээж байсан түүхтэй. Тухайн үед манай тамирчдын оролцсон төрөлд 87 биатлонч уралдсанаас Б.Дамдинжав 31 дүгээр байр эзэлж байсан юм. Тэрээр мөн 1978 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 дүгээр байрын амжилтаа бататгажээ. Энэ нь өнөөдрийг хүртэл олон улсын тэмцээнд Монголын биатлончдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт хэмээн бүртгэгдсэн билээ. Түүний амжилтыг одоогоор нэг ч тамирчин эвдээгүй байгаа юм.
Энэ зэргээр биатлоны спорт 1990 он хүртэл боломжийн хэмжээнд хөгжсөн аж. Гэвч тухайн үед манай улс ардчилсан нийгэмд шилжсэнээс эдийн засгийн боломж нь муудаж, биатлоны спортын хөгжил зогсонги байдал оржээ. Сонирхолтой нь манай улс 1978 онд Хандгайт дахь цаны баазад биатлоны анхны олон улсын тэмцээн зохион байгуулсан нь социалист орнуудын нөхөрлөлийн тэмцээн байлаа. Уг тэмцээнд ЗХУ, Болгар, Чехословак зэрэг зургаан орны баг оролцсон байдаг. Харин 2012 оноос Монголын биатлоны холбоог дахин сэргээж, үйл ажиллагааг нь шинэчилснээр өвлийн спортын спортын нэгэн төрөл манай улсад дахин хөгжих эхлэх боломжийг нээсэн юм.
Биатлоны спортын тухай | ||
Үзсэн: 3931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.