Монголын программ хангамж үйлдвэрийн салбарын анхдугаар чуулган энэ сарын 11-нд болох гэж байна. “Монгол ухаан-Монгол брэнд” уриатай анхны чуулган программ хангамж үйлдвэрлэлийн салбар, төр хоёрын хамтын ажиллагааны гүүр болох аж. Хэзээ ч шавхагдахгүй хэрнээ асар их баялагийг бүтээж болох оюуны бүтээлийг гаргах, дэмжих, олон улсын хэрэглээ болгох том зорилгын эхлэлийг тавих энэ чуулганы талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц. Жадамбаатай ярилцлаа.6
- Программ хангамж үйлдвэрийн салбарын анхдугаар чуулганы товлосон хугацаа дөхөж байна. Чуулганы зорилго юу байв, анхны гэдэг үүднээсээ нэлээд хүлээлтийг үүсгэж байгаа байх?
-Өнгөрсөн түүхийн явцаас харвал программ хангамж, үйлдвэрийн салбар төрийн бодлогогүйгээр өнөөдрийн байгаа дэд бүтэц, боломжид тулгуурлан өөрийн гольдролоор хөгжиж ирсэн. Салбарынхаа хүчин чадлаар гэсэн үг. Монгол Улсад програм хангамж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 414 компани бүртгэлтэй байдаг. Үүнээс 200 орчим нь тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ 200 гаруй компаниас 89 компани нь Монголын програм хангамжийн үйлдвэрчний холбоонд гишүүнчлэлтэй байдаг. Энэ салбарт ажиллаж байгаа хүчин чадлын тоон үзүүлэлтээс харвал тодорхой хэмжээгээр бие даагаад хөгжсөн гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд маш олон програмыг төрд бас хувийн хэвшлүүдэд хийж өгсөн байна. Харин одоо бидэнд энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуулт тулгарч байгаа юм. Өнөөдөр сүүлийн гурван жилийн дунджаар нийт татвар төлөлтийн 0.03 хувийг програм хангамж үйлдвэрлэгч компаниуд бүрдүүлж байгаа. Үлдсэн ихэнх хувийг газрын доорх баялаг, уул уурхай эзэлдэг. Гэтэл дэлхийн байгалийн баялаггүй улс орнууд хаанаас бүтээгдэхүүн бий болгож, баялаг үйлдвэрлэж байгаа вэ гэхээр мэдлэгт тулгуурласан салбар, түүн доторх програм хангамжийн салбараас мөнгө босгоод байна. Монголчууд бидэнд ч ийм боломж байгаа. Монголын програм хангамжийн салбарыг зөв дэмжин, гаргаж ирж чадвал эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулна. Бүр цаашлаад дэлхийд бүтээгдэхүүн гаргах боломж бий гэж харж байна. Энэ том зорилгоо бид “Монгол ухаан-Монгол брэнд” гэсэн уриа болгож тавьсан юм. Энэ урианыхаа хүрээнд анхдугаар чуулганаа хийх гэж байна. Анхных учраас дотоод асуудлаа түлхүү ярина. Чуулган маань гурван салбар хуралдаанаас бүрдэнэ. Бид бэлтгэл хуралдаануудад маш их ач холбогдол өгсөн. Өнгөрсөн есдүгээр сарын дундаас эхлээд бэлтгэл хуралдаануудыг хийсэн.5
-Анхны хэмээн тодотгон хийж байгаа чуулганаас салбарынхан юу хүлээх вэ? Ямар үр дүн гарах бол?
-Бодлогын баримт бичиг, зөвлөмжүүд гарна. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол инноваци гэх зүйлийг дэмжихэд эдийн засгийн үзүүлэлт буюу хөрөнгө оруулалт маш чухал байдаг. Тэгэхээр программ хангамжийн компаниудад төрөөс бодитойгоор дэмжлэг үзүүлэх боломжийг энэ чуулганаар бий болгохыг зорьсон. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна. Ерөнхий сайд ч маш сайн дэмжиж, төрөөс гарч байгаа мөнгөний урсгалд программ хангамжийн компаниудаа хамруулъя гэж ярьж байгаа. Жишээлбэл, Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас гэр, эсгий урлал гэх мэтээр чиглэл чиглэлээр дэмжлэг үзүүлдэгтэй адил Монголын програм хангамж үйлдвэрлэгч компаниудыг энэ хөнгөлөлттэй зээлэнд оруулъя гэж тохирсон. Үүнээс гадна Шинжлэх ухаан технолгийн сан өнгөрсөн хугацаанд програм хангамжийн тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байсан. Гэхдээ энэ удаа илүү бодитой, олон тооны төслүүдийг дэмжихээр болсон. Бас нэг дэмжлэг нь төрийн өмчит байгууллагуудад жилийн хугацаанд хийгддэг програм хангамжийн бүх ажлыг монгол компаниар хийлгэнэ. Энэ бүхнээс гадна нэг шинэлэг зүйл нь оюуны өмчийн патентыг нь барьцаалж зээл олгох талаар ярилцаж байна. Үүнийг дагаад зээлийн батлан даалтын сан гарч ирнэ. Энэ санд түшиглэн оюуны өмчийг нь барьцаалан тодорхой компаниудад зээл олгох талаар банкуудтай ярьж байна. Нэлээд их бэрхшээл байна. Судлах, үнэлэх гээд олон асуудал байгаа ч эхний ээлжинд харилцан ойлголцлын санамж бичиг гарын үсэг зураад ажиллана. Мөн Японы хоёр үе шаттай зээлд програм хангамжийн компаниудыг хамруулна. Энэ мэтээр төрөөс дэмжиж болох бүх хэлбэрүүдэд компаниудыг хамруулж дэмжихийг зорьж байна.
-Программ хангамжийн компаниуд татварын орлогын 0.03 хувийг бүрдүүлж байна гэлээ. Тэгвэл энэ хувь өсөх боломж хэр байгаа вэ? Төрөөс ч багагүй дэмжлэг үзүүлэх бололтой.
-Энэ орлоготой нь салшгүй холбоотой. Тиймээс эхний ээлжинд орлого олох боломжийг нь бүрдүүлж өгнө. Ингэсний дараа бүтээгдэхүүн нь гарч, хэрэглэгдэж эхэлснээр үр дүнгийн тухай яригдана. Өнөөдөр Монголд хэрэгцээ маш их байна. Сүүлийн жилүүдэд үүрэн холбооны операторуудын дуудлагын хувь маш ихээр буурч, дата хэрэглээ өсч байгаа. Ойрын таван жилдээ дата хэрэглээ нийт хэрэглээний 80 хувь руу орох байх. Дата хэрэглээ өсөхийн хэрээр түүнд тохирсон программ хангамж хэрэгтэй болно гэсэн үг. Бид утсаар ярихаас гадна маш олон үйлдлийг хийдэг. Энэ бүх үйлдлийн ард програм хангамж явдаг. Хятадыг интернет хааснаас болж хүний эрхийг хязгаарласан гэж ярьдаг. Гэтэл үүний цаана эдийн засгийн маш том урсгалыг зогсоосон. Хятадын тэрбум хүний интернет хэрэглээнд маш их хэмжээгээр эргэлдэж байгаа мөнгийг гадагшаа алдахыг хүсээгүй учраас дотоодын гүүглэ, фэйсвүүктэй ижил төстэй компани ба бүтээгдэхүүнийг бодлогоор үүсгэсэн. Ингэж тэр мөнгөө дотооддоо эргэлдүүлж эхэлсэн. Энэ бол эдийн засгийн маш том бодлого. Монгол ч гэсэн бодлогоо бий болгох хэрэгтэй байна.
-Манайхны өөрсдийн зохиосон контент нэлээд байдаг. Тэднийг баталгаажуулах цаашлаад олон улсад гаргах боломж байна уу?
-Оюуны өмчийн баталгаажуулалтыг хийх нь тухайн санаа гаргаж байгаа хүн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компанийн өөрийнх нь асуудал. Харин бидний зүгээс тэр бүтээгдэхүүнийг илүү боловсронгуй болгох, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд нь бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой. Эцсийн үр дүнд бид хамтдаа бүтээгдэхүүн гаргана. Тэр бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй олон улсад гаргахын төлөө бид хамтдаа ажиллана. Нэг үгээр хэлбэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдэж байна гэсэн үг.
-Ер нь манайд ашиглагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийн хэдэн хувь нь дотоодынх бол?
-Тоон үзүүлэлтийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдрийн хэрэглэж байгаа программ хангамжийн ихэнх нь гадных.
-Өнөөдрийн програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг дүгнэвэл?
-Би бол дунд гэж хэлнэ. Дунд байгаа учраас бид дээд болгохын төлөө явж байгаа. Өндөр түвшинд хөгжөөгүй байгаа нь тал талын хүчин зүйлтэй холбоотой.6
В.Бат /www.shuud.mn/
Ц.Жадамбаа: Оюуны өмчийн патент барьцаалж зээл олгох талаар ярилцаж байна | ||
Үзсэн: 3561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.