Шууд Chart

Г.Отгон: Багаасаа радиод чихээ нааж, шимтэн сонсож байсан минь насан туршдаа идэх хоолоо бэлдэж байж ээ

2017-08-15 10:56:26

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын радиогийн нэвтрүүлэгч Гаваагийн Отгонтой МҮОНР хэмээх том айлын босгоор хэрхэн алхан орсон хийгээд  ажиллаж буй он цагийнх нь тухай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулж, цэнхэр дэлгэцийн хамт олондоо ч баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

-МҮОНР-д та хэдэн оноос эхэлж ажиллаж байна вэ?

-1980 онд шалгуулж, дараа жилээс нь ажилтан болсон. Эхний жил оюутан ч байсныг хэлэх үү радиод нэвтрүүлэгч болох гээд өнждөг байлаа. Тухайн үед томчууд намайг “Ийм хүүхэд байдаг гэдгийг мэддэг болчихсон. Цаашдаа авна” гэсэн итгэлийг надад өгөөд байсан юм. Ийнхүү миний албан ёсны багшаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Чулуунбат, дараа нь Ц.Цэцэгээ багш болсон. Харин хэлтэсийн даргаар С.Гунгаа гуай ажиллаж байв. Манай радиогийн олон сайхан нэвтрүүлэгчээс эрэгтэйчүүдээс Б.Цэвээндорж, С.Гунгаа, Ч.Чулуунбат нар дархлагдаж үлдсэн.  

-Таны багын мөрөөдөл радиогийн нэвтрүүлэгч үү?

-Тийм. Багаасаа радио их сонсдог байсан болохоор нэвтрүүлэгчдийн дуу хоолойг андахгүй. Намайг ажлын гараагаа эхлэхэд С.Гунгаа дарга “Ажилд ороход бэлэн хүүхэд байна” гэж хэлж байсан.

-Шалгаруулалтаа яаж өгөв?

-Ганцаараа очиж шалгуулахаас ичсэндээ эгчийгээ, эмэгтэй найзынхаа дүүтэй хамт дагуулж очсон. Эхлээд тэр хоёрыг оруулчихаад хамгийн сүүлд өөрөө орсон. Яг орох гэсэн чинь санаа зовоод болдоггүй. Тэгсэн эгч “Чи гэртээ уншдаг шигээ уншчихгүй юу даа” гэхээр нь өөрийнхөө төсөөллөөр л уншсан. Гэтэл шалгаж авсан багш нар “Чи чинь харин давгүй хүүхэд байх чинь. Хэлтэсийн даргад санал оруулья” гэж билээ. Дараа нь хамт олны хурал болж, 20 орчим хүн санал хураахад бүгд зөвшөөрч, үнэхээр сайхан үг хэлсэн нь хурлын тэмдэглэлд бичигдсэн байдаг. Түүнийг С.Гунгаа дарга надад дурсгал болгож гардуулж байлаа.

-Анх ямар редакцид нэвтрүүлэг уншив?

-Залуу хүнийх нь хувьд хүлээн авч, Хүүхэд залуучуудын нэвтрүүлэгт ажиллуулсан. Өглөөний мэндийн нэвтрүүлэг ч тэнд явагдана. Мөн Залгамжлагч радио станц нэвтрүүлэгт олон жил уншсан. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Банзрагч гуай Богдын дүрд тоглосон БНМАУ-ын Ардын жүжигчин Нямын Цэгмид гуайг авч ирж, “Өвөөгийн дотны найзууд” нэртэй булангийнхаа өвөөгийн дүрд, дотны найз хүүхдийн дүрд намайг олон жил тоглуулсан. Юм гэдэг сонин юм. Н.Цэгмид гуайг ёстой л өвөө болчихсон байхад нь МҮОНРТ-ийн сэтгүүлч П.Алтанцэцэг түүний тухай нэгэн сайхан хөрөг биччихээд надаар уншуулсан. Би ч их дуртай хүлээн авсан.   

-Радио их сонсдог байсан гэж дээр хэллээ. Хөдөө өссөн хүүхэд ихэвчлэн ингэж ярьдаг. Та хаана өссөн бэ?

-Аав маань Төв аймгийн Баян сумынх, ээж Дундговь аймгийнх. Гэхдээ би хөдөө өсөөгүй. Айлын отгон хүүхэд болохоор манайхан надад идэж, уух юм бэлдэж өгчихөөд ажилдаа явчихна. Гэртээ ганцаараа үлдсэн би радио их сонсдог байлаа. Монголын сор болсон нэвтрүүлэгчдийн уншсан Москвагийн радиог хүртэл сонсдог байв. Тэгэх тусам улам сонирхож, дурлаж байсан л даа. Тэр үедээ “Энэ жижиг дөрвөлжин юмны хаана нь хүн байдаг юм бол” гэж бодоод “Эх орон-52” радиогоо задалж байлаа. Хамгийн гол нь би энэ бүхнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр радиод чихээ нааж, шимтэн сонсож байсан минь насан туршдаа идэх хоолоо бэлдэж байж ээ.

-Таныг ялангуяа орон нутагт явж байхад сонсогчид хоолойгоор чинь шууд таньдаг уу?

-Хөдөө гэлтгүй хотынхон ч таньдаг. Заримдаа таксинд суугаад явахаар жолоочид “Та нэвтрүүлэгч үү” гэж асуудаг. Улсын баяр наадмыг олон жил хөтөлсөн болохоор нээлт, хаалтын өмнө, хойно сурвалжлагчид ярилцлага их авна л даа. Тэгэхээр царай төрхөөр ч нэлээн танина.

-Радиогоор өөрийнхөө дуу хоолойг анх сонсоод юу гэж бодож байв?

-Ахмадууд биднийг “Өөрийнхөө дуу хоолойг сайн сонсож бай” гэж хэлдэг байсан. Тэгээд ч миний зан өөрийнхөө уншилтыг дараа нь заавал сонсох. Москвагийн радиод дөрвөн жил ажиллахдаа ч мөн адил Орос найруулагч эмэгтэйд хэлж байгаад нөхөж сонсдог байсан. Тэр ч бүү хэл Москвагийн радио яг хаанаас дугардаг юм бэ гээд үзхэд маш олон дамжлагатай байсныг нь мэдсэн. Тэгэхэд тэр эмэгтэй “Энэ олон жил манайх Монголын радиотой хамтарч ажиллахдаа нэвтрүүлгээ дахиж сонсдог, Москвагийн радио яг хаанаас дугардгийг нь үзье гэдэг чамаас өөр хүнтэй таарч байсангүй. Энэ бол маш сайн чанар” гэж хэлж байсан. Уншиж байхдаа жигтэйхэн гоё хэлж байгаа юм шиг санагдаж байсан ч анх сонсход “Энэ үгийг ингээд хэлчихгүй яав аа, тэр хэсгийг тэгдэг байж” гэж бодогдож байсан.

-Та хүүхэд байхдаа урлагийн номер хөтөлдөг байв уу?

-Хөтөлнө, дуулна. “Харанга”, “Хурд” хамтлагийнхны төгссөн Төмөр замын 20 дугаар дунд сургуульд сурч, “Ганзам” чуулгын гоцлол дуучин байлаа. Манай анги тэр чигээрээ “Ганзам” чуулга.

-Та аав, ээжийнхээ альных нь хоолойг дуурайсан бэ?

-Миний ээжийг М.Ханд гэдэг байсан. Мөн ч сайхан дуулна. Харин аав дуугай талдаа, цэргийн хурандаа цолтой хүн байв. Тэгэхээр би ээжийнхээ хоолойг өвлөсөн юм болов уу. Нэг эгч маань Монголын анхны эмэгтэй хөөмийч, дунд эгч мөн л сайхан дуулна.

-Бөхчүүд ирээдүйтэй хүүхдүүдийг хараад таньдаг гэдэг. Харин та нэвтрүүлэгч болвол зүгээр юм уу гэсэн хүүхэдтэй тааралдаж байв уу?

-Хүүхэд гэлтгүй том хүнтэй ч таарч байсан. Дэлгүүр хоршоонд, автобусанд гэх мэт газар сайхан хоолойтой хүмүүс тааралддаг. Тэгэхээр нь би өөрийн эрхгүй эргэж хармаар болдог. Тэр үед “Эдгээр хүн одоо юу хийдэг болдоо. Нэвтрүүлэгч болсон бол зүгээр байж дээ” гэж боддог. 

-Таныг хөрөг бичдэг гэж сонссон. Одоогоор хэчнээн хүнийг бичээд байна вэ?

-40 гаруй болсон байх. Яагаад хөрөг бичдэг болсон бэ гэхээр 20-иод жилийн өмнө ээж маань, дараахан нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, уртын дуучин Н.Норовбанзад гуай бурхан болсон юм. Энэ хүн ээжтэй маань нэг нутаг байсны зэрэгцээ “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийг надтай хамтран хөтөлдөг байсан болохоор би их ойр. Эфирт нэг өдөр сууж байхдаа ээжийгээ, Н.Норовбанзад гуайг бодож байгаад тэмдэглэл бичсэн юм. Тийнхүү түүнийгээ уншсан чинь гайгүй болсон юм шиг санагдахаар нь нэмж засаад “Зууны мэдээ” сонинд өгч, нийтлүүлсэн. Тэгсэн маргааш нь маш олон хүн над руу утасдаад “Ёстой сайхан болж” гэж хэлсэн. Дараа нь телевиз, радиогийн хүн болгон өөрсдийгөө нэвтрүүлэгч гэж хэлээд байхаар нь “Хөтлөгч гэдэг нэвтрүүлэгч биш ээ” гэсэн гарчигтай нийтлэл бичээд “Өнөөдөр” сонинд өгсөн чинь мөн л хэвлэчихсэн. Гэтэл Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, П.Сандуйжав, Л.Гүнсэн гуай нар баяр хүргэж, магтаад л. Ингээд би эдгээр томчуудаас урам авч, хүний тухай дагнаж бичье гэж бодсон хэрэг. 100 хүний тухай биччихвэл номын хурим хийх санаа байгаа. Яг одоогоор Монгол Улсын ардын жүжигчин Д.Мэндбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Ц.Хулан, “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Херо” интертайментийн захирал Б.Баатар, УДЭТ-ын жүжигчин Б.Отгонбат нарын тухай бичихээр зэхэж байгаа. Би эдгээр хөргөө шилэгддэггүй юмаа гэхэд шидэгдэхгүй байх гэж боддог. Энэ бол миний хобби.

Дашрамд хэлэхэд энэ жил дүү телевизийн 50 жилийн ой тохиож байна. Ингэж хэлсний учир нь Монголын радио 1934, МҮОНТ 1967 онд байгуулагдсан болохоор тэр. Гэхдээ бид хамт баярлана. Онцолж хэлэхэд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц байгууллагынхаа гадаад болон дотоод үзэмжээс эхлээд олон ажил өрнүүлж байна. Мөн түрээслэж байсан байгууллагуудыг гаргаж, ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг хүртэл байгуулж байгааг би дөнгөж сая сонсоод маш их баярласан. Энэ бол маш том ухаан, хөрөнгө оруулалт юм. Иймд телевизийнхээ хамт олонд баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн амжилт хүсэе.

 -Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.    

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Отгон: Багаасаа радиод чихээ нааж, шимтэн сонсож байсан минь насан туршдаа идэх хоолоо бэлдэж байж ээ  
Үзсэн: 5443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.24.xxx] 2017-08-19 18:23
ямар хүн ийм гоё тод сайхан дуу хоолойтой болж төрдөг юм болоо. Би өөрийнхөө ярихыг бичлэг хийгээд сонсоод маш их голсон. зүгээр л ярихад шүү дээ,
Зочин [103.26.193.xxx] 2017-08-15 19:26
Миний ажлын бас амьдралын минь багш минь юм шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй