"Өршөөлийн хууль хэзээ батлагдах вэ маш их хүлээж байгаа шүү эрхэм гишүүд ээ" , ..."санамсаргүй байдлаас болж алдан залуу насаа хатуу төрийнхөө шоронд өнгөрүүлэн, өршөөлийн хуулиа хүлээн суугаа залуусаа бодооч"
Яг ийм утгатай сэтгэгдлүүд манай сайтын өдөр тутмын урсгал мэдээний дор хүртэл олноор харагдана. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ хэмээгдэж байсан ч намрын чуулган хүртэл хойшилж, 10 сарын 10-ны өдөр УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн баригдсан уг хуулийн төсөл чухам ямар шатандаа явна вэ?
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл одоо ямар шатанд хэлэлцэгдэж байгаа талаар тодруулахаар УИХ-ын тамгын газар, хууль зүйн байнгын хороо руу утас цохилоо. Хуулийн төсөл хүргэгдэж ирээгүй байгаа гэнэ. Тэгэхээр УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж байгаа хэрэг хэмээн бодож, тодруулбал, “Долоо долоо хоногийн хэлэлцэгдэх асуудлуудад орж ирээгүй байгаа.” гэсэн хариу авдаг юм байна. Гайхаж хоцров.
Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл өргөн баригдаад л мартагдсан хэрэг. Зөвлөхүүдийн хурал, хууль зүйн байнгын хороо, цаашлаад УИХ, анхан шатны хэлэлцүүлэгт орох зэрэг шат шатны хурлууд одоогоор хууль санаачлагчдын хувьд зөвхөн мөрөөдөл хэвээр байна.
Өршөөл үзүүлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна, өргөн барилаа хэмээн баахан шоу хийсний ард ийм “царцаалт” үүсчээ. Уг нь парламентад суудалтай бүх улс төрийн хүчин, бие даагчид уг хуулийн төсөлд гар бие оролцсон гэгддэг. Тийм ч учраас он он дамжин яригдсаар байгаа эл асуудал улс төрийн хүрээнийхний сонирхлыг хэдийнээс татахаа больчихов гэх асуулт гарч ирнэ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл боловсруулагдаж байх үед “Н.Энхбаярт зориулсан хууль” гэх бор шувуу ниссээр байсан. Гэсэн хэдий ч ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Э.Энхбаярт уучлал үзүүлснээр, хардлагын мөр түрхэн дарагдсан билээ.Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлал үзүүлэх тухай зарлигт дурдснаар “...Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” хэмээсэн байсан. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэг буюу “Уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтанг ял эдлэхээс хэсэгчлэн болон бүрэн чөлөөлж болно” гэсэн үндэслэлийг гол болгон тус зарлигийг төлөвлөсөн байна.
“Н.Энхбаярт зориулсан хууль” гэгдэж байсан өршөөл үзүүлэх тухай хууль дээрх явдлын үр шимээр нэг муу нэрнээсээ ангижирч, “ерөнхийлөгчийн сонгуулийн далд тохироо” гэх шинэ таамаглал батлагдснаар үлгэр цааш өөр утгаар өрнөж эхэлсэн.
Нөгөө талаас онилсон бай нь нэгэнт суллагдсан тул улс төрийн намуудын санаа амарч, төсвийн хэлэлцүүлэгт ашигласан “царцаах” гэгч үгнийхээ баадууг нь чангалж орхисон байж болох. Сэрүүлэг чухам хэзээ дуугарахыг бүү мэд. Ард түмний хүсэн хүлээх сэтгэл лав “цардаах” баадууны сэрүүлгийг нэг хэсэгтээ л мулталж чадахгүй нь бололтой.
Басхүү цагийн цөвүүн, хүний жудаг ёс гэгч нь уландаа гишгэгдэх болсон энэ үед улс төрийн хүрээнийхний хувьд нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг талыг нь бодолцсоны үүднээс өршөөл үзүүлэх тухай хуулийг шат шатны хурлуудаараа батлаад, дэмжээд шууд гаргалгүй, халгасан байдалтайгаар хэлэлцэх асуудлуудын дэс дарааллаар хойшлуулаад байж болох талтай.
Тодруулбал, Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг бөгөөд нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг гэсэн үг. Мөн жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тараадаг. Харин уг хууль батлагдснаар Монгол улсад хоригдож буй 7000-8000 хоригдлууд дундаас 4000 орчим нь заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэх үндэслэлээр суллагдана гэж үзвэл эдийн засгийн хувьд багагүй хэмнэлт үүсэх юм.
Хууль санаачлагчдын зүгээс суллагдсан иргэдийг орон нутагт нь хүргэх, ажлын байр бусад зүйлээр дэмжлэг үзүүлэхэд ердөө 120 сая төгрөг зарцуулагдана хэмээн урьдчилсан тооцоолол гаргасан. Эдгээр тоонуудад асар их зөрүү байгаа хэдий ч бодит байдал дээр өршөөлийн хуулийн нөлөө хэрхэн үйлчилдэгийг бас тооцоолох хэрэгтэй.
Үнэн хэрэгтээ 120 сая төгрөг зарцуулаад 4000 орчим хоригдлын нийгмийн асуудлыг шийднэ гэвэл, түүн шиг худал зүйл үгүй. Дээрээс нь “Өршөөлөөр баахан хоригдлууд суллагдсан, гэр орондоо эрт ирээрэй” гэх айдас нийгмийг нэг хэсэгтээ л түгшүүрт автуулна.
Манай улсын хувьд 1984,1991, 1996, 2000, 2006, 2009 онд өршөөлийн хуулиуд гарч байсан. Энэ мэтээр өршөөлийн хууль ойр ойрхон гарах нь хүмүүст “гэмт хэрэг үйлдчихээд өршөөгдөөд байж болдог, ялаас мултарч болох юм байна, ямар нэг аргаар өршөөлд багтахыг хичээх нь зүйтэй” гэсэн муйхар бодлыг төрүүлдэг талтай.
Дурдаад байвал олон зүйл бий. Мэдээж хоёр найзыгаа зодоон хийж байхад хажууд нь харж зогсож байсныхаа төлөө 5 жилээр, хэдэн гар утас хулагайлсныхаа төлөө 10 жилээр хоригдох ял хүлээсэн залуусын цаана өчнөөн олон хүүхдээ тэвэрсэн эхчүүд энэ хуулийг батлагдаасай гэж хүлээж суугаа.
Энэ бүхний эцэст өршөөл үзүүлэх тухай хуулийг хоригдлуудын ялын хүнд хөнгөнөөс хамааруулан нийгэмд үзүүлэх эерэг сөрөг тусгалыг сайтар тооцоолон, суллагдсан хоригдлуудын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр илүү анхааран үзэж, нягтлах нь зүйтэй мэт. УИХ-ын дэд даргын ёслол төгөлдөр хүлээж авангуутаа өрөөндөө ороод мартаж орхисон эл хуулийн төслийг шат шатны хурлуудаар хэлэлцэгдэн батлагдаад гараад ирэхэд Монголын мянга мянган гэр бүл элэг бүтэн амьдрах хувь ерөөл хүлээж байгааг басхүү мартаж боломгүй санагдана.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл “царцжээ” | ||
Үзсэн: 23679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.