МҮОНТ, Монголын Хөрөнгийн биржтэй хамтран "Ногоон Сум" реалити шоуг өчигдрөөс үзэгчдийн хүртээл болголоо. Монголын хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлах зорилготой уг шоуны бодит өрсөлдөөний гараа таван сая төгрөгөөс эхлэв. Үүнд багш, бүжигчин, наймаа эрхлэгч, гавьяаныхаа амралтанд гарсан болон гэртээ үр хүүхдүүдээ асарч буй ээжийг оруулсан юм. Энэхүү шоунаас үзэгчид хөрөнгийн зах зээлийн тухай мэддэггүй зүйлсээ олж авах юм.
Иймд тус шоуны санаачлагч, ерөнхий продюсер МҮОНТ-ийн захирал Р.Гандиймаатай ярилцлаа.
-“Ногоон сум” төсөл хэрэгжиж, өчигдөр анхны дугаараа эфирээр цацлаа. Үзэгчдэд ч таалагдаж, ам сайтай байна. Уг нэвтрүүлгийн зорилго юу вэ?
-Хөрөнгийн зах зээл гэдэг бол мөнгөтэй цөөхөн хэдэн хүн хувьцааны ханшин дээр тоглож хөлждөг зах зээл биш, олон нийтийн оролцоо давамгайлсан, энгийн иргэд, хүссэн хүн бүр цалингаасаа гадна нэмэлт орлоготой, сонгосон компанийнхаа хөрөнгө оруулагч болсноор ногдол ашгийг нь хүртэж, ирээдүй хойчдоо өвлүүлж байдаг зүй тогтолтой. Санхүүжилт шаардлагатай компаниуд ч эхлээд банкинд биш хөрөнгийн зах зээлдээ ханддаг олон улсын жишиг бий. Гэтэл Монгол Улсад хөрөнгийн зах зээл нь хөгжөөд 25 жил болж байхад өнөөдөр манай иргэдийн ойлголт цэнхэр, ягаан тасалбараас хэтрэхгүй хэвээр байна. Мөн аль нэг компанид хөрөнгө оруулчихвал хувьцааных нь үнэ өсөхгүй байх гэсэн айдастай, эрсдэлээс нь эмээгээд мөнгөө шууд л банкинд хадгалуулчихдаг. Төрөөс олон удаа бодлогоор дэмжиж, биржийн арилжааны системийг ч сайжруулсан. Гэвч нэг талаас хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох хүсэлтэй компаниуд, нөгөө талаас хөрөнгө оруулагч болох ёстой олон нийт ч энэ зах зээлд итгэл үзүүлэхгүй, оролцохгүй байгаагийн гол шалтгаан нь мэдлэг мэдээллээр хомс байгаатай холбоотой гэж би үздэг. Энэ хоёр том урсгал хаалттай хэвээр 25 жил явчихаар зах зээл хөгжихгүй байгаа юм. Иймээс мэдээллийн урсгалыг сайжруулснаар дээрх алдаа, гажуудлыг засахын тулд Монголд анх удаа хөрөнгийн зах зээлийн реалити шоуг санаачлан эхлүүллээ. Түүнчлэн олон нийтийн телевизийн хувиар олон нийтийг соён гэгээрүүлэх, тэдэнд хүрч үйлчлэх үүргээ ухамсарлаж, иргэддээ хөрөнгийн зах зээлийн системтэй мэдлэгийг олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнесийг дэмжих, санхүүгийн системийг олон тулгуурт болгох, улмаар эдийн засгаа сэргээх зэрэг олон талын ач холбогдолтой гэж харж байна.
-Нэвтрүүлгийг бид өчигдөр үзсэн л дээ. Таван оролцогч өрсөлдөж байгаа юм билээ. Тэднийг хэзээ, хэрхэн сонгосон юм бол гэдгийг уншигчид маань сонирхож байгаа байх ...
-Өөр өөр насны, янз бүрийн ажил мэргэжилтэй хүн сонгосон нь нэвтрүүлгийн хамгийн гол зарчим. Учир нь хөрөнгийн зах зээл гэдэг бол их хэмжээний мөнгөтэй, эсвэл санхүүгийн өндөр боловсролтой, хөрөнгийн зах зээлийн флатформыг бүрэн эзэмшсэн цөөн хэсэг бүлэг хүмүүст зориулагдаагүй. Энэ зах зээл олон нийтэд нээлттэй юм гэдгийг батлан харуулах үүднээс бид гавьяныхаа амралтанд гарсан 76 настай буурай, зургаан хүүхдээ төрүүлж, өсгөж буй завгүй ээж, “Нарантуул” олон улсын худалдааны төвд наймаа эрхэлдэг залуу, Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжигчин, дунд сургуулийн математикийн багшийг сонгосон.
-Тэд хөрөнгийн зах зээлийн талаар хэр мэдлэгтэй байна вэ?
-Хэн нь ч санхүүгийн зах зээлийн суурь мэдлэггүй. Хөрөнгийн зах зээлээс урьд нь нэг ч хувьцаа худалдаж авч байгаагүй. Нэг үгээр хэлэхэд энэ талд мэдлэг ижил ард түмний төлөөлөл гэсэн үг. Тэгэхээр тэдний гарааны цэг яг ижил цэгээс эхэлнэ гэсэн үг. Оролцох хүмүүсийнхээ хүсэлтийг бид өнгөрсөн аравдугаар сарын сүүлээс эхлээд 14 хоног МҮОНТ-ээр нээлттэйгээр зарласан. Маш олон хүн цугласан. Гэвч ихэнхи нь өмнө нь хувьцаа худалдаж авч байсан туршлагатай хүмүүс сонирхож ирсэн тул бид дээрх хүмүүсийг багагүй эрж хайж байж сонгосон. Ялангуяа гэрийн эзэгтэйг заавал шоундаа оруулахаар зорьсон юм. Учир нь Японд хэдэн сая гэрийн эзэгтэй энэ бизнест гар бие оролцож байна. Бүр “Кимоно трэйдерс” гэдэг нэршил нь яг “Shark tank” гэдэг шиг хөрөнгө оруулагч хэмээх ойлголтын илэрхийлэл болоод байна. Японы хөрөнгийн зах зээл хэрхэх вэ гэдгийг шийддэг тэдгээр хүмүүс нь гэрийн эзэгтэй нар гээд боддоо. Хэрвээ тэд хүсвэл хөрөнгийн зах зээлдээ яаж ч нөлөөлж болохоор хэмжээнд хүрсэн. Тиймээс бид нэвтрүүлгийнхээ нэг тод дүрээр гэрийн эзэгтэй бүсгүйг урьсан юм. Ээжүүдэд бид зөвхөн төрөөс олгодог хүүхдийн мөнгөө харж бүү амьдраасай. Гэрээсээ онлайн арилжаанд оролцох замаар хөрөнгийн зах зээлд хөл тавьж болох юм шүү гэдгийг ойлгуулахыг хичээж байгаа юм. Тэдэнд интернет, компьютерээс гадна хүсэл зорилго, мэдлэг байвал ямар их боломж байгааг харуулахыг хүссэн. Тэтгэвэрийн насныхан ч ялгаагүй. Саяхан багш нар цалингаасаа болж ажил хаялт зарласан. Манай нэвтрүүлэгт уригдсан багш залуу маань маш хөдөлмөрч, амралтынхаа өдрөөр таксинд явж нэмэлт орлого олдог юм билээ. Харин мөнгө өсгөх өөр арга зам, сонголт байгааг мэдрүүлж өгч байгаа нь бидний нэвтрүүлгийн бас нэгэн ач холбогдол юм. Гэхдээ хувьцаа гэдэг дандаа өсөөд байдаггүй, Хөрөнгийн зах зээлд Ногоон Сум зөвхөн давамгайлдаггүй, авсан хувьцаа нь унах эрсдэл ч өндөр бий. Яг энэ тохиолдолд хэрхэх ёстойг хувь хүн өөрөө бие даан шийдвэрлэж, уншиж судлан зөвлөгөө авч, туршлага хуримтлуулах нь мөн л бидний нэвтрүүлгийн нэг зорилго.
-Та дээр оролцогчдыг өмнө нь хөрөнгийн зах зээлд гар бие оролцож байгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр тэдэнд та бүхэн зөвлөж байгаа юу?
-Хөрөнгийн зах зээлийн давуу тал нь сонирхсон хэн ч оролцож болно. Мөн зөвлөгөө өгөх брокерийн компани буюу гадны жишгээр хөрөнгө оруулалтын сан ажилладаг. Жишээ нь таныг очвол сонирхсон хувьцааны талаарх мэдээллийг хангалттай өгнө. Манай шоунд ч мөн ялгаагүй оролцогчид маань брокерийн компаниас зөвлөгөө авч ажиллаж байгаа. Манай улсын өнөөгийн санхүүгийн тогтолцоог 100 хувь гэж үзвэл 95 хувийг банк, санхүүгийн байгууллага, хоёр хувийг хөрөнгийн зах зээл эзэлдэг. Тэгвэл гадныханд 40-60 хувийг хөрөнгийн зах зээл, үлдсэнийг нь банк, санхүүгийн байгууллага даатгал бүрдүүлдэг. Бодит зүйл ярья л даа. Хэрвээ та цалингаасаа хуримтлал үүсгэе гэвэл банкинд мөнгөө хадгуулдаг. Өөр арга угаасаа байхгүй гэж боддог. Тэгвэл аль нэг хувиараа бизнес эрхлэгч зээл авахын тулд мөн л банкнаас тусламж хүсдэг. Зээл л авч байвал хэдэн ч хувийн хүүтэй байсан хамаагүй. Гэтэл саяхан Орхон аймагт “Анд энерги” гэдэг компани гурван тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс босгосон. Нэмж хэлэхэд хөрөнгийн зах зээлд хүүгийн дарамт гэж байхгүй. Гол нь эрсдлээ хүлээ, ашгаа хүрт гэсэн зарчимтай. Тэр компани дампуурвал хөрөнгө оруулсан та эрсдлээ хүлээнэ. Харин уг компанийн хувьцаа өсөх юм бол ашигаа төдий чинээ ихээр авна.
-Танай шоунд оролцож байгаа таван иргэн тус бүр таван сая төгрөг хөрөнгийн зах зээлд байршуулж байгаа юм билээ. Ялагч нь ямар зарчмаар тодрох вэ?
-Одоогоор би дэлгэрэнгүй яримааргүй байна. Учир нь үзэгчид маань өөрсдөө энэ шоуг дугаар алгасалгүй үзэхийн зэрэгцээ эмх цэгцтэй, цогц мэдлэгтэй болох ёстой юм. Тус шоуг үзээд байхаар бүх зүйл угаасаа системтэй ойлгогдох байдлаар агуулгыг төлөвлөсөн. Гэхдээ бид хэн нэгнийг сонгоод “Та хувиасаа таван сая төгрөг байршуулаад ялвал мөнгөө буцааж ав, ялагдвал хохирлоо хүлээ” гээгүй. Иймд бид хувьцаат компаниудаас дэмжлэг авсан. Энэ дашрамд манай нэвтрүүлгийг дэмжин ажилласан байгууллагууддаа талархсанаа илэрхийлье. Нэвтрүүлгийн ялагч болсон нэг хүн л таван сая төгрөгийн эзэн болж, бусад нь хэрхэн оролцсоноосоо шалтгаалж хувь хүртэнэ. Бид тэдэнд айхтар их мөнгө өгч чадахгүй ч хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтуудыг практикаар олгож, ашиг эрсдэл хоёрыг биеэр мэдрүүлснээр амьдралд нь маш том туршлага хуримтлуулж өгнө. Магадгүй энэ туршлагыг хуримтлуулсан хүн амьдралдаа том ялагч болох боломжтой. Оролцогчдоор дамжуулаад үзэгчид ч хөрөнгийн зах зээлд хөл тавих, ирээдүйн хөрөнгө оруулагч болох замаа нээх боломжтой юм.
-Нэвтрүүлэг долоо хоногийн хэд дэх өдөр, хэдэн цагаас гарах вэ?
-Долоо хоног бүрийн даваа гарагийн 21:10 цагаас МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар, нийт долоон цуврал дугаар гарна. Биднийг нэвтрүүлгээ “Ногоон сум” гэж нэрлэснийг сонсоод маш олон хүн “Эко сум уу” гэж асууж байгаа. Тэгвэл өчигдөр манай шоуг үзсэн хүмүүс ямар утга агуулгатай болохыг ойлгосон байх. Хөрөнгийн зах зээлд өсөлтийг ногоон сумаар, уналтыг улаан сумаар, харин тогтмол утгыг саарал өнгөөр илэрхийлдэг. Иймээс байнга өсөн дэвжинэ гэсэн утгыг бэлгэдэн “Ногоон Сум” гэж нэвтрүүлгээ нэрлэсэн. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын хамгийн хайр татсан зүйл-“Ногоон Сум” юм. За ингээд шоугаа дугаар алгасалгүй үзэж, хүн бүрт хөрөнгө оруулагч болохыг хүсэн ерөөе.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Р.Гандиймаа: Хөрөнгийн зах зээлд шинэ давалгаа авчрах "Ногоон Сум" | ||
Үзсэн: 15995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.