Болор цом-35” наадмын эзэн Мөнгөнхүүгийн Отгонбаяртай ярилцлаа.
-Юуны өмнө “Болор цом-35” наадамд түрүүлсэнд баяр хүргэе. Идэрхэн наадмыг хошуучилсан таны сэтгэгдэл ямар байгаа бол ...
-Сэтгэгдэл үнэхээр сайхан байна даа. Аргагүй ард түмэнд хүрсэн сайхан наадам юм. Түмэн олон үнэхээр сайхан хүлээн авч байна.
-“Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг”-ээ хэзээ бичсэн бэ. Санаагаа хэрхэн олов?
-Жилийн өмнө ижийгийн минь бие тааруу үр хүүхдүүд нь ээлжлэн сахисан юм. Тэр үед энэ шүлгээ бичсэн. Ижий минь Ховд аймгийн Арван мянгат гэдэг хороололд их хүнд байсан цаг. Би ч их эмзэглэлтэй байсан. Эхийн хайр энэ орчлонгийн тухай олон сайн шүлэг бичсэний нэг нь энэ шүлэг юм. Тэр үед бичсэн шүлэг бүхэн надад асар их үнэтэй. Тиймээс ч энэ шүлгээ уншсан.
-Цомын эзэн болохдоо та хамгийн түрүүнд ээжийгээ бодсон болов уу. Баяр, гунигийн нулимс унагасан уу?
-Тэгэлгүй яах вэ. Шүлгээ уншихад ч тийм амар байгаагүй. Эвий муу ижийгээ их санаж өмөрсөн. Цомын эзэн болох үед асар их баяр хөөр хийгээд ижий минь байсан бол гэх харуусал зэрэгцээд л нулимсаа дотогшоо залгиж зогссон доо.
-Өмнөх даваануудад ямар шүлэг уншигчдсан бэ?
-Их Б.Явуухулан нэгэнтээ “Яруу найрагч хүн нийгмийн манлайлагч болох ёстой” гэсэн нь бий. Тэр талаас ч би бодож явдаг юм. Тиймээс улс төрийн сэдэвтэй цаг үеээ шүүмжлэх аястай шүлэг эхний даваанд уншсан бол дараагийнхад эх нутгийн шүлэг сонгосон.
-Та наадмын дараа нутагтаа очоод ирсэн гэсэн. Уул, усандаа хүндэтгэл үзүүлэв үү. Улсын баяр наадамд түрүүлсэн бөхчүүд нутагтаа заавал очдог шиг ...
-Тиймээ, цомын дараа нутагтаа очиж уул усандаа мөргөж залбираад ирсэн. Нутаг минь уулсын үзэсгэлэн, усны тунгалаг нь урссан үзэсгэлэнд орон шүү дээ. Говь-Алтайд нэгэнт ойртож очсон юм чинь нутагтаа очоод ирье гэж бодсон. Энэ үеэр аймаг, сумын удирдлагууд их сайхан халуун дотноор хүлээж авсан.
-Ингэхэд танай нутаг “Болор цом”-ын хоёр эзэнтэй боллоо. Х.Эрдэнэбаатартай та уулзалдсан байх. Тэр энэ жил яагаад оролцоогүй юм бол ...
-Хөөдөөгийн Эрдэнэбаатар ах бид хоёр хоёулаа Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн улс. Манай сум удам дамжсан баатарлаг туульчдын өлгийн болсон нутаг их олон яруу найрагч төрөн гарсан газар. Х.Эрдэнэбаатар ах энэ жилийн наадамд мялаалгийн шүлэг уншсан.
-“Шинэ мянган” нэгдлээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Ц.Эрдэнэбаатар нарын зэрэг хүн цомын эзэн боллоо. Нэг үгээр хэлэхэд өнөөгийн яруу найргийг танай үеийнхэн түүчээлж байна гэж хэлж болов уу?
-Манай үеийн залуус нийлж “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийг байгуулсан. Анд найзууд маань утга зохиол хийгээд урлаг соёл, эх хэлээ хамгаалах талаар олон ажил санаачлан зохион байгуулсан. Би аль болох энэ арга хэмжээнүүдэд оролцохийг хичээдэг. Мэдээж хийж бүтээх ид насандаа бид явна. Бүгд яруу найрагт хайртай, дуртай. Тиймээс өөр өөрсдийн авъяас билиг, мэдрэмжийнхээ хэрээр бүтээж туурвиж явна даа.
-Энэ жилийн наадмын өрсөлдөгчид ямар байв. Сүүлийн жилүүдэд яруу найрагч Л.Ганзул, Б.Баттулга нарыг дээгүүр “уралдах” байх гэсэн хүн олон байдаг...
-Жил жилийн “Болор цом”-ын сүүлийн шатанд шалгарсан өрсөлдөгчид бүгд л мундаг байдаг. Яруу найрагч бүхэн өөр өөрсдийн уншигч дэмжигчтэй болсон болохоор тэр найрагчаа л түрүүлээсэй гэж хүсэх нь аргагүй. Шилдэгт үлдсэн шүлэгч бүхэн миний өрсөлдөгч байлаа.
-Энэ жилийн наадмын зохион байгуулалт ямар байв?
-“Болор цом-35” наадам Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан. Говь-Алтай нутаг сайхан зохион байгуулсан. Жил жил л энэ наадам сайхан болдог.
-Сэтгүүлч, уншигчийнхээ зүгээс асуухад яг үнэндээ таныг бараг битүү морь түрүүллээ гэх хүн олон байна. Үүнд та санал нийлэх үү. Өнгөрсөн жил Б.Батсайханыг өнгөлөхөд мөн л ингэж хэлж байсан шүү дээ ...
-Анхны номоо 2007 онд гаргасан нь шүүмжлэгч Д.Галбаатар багшийн анхааралд өртөж миний тухай том хэмжээний шүүмж гаргаснаар яруу найрагт орж ирсэн. Тэр цагаас л “Болор цом”-д өрсөлдөж ирсэн. Яруу найргийн дөрвөн ном гаргажээ. Уран зохиолын хүрээнд намайг мэдэх байх. Үнэндээ өөрийгөө битүү морь гэж бодохгүй байна. Миний эхний гаргасан “Нил гийх үүр” номыг Б.Золбаяр, хоёр дахь “Гоц улаан саран”-ын Г.Батсуурь, Д.Галбаатар, удаах “Сураггүй хаврыг хүлээхүй”-г УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг, отгон ном болох “Амраглан гуниглан”-ийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн ариутган шүүсэн.
-Таныг өнгөрсөн жилийн наадмын эхний шалгаруулалтад хассан. Ёстой л “Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай” гэдэг боллоо доо. Өнгөрсөн жил та тааруу шүлэг өгсөн юм уу?
-“Болор цом”-д олон удаа орж олон удаа хасагдсан. Жил жил л өөр өөрийн өнгөтэй. Гэхдээ сайн л гэсэн шүлгээ өгдөг. Шилдэг 30-д үлдэнэ гэдэг үнэндээ алаан байхгүй юу даа гэж манайхны нэг нь хэлсэн байдаг санагдана.
-Өнгөрсөн жилийн наадмын тэргүүн найрагчид “Болор цом” гардуулаагүй. Энэ жил ч мөн л адил. Энэ наадамд түрүүлсэн хүний гол зорилго гэж хэлж болох зүйл бол уг нь цом гардах юм. Үүнийг яагаад гардуулахаа болив. МЗЭ-ийн хорооноос та асуув уу?
-Эгшиглэнт Янжинлхамын хишигт яруу найрагч гэдэг талруугаа “Болор цом” наадам бодлогын хувьд явж байгаа юм байна даа гэж би ойлгосон.
-Та одоогоор дөрөв дэх номоо өлгийдсөн. Гэхдээ таныг утга зохиолд их хожуу орсон гэх юм билээ. Үндсэн мэргэжил тань юу вэ?
-Үнэндээ бичиг үсэг сурсан цагаасаа л шүлэг бичсэн. Гэхдээ утга зохиолд хожуу орсон нь үнэн. Цагдаагийн дээд сургууль төгссөн хуульч мэргэжилтэй.
-Ер нь таныг утга зохиолд юу уруу татсан бэ?
-Хар багаасаа Алтай магтаал хайлахыг алдарт туульч Б.Авирмэдээр заалгаж, тууль хайлах ах нарыг харж бичиг сурсан цагаасаа номд шимтсэн хүн юм би. Зургадугаар ангид орохдоо тэр үеийнхээ бүх номыг уншиж дуусаад унших ном олдохгүй Лениний ботиудаас уншдаг байлаа. Аав минь шүлэг бичдэг байсан. Мөн том ах маань доктор М.Ганболд гэж шүлэг бичдэг, уран зохиолд шимтдэг хүн бий. Энэ жил сэтгүүлзүйн томоохонд тооцогддог Балдорж шагнал хүртсэн. Манай ээжийн тал удмаараа дуучин улс. Иймд би шүлэгч болох нь аргагүй биз ээ.
-Танд хадаг барьж очсон багш бий юу?
-Утга зохиолын замд хөтөлсөн зохиолч, сэтгүүлч Б. Золбаяр, Д. Галбаатар нарыг багшаа хэмээн хүндэтгэж явдаг.
-Яруу найрагчид архи уувал онгод ордог гэж итгэдэг. Мөн дурламтгай гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Архи уухад онгод орох учиргүй гэж би боддог. “Авъяас бол эмзэглэл” гэж Д.Намдаг хэлсэн байдаг болохоор шартахад хүн илүү эмзэг байдаг юм болов уу даа. Түүнээс биш архи ууж онгод ордог бол архи уусан хүн бүр шүлэг бичнэ гэсэн үг шүү дээ. Дурлалын талаар хэлэхэд уран бүртээлч тэр тусмаа шүлэгч хүн гоо сайханд дурлаж тэмүүлэх нь аргагүй юм. Тиймдээ ч хамгийн гоё шүлгүүд хайрынх л байдаг байж мэдэх юм.
-Таны гадаад төрх бас содон л доо. Хэзээнээс сахал тавьсан бэ?
-Бараг зургаан жилийн өмнөөс байх. Үнэндээ үс хийгээд сахлаа ургуулах сайхан санагдаад байдаг юм.
-Таныг өмнө нь нэлээн ширүүн хүн байсан гэж сонссон. Магадгүй ажил мэргэжилтэй холбоотой байх. Харин яруу найраг зөөлөлсөн үү?
-Яах аргагүй үнэн шүү. Би чинь төрийн тусгай хүчинд зүтгэж байсан хүн. Харин сүүлийн 10 гаруй жил үнэн сэтгэл зүрхнээсээ шүлэгт шимтэснээр уян зөөлөн чанар маань илүүтэй болсон хүн.
-Сүүлийн үед аль нэг наадамд түрүүлсэн бөх “Болор цом”-д өнгөлсөн найрагчид улс төрд хүч үздэг болсон. Таны хувьд 2020 онд нутагтаа ИТХ-д нэр дэвших гэж байгаа юм биш биз ...
-Шүлэг уянга гэдэг миний амьдрал юм. Шүлэг бичих бүртээ жаргаж байдаг яруу найрагчид азтай хүмүүс шүү. Надад одоогоор улс төрд орох бодол алга.
-Нууц биш бол гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?
-Миний ханийг Ж.Сэлэнгэ гэдэг. Бид 10 жилийн нэг ангиас төрсөн хосууд. Санхүүгийн мэргэжилтэй, сайхан бүсгүй бий.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өрнүүн их амжилт хүсэе.
-Баярлалаа. Тун удахгүй ирэх шинэ оны мэндийг танай сайтын хамт олонд болон Монголынхоо ард түмэнд хүргэж, гэгээн тунгалаг саруул сайхан бүхнийг дэвшүүлье.
М.Отгонбаяр ээжийнхээ хамт.
ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ
Ижийдээ нас гуйлаа
Зэрлэг улаан сарнаас
Зэлүүд сансрын од бүхнээс
Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс
Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс
Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас
Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс
Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас
Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос
Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс
Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос
Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас
Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс
Ижийдээ нас гуйлаа
Ижийдээ би нас гуйлаа
Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс
Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс
Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас
Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс
Амраглан дурлагч гоо уулнаасаа
Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас
Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс
Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ
Ижийдээ нас гуйлаа
Ижийдээ би нас гуйлаа
Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг
Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй
Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж
Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм
Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь
Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам
Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл
Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь
Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл
Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ
Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал
Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна
Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань
Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,
Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч
Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч
Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч
Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг
Ижийд минь нас хайрлаач
Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач
Зэрлэг улаан сарны дуугүй хашгираанд чихээ таглан суугаад
Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би...
М.Отгонбаяр: Хамгийн гоё шүлгүүд хайрынх байдаг | ||
Үзсэн: 6155 | Mongolian National Broadcaster |