МУИС-ийн философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Т.Дорждагватай соёлын тухай хууль хийгээд зарим өөрчлөлт, шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Соёлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгад дутагдалтай зүйл их байна хэмээн иргэд шүүмжилж байна. Судлаач та ямар байр суурьтай байна вэ?
-Би түрүү түрүүчийн яамны соёлын тухай хууль болон зарим ажлын хэсэгт гар бие оролцож байсан. Ер нь цаашид үргэлжлүүлэн хийхэд үнэндээ боломжгүй юм билээ. Намайг ингээд хэлэхээр зарим хүн магадгүй буруугаар хүлээж авах вий. Учир нь манайхан соёлын тухай хууль гэдгийг нэлэнхүйдээ зөвхөн урлаг гэж хүлээж авдаг. Ингэж боддог нь ч аргагүй юм. Яагаад гэхээр өмнөх нийгмийн үзэл суртлын үед улсынхаа нийгэм, улстөрийг мандуулахын тулд урлагийг их дайчилдаг байлаа. Гэхдээ үүнийгээ соёл гэж нэрлэж байсан ч сүүлд нь урлаг хэмээх үг залгаж, соёл урлаг болгосноор хаана ч байдаггүй үзэгдэлийг бий болгосон. Таны хэлсэнчлэн соёлын тухай хуулийг батлах ёстой гэх зөв. Өмнө нь урлаг гэж ойлгож байсан хүмүүс маань халамж, тэтгэмж, тэтгэвэр, ололт амжилтаа урамшуулах, цалин хөлсөө нэмүүлэхэд урлагийнхантай холбоотой болохоор эрхзүйн акт хэрэгтэй байгаа юм. Үүнийгээ тэд өнөөх л хэлж заншсанаараа соёлын хууль гэдэг. Угтаа бол соёл гэдэг нь маш өргөн ойлголт бөгөөд ерөөсөө хүнийг хүн байх чанарын үзүүлэлт буюу соёл гэдэг энэ үзэгдлийнхээ ачаар л ертөнцийн юмс үзэгдлээс ялгагдаж яваа. Тиймээс соёлыг хуульчлаад барагдахгүй. Хууль гэдэг өөрөө хүчирхийлэл юм. “Хэрвээ тэгвэл торгоно, тэгвэл тийм шийтгэл оногдуулна” гээд л. Иймд соёлын хуульч гэдэг юмыг орхих хэрэгтэй. Өнөөдөр өндөр хөгжилтэй олон оронд соёлын хууль гэдэг юм байхгүй. Жишээ болгоход ОХУ дээхнэ парламентаараа хэлэлцэж байгаад соёлын акт батлуулсан ч амжилт олоогүй. Мөн Казахстан ч ялгаагүй. За тэгэхээр соёлын тухай хууль хийж болдоггүй юм бол урлагийн тухайг хийе гэж магадгүй. Тэгсэн ч бүтэмжтэй болох уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Саяхан би МҮОНТ-ээр ярилцлага өгөхдөө “Хэрвээ урлагийн тухай хууль хэрвээ хийж чадсан аавын хүү, ээжийн охинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгоход ч буруудахгүй” гэж хэлсэн. Урлаг, соёлыг нэгтгэж, нэгэн хуулиар зохицуулах боломж их хомс болохоор тэр. Жишээ нь яруу найргийг зохиогч насан туршдаа бичдэг бол хэн нэгэн бүжигчин биеийнхээ эрүүл мэнд, организмээс шалтгаалж уран бүтээл хийдэг. Утга зохиол, хөгжим хоёрыг нэг хуулинд захируулна гэдэг хэцүү.
-Таны ярианаас ойлгоход нэр томьёо, тодорхойлолтын хувьд алдаатай юм байна. Түүнчлэн хэрхэн зохицуулсан нь тодорхой бус юм ...
-Нэр томьёоны хувьд боломжгүй юм гэдгийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, салбарын сайдад ойлгуулах юмсан гэж боддог. Гэхдээ тэднийг ойлгодоггүй муу гэж хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь бидний ярилцлага тэдэнд хүрээсэй. Тэд маань тэнэг хүн биш болохоор ойлгож соёлын хууль хэмээх хуулиа болих байх гэж найдаж сууна.
-Та дээр яриандаа дурьдсан. Соёлын тухай хуулийг гаргах нь зөв гэж олон нийт хандаж байгаа ч соёл, урлагийг хуульчлах нь боломжгүй гэж хэллээ. Гэвч бүрэн утгаар нь биш ч урлаг соёлын байгууллагад ажилладаг иргэдэд зориулж, хуулийн хүрээнд эрхзүйн заалтыг оруулбал боломж бий юу?
-Соёлын хууль гэж юуны түрүүнд нэрлэхээ болиоч ээ л гэж уриалж байгаа юм. Мөн урлагийн тухай хуулийг бий болголоо гэхэд хэр бүтэлтэй байх вэ гэдгийг бодох асуудал. Чадахгүй гэж байгаа юм биш. Бололцоогүй л юм. Ажил явдаггүй ийм үйл явцтай бид 70-80 жил хамт байлаа. Харин одооноос ажил болдог тодорхой заалт бүхий хууль, тогтоол акцыг бий болгох хэрэгтэй. Соёлын хууль гэдэг нь урлагийнхны мөрөөдөөд байгаа хүслийг хангаж чадахгүй. Харин дүрслэх урлагийн, хөгжмийн, бүжгийн хууль гээд тус тусад нь авч үзвэл арай хялбар. Тэр ч байтугай манайхан Номын сангийн, Шинэжлэх ухааны хууль гээд баталчихсан. Тэгсэн хэрнээ дахиад соёлын хууль гээд батлах гэхээр уг яаманд харьяалагддаг номын сан, шинэжлэх ухааныг соёл биш гэж хэлэх гээд байгаа юм уу, хаашаа юм. Ийм будилаантай юм нүүрлэж байна даа.
-Тэгвэл таны хувьд цаашид ямар нэр томьё өгч, хуульчилбал зохистой гэж бодож байна вэ?
-Дээр хэлсэнчлэн соёлын болон урлагийн хууль гэхээр хоосон яриа болж хэрэгждэггүй. Хууль гэдэг тогтоол, шийдвэр, тушаал нь үндсэндээ эрхзүйн акт шүү дээ. Энэ хэм хэмжээг амьдралд дөхүүлээд тодорхой асуудлыг шийдэж болохуйц байвал ажил шууд явагдана. Ингэхээр санал хүсэлтээ ирүүлээд байгаа манай урлагийнхан баяртай байна.
-Оюуны өмчийн хууль гэж бий. Аман ба аман бус. Биет ба биет бус өв ч гэж байдаг. Соёлын салбарыг нийтэд нь авч үзэж, хуульд хамааруулж болохгүй байгааг нь ойлголоо. Тэгвэл зайлшгүй шаардлагатай салбарыг авч үзэх хэрэгтэй гэвэл юуг нэрлэх вэ. Мөн ямар асуудал байдаг вэ?
-Өөрөө оюуны өмчийн талаар ярьлаа. Манай улсад энэ талын хууль бол байгаа. Ер нь ажил явахад тэрнээс эхэлнэ, энүүнээс эхэлнэ гэсэн юм байхгүй. Яг одоогийн амьдралд тулгарч байгаа зүйл хаана байна вэ, тэрнээс л эхэлдэг. Ийнхүү дэс дараалан бүгдийг нь хуульчлаад ядаж Засгийн газрын тогтоол, УИХ-ын шийдвэр, сайдын тушаалаар явах хэрэгтэй. Жишээ нь эн тэргүүнд соёлын үйлдвэрлэл гэдэг асуудлыг манайх дэлхий дахинд ярьлаа. Энэ нь дорно дахины хувьд эзийн засгийн хямралаас үүдэлтэй шүү дээ. Эдийн засгийн хямралыг давахын тулд соёлын асуудлаар бизнес хийе гэсэн асуудал гарч ирээд соёлын үйлдвэрлэлийн талаар дэлхий дахинаа ярьж эхэлсэн. Манайхан БНСУ-ын соёлын хүрээнд олон ярьсан ч олигтой амжилтад хүрээгүй. Хуульчилхад эсвэл томьёолход хэцүү байсан байх л даа. Тиймээс судлаач, филисофич, хуульчдаас гадна мэргэжлийн хүмүүсийг оруулж яавал дээр бэ гэдэг талаар ярих хэрэгтэй болоод байна.
-Та Соёлын яамны ажлын хэсэгт байсан гэсэн. Тантай ямар хүмүүс байсан бэ?
-Тухайн яамны хуулийн хэлтэсийн дарга, хуульч нарын зэрэг хүн байсан. Одоо ч гэсэн хуулийн талын нэг эмэгтэй оруулсан бололтой. Яамны соёл урлагийн газар болоод түүний удирдлагууд, соёл урлагийн агентлагийн удирдлагууд, СУИС-ийн удирдлагууд, хотын соёл урлагийн газарт би өөрийнхөө санааг хэлсэн. Гэвч одоогоор нүдэнд харагдсан зүйл хийсэнгүй. Гэхдээ хийж эхэлж байгааг нь би мэдэхгүй юм. Манайд соёлын чуулган болдог л доо. Гадуур хичээл зааж яваад түрүүчийнхт би оролцож чадахааргүй байсан юм. Тиймээс өнгөрсөн оны долдугаар сард би “Өдрийн сонин”-д чуулганд оролвол хэлнэ дээ гэсэн үгээ хэлж, ярилцлага өгсөн.
-Таны хэлснээр нэр томьё, хуульд асуудал байгаа юм байна. Тэгвэл үүнд шийдвэр гаргагч байгууллага, хүмүүсийг буруутгаж болох уу?
-Тийм. Тэдэнд хандаж хэлэхэд соёл гэдэг өргөн ойлголтоор хандаж, амьдралд нийцэхгүй юм битгий яриад байгаач ээ. Гэхдээ соёл гэдэг үгийг хэрэглэж болохгүй гэж байгаа юм биш. Соёлын хууль гэж байж болохгүй ч соёлын бодлого гэдэг зүйл байж болох талтай. Өнөөгийн байдлаар өрнөдөд соёлын бодлого гэдэг зүйлийн талаар их эрчимтэй мэтгэлзэж байна. Соёл судлал гэдэг нь эртний грек, ромоос үүссэн бусад ухагдахуунаас ердөө 50 жилийн настай. Харин манай улсад Гэгээрлийн сайдын тушаал гарч, соёл судлал гэдэг зүйл гарч байх үе нь 1998 он. Одоо яг 20 жил болж байна. Тэгэхээр манайхан соёл судлалаар төдийлөн хоцрогдоогүй. Нэлээн хэдэн судлаачийг ч бэлтгэсэн. Соёлын тухай асуудлыг радио, телевиз, сонин, сошиалаар ярьж, бичлээ. Арван удаа семинар хийхэд 400 гаруй судлаач санал бодлоо солилцсон байдаг. Тэгэхээр нь би тэдний хэлсэн үгийг нэгтгэж, гарын авлага болгосон. Хамгийн гол нь манайхан ингээд бичээд, яриад байдаг. Гэвч хуучнаараа л байгаад байх юм. Дэлхийтэй мөр зэрэгцэн ярья л даа. Намайг ингээд хэлэхээр зарим хүнд эмзэг санагдах байх. Битгий гомдоорой. Хамгийн гол нь ирээдүйтэй шийдэх хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Дорждагва: Соёлын хууль гэж байж болохгүй ч соёлын бодлого гэдэг зүйл байж болох талтай | ||
Үзсэн: 2535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.