Монгол Улсын ардын жүжигчин хөгжмийн зохиолч, удирдаач, Чингис хааны дэлхийн академийн академич, доктор, профессор, Их мэргэд овогт П.Хаянхярваа гуай нас өндөр гарсан ч уран бүтээлээ туурвисаар явна.
Түүнийг “Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн хойморт урихаар гэрт нь очив. Тэрбээр зузаан хүрэн торгон хүрмээр гангарч, энгэртээ миний л өмнө нь харж байгаагүй өвөрмөц нэгэн одон зүүсэн нь сонирхол татаад байлаа. Тиймээс тухалж ч амжаагүй шахам байхдаа л одонгийнх нь тухай асууж орхив. Тэрбээр “Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс нь ардын жүжигчин болсны дараа 2009 онд “Хөвсгөлийн алдартан” нэртэй энэ хүндэт одонгоор шагнасан юм” гэлээ. Энгэрээсээ салгахгүй байнга зүүдгээ ч ярьсан юм.
БИ ЭЭЖЭЭРЭЭ БИЧИГ, ҮСЭГ ЗААЛГАСАН
-Та доголоод байх чинь. Хөлөө яагаа вэ?
-Дээхнэ зүүн хөлөө хугалсан юм. Уг нь бороолоод нэлээд сайн эдгэрсэн. Саяхан автобусаар явж байтал урдуур нь хүүхэд гүйсэн юм байлгүй жолооч гэнэт тоормослоод хажууд зогсч байсан хүмүүс над руу ханарч унахдаа хөл дарчихгүй юу. Тэр үед өвдөх нь гайгүй байсан ч болдоггүй. Би өнөө бороолсон хөлөө хөндчихлөө гэж бодсон түнх нь гэмтчихэж. Түнх гэмтэхээр хөл ямар ч мэдээгүй болдог юм байна.
-Таны нэрийг нагац ах тань өгсөн гэдэг бил үү?
-Тиймээ. Партизан Гончиг гэж хүн байсан юм. Намайг төрөхөд хоршооллын Төв хорооны дарга байсан юм билээ. Тухайн үед орос хүн эх барьж, хүүхдүүддээ орос нэр өгдөг моод байж. Би ч Вовка гэдэг нэртэй байлаа. Гэтэл Гончиг ах “Би дүүгээ орос нэрээр дуудахгүй. Эрдэм номтой хүний нэр өгнө” гээд Эрүүлийг хамгаалахын сайд байсан Н.Хаянхярваа гуайн нэрийг өгсөн гэдэг. Тэгээд “Багаасаа хөгжимд дасаг. Сайн хүн болж хүмүүждэг юм” гээд миний толгой дээр радио асаагаад тавьчихдаг байж. Эхэндээ би уйлдаг байснаа сүүлдээ хөгжим дуугарахгүй бол уйлах гээд байдаг болсныг ээж ярьж байсан юм. Тэгэхээр миний хөгжимд дуртай болсон минь Монголын радиогоос үүдэлтэй.
-Таныг багадаа бичиг үсэгт тайлагдсан, сүрхий номтой хүү байсан гэдэг?
-Зургаан настайдаа хуучин, шинэ бичиг сурсан. Тэр жил би гараа хугалчихаад. Ээж намайг “Зүгээр сууж байснаас бичиг үсэг сурч, тоо боддог бол” гээд өөрөө гэрийн багш болсон доо. Орос хэл ч бага зэрэг заасан. Тэгснээр би дөрөвдүгээр ангийн боловсролтой болж, 12 настайдаа цэргийн хөгжмийн ангид орсон. Дунд сургуулийн боловсролгүй хэрнээ шүү дээ. Ээжийн минь л буян юм.
-Ээж тань ямар мэргэжилтэй байсан бэ?
-Ч.Тогоо гэж санхүүч мэргэжилтэй хүн байсан. Завхан аймгийн Алдархаан сумынх. Нямбай, соёлтой хүн байж гэж одоо боддог юм.
-Аав тань урлагийн хүн үү?
-Аав маань Б.Пүрэвжав гэж цэргийн хөгжмийн ерөнхий дарга байлаа. Тэгэхээр би багаасаа цэргийн хөгжмийн дуу шуугианд өссөн байж таарч байгаа биз. Ухаан орсон цагаасаа том дүүтэйгээ “Цэргийн хөгжмийн дарга болно” гэж бие биеэ хөөргөж тоглодог байсан минь нөлөөлсөн байх.
-Тэгвэл таныг цэргийн хөгжимчин болно гэхэд хамгийн их баярласан хүн нь аав тань байх даа?
-Намайг бие жижигтэй болохоор аав жаахан дургүй байсан. “Хөгжмийн алба хатуу. Миний хүү даахгүй байх. Харин эрэг шурагтай юманд авьяастай болж магадгүй, техникийн хүн бол” гэсэн. Гэтэл ээж “Хүүхэд өөрийнхөөрөө ирээдүйгээ сонгог. Хүн дуртай зүйлдээ амжилт гаргаж чаддаг юм” гэж ааваас тас зөрөөд намайг 1947 оны тавдугаар сарын 1-нд Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн салаанд хөтөлж аваачаад оруулчихсан юм.
-Тэр газар таны хувьд дассан орчин байсан биз?
-Тэгэлгүй яах вэ. Жүжигчдийн хүүхдүүд театрт өсдөг шиг би цэргийн хуаранд л өссөн. Гэхдээ цэргүүдтэй нь холилдоод байхгүй л дээ. Аавыгаа жагсаал удирдахад дагаад л явдаг байсан. Дүү маань ч цэргийн хөгжмийн сайн дарга байсан даа. Тэтгэвэртээ гараад удаагүй бурхан болсон юм.
-Анх очоод ямар хөгжим тоглож сурав?
-Намайг Г.Таванцэрэг гэдэг багш хүлээж авсан. Гэхдээ ямар хөгжмийн зэмсэг өгөхөө шийдэж чадаагүй.
-Яагаад?
-Жижиг биетэй болохоор томынх нь араас харагдахгүй болчих гээд. Сар хэртэй болсон. Тэр хооронд сургуулийн нүүрс татах болоход бас л жижиг биетэй гээд намайг үлдээж казармаа манаж бай гээд нэг сэлэм бүсэнд зүүж өгч билээ. Гэхдээ багш иртэл оролдож бай, чадвал сурна биз гээд олон даруултай хөгжим өглөө. Кларнет л даа. Одоо ч надад бий. Би хурдан сурчихсан. Ардын хувьсгалын 30 жилийн он баяр наадмаар хөгжимдөж байлаа шүү дээ.
-Өөрөө оролдож байгаад сурчихсан хэрэг үү?
-Ерөнхий зааварчилгааг нь Чүлтэм гэдэг хүн хэлж өгсөн. Зааснаар нь давтаж байгаад сурчихгүй юу. Үүний дараа бүрээч хийсэн. Цэргүүдийг өглөө 06:00 цагт босох, орой унтахад, дарга нар ирэх үед дохио өгдөг юм. Зун зусланд гарахаар морьтой явж үлээнэ.
-Хөгжилтэй зүйл тохиолдож байв уу?
-Олон олон. Жижиг биетэй болохоор сандал дээр гарч байж мориндоо морддог. Нэг өдөр бүрээгээ үлээчихээд сандал орхисон газраа иртэл байдаггүй. Тэгсэн жижүүр намайг буухдаа яахыг нь харах гэсэн бололтой нуучихаж. Гаргаж өгдөггүй. Бууж чадахгүй халуун наранд морин дээрээ унтах шахаж байгаа юм.
-Тэр үед цэргийн хөгжмийн хэчнээн хүүхэд сурч байсан бэ?
-30 орчим. Ер нь нэг ангийн хүүхдийн тоо иймэрхүү байдаг л даа.
-Таны үеийн цэрэг одоогийнхтой харьцуулахад илүү дайчин байсан юм шиг. Та юу гэж дүгнэдэг вэ?
-Тэр үед морьт цэрэг байсан шүү дээ. Сайхан хэрнээ хатуу цагт үүргээ гүйцэтгэж байсан баатар эрс юм гэж би хүмүүст ярьдаг. 1950-иад оноос техникжиж сайхан болсон. Одоогийн Кино урлагийн дээд сургуулийн байранд ерөнхий сургуулийн хичээл ордог байлаа. Яармагийн дэнжид зусланд гарна. Бид хичээлийн байрнаасаа зуслан хүртэл явган явна. Би жагсаалын хамгийн эхэнд хөгжмөө үлээгээд явна. Хэрэв хөгжим тасрах юм бол ард яваа цэргүүд ядарч, сэтгэл санаа нь өөр болдог юм. Тэр үед нь штабын дарга “Хөгжим” гэж хэлээд хөгжмийн ая эгшиглэхээр цэргүүд илт сэргээд ирдэг байж. Тэр үед “Интернациональ” гэж богинохон хэрнээ сайхан уянгалаг төрийн дууллыг их дуулна. Тэгэхээр Туулын хөндий даяар эгшиглэнэ шүү дээ.
-Та одоо тэр үеийн хөгжмийг сонсвол андахгүй биз?
-Яалаа гэж мартах вэ дээ. Ямар ч хөгжмийг яаж дуугардгийг мэднэ. Би багаасаа ямар ч хөгжмийг нэг сонсоод л тогтоодог байсан юм. Ноотыг ч мөн адил. Энэ миний онцлог байх. Аав минь сүүлд намайг ойлгож, мэргэжлээ зөв сонгосон юм байна гэж үнэлсэн.
-Тухайн үед цэргийн хөгжимчдийг шавь сургалтаар бэлтгэдэг байсан нь мэргэжлийн хөгжимчин хомс байсантай холбоотой юу?
-Үгүй. Ахмад хөгжимчид нь мэргэжлийн бус ч мэргэжлийн түвшинд сурсан байсан. Түүнийгээ ч доод үеийнхэндээ чанарын өндөр түвшинд сургадаг байсан юм. Цэргийн хөгжмийн сургууль 1992 онд байгуулагдсанаас хойш л мэргэжлийн цэргийн хөгжимчин гэж яриад байгаа юм.
-Танд аавынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлэх боломж олдсон биз дээ?
-1972 он л доо. Намайг Ардын армийн хөгжмийн удирдаач буюу Жанжин штабын хөгжмийн албаны дарга гэсэн албан тушаалд томилсон нь аавын минь хийж байсан ажил шүү дээ.
1955 ОНД АНХ ХИЛИЙН ДЭЭС АЛХСАН
-1955 онд Цэргийн дуу бүжгийн ансамбль бий болж, олон уран бүтээлчид гадаадад аялан тоглолтоор явж байсан гэдэг. Та тэгэхэд явсан уу?
-Тэр үед цэргийн хөгжмөөс гайгүй гэсэн таван хүнийг энэ ансамбльд авч, гадаад орнуудаар аялан тоглолт хийх сураг гардаг юм байна. Түүнийг сонссон хөгжимчид дор бүрнээ хичээж эхэлсэн. Түүнд нь би багтаж, ансамбльд ирээд улмаар БНХАУ руу явах болж билээ.
-Анх удаа хилийн дээс алхаж байсан үе үү?
-Тийм. Хятадаас Солонгос, Европын орнуудад очиж тоглосон.
-Хөгжимчнөөс удирдаач болсон гэдэг. Хэн таныг уруу татаа вэ?
-Тэр жил тэр олон газраар аялахад Г.Цэрэндорж гэж сайхан удирдаач бидэнтэй хамт явсан юм. Их нуруулаг, царай зүс сайхан, нямбай. Түүний ачаар би удирдаачийн урлагт дуртай болсон. Г.Цэрэндорж багш нүүрний хувиралт, биеийн хөдөлгөөнөөрөө хөгжимчдөө хөтөлж чаддаг. Чадвараараа Монголын хөгжмийн түүхэнд дээгүүр байр эзлэх учиртай хүн дээ. Би харж зогсохдоо “Яаж багш шиг ийм сайхан удирдаач болох вэ. Ядаж байхад нуруу намхантай” гэж боддог байлаа. Гэвч хүслээ биелүүлж чадсан. Бас нэг зүйл бий. 1949 онд 14 настайд минь наадмаар Солонгосын Пак Вану гэдэг удирдаач зочноор ирсэн юм. Түүнийг хараад удирдаач болох хүсэл үндсэндээ төрсөн. Араас нь харж, дохиураа хөдөлгөх төдийд л ямар хөгжим тоглуулах гэж байгаа нь мэдэгддэг байсан.
НАМАЙГ МОНГОЛЫН ЧЕКИСТ ГЭЖ БОДДОГ БАЙСАН
-Удирдаачаар Москвад сурсан уу?
-12 настайдаа хөгжимчин болоод 10 жилийн дараа буюу 1957 онд Москвад хөгжмийн сургуульд явсан. Очоод орос хэл мэдэхгүй хэрдээ тэвдсэн. Гэхдээ аав, ээж маань номоор эрхлүүлдэг байсан нь тус болсон доо. Багаас номонд дуртай болгосны ач тэгэхэд гарсан. Би нэг түүх ярья.
-За...
-Би Цэргийн ансамбльд байхдаа улсын хоёрдугаар зэргийн хөгжимчин болоод анхны цалин гэж 260 төгрөг авсан юм. Аав, ээж маань “Хүү минь хүний дайтай болж, төрд үнэлэгдэж эхэлж байна” гэж магтана. Би ч тэр үгэнд нь урамшаад хэрэндээ онгирч байгаа юм.
-Анхныхаа цалинг юунд зарцуулсан бэ?
-Аав, ээж маань дээжээс нь 10 төгрөг авч бусдыг нь надад үлдээгээд ном ав гэсэн юм. Мэдэхгүй хэрнээ орос хэлний ном авсан. Түүнийгээ их уншина. Сүүлдээ ямар ч үгийг нэг хараад бичдэг, уншдаг болсон. Тэр маань оюутан болоход хэрэг болсон. Орос багш нарын лекцийг дагаад бичсэн. Дараа нь орос оюутнууд надаас хуулна. Түүнээс хойш ангийнхантайгаа танилцах үед орос оюутнууд “Бид чамайг оросоор ярихгүй хэрнээ бичээд байхаар нь Монголын чекист байх гэж боддог байсан” гэж билээ. Миний гайгүй сурсан минь Оросын шилдэг багш нараар хичээл заалгасных. Идэвх чармайлттай сайн байсных таван жилийн сургуулийг дөрвөн жил сураад төгссөн.
-Төгсөөд ирэхэд урлагийн байгууллагууд булаацалдаад л аваа биз?
-Наадмын өмнөхөн ирсэн. Өөрийгөө гадаадад төгссөн их л хэрэгтэй хүн гэж тоож байв. Даанч наадам болох гээд бөөн ажил. Намайг хэн тоож, ажил хүлээлгэж өгөх вэ дээ. Боловсон хүчин нь “Чи энэ их ажил ундарч байгааг харж байгаа биз дээ. Битгий ирээд бай. Долдугаар сарын 18-нд ир” гэв. Ингээд 1961 оны тэр өдөр залуу жанжин Лхагвасүрэнгийн тушаалаар Цэргийн ансамблийн найруулагч гэдэг албан ажилд томилогдож билээ.
АНХНЫ ДУУ МААНЬ ШҮҮМЖЛҮҮЛЖ БАЙЛАА
-Хөгжим зохиож эхэлсэн тань хэзээ юм бэ?
-Лхагвасүрэн жанжнаас томилолтоо авахад намайг маргааш 08:00 цагт ир гэсэн юм. Бөөн баяр гэртээ ирээд ээждээ хэлтэл “Ашгүй хүү минь. Ээж нь хувцсыг нь индүүдээд өгье” гэлээ. Би ч хувцсанд анхаарах ухаан байсангүй. Сурсан эрдмээ хэрэгжүүлэхийн түүс болж байв. Маргааш өглөө нь нойр хүрдэггүй. Зургаан цагт босоод найм болохыг хүлээгээд гэгэлзээд сууж байтал өмнө нь хамт ажиллаж байсан С.Долд ороод ирэв. Тэгснээ “Шинэ ажилд орох гэж байгаа хүн шинэ бүтээлтэй очихгүй бол болохгүй. Би бичсэн юм. Энэ шүлгэнд ая хийчих” гэнэ. Тэгэхээр нь “Би ийм зүйл оролдож ч үзээгүй. Чадахгүй. Түүний оронд хөгжим найруул гэвэл дуртайяа зөвшөөрнө” гэлээ. Тэгсэн хэрнээ бас үзмээр санагдаад. Тийм ч хэцүү санагдсангүй. Тэр дор нь ноотолчихсон.
-“Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ хоёулаа” дуу тань уу. Шүлгийг нь их учиртай гэдэг юм билээ?
-Тийм. Тэр жил С.Цэрэн гэдэг цэрэг улсын наадамд түрүүлж, аварга цол хүртэхэд нь С.Долд бичсэн юм билээ. Байлдагч хүн улсын их баяр наадамд түрүүлж байхад дуутай бололгүй яах вэ дээ.
-Тухайн үеийн хөгжмийн урлагийнхан, сонсогчид хэр үнэлж байв?
-Сонсогчид гайгүй ээ. Харин мэргэжлийн хүмүүст шүүмжлүүлсэн. Дуу төрснөөс дөрвөн жилийн дараа Монголын хөгжмийн зохиолчдын холбооны анхдугаар их хурал болсон юм. Тэр хурлын илтгэлд шүүмжлүүллээ. “Амар хялбар аргаар дуу хийж буй хүн байна. Тэр бол П.Хаянхярваа. Ардын дууны аялгуу хуулсан маягтай шүү” гэж байв. Би хувьдаа “Зөв” л гэж бодож байсан. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс харахад буруу зүйл ч байгаагүй санагддаг. Түүнээс хойш хоёр жилийн дараа гайгүй дуунууд хийсэн.
-Анх хэн дуулсан бэ?
-Г.Гийнаа. Дараа нь Г.Жанчив, Д.Долдин нар. Сүүлд гавьяат жүжигчин П.Ганбат агсан дуулсан. Хамгийн гоё дуулсан нь П.Ганбат гэж боддог. Одоогоор Бүх цэргийн дуу бүжгийн чуулгынхан дуулдаг ч миний сэтгэлд хүрэхгүй л байгаа юм. Нас, хоолойных нь хэмжээ багадаад байдаг юм байлгүй.
ГАВЬЯАТУУД БУРУУ ДУУЛЖ БАЙХАД БУСАД НЬ АРГАГҮЙ
-Та хэзээ гэр бүлтэй болсон бэ?
-Би насаараа уран бүтээлийн төлөө яваа. Залуудаа бүр илүү байсан. Тиймээс гэр бүл зохиох минь оройтсон. Хэдэн номноос өөр хурааж, цуглуулсан ч зүйлгүй. Цэрэг, хөгжим хоёр байвал болох юм шиг санаж явж. Гэхдээ 1962 онд нэг бүсгүйтэй ханилсан. Тэр минь бурхан болоод. Одоогийнхоо ханьтай сүүлд суусан. Хөгшин бид хоёрын дундаас гарсан хүүг минь Зоригт гэдэг. Гадаад хэлний багш мэргэжилтэй ч одоогоор хувиараа ажил хийж байгаа.
-Та хэр олон хөгжмийн зэмсэгтэй вэ?
-Бий. Жижигхэн байранд багтах ч үгүй юм. Тэгэхээр нь төгөлдөр хуураа зээ охин Мөнхзаяад өгсөн. Тавдугаар ангиасаа эхэлж тоглож, хуруу, гар нь овоо гүйх юм. Одоо СУИС-ийн концертмейстрийн гуравдугаар дамжаанд суралцдаг. Миний авьяасыг өвлөх нь гэж баярлаж байгаа.
-Та сүүлийн үед дууны уран бүтээл хийж байна уу?
-Хийж байгаа. Ганц сурсан зүйл минь болохоор зүгээр сууж чадахгүй юм. Хэдхэн хоногийн өмнө нэг дуу хийсэн. Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгний бадаг бүрээс нэг мөр аваад хийсэн. Хилчдийн марш болгож дуулуулах гэж байгаа.
-Та сүүлийн үеийн дуучдыг төрийн дууллаа буруу аялгуугаар дуулж байна гэж шүүмжилдэг. Түүнээс танд хариу барьсан хүн бий юу?
-Байхгүй. Намайг тоохгүй байна уу, анзаарахгүй байна уу бүү мэд. Т.Ариунаа, Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан, Б.Дашдондог нарын гавьяатууд буруу дуулж байхад бусад нь аргагүй биз. Уг нь сайхан дуулж байгаа ч эх ноотыг нь харахгүй, ямар хэмжээтэй, үгээ яаж хуваарилахаа мэддэггүй юм билээ. Цээжний бангаар дуулж байгаа юм чинь арга ч үгүй.
-Та төрийн дууллыг шинэчлэхэд гар бие оролцсон гэдэг байх аа?
-Одоогийн Тусгаар тогтнолын ордны суурин дээр Хөгжимт драмын театр байсан юм. Тэгэхэд аав маань удирдаж, 15 настай би бусдын хамт хөгжимд сууж байв. 1950 он гарч байсан юм. Ингээд хэдэн өдөр төрийн дууллаа эгшиглүүлж Намын төв хороо, Улс төрийн товчоо, Сайд нарын Зөвлөлийн шийдвэр гарч баталсан. Тэгэхэд маршал Х.Чойбалбалсан бидэнд “Та нарын үйл хэргээр Монгол Улсын төрийн дуулал батлагдлаа. Хоёр хоногийн дараа эх орон даяар эгшиглэнэ. Тиймээс та нар өөрийнхөө намтарт төрийн шинэ дууллыг бүтээлцсэн гэж бичиж болно” гэсэн юм. Үүнээс үзэхэд би өөрийгөө төрийн дууллаа өмөөрөх эрхтэй гэж бодож байгаа.
-Найралжуулгыг нь хийлгүүлэхээр Орос руу явуулсан гэсэн. Яагаад тэр вэ?
-Манай улсад мэргэжлийн хөгжмийн зохиолч байхгүй байсан юм чинь. Хойд хөрш рүү пянзанд хуулаад явуулахад бидний хүсэлтийг сайхан хүлээн авч ноот энэ тэртэй нь буцааж явуулсан. Тэгэхээр орос хүн манай улсын төрийн дууллыг найралжуулж өгсөн нь үнэн. Гэтэл нэг өдөр Ёндон дарга намайг ажлынхаа өрөөнд дуудаад “Манай улсын төрийн дуулал яагаад ийм намуухан байдаг юм бэ. Бусад орных оргилсон аялгуутай байх юм” гэнэ. Тэр үед өмнөд Вьетнамаас төлөөлөгчид манай улсад ирээд гаргаж өгөх үед “Төрийн дууллын ая арай намуухан байна. Өөрчлөх хэрэгтэй” гэхэд нь би “Үүнийг баталчихсан шүү дээ. Тиймээс гар хүрч болохгүй” гэлээ. Тэгсэн ч “Бид тэр асуудлыг нь хариуцъя” гэсэн юм. Тэр дагууд би одоогийн төрийн дууллыг найралжуулсан. Гэхдээ би үүнийг төгс гэхгүй ч орос хүний хийснээс дээр болсон гэж боддог.
-Сүүлийн үеийн хөгжмийн зохиолчдын ур чадварыг хэрхэн үнэлж байна вэ?
-Ярих юмгүй сайн. Дэлхийн хэмжээнд хүрсэн. Гэхдээ хэтэрхий орчин үе тал руу оруулах гээд байгаа нь анзаарагддаг. Монгол хүн чинь монгол аялгуугаа сонсох гэж тэмүүлдэг юм шүү дээ.
-Танд залууст хандаж хэлэхсэн гэж бодож явдаг үг байдаг биз дээ?
-Миний багш Сергей Корчинков надад “Хүн сурч байхдаа хориотой мэт байдаг. Харин төгссөний дараа чөлөөтэй болдог. Тиймээс чи залуу насандаа бардаж, бүтээл хийж амжихгүй нь гэж цухалдаж болохгүй шүү” гэж байсан. Энэ үгийг л дамжуулъя даа.
П.Хаянхярваа: Хөгжимд дуртай болсон минь Монголын радиогоос үүдэлтэй | ||
Үзсэн: 2604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.