ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-ийг МҮОНРТ албан ёсны онцгой эрхийн дагуу эх орон даяар шууд дамжуулан үзүүлж байна. “Орчин үеийн хөлбөмбөг”, “Бөмбөггүй гүйлт”, “Зам хаасан гүйлт”, “Цөмөрсөн дамжуулалт”, “Байрласан хамгаалалт” зэрэг хэллэгээрээ хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татаад буй тайлбарлагч Д.Нанжидтай ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би спортын сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан. Үүний хажуугаар хөлбөмбөгийн дасгалжуулагчаар 2006 оноос хойш тогтмол ажиллаж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагчийн сургалт, Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “С”, “В”, “А” ангиллын сургалтад хамрагдаж, 2016-2017 онд Монгол Улсын 14, 16 хүртэлх насны шигшээ багийг удирдаж Зүүн Азийн Фестиваль, Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд оролцсон.
-Танд МҮОНРТ-ээр ДАШТ-ий тоглолт тайлбарлах саналыг хэн тавив?
-2018 оны ДАШТ-ийг Монголын хоёр телевиз шууд дамжуулан үзүүлэх болсныг дуулсан цагаас боломж олдвол тактикийн анализ нэвтрүүлэг хийх бодлыг битүүхэндээ тээж байлаа. Манай улсад хөлбөмбөг сонирхдог хүүхэд, залуус маш их байдаг. Энэ спортыг олон жил үзсэн үзэгчдийн мэдлэг, мэдээлэл хөтлөгч, тайлбарлагчдаас ч дутахгүй мундаг болсон энэ үед энгийн нүдээр тоглолтоос төдийлөн анзаардаггүй тактик, зохион байгуулалт, гоол орсон, алдсан шалтгаан, дүрмийн өөрчлөлт, нарийн ширийн зүйлсийг тайлбарлаж хүргэхийг хүссэн юм. Тиймээс МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Э.Амарсайханыг ДАШТ тайлбарлах санал тавихад татгалзаж чадаагүй.
-Та тайлбарынхаа үеэр “Орчин үеийн хөлбөмбөг”, “Бөмбөггүй гүйлт”, “Зам хаасан гүйлт”, “Нягт хамгаалалт”, “Талбай дүүргэж гүйх”, “Цөмөрсөн дамжуулалт”, “Шахалт”, “Шавалт”, “Шилжүүлэлт”, “Шилжилт”, “Байрласан хамгаалалт”, “Саатуулах” гэх мэт өмнө нь төдийлөн дуулдаагүй үгс ашиглаж байна. Олны анхаарлыг татахын тулд зориуд ийм хэллэг гаргаж ирэв үү?
-Үгүй дээ. Энэ бол миний дасгалжуулагчийн ажлын туршлага, олон улсын сургалтуудаас олж авсан, өдөр тутамдаа хэрэглэдэг үгс. Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагч, тоглогчид ч энэ үгсийг байнга ашигладаг. Орчин үеийн хөлбөмбөгийн мэргэжлийн хэллэг юм шүү дээ.
Азийн хөлбөмбөгийн холбооны Зүүн Азийн Фестиваль.
-Таны тайлбарыг олон нийт хэрхэн хүлээн авч байна вэ?
-Намайг хөлбөмбөгийг арай өөр өнцгөөс тайлбарлаж, мэргэжлийн хэллэг оруулж ирсэнд талархаж, баяр хүргэсэн олон хүн бий. Басхүү эдгээр нэр томъёог хүлээж авч чадахгүй хэсэг байгаа. Өмнө нь энэ тухай сонсч байгаагүй болохоор аргагүй биз ээ.
-Хөлбөмбөгийн сонирхогчдын хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл юу вэ?
-Хамгаалалт, довтолгооны үндсэн зарчмыг маш сайн мэдэх хэрэгтэй. Үүнийг мэдсэнээр дасгалжуулагч, тоглогч зөв тактик сонгон тоглож, амжилтад хүрч, хөлбөмбөг сонирхогчид ямар учир шалтгааны улмаас гоол орсон, алдсан зэргийг сайн мэдэрдэг болно. Хамгаалалтын үндсэн зарчим саатуулах (delay), ар талыг нь хамгаалах (covering), тэнцвэр хангах (balance), нягт байх (compactness), харилцаа холбоотой байх (communications), отон тоглолтод оруулах (offside) зэргээс бүрдэнэ. Харин довтолгоо багаараа тэлж, талбай дүүргэж байр эзлэх (width, depth), нэвтрэх (penetrate), багийн тоглогчдоо дэмжэг үзүүлэх (support), орон зай гаргах (distance), тохиромжтой өнцөг гаргах (angle), хөдөлгөөнтэй байх (mobility), харилцаа холбоотой байх (communications), отон тоглолтыг давж гарах (offside) зэрэг зарчимтай. Манай улсад 2006 оноос хойш хөлбөмбөгийн том тэмцээн бүрийг монгол тайлбартайгаар шууд дамжуулан үзүүлж байна. Гэхдээ хангалттай боловсон хүчин байгаагүйн улмаас эдгээр зарчмыг ойлгуулж чадалгүй өдийг хүрсэн болов уу.
-Эдгээр зарчмаа энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Жишээлбэл, довтолж буй баг талбайг урт, өргөнөөр дүүргэж, тэлж тогловол ашигтай. Ингэснээр өрсөлдөгч багт нь маш том орон зайд хамгаалах амаргүй үүрэг оногдох болно. Харин хамгаалж буй баг маш нягт байж, эсрэг багт тоглох орон зай өгч болохгүй.
-“Бөмбөггүй гүйлт” гэж юу гэсэн үг вэ?
-Би бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн гд, харилцан үйлдэлдэх хэвийн лд нөхцөлийг хэрэглэх дургүй ч маш их үйл хөдөлгөөн тайлбарлах хөлбөмбөгт яах аргагүй ашиглаж байна. Бөмбөгтэй гүйлт (running with the ball), бөмбөггүй гүйлт (running without the ball) гэсэн үгс олон улсын хөлбөмбөгт олон тохиолдоно. Талбай дээр 22 хүн тоглодог ч нэг нь л бөмбөгтэй байдаг. Тиймээс бусад тоглогч бөмбөггүйгээр тоглож, өөртөө болон багтаа давуу байдал үүсгэх шаардлагатай. Үүнийг “Бөмбөггүй гүйлт” гээд байгаа юм. Орчин үеийн хөлбөмбөгт бөмбөггүй тоглогчийн хөдөлгөөнийг хэрхэн дасгалжуулахаас багийн амжилт шууд хамаардаг болсон. Түүнчлэн “Нягт хамгаалалт (compact defense)-ын эсрэг нэвтэрсэн буюу цөмөрсөн дамжуулалт (penetration), алсын цохилт (long range shooting) хийж тогловол илүү үр дүнтэй” гэх мэт тодорхойлолт олон бий.
-Та тайлбарынхаа үеэр “Шилжилт” гэж их ярьдаг ...
-Довтолж буй баг бөмбөгийг нэг жигүүрээс нөгөө жигүүр рүү ээлжлэн дамжуулахыг “Шилжүүлэлт” (switching) гэдэг. Бөмбөгийг ингэж олон шилжүүлснээр өрсөлдөгчид нь бөмбөггүй их гүйж, тэр хэрээр ачаалал авна. Алдарт дасгалжуулагч Пеп Гуардиола “Бид өрсөлдөгчөө бөмбөггүй гүйлгэхийн тулд бөмбөгөө их дамжуулдаг” гэсэн философитой байдаг. Бөмбөг бага эзэмшсэн баг их гүйж, энэ нь тоглолтын чанарт нөлөөлж, алдаа гарч, эсрэг багт довтлох орон зай бий болно. Харин хамгаалж буй баг нягт байдлаа алдахгүйгээр бөмбөгний зүг багаараа явахыг “Шилжилт” (Sliding) гэдэг. “Шилжилт” гэдэг басхүү хамгаалалтаас довтолгоонд, довтолгооноос хамгаалалт руу шилжих үйл явцыг (transition) илэрхийлдэг. Тоглолтын үйл явцыг тайлбарлахын тулд эдгээр үгсийг ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байгаа биз.
2018 оны 16 хүртэлх насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээн. Австрали, Вьетнамын шигшээ багийн дасгалжуулагчдын хамт.
-“Шавалт” гэдэг үг хамгийн их шүүмжлэл дагуулаад байна?
-Тийм ээ. Сая дурдсан Гуардиола 2008 онд “Барселона-д ирснээр олон тактик хэрэгжүүлсний нэг нь тоглогч бөмбөгөө алдсаныхаа дараа хамгаалалтыг шууд эхлүүлэх болсон явдал. Гэхдээ бөмбөг алдсан тоглогч эсрэг багийн бөмбөгтэй тоглогч руу ганцаар бус багийнхаа ойрхон байгаа хоёроос гурван тоглогч хамт шууд очин шавж, маш нягт орон зай үүсгэснээр бөмбөгийг эргүүлж авах, эсвэл цөлүүлж алдах энэ аргыг өнөөдөр дэлхий нийтээрээ хэрэглэж байна. Олон улсын өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчид энэ тактикийг “Барсагийн зургаан секундын дүрэм” гэдэг нэрээр нь андахгүй. Үүнийг маш тодорхой тайлбарласан, Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “В” ангиллын сургалтад ашигладаг бичлэгийг https://www.youtube.com/watch?v=-Cs0IemkVKs холбоосоор үзээрэй. Миний хувьд энэ тактикийг дасгалжуулагчийн ажилдаа сүүлийн таван жил ашиглаж байна. Дасгалжуулагч хүн тоглолтын үеэр тоглогчдодоо богино хугацаанд товч бөгөөд тодорхой үүрэг өгөх ёстой. Гэтэл талбайн гаднаас “Барсагийн зургаан секундын дүрмийг хэрэгжүүлээрэй” гэж хэлэх оновчтой биш. Тиймээс товч бөгөөд тодорхой басхүү монгол хэллэг олох гэж нэлээн эрэл хайгуул хийсний эцэст “Шавах” гэдэг үг хамгийн тохирохыг мэдсэн. Энэ үг монгол хэлний товч тайлбар тольд бичсэнээр цугларах, бөөгнөрөх, шаваарах гэсэн утгыг агуулдаг. Гуардиолагийн эхлүүлсэн энэхүү тактик бол яахын арагүй орчин үеийн хөлбөмбөгийн салшгүй хэсэг, нарийн үйл явц. Үүнийг үзэгчдэд яаж ийгээд тайлбарлан хүргэх нь тайлбарлагч миний хүлээсэн үүрэг. Дэлхийн хөлбөмбөг маш хурдтай шинэчлэгдэж байна. Харамсалтай нь бид энэ хөгжлийн араас хөнгөн алхаж байна.
-Энэ жилийн ДАШТ том багуудад тун халгаатай болж байна. Үүний гол шалтгаан нь юу вэ?
-Улс бүр маш их тооцоо судалгааны үндсэнд өөрсдийн хөлбөмбөгийн философийг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл давуу талаа мэдэж, түүнийгээ улам хөгжүүлснээр “Муу баг” гэсэн ойлголт үндсэндээ үгүй болоод байна. Би 2017-2018 онд Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “А” ангиллын сургалтад хамрагдаж, Иран улсын нэрт сургагч багш Мортеза Моазезаар алт шиг үнэтэй хичээлүүд заалгасан. Энэхүү багш өөрийн улсын хөлбөмбөгийн хөгжлийг философио зөв тодорхойлсонтой холбож тайлбарладаг. Португал мэргэжилтэн Карлуш Кейруш Иранд анх ирээд бүх насны шигшээ багт нягт хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжих хамгийн тохирсон арга барилыг нь суулгасан юм билээ. Үүний дүнд иранчууд 2014 оны ДАШТ-д Аргентинд шүүгчийн мэдлийн цагт хожигдож, 2018 оны ДАШТ-ий эрхийг Бразилын дараа хүртэж, 17, 20 хүртэлх насны шигшээ баг нь ДАШТ-д оролцож, футзалын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг нь Азийн аварга болсныг дурдах дуртай. Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ удаагийн ДАШТ-д Испани, Португалын аль нэгийг хэсгийн тоглолтоос мултлах шахлаа шүү дээ. Би Ираны хөлбөмбөгийн тухай ярихыг маш их хүссэн боловч харамсалтай нь “В” хэсгийн тоглолтууд МҮОНРТ-ээр шууд гарсангүй.
-Өөр хэлэхийг хүссэн зүйл байсан уу?
-Байлгүй яах вэ. Жишээлбэл, Данийн шигшээ багийг 1992 онд Европын аварга болгож, гайхамшиг бүтээсэн алдарт дасгалжуулагч Рихард Мөллер Нильсений хүү Томми Мөллер Нильсен хоёр жилийн өмнө манай улсад ирсэн юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны зааварлагч багш, Европын хөлбөмбөгийн холбооны “Про” зэрэглэлтэй дасгалжуулагч энэ хүн Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан олон улсын симпозиумд оролцох үеэрээ ямар арга барилаар тоглох нь тоглогчдын түвшингээс шууд хамаарахыг маш сайн тайлбарлаж билээ. Данийн хөлбөмбөгийн түүхэнд од тоглогч цөөн төрсөн. Гэсэн ч үе үеийн дасгалжуулагчид тэдэнд суурилсан тоглолтын маш зөв арга барилыг сонгосноор чамлахааргүй амжилтад хүрсэн нь бий. Шигшээ багийн одоогийн дасгалжуулагч Ога Харейде 4-2-3-1 буюу хамгаалах чиглэлийн хоёр хагас хамгаалагчтай хувилбар сонгосон нь багийн лидер, довтлох чиглэлийн хагас хамгаалагч Кристиан Эриксенд чөлөөтэй тоглох боломж олгож, ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээний 12 тоглолтод 11 гоол хийж, гоолын гурван дамжуулалт өгснийг жишээ болгон дурдаж болно.
-Та Монголын хөлбөмбөг тайлбарлагчдын тухай ямар бодолтой явдаг вэ?
-Олон жилийн турш олон мянган хүүхэд залуусыг энэ спортод дурлуулж, мэдлэг мэдээлэл хайрласан мундаг гавьяатай хүмүүс. Э.Балжинням ахтай хамт ЕАШТ, ДАШТ хамт тайлбарласнаа бурхны хишиг гэж боддог. Өөрийн гэсэн маш өвөрмөц арга барилтай хүн. Б.Батзаяа бол миний багын найз, их сургуульд надаас хоёр дээд ангид байсан. Мундаг хөдөлмөрч, тууштай залуу. Түүнчлэн жүжигчин Д.Энхбаяр ах, “Бундеслиг” тайлбарладаг Б.Билгүүн болон бусад залуустай ажил хэргийн сайн харилцаатай байдаг, тайлбарыг нь үзэх дуртай.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод болсон олон улсын тэмцээний аварга баг.
-МҮОНРТ-д ямар баг ажиллаж байна вэ?
-Энэ дашрамд ДАШТ тайлбарлах боломж олгосон МҮОНРТ, “MNB Спорт” сувгийн удирдлага, хамт олон, уран бүтээлчдэд гүн талархал илэрхийлье. Телевиз гэдэг багийн маш том ажиллагаа гэдгийг дахин мэдэрлээ. Хөтлөгч Э.Амарсайхан, О.Ууганбаяр, тайлбарлагч Г.Зол-Эрдэнэ, А.Одбаяр, О.Сонинбаяр, Г.Баярсайхан, Б.Оюунсайтар, Б.Билэгт гэсэн залуустай гар нийлж сайхан ажиллаж байна. Г.Зол-Эрдэнэ “Сери А”, “Премьер лиг”, А.Одбаяр “Аваргуудын лиг”, “Премьер лиг” тайлбарлаж байсан туршлагатай. Манай залуус талбай дээрх үйл явцыг мундаг мэдэрч, түүнийгээ задлан тайлбарлаж, хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэж чаддаг.
-Таны дасгалжуулагчийн ажил хэр үргэлжилж байна вэ?
-ДАШТ эхэлснээс хойш үндсэн ажлаа нэлээн цалгардууллаа. Өсвөр үеийн таван насны ангилалд бэлтгэсэн баг маань УАШТ-д хүссэн амжилтаа үзүүлж чадсангүй. Одоогоор мөнгө, хүрэл тус бүр нэгийг хүртсэн явж байна. Гэхдээ бас хэдэн сайн мэдээ бий. Манай клубын 12 хүртэлх насны багийн довтлогч Э.Даринчулуун саяхан ОХУ-ын "Газпром" ХК, Европын хөлбөмбөгийн холбооноос ОХУ-ын Москва хотод зохион байгуулсан "Нөхөрлөлийн хөлбөмбөг" олон улсын нэр хүндтэй Фесивальд “Горилла” багийн ахлагчийн хувиар тоглож ДАШТ-ий нээлтийн ажиллагаанд оролцоод ирлээ. Түүнчлэн манай клубын 16 хүртэлх насны багийн хамгаалагч Ж.Эрдэнэзолбоо МХБХ-ноос зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэнээр Унгарын домогт хөлбөмбөгч Ференц Пушкашийн нэрэмжит академид суралцах хоёр тоглогчийн нэг болсон. Ирэх наймдугаар сард Будапешт руу явна.
-Тэр жил Итали явж байсан хүүхдүүд танай клубынх бил үү?
-Тийм ээ. Манай А.Мөнх-Оргил, Т.Анхбаяр нар 2011, 2012 онд Италийн алдарт “Милан” клубын дасгалжуулагчдын зохион байгуулсан шалгаруулалтад тэнцэж, Милан хотод болсон дэлхийн Фестивальд оролцсон. Мөн миний шавь Н.Золбоо 2013 онд Туркийн алдарт “Галатасарай” клубын академид тэнцэж, хэд хэдэн тоглолтод оролцсон ч гэмтлийн улмаас цааш тоглох боломжгүй болсон нь маш харамсалтай. Одоогоор манай клубын өөр нэг тоглогч Германы “Бундеслиг”-ийн нэг клубын академид орохоор хөөцөлдөж байна.
“Нэг бүс, нэг зам” олон улсын нэр хүндтэй тэмцээний аварга Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ баг.
-Та дасгалжуулагчийн хувиар ямар хүчтэй багуудын эсрэг тоглож байв?
-Монгол Улсын өсвөр үеийнхний шигшээ багийг удирдаад 2016 оны Зүүн Азийн Фестивальд Өмнөд Солонгос, Япон, өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд Австрали, Вьетнамын маш хүчирхэг багийн эсрэг тоглосон. Хэдэн жилийн дараа Азийн хөлбөмбөг Европоос нэг их дутахгүй болсон байна. Монголдоо хоёр дараалан улсын аварга болсон манай нэг баг 2014 оны Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд Узбекистаны алдарт “Бунёдкор”-т 1:10-аар навсайтлаа хожигдож байлаа. Гэхдээ бэлтгэл сургуулилтаа сайн хийсний дүнд дараа жил нь Узбекистаны өөр нэг том баг “Пахтакор”-той ойрхон тоглож, 0:2-оор хожигдсон. 2015 онд БНХАУ-ын Хайнанд болсон олон улсын тэмцээнд Бразилын алдарт “Флуминенсе”-гийн эсрэг тоглосон нь бас сайхан дурсамж.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд улам өндөр амжилт хүсэн ерөөе.
Д.Нанжид: Тоглолтын үйл явцыг нарийн тайлбарлахын тулд мэргэжлийн хэллэг ашиглах зайлшгүй шаардлагатай | ||
Үзсэн: 12825 | Mongolian National Broadcaster |