Өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсын Үндэсний баярын өдөр, Хувьсгалын Ялалтын 55 жилийн ойн баярын өдөр. Хойд Америкийн бүс нутагт улстөрийн тогтолцоогоо удаан хадгалж байгаа цорын ганц "социалист" гэгдэх системийн улс. Тус улсын тухай товчхон мэдээллийг уншигч та бүхэнд хүргэе.
Куба улс нь Карибийн тэнгист орших Куба хэмээх гол арал, Ювентудын арал болон хэдэн жижиг арлаас бүрддэг арал улс юм. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 109,886 км2. Нийслэл хот нь Хавана. Нийт хүн ам 11,2 сая бөгөөд Карибийн тэнгисийн орнуудаас хамгийн их хүн амтай улс юм. Кубын урлаг, өв соёл, зан заншил нь Тайно, Сибоней зэрэг нутгийн уугуул олон овог аймгаас гаралтай ч, Испанийн колончлол, Африкийн боолууд болон зэргэлдээ орших АНУ-ын нөлөө түлхүү шингэсэн байдаг.
Анх 1492 оны аравдугаар сарын 12-нд Баракоагийн ойролцоо Кристофер Колумб бууж, Испанийн хаант улсын шинэ арал хэмээн зарлаж, Астуриасын ханхүү Жуаны нэрийн өмнөөс “Жуаны арал” гэж нэрлэсэн байна. 1511 онд Испанийн анхны сууринг байгуулж, удалгүй 1515 онд ирээдүйн нийслэл Хавана хотын суурийг тавьсан түүхтэй.
Испанийн колончлолд ороод удалгүй Христийн шашныг дагахаас татгалзсан 100 гаруй мянган уугуул иргэдийг колончлогчид боол болгож, алт олборлох ажилд дайчилж байв. Колончлолд зовж зүдэрсэн уугуул Кубачууд зуун жилийн дотор халдварт өвчин, колончлолын дарангуйллын уршгаар бараг байхгүй болсон гэдэг.
Үүнээс хойш Куба Испанийн эзэмшилд 1898 он хүртэл буюу бараг 400 жил байсан бөгөөд энэ хугацаанд газар тариалан, уул уурхай дээр суурилсан эдийн засаг хөгжиж Европ руу сахар, кофе болон тамхи экспортолдог болжээ. Нийгэм, эдийн засгийн эрх мэдэл цөөхөн хэдэн газар эзэмшигч испаничуудын гарт байсан аж. Тухайн үеийн хүн амыг арал дээр төрсөн испаничууд буюу Криоллос, Европын бусад үндэстнүүд болон Африк гаралтай боолууд бүрдүүлдэг байжээ.
1820-иод онд Латин Америк дахь Испанийн эзэмшилд байсан газрууд эрх чөлөөний төлөө босч, тусгаар улс болж эхэлсэн байна. Харин Куба үнэнч хэвээр байсаар байж. Энэ ч утгаараа “Үргэлж Испанийн үнэнч арал” гэх лоозонтой болжээ. Хэдийгээр Кубад эрх чөлөөний төлөөх хонх жингэнэж байсан ч ихэнх нөлөө бүхий хүмүүс Испанийн хэсэг байх хүсэлтэй байлаа. Үүний шалтгаан нь тэд нэг бол Испанитай наймаа хийдэг худалдаачид, эсвэл далайн дээрэмчдээс хамгаалуулах хүсэлтэй, үгүй бол боолын бослого гарч болзошгүй хэмээн айсан, эсвэл Испанийн дарангуйллаас илүүтэйгээр АНУ хүчирхэгжиж байгаад дургүй байсан явдал юм.
Харин эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх бослого 1868 онд эхэлсэн байна. Карлос Мануэль де Сеспедесийн удирдсан уг бослого арван жилийн дайны эхлэл болсон юм. АНУ болон Европ, Латин Америкийн олон орнууд Кубыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байв. Хэдийгээр 1886 онд боолчлолыг халж чадсан ч Африк гаралтай иргэд нийгэм, эдийн засгийн хувьд хавчигдмал байсаар байв. Энэ хугацаанд Испанид ядуурал нэмэгдэж, 1868 онд хувьсгал гарч, олон хүмүүс Куба руу дүрвэн гарч эхэлжээ. Удалгүй АНУ-ын ерөнхийлөгчөөр Теодор Рузвельт сонгогдож, 1901 онд Испанитай хийсэн хэлэлцээрийг цуцалсан байна. 1902 оны тавдугаар сарын 20-нд Куба улсын тусгаар тогтнолыг АНУ хүлээн зөвшөөрсөн билээ.
Бүр хожим нь 1956 онд Фидель Кастро эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдээж, түүний удирдсан босогчид 1959 оны нэгдүгээр сарын 8-нд нийслэл хотод нэвтрэн засгийн эрхийг гартаа авчээ. Үүний дараахан Мануэль Уррутиа Ллео ерөнхийлөгчөөр сонгогдож, Кастро ерөнхий сайдаар томилогдсон байна. Уррутиа мөн оны долдугаар сард огцорч, түүний халааг Освалдо Дортикос Торрадо аван 1976 он хүртэл төрийн тэргүүний албыг хашчээ. Харин түүний оронд Фидель Кастро ерөнхийлөгч болж, 2008 он хүртэл улсаа удирдсан юм.
Харин өдгөө Куба улс социалист арга барилтай, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орон юм. Ихэнх аж үйлдвэрийг төр удирддаг боловч сүүлийн жилүүдэд хувийн салбар харьцангуй хөгжиж байна. Кубын засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийг тогтоодог. Мөн Куба иргэнийг ажилд авах тохиолдолд засгийн газарт тодорхой хэмжээний төлбөр төлж, энэ мөнгийг эргүүлэн төрөөс цалин болгон өгдөг аж. Кубын иргэд түүнчлэн төрөөс зөвшөөрөөгүй тохиолдолд ажлаа солих хориотой байдаг. Сарын дундаж цалин 16,70 ам.доллар байдаг. Аялал жуулчлалыг 1997 он хүртэл хязгаарладаг байв. Энэ хугацаанд нутгийн иргэдтэй жуулчид холбоо тогтоох асуудал де-факто байжээ.
2008 оны хоёрдугаар сард Фидель Кастрогийн дүү Рауль Кастро ерөнхийлөгч болж томоохон өөрчлөлтийг хийж эхэлсэн байна. Тэрбээр коммунист газар тариалангийн системийг халж, өдгөө нийт хүнсний 80 хувийг гадаадаас импортолдог болсон байна. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох никель нь дэлхийн зах зээлийн 6,4 хувийг хангадаг. Түүнчлэн сахар, тамхи, эмийн бараа болон кофены экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг билээ.
Монгол-Куба улсуудын хамтын ажиллагаа
- Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм.
- Манай улс Гавана хотноо 1967 онд, Куба Улс Улаанбаатар хотноо 1962 онд ЭСЯ-аа харилцан нээсэн.
- Харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн өргөжүүлж, иргэд хоорондын солилцоог идэвхижүүлэхээр хоёр тал 2001 онд иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан юм.
- Манай улсын Төрийн гурван өндөрлөг, ГХ-ны сайд баярын захидал илгээжээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд Нарын Зөвлөлийн дарга Рауль Кастро Русд захидал илгээжээ.
- Тэрбээр захидалдаа Куба Улсад 55 жилийн тэртээ ялсан үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Монгол Улс талархан хүлээн авч, дипломат харилцаа тогтоож, тэр цагаас хойш хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж ирснийг дурджээ.
- Харин УИХ-ын дарга З.Энхболд Куба Улсын Үндэсний Ассамблейн дарга Эставан Лазо Эрнандезд хандан энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол, Кубын Парламент хоорондын уламжлалт найрсаг харилцааг цаашид ч улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотолсон байна.
- Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр орны хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч улам бэхжин хөгжихийн ерөөл дэвшүүллээ.
- Гадаад харилцааны сайд Л.Болд Куба Улсын Гадаад харилцааны сайд Бруно Родригез Паррийяд баяр хүргэсний сацуу Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх 2015 онд тохиохыг тэмдэглэж, уг ойг хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Өнөөдөр “Эрх чөлөөний арал”-ын баярын өдөр | ||
Үзсэн: 2011 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.