Шууд Chart

Б.Чинбат: Гитар уйлж байгаа юм шиг сонсогддог бол төгөлдөр хуур тайван зантай хүн шиг...

2018-07-30 10:24:51

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Батмөнхийн Чинбаттай ярилцлаа.

-Олон жил гадаадад амьдарч байгаад ирэхэд тань манай залуус хэр өөрчлөгдсөн санагдсан бэ?

-Их өөрчлөгдсөн байсан. Энэ байдал нь тэдний харилцаа, биеэ авч яваа байдлаас нь харагдсан. Цаашдаа улам хөгжиж дэлхийд өрсөлдөхүйц болоход ойрхон байна.

-Манай улсын рок поп урлаг АНУ-ын урлагт дөхөж очиход хэчнээн жил зарцуулагдахаар байна вэ?

-Олон жилийн улбаатай тэр улсын урлагт энэ тэнцүү очиход хэцүү. Гэхдээ болохгүй гэх зүйлгүй. Боломжийг нь надаас харж байгаа биз дээ.

-Манай залуучууд олны танил болохын тулд уран бүтээлдээ анхаарах биш карьер хөөх нь элбэг болсон. Танд ажиглагдсан уу?

-Үгүй. Хэрэв тийм бодолтой хүн байгаа бол тэд тийм л орчинд өссөнийх. Урлаг бол маш хатуу. Дуртай нэг нь дуулж, олонд хүндлэгдэнэ гэж байхгүй. Ийм бодолтой хүмүүс цаг хугацааны шалгуураар арчигдана.

-Та бүх төрлийн хөгжмийг тоглож чадна гэдэг байх аа?

-Тийм. Миний мэргэжил тийм байхыг шаарддаг. Би хөгжимчин болж төрсөн юм чинь бүх хөгжмийг тоглосон шиг тоглох ёстой.

-Та хөгжмийг юутай зүйрлэдэг вэ?

-Хүнтэй.

-Яагаад?

-Хөгжим бүр нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн араншинг тээсэн байдаг. Гитар уйлж байгаа хүн шиг сонсогддог бол төгөлдөр хуур тайван зантай хүн шиг санагддаг.

-Төгөлдөр хуурч хүн хар бор ажил хийж болдоггүй гэдэг. Зайлшгүй хийх шаардлага гарвал та яадаг вэ?

-Ганцаараа явж байхад тийм зүйл тохиолдвол хийхээс аргагүй. Гэхдээ би зургаан настайгаасаа төгөлдөр хуур тоглож сурсан болохоор хүнд ажил хийж байгаагүй. Тэгэхээр сайн хийж чадахгүй л болов уу. Хүнд ажил хийхийг сургуулиас хориглосон байдаг.

-Ингэсээр залхуу болох талтай байдаг уу?

-Үгүй байх аа. Тэгээд ч надад тийм зүйл хийх боломж гардаггүй. Төгөлдөр хуурынхаа ард л ихэнх цагийг өнгөрүүлдэг.   

-Америкт та нэг дууны хөгжмийн найруулгыг ямар өртгөөр хийдэг байсан бэ?

-Хүний амьдралд нөлөөлөхүйц хэмжээний мөнгөөр. Зах зээл хөгжсөн орон юм чинь аргагүй биз дээ.

-Тэгвэл Монголд?

-Доод тал нь 300 ам.доллар.

-Та дэлхийн оддыг эх орондоо авч ирж тоглолт хийлгэж чадах уу?

-Чадна. Хамгийн гол нь улс хөрөнгийг нь гаргаж өгөх хэрэгтэй.

-Хэдэн төгрөгөөр тоглодог вэ?

-Жишээ нь Бионсе бусад улсад тоглохдоо сая ам.доллар авдаг. Бусад нь ч энэ хэмжээний мөнгө авна биз.

-Тантай уулзахад “Sweetymotion хамтлагийн талаар ярилцахгүй өнгөрч болохгүй. Тэд уран бүтээлийнхээ төлөвлөгөөг жилээр гаргадаг уу, сараар уу?

-Ихэвчлэн жилээр. Энд тэндээс тоглолтод оролцуулах урилга ирвэл сараар.

-Танд дахиад нэг шинэ хамтлаг гаргаж ирэх бодол байдаг уу?

-(Инээв). Та хүний бодол уншдаг юм биш биз дээ. Надад тийм бодол байгаа. Гэхдээ тэр тухай одоо яримааргүй байна. Монголд авьяастай залуу олон байна. Тэднийг ажиглаад л явж байна. Адилхан уран бүтээлийн төлөө яваа хүн үнэнхүү авьяастайг нь дэмжихээс өөр арга үгүй. Намайг зориод ирсэн хэнийг ч цаашаа гэхгүй.

-Эмэгтэйчүүдийн хамтлаг байгаасай гэж бодож байна уу?

-Аль нь ч байж болно. Хөгжимчин, дуучин байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь урлагт бүхий л зүйлээ зориулж чаддаг хүн таараасай. Зөв цагт, зөв хүнтэй л уулзах хэрэгтэй. Намайг Америкт очиход ийм тохиолдол хүлээж байсан. Дэлхийн ододтой хамтарч ажиллах, хөгжимнийх нь найруулгыг хийнэ гэдэг том аз. Харин боломж бол надаас хол өнгөрч байсан.

-Таны гаргаж ирэх хамтлаг ямар шаардлага хангасан байх хэрэгтэй вэ. Бидний ярилцлагыг уншсан залуус таныг зорьж ирэх ч юм бил үү?

-Мэргэжлийн ур чадварыг өндөр эзэмшсэн байх хэрэгтэй.     

-Эмэгтэй хамтлагтай хамтарч ажиллах ер нь хэцүү юу?

-Надад уран бүтээлийн төлөө бүхийл амьдралаа зориулж чадах хүн таалагддаг. “Sweetymotion” хамтлагийнхан яг л тийм хүмүүс. Эмэгтэй хүн зөөлөн сэтгэлтэй байдаг болохоор эвийг нь олоход амар.

-"Sweetymotion” хамтлаг хэдий хүртэл уран бүтээлээ хийх бол. Урлаг сайхан ч нас ахихаар хувийн амьдралдаа анхаарах цаг ирэх байх?

-Уран бүтээлч хүн байнга урын сангаа баяжуулж байх ёстой. Америкийн олон дуучин өндөр настай хэрнээ уран бүтээлээ хийгээд, залуучуудтайгаа шоунд оролцоод явж байна. Өөр улсынх ч гэлээ адилхан хүн юм чинь тэднээс юугаараа дутдаг юм. Тиймээс энэ хамтлагийнхан хэсэгтээ тайзаа орхиж, үзэгчдээсээ холдохгүй.

-Аав тань ҮДБЭЧ-д хуучир хөгжим тоглодог байсан гэдэг. Та багаасаа ардын хөгжим сонсч өссөн үү?

-Мэдээж. Ааваас гадна эгч бүжигчин байсан болохоор би энэ чуулгад өссөн гэж хэлж болно. Тиймээс өөрийгөө энэ урлагийг дэлхийд таниулах ёстой хүн гэж боддог. Хүн харж байгаагүй зүйлээ хамгийн сайхнаар төсөөлдөг. Би ч АНУ-д очоогүй байхдаа тэдний урлагийг гайхамшиг мэт төсөөлдөг байлаа. Харин тэнд удаан хугацаагаар амьдрахдаа нутгийнхаа урлагийг ямар ч улсынхаас илүү гэдгийг ойлгосон.

-Таныг сүүлийн үед чуулгаа орхиод хувийн уран бүтээлдээ анхаарах боллоо гэж хүмүүс ярилцах юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Би чуулгатайгаа үргэлж холбоотой байгаа. Хэрвээ би чуулгаа мартсан бол энэ тоглолтод ч оролцохгүй. Чуулгынхантайгаа би саяхан ярилцаж, хэд хэдэн хөгжим найруулахаар тохиролцсон. Цаашдаа дэлхийд гайхагдсан бүтээл хийнэ.  

-Аавын тань тухай ярилцмаар санагдлаа. Та аавдаа зориулж “Сэтгэлийн гуйлга” нэртэй хөгжим зохиосон. Энэ хөгжмийг зохиох болсон түүхээс хуучилж болох уу?

-Миний аавыг гавьяат жүжигчин С.Батмөнх гэж хуучирч хүн байсан. Хөгжмийн урлагийн “Алтан үе”-ийнхэнтэй 40 гаруй орноор аялан тоглолт хийж явсан. Би өдий зэрэгтэй яваагаа аавынхаа буян гэж боддог. Би энэ хөгжмийг аавынхаа биеийг муу байхад нь зохиосон. Аав маань энэ хөгжмийг сонсох үедээ нэг ч хөгжим сонсох тэнхэлгүй байсан. Тэгсэн хэрнээ эрхий хуруугаа гозойлгосон.

-Маш сайн болсон байна гэж үү?

-Тийм. Тэр дохио аавын маань сүүлчийн үг байсан. Хааяа аавыгаа санахдаа бурхан болохоос нь өмнө өөрт нь зохиосон хөгжмөө сонсгож чадсан минь том аз гэж боддог. Аавдаа дуун суварга босгосноор буян үйлдэж байна гэж ойлгож байгаа. Аавын минь тэр эрхий хуруу надад хззээ ч муу уран бүтээл хийж болохгүй шүү гэж хэлсэн шиг санагддаг.

-Аавын тань эрхий хуруу амьдрал, уран бүтээлийн тань замыг заажээ гэвэл?

-Үнэн.

-Та охиндоо зориулж дууны ая зохиож, эхнэрээрээ дуулуулна гэсэн. Дуулуулж амжсан уу?

-Хараахан амжаагүй байна. Тэр аялгууг Ц.Сарнайг төрөх гэж эмнэлэг рүү явж байхдаа зохиосон шүү дээ. Мартчих гээд байхаар нь утсан дээрээ аялж хадгалаад дараа нь бүрэн хэмжээгээр нь бичсэн.

-Ярилцсанд баярлалаа.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Чинбат: Гитар уйлж байгаа юм шиг сонсогддог бол төгөлдөр хуур тайван зантай хүн шиг...  
Үзсэн: 4369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [139.5.219.xxx] 2018-07-30 13:07
Uneheer mundag uran buteelch zaluu shu urlagin ynjinlham burhan urgelj iveej. Baig

Бидэнтэй нэгдээрэй