Монголын Ахмадын өдрөөр МҮОНРТ-ийн ажилтнуудын хувьд эрхэм нэгэн хүн гавьяаны амралтдаа суулаа. Тэр хүн бол Монгол Улсын зөвлөх инженер Б.Оюунцэцэг юм.
- Та МҮОНРТ-д хэдэн жил ажилласнаас яриагаа эхэлье...
- Би энэ сайхан хамт олонтойгоо 35 жил ажиллалаа. Энэ олон жилийн түүхийг хамт олонтойгоо бичилцсэндээ тун их баяртай байна. Ахмад ажилтан болно гэдэг нэр хүндтэй, сайхан байдаг юм байна шүү.
- Ахмад инженерийн хувьд асуухад 51 дэх намартайгаа золгож буй төв телевизийнхээ хөгжлийг хэрхэн дүгнэх вэ?
- 1983 онд дээд сургуулиа төгсч, энэ байгууллагадаа анх ажиллахад эфирийн ээлжийн инженерээс эхэлсэн. Түүнээс хойш олон янзын дамжлагад ажиллажээ. Гэхдээ ихэвчлэн дүрсийн, дүрсийн хэмжилтийн, эфирийн, студийн, ахлах, ерөнхий инженер гэсэн албан тушаалыг маш олон жил хашсан. Миний сонирхол дүрс талдаа илүү. Тэр ч утгаараа мэргэшсэн мэргэжлээрээ өнөөг хүртэл ажиллалаа. Хүн дуртай ажлаасаа хэзээ ч холдож чаддаггүй.
Тиймээс би өөртөө “Би энэ ажлыг ямар ч байсан хийнэ. Үүнийг даван туулах ёстой” гэсэн зорилго тавьж ажилласан. Мөн хамт олныхоо хүчинд өдий зэрэгтэй явна. Телевиз намайг ийм сайхан боловсролтой болгож өгсөн. Тиймээс 10 жил сурахдаа Монгол Улсдаа, байгууллагадаа “өртэй юм шүү” гэсэн сэтгэл тээж, зүтгэж явсаар өдий хүрлээ. Тэгж хичээснийхээ сайхныг ч амсаад сууж байна. Намайг анх ажилд ороход дөнгөж SECAM буюу өнгөт системдээ орж байсан бол түүний дараа PAL системд шилжсэн. Харин энэ жил HD-д шилжсэн нэг жилийнхээ ойг тэмдэглэлээ. Одоо манай байгууллага дуу, дүрсээрээ хаана ч гологдохгүй. Олон улсын хэмжээнд мөр зэрэгцэн явж байгаа.
- SECAM буюу өнгөт системд хэдэн онд шилжсэн бэ?
- 1981 онд “Монгол телевиз” гэдэг нэртэй байхад SECAM буюу өнгөт системд шилжсэн. Харин 1998 онд өнгөт PAL системд шилжсэн бол өндөр тодрол руу 2017 онд орсон. Эдгээрийн дунд нэг шинэ технологи байсан нь тоон технологи. Үүнд “Студи-600”-гаа 2008 онд шилжүүлсэн. Одоогоор бид HD-д шилжлээ гэж байгаа боловч улам өндөр тодролтой болгоно гэвэл 4К, 8К систем рүү шилжинэ гэсэн үг. Манай телевиз нэгэнт сууриа тавьсан учраас дараа дараагийн өөрчлөлтийг хийгээд явах боломжтой.
- Хамгийн сүүлийн үеийн дүрсний технологид шилжинэ гэвэл хэр хугацаа орох вэ?
- 4К руу шилжихэд хоёр жил л болно. Гэхдээ хөрөнгө мөнгө нэлээн шаардлагатай л даа.
- Хамгийн сүүлд гарсан 8К хэдэн жилийн өмнө гарсан технологи вэ?
- Биднийг бага байхад яригддаг байсан технологи. Технологи гэдэг маань хэр хурдан тархах вэ гэдэг болохоос биш ойр ойрхон хугацаанд бүтээгдээд байдаг зүйл биш. Тархалтандаа л хугацаа алддаг.
- Дүрсний технологийн хэд хэдэн стандартыг боловсруулах ажил та оролцож байсан юм билээ ...
- Боловсон хүчний хувьд телевизийн инженер учраас тийнхүү оролцож байсан. Бидний зорилго өөрсдийн ажлаа стандартын дагуу, олон улсын жишигт нийцүүлж байх ёстой. Ер нь Монгол Улсын телевизийн хөгжлийг инженер бид нар авч явах ёстой учраас стандартаа мөрдөж ажиллах учиртай. Түүнийхээ хэмжээгээр стандартаа боловсруулна. Тэгж боловсруулсан стандартынхаа дагуу дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэх ёстой. Мөн МҮОНТ яагаад өндөр үнэтэй тоног төхөөрөмж авдаг юм бэ гэхээр мэргэжлийн түвшнийх учир. Арилжааны телевизийг бодвол технологийн өндөр түвшинд хийгдсэн тоног төхөөрөмж ашигладаг.
- МҮОНРТ байгуулагдсан цагаасаа ОХУ-д мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байсан. Харин өнөөдөр Монголын телевизүүд техникийн мэргэжилтнээ хэрхэн бэлтгэж байна вэ?
- Бидний анх сурч байхад улсаас бодлогын дагуу гадаадад боловсон хүчин бэлтгэдэг байсан. Би тэдгээр мэргэжилтнүүдийн хамгийн сүүлчийн төгсөгч байх. Түүнээс хойш зах зээл залгаад хүмүүс сурч чадахгүй болж, боловсон хүчин хоцрогдолд орсон нь үнэн. Манай улсад бидний эзэмшсэн мэргэжлийг өвлүүлдэг сургууль ч цөөхөн. Гэхдээ гадаадад манай улсын хүүхдүүд сурч байгаа байх.
-Ярилцсанд баярлалаа.
"Хурд" агентлаг
Б.Оюунцэцэг: Монгол Улсын телевизийн хөгжлийг инженер бид нар авч явах ёстой | ||
Үзсэн: 3452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.