Шууд Chart

У.Содхүү: Эхнэр минь миний авьяаст дурласан

2018-11-12 10:27:02

UB комеди” клубийн үндсэн гишүүн, комедиан, сагсан бөмбөгийн 3x3 төрлийн талбайн тайлбарлагч У.Содхүүтэй ярилцлаа.

            -Багаасаа том биетэй хүүхэд байсан уу. Бага нас тань хаана өнгөрсөн бэ?

            -Би дээрээ гурван эгчтэй, айлын бага. Аав Сүхбаатар аймгийн Алтан-Овоонд очиж, “надад хүү хайрлаач” гэж гуйсан юм билээ. Тэгээд аав минь 5.8 кг хүүтэй болсон нь би. Сургуулийн өмнөх боловсролыг гэртээ эзэмшсэн. (инээв). Гурван тамир сургуулийг 2011 онд төгссөн.

            Манай аав хөдөлмөрийн баатар, ардын зураач, төрийн шагналт Н.Цүлтэмийн шавь зураач Д.Уртнасан гэж хүн бий. Монголын эртнээс уламжлагдаж ирсэн нахтан зургийн төрлөөр бүтээлээ туурвидаг. Би ааваасаа хөгжмийн нарийн мэдрэмж өвлөсөн. Аав маань багадаа одоогийн Хөгжим бүжгийн консерваторын хийл хөгжмийн ангид сурч байсан юм билээ. Тэгээд нэг удаа уран зургийн ангийн хажуугаар өнгөрөөд зургийн анги руу урвасан гэсэн.

            Аав багаас минь “Битлз” хамтлагийн гоцлол гитарчин Жорж Харрисоны дууг сонсгодог байсан. Нэг хөгжилтэй зүйл хэлэхэд намайг нэгдүгээр ангид байхад англи хэл дээрх дууны тэмцээн болоод би  Жорж Харрисоны дуугаар ороод байр эзлээгүй. Тэгсэн түрүүлсэн хүүхэд нь “Ten little Indians” гээд хүүхдийн дуу дуулсан. Ер нь надаас бусад хүүхэд тэр тэмцээнд багшийн зааж өгсөн хүүхдийн дуу дуулсан. Ингээд яривал бага байхад тохиолдсон хөгжилтэй зүйл олон бий.

            -Амьд хөгжмийн хамтлагт бөмбөрчин байсан гэсэн?

            Зургаадугаар ангид байхад аав Харанга хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш гэж мундаг хүнд намайг шавь оруулсан. Аав, ээж минь 18 насны төрсөн өдрөөр бөмбөр бэлэглэсэн. Тухайн үед машин бэлгэнд авснаас илүү баярласан. Бөмбөр намайг олон сайн найзтай учруулсан нь DJ Бааска, Улсын филармонийн конторбасс хөгжимчин Наба, Австрийн Венийн их сургуулийн бакалаврын хөтөлбөрт морин хуурийн хичээлийг оруулсан Жаавка, Тэнгис гээд найзууд минь. Бид тав “Шугам” нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулсан. Би аав болсноос хойш ерөнхийдөө завсарлага авсан. Одоо миний бөмбөр хүүхдийн минь тоглоом болсон. (инээв) Баянмонгол чуулгын үлээвэр хөгжимчин Галт ах миний оронд манай хамтлагт бөмбөрчнөөр орсон.

            -Бөмбөр тоглохын хажуугаар ганцаарчилсан beatbox үзүүлбэр хийдэг байсан. Beatbox-оор амжилт гаргаж байсан уу?

            -Нэг хэсэг хүүхэд бүр beatbox хийх гэж оролддог байсан. Бөмбөр тоглодог, сонсгол сайтай байсан болохоор Rahzel, Kenny Muhammad гэсэн гадаад уран бүтээлчдийг дагаж, дуурайж хийсээр байгаад beatbox сурсан. Дараа нь beatbox Ray улсын аварга шалгаруулах анхны тэмцээн зохион байгуулахад нь орсон. Эхний шатаа амжилттай даваад хоёр дахь үеийн battle-д Атай Боргужин гээд уран бүтээлчтэй таарсан. Тэгсэн өрсөлдөгч маань хөөмийлсөн. Би тэгэхээр нь энэ ямар ардын урлагийн тэмцээн биш дээ гээд шоолох маягтай зогсож байтал beatbox, хөөмий хоёрыг хослуулсан үзүүлбэр үзүүлсэн. Би бүр ангайгаад тэгээд бууж өгсөн. Тэр тэмцээнд Атай Боргужин түрүүлж, улсын аварга, алтан микрофоны эзэн болсон. Гэхдээ beatbox Ray алтан микрофоныг нь өнөөг хүртэл өгөөгүй. (инээв)

            Миний хувьд одоо комеди шоуны яриан дундуураа эсвэл гэртээ хүүхдээ саатуулахдаа л beatbox хийдэг.

            -Монголд ФИБА 3х3 талбайн тайлбарлагч ганц л байдаг юм билээ. Хэрхэн сагсан бөмбөгийн МС болсон бэ?

-Таван жилийн өмнө Спрайт лигт “Blue dragon” гэж баг байгуулсан. Манай баг Спрайт лигийн D лигт гурав, А лигт хоёр жил тоглосон. Нэг жил аваргалж, Үндэсний супер лигээс хүрэл медаль хүртсэн. Ийн би Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэдэг гэр бүлд 5-6 жилийн өмнөөс элссэн. ФИБА 3х3 төрөл Монголд хөгжихөд надад гоё боломж гарч ирсэн.

Учир нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Азийн элсний наадамд оролцож, мөнгөн медаль авсан. Тэгээд энэ төрөл манай оронд хөгжих боломжтой гэж үзээд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсан. Энэ спорт “Гудамжнаас олимпын төрөл рүү” гэсэн уриатай. Тиймээс тоглолтын эмоцийг барьж байх, үзэгчид болон тоглогчдыг байнга сэргээх үүрэгтэй DJ болон MC талбайд давхар гардаг.

Анх англи хэлтэй, эмоцтой, сагсан бөмбөгийн спортын мэдлэгтэй хүнийг 3х3 төрлийн талбайн тайлбарлагч буюу МС болгомоор гэсэн санал надад тавьсан. Тэгээд анх өнгөрсөн онд ФИБА 3х3 “Ulaanbaatar Challenger” тэмцээн зохион байгуулагдахад талбайд гарсан. Энэ тэмцээнд гадны олон том баг ирсэн. Тэгээд сэтгэлд нэг л багтахгүй байсан ч тэмцээн эхлэхэд талбай дээр гараад тоглолтоо тайлбарласан. Тэгсэн намайг тайлбарлаж эхлэхэд үзэгчид, оролцогчид бүгд орилолдсон. Би бүх л моментыг алдахгүй мэдээлсэн. Тэмцээн дууссаны дараа эерэг коммент олон ирсэн. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард ФИБА 3х3 Азийн аварга Монголд болсон. ФИБА-гийн зохион байгуулагчид, холбооныхон Монголд ирсэн. “Youtube”-ээр шууд дамжуулалт цацагдсан учир МС нэг секунд ч хоцрох эрхгүй.

Энэ өндөр зохион байгуулалттай тэмцээнд би бие сэтгэлээ бүрэн дайчилж оролцсон. ФИБА-гийн зохион байгуулагчид намайг өөрийгөө хөгжүүлбэл цаашаагаа олон улсад гарах боломжтой гэсэн. Учир нь дэлхийд талбайн МС маш цөөхөн байдаг. Тиймээс тив тивийн тэмцээн бусад сhallenger тэмцээнд МС-гээр ажиллах боломж бий гэсэн. Би маш их урамшсан. Дараа нь энэ онд зохион байгуулагдсан “Ulaanbaatar Challenger” тэмцээнд мөн ажилласан.

-Энтертайнмент чиглэлээр олонд танигдсан ч тэс өөр мэргэжилтэй юм билээ. Мэргэжлээ сонгоход хэн нөлөөлсөн бэ?

-МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Гадаад харилцааны мэргэжилтний ангийг 2015 онд төгссөн. Мөн энэ мэргэжлээрээ магистрын зэргээ хамгаалсан. Мэргэжилдээ маш их хайртай. Учир нь би багаасаа олон улсын харилцааны түүх сонирхож эхэлсэн. Энэ сонирхол минь аавтай холбоотой. Аавыг дагаж, дэлхийн II дайны тухай кино үзсээр байгаад наймдугаар ангид байхдаа Адольф Гитлерийн“Mein Kampf” номыг уншихын хүслэнд автсан. Тэгэхэд аав чи унших нас чинь болоогүй байна. Улс төр, геополитик ойлгох болоогүй гэхэд нь уншина гэж өөрийнхөөрөө зөрүүдлээд аавдаа эрхэлдэг хүүхэд байлаа.

-Комедиан болсон түүхээ хуваалцаач?

-Манай найз, “Шугам” хамтлагийн маань гишүүн Бааска “UB комеди клуб руу очьё. Чи тайзан дээр гараад үз” гээд өнгөрсөн оны тавдугаар сарын 15-нд хамт очсон. Би бүр анх очсон он сараа санадаг юм. Тэр өдөр нээлттэй микрофоны тэмцээн болсон. Би оролцоод ялагч болсон. Батаа “Чамд араам нь байна. Үүнийгээ хөгжүүлээрэй, идэвхтэй байгаарай” гэж хэлсэн. Тэгээд түрүүлсэндээ бөөн урам аваад долоо хоногийн дараа ахиж очоод оролцсон чинь бүтэлгүйтсэн. Намайг ярихад хэн ч инээгээгүй. Одоо манай клубийн комедиан, “Авьяаслаг Монголчууд” шоуны хагас шигшээд шалгарсан Н.Амаржин тэр өдөр ялагч болсон. Тэгээд би сэтгэл санаагаар унахад эхнэр “Ийм байж болохгүй. Ахиад оролц” гэж зөвлөсөн. Тэгээд би нээлттэй микрофоны тэмцээнд алгасахгүй оролцох болсон. Н.Амаржин бид хоёр энэ тэнцүү өрсөлддөг байсан. Үндсэн гишүүн болно гэж бодож байгаагүй ч тайзан дээр гарах тусам сайжирдаг юм билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Идэрээтэй БНСУ-руу аялан тоглолтоор явсан. Тэгээд ирэхэд Батаа надтай гэрээ хийхээр болсон. Дараа нь Н.Амаржин үндсэн гишүүн болсон.

-Танай клубийн анхдагч гишүүдийн нэг Ханутай хэр дотно вэ?   

-Маш сайн найзууд. Манай клубийн гишүүд ер нь маш гоё гэр бүл. Жишээ нь, Амараа надаас арав ах. Би ахаа гэж дуудахаар “Хоёр хүний харилцаан дундуур та гэдэг үг орохоор ярих гэж байсан зүйлийн бараг 80 хувь нь алга болдог. Чөлөөтэй ойлголцож нэвтрэхэд хаалт хийдэг учраас энэ үгийг хоорондоо хэрэглэхээ больё” гэсэн. Сая БНСУ-руу аялан тоглолтоор явахдаа Хану бид хоёр өрөөний хамтрагчид байсан.

-"Мисс Монголиа" нэвтрүүлгийн бичлэгтэй холбоотой Ханугийн зөв, буруу гэж цахим орчинд талцсан. Таны хувьд хэнийх нь талд орж байгаа вэ?

-Би энэ буруу, тэр зөв гэж хэлж мэдэхгүй, шүүх эрх ч байхгүй. Миний шүүсэн зүйл ирээдүйд өөрчлөгдөж мэднэ. 25 настай Содоогийн бодол 30 настайд өөр болно. 40 нас хүрэхэд бүр ч өөрчлөгдөж магадгүй. Тиймээс би зөв, буруу гэх дургүй. Ханугийн тухайд ч төвийг сахисан байр суурьтай байгаа. Учир нь Хану өндөр сэтгэл хөдлөлтэй. Тэр нь хүмүүсийн зэвүүцлийг төрүүлдэг байх. Хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой. Гэтэл хүн болгоныг адилхан болгож яах юм бэ. Нөгөө талаас нь харахад хэл бол хэрэглээ. Филиппинд бол хоёр дахь хэл нь англи хэл болчихсон. Тэр улсын иргэд англи хэл мэдэхгүй бол шоолж болно. Гэтэл Монголын хоёр дахь хэл англи хэл биш.

Миний бодлоор Ханугийн бичлэг устчихсан байхад, тэр бичлэгийн тухай Францаас хүртэл нэг залуу бичлэг хийсэн. Хүмүүс энэ цаг заваа өөр зүйлд зарцуулж болно. Миний хувьд бол ийм зүйлд анхаарлаа хандуулахгүйгээр гэр бүлдээ л цаг заваа зарцуулдаг.

-Гэр бүлийн хүнтэйгээ хаана хэрхэн танилцаж байв. Хэрхэн өөртөө дурлуулсан бэ?

-Найрамдал зусланд танилцсан. Би энэ учралаа хувь тохиол гэж боддог. Тухайн үед найзыгаа зусланд хүргэж өгөөд буцахад гэнэт үлдмээр санагдсан. Тэгээд буцаж гэр лүүгээ явж хувцас, бусад бэлтгэлээ базаагаад ахиж очсон. Эхэндээ Сонор бүлэгт хуваарилагдсан ч, Оргил бүлэг рүү ороод бүлгийнхээ охинд дурласан нь манай эхнэр. Манай эхнэрээс нөхрийнхөө юунд татагдсан бэ гэхээр авьяас гэж хариулдаг. Өөрийн мэддэг чаддаг бүхий л зүйлсээ эхнэртээ үзүүлж, байж өөрийн болгосон. Манай эхнэр их уярамтгай, романтик хүн. Намайг гитар, төгөлдөр хуур тоглоод дуулж өгөхөд үнэн голоосоо уярч сонсдог. Би хөгжим тоглохдоо жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг. Үүнийг л олж харсан болов уу. Тэгээд жил гаруй хугацаанд үерхээд бид гэр бүл болсон. Би 20 настай, эхнэр 18-тай аав, ээж болсон. Бараг л хүүхэдтэйгээ хамт өсөж байна.

-Содоо клубийнхээ бусад гишүүнээ бодвол маш богино хугацаанд олонд танигдсан. Юу нөлөөлсөн бэ?

-Би маш азтай. Бэлэн клуб, тайз, үзэгчид байсан. Тоглолтын тогтсон систем бий болчихсон байсан. Харин манай анхдагчид бүгдийг тэгээс эхэлсэн.

-Ажлуудаа эрэмбэлдэг үү. Энэ олон ажлыг хэрхэн амжуулдаг вэ?

-Хүн дуртай зүйлээ яаж ийж байгаад амжуулдаг. Тиймээс бүгдийг алдагдуулахгүй аваад явдаг. Гэхдээ миний хувьд хобби болохоор нээх олон ажил гэж санагддаггүй. Биеэ бүр илүү дайчилвал хэр олон зүйл амжуулах нь тааварлашгүй. Гэхдээ хамгийн чухал цаг заваа зарцуулах ёстой зүйл бол гэр бүл.

-“Хэсэг хугацаанд гадагшаа явахаар болсон учир клубийнхээ тайзан дээр гарахгүй” гэж цахим хуудсан дээрээ бичсэн байсан?

-Удаан хугацаагаар явахгүй ээ. Сагсан бөмбөгийн талаарх мэдлэгээ тэлэх зорилготой АНУ-руу явж байгаа. Мөн тэнд байдаг стэнд ад клубүүдийн нээлттэй микрофонд оролцоно.

-Комедиан болоод амьдралд чинь ямар өөрчлөлт гарсан бэ?

-Комедиан кареер минь маш их дээшилсэн. Кино, рекламанд тоглох санал ирсэн. Миний хувьд цаг нь болоогүй гэж боддог. Би нээх их хөлсөө урсгаж, их цаг зарцуулаагүй ч эргээд харахад овоо зүйл хийсэн байна. Тэгэхээр хөлсөө гаргаад өөрийгөө бүрэн дайчилвал надаас юу ч гарч магадгүй. Тэр ч утгаараа шинэ зүйл сурч мэдэх гэж туршлага хуримтлуулахаар АНУ-руу явж байгаа. Одоо бол өөрийгөө бүрэн боловсроогүй гэдэг үүднээс кино, рекламын зарим саналаас татгалзаж байгаа.

-UB комеди Монголын цор ганц стэнд ап клуб байсан бол ууган клуб боллоо. Өөрийн чинь хувьд өрсөлдөгч клубын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

-Өрсөлдөөн дундаас л чанартай зүйл гарна. “S team” стэнд ап комеди клуб байгуулагдсаныг мэдсэн. Хараахан очиж шоуг нь үзээгүй. Бид нар ямар стэнд ап комеди гэдэг зүйлийг өмчлөөд авчихсан биш. Тэр залууст бүгдэд нь амжилт хүсье. Би шинэ клуб нээгдсэнд их баяртай байгаа. Комедианууд илүү олуулаа болоосой.

Гэхдээ анхдагч буюу Б.Батбилэг (UB комеди клубийн үүсгэн байгуулагч)-ээр маш их бахархдаг. Сайн комедианаас гадна мундаг удирдагч хүн. Бид гадаадад аялан тоглолт хийхэд Батаа онгоцны билет, буудал, хоол гээд бүгдийг бэлдчихсэн байдаг. Бид зүгээр артистууд шиг л явдаг. Батаа бид нарт ”Та хэд joke (хошигнол)-оо л сайн бод, бэлд, бусад зүйлд битгий санаа зов” гэдэг. 

-Танай клубийн комедиан Н.Амаржин “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг 32 оролцогчийн нэг болсон. Хагас шигшээгийн үзүүлбэрийг нь хамтдаа бэлдэж байгаа юу?

-Бид нар ярилцсан. Манай Н.Амаржин сайн материалтай, рunch line сайн хэрэглэдэг комедиан. Тийм болохоор бид Н.Амаржинд маш их найдлага тавьж байгаа. “Авьяаслаг Британичууд” шоуны сүүлийн ялагч нь комедиан байсан. Тэгэхээр Монголд бас боломжтой. Н.Амаржингийн хагас шигшээд бэлдэж байгаа punch-г сонссон. Үнэхээр сайн болсон байлээ. Дараагийн шатны үзүүлбэрийн хувьд зөвхөн Н.Амаржин гэлтгүй бид бүгдээрээ догдолж байгаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

У.Содхүү: Эхнэр минь миний авьяаст дурласан  
Үзсэн: 15450 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй