Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, МҮОНР-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Бидэрийн Баярсайхантай ярилцлаа. Түүний өгүүллэгүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид “Тэнгэрийн санаа” нэртэйгээр монгол бичигт хөрвүүлсэн нь бидний уулзах шалтгаан болов.
-Өмнөд хөршийнхөн таны номыг монгол бичгээр хөрвүүлээд илгээжээ. Энэ тэдний санаа байв уу, та анх хүсэлт илгээсэн юм уу?
-2013 онд би “Тэнгэрийн санаа” нэртэй өгүүллэгийн ном гаргаж, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын шагнал хүртсэн. Гэтэл өмнөд хөршийн уран бүтээл шимтэн сонсдог эрхэм хүмүүс надад БНХАУ-ын нийслэл Бээжин хотын үндэсний хэвлэлийн хороонд хэвлүүлэх хүсэлтэй байгаагаа 2015 онд хэлсэн юм. Ийнхүү гурван жилийн дараа буюу саяхан биелэлээ олж, миний гар дээр ирээд байна.
-Хэдэн өгүүллэг багтсан байгаа вэ?
-“Алтан өд” наадмын шагнал авсан дээрх номонд орсон 21 өгүүллэгийн 11 нь үүнд бий. Мөн түүнээс хойш бичсэн “Үүр тэмдэгрэх айдас” бэсрэг тууж, өмнө нь “Алтан өд” хүртэж байсан “Амрагийн тэнгэр”, “Намар оройн бороо” зэрэг “Тэнгэрийн санаа” номонд ороогүй таван шилдэг өгүүллэг бий. Мөн “Утгын чимэг” наадамд нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн “Эртний явдал”, “Үйлийн үрийн төлөөс”, “Өлөгчин”, “Даш гуай” гэсэн өгүүллэг багтсан. Нийтдээ 16 өгүүллэг гэсэн үг.
-Ямар мэргэжилтэй, хэн гэдэг хүн хөрвүүлэв ээ ...?
-Хятадын Олон Улсын радиогийн орчуулагч, нэвтрүүлэгч, редактор Дарамсэдийн Хүчитбаатар гэдэг залуу хөрвүүлсэн юм.
-Урд хөршид ном хэвлүүлэхэд амаргүй гэсэн. Эрх авахын тулд нэлээн өндөр өртөгтэй байдаг гэж дуулдсан ...
-Тийм. Хэвлүүлэх гэж гурван жил хүлээсний шалтгаан нь зөвхөн энэ. ISBN кодыг 2015 онд авах гэж яриад 2017 онд хариу ирсэн. Ийнхүү жилийн дараа хэвлэгдсэн нь ямар их шалгууртай байгаа нь мэдрэгдэж байгаа байх. Харин манай улсад дээрх кодыг 10 мянган төгрөгөөр өдөрт нь авчихдаг шүү дээ. Өвөрмонголд энэ кодыг авахын тулд 7000 юань буюу гурван сая орчим төгрөгийн үнэтэй. Хэн нэгэн зохиолч энэ кодыг авбал бүх Хятад даяар номоо худалдаанд гаргана. Аваагүй бол зөвхөн гар дээрээсээ болон уншигчдын группээр дамжуулан худалдаалдаг юм шиг байна билээ.
-Өмнөд хөршийнхөн манайхны зохиолч, яруу найрагчдын бүтээлийг шимтэн уншдаг. Танд ч тэр нь мэдрэгдэж байгаа биз дээ ...
-Тэгэлгүй яах вэ. Хэл, угсаа нэгтэй ард түмэнд минь миний бүтээл хүрч байгаад хамгийн их баярлаж байна. Түүнчлэн Монгол хэл мэддэг хятад хүмүүсийн хүртээл болж байгаа болохоор хилийн чинадад би бүтээлээ гаргах эхний шан тавигдлаа гэж ойлгож байна. Дараагийн нэг ажил маань энэ номонд орсон өгүүллэгээсээ арвыг нь шилж байгаад хятад хэл рүү орчуулаад эхэлсэн байгаа. Ирэх жил Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох юм. Энэ хүрээнд хоёр орны зохиолчдын бүтээлийг эх хэлээрээ хэвлэх соёлын харилцааны асуудал яригдаж байгаа юм билээ. Тэр шугамаар би энэ ажлаа бий болгохоор зорьж байна. Ажил одоогоор 50 орчим хувьтай явна. Сонирхуулж хэлэхэд, өмнө нь миний хоёр өгүүллэг “Өнөр цэцэг” сэтгүүлд гарч байсан. Тэд “Утгын чимэг” наадамд айрагдсан миний өгүүллэг. Тэгж онцолсон байсныг би тэнд ажлаар явж байхдаа мэдсэн.
-Сүүлийн үед зохиолчид англи, орос хэл рүү бүтээлээ орчуулуулдаг болсон байна билээ. Танд тийм бодол бий юу?
-Байгаа. “Тэнгэрийн санаа” нэртэй номонд миний хамгийн шилдэг гэсэн өгүүллэг орсон. Үүнээсээ арвыг нь шилж байгаад англи, япон хэл рүү орчуулуулж, “Жиком пресс” компани хэвлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна “Аргагүй амраг”, “Амрагийн тэнгэр” гэсэн нэртэй сонсдог номондоо тус бүр есөн өгүүллэг багтааж, хэвлэсэн. Үүнийгээ Өвөрмонголын зах зээлд гаргах ажил яригдаж байна. Эдгээр өгүүллэгийг Монгол Улсын ардын жүжигчин Г.Равдан, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Билэгээ, соёлын тэргүүний ажилтан Ө.Наранбаатар, Д.Сайнтод, У.Энхдөл нарын зэрэг нэвтрүүлэгч, жүжигчин, уран уншигчид уншсан.
-Найруулагч, зохиолч С.Баярсайхантай та хамтарч нэг ном гаргасан юм билээ. Удахгүй нээлтээ хийх сураг байсан. Энэ номын тухай сонирхуулаач ...
-Бид хоёр найзууд л даа. Мөн нэг нутгийнх. Амьдаатайгаа өнгөрсөн хавар энэ тухай ярьж байгаад одоо биелэлээ олж байгаа юм. Гэхдээ миний хувьд нэг их шинэ юм биш. “Хүйтэн тархи, халуун зүрх” номонд миний хоёр тууж, 10 өгүүллэг орсон. Би өмнө нь “Тэнгэрийн санаа”, “Хөх тэнгэр” гэдэг боть гаргасан шүү дээ. Гэхдээ би цөөн тоогоор хэвлэсэн болохоор найзуудын, уран зохиолын хүрээнийхэнд л очоод дууссан. Харин энэ удаа бид хоёр бүтээлүүдээ уншигчдад хүргэхийн тулд ингэж хамтарсан юм.
Б.Баярсайхан: Миний шигшмэл өгүүллэгүүд монгол бичигт хөрвүүлэгдсэнд баяртай байна | ||
Үзсэн: 1958 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.