Шууд Chart

Д.Чинзориг: Үр хүүхдүүддээ үлдээх хамгийн том хөрөнгө минь ном юм даа

2018-11-22 09:23:23

МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Д.Чинзоригтой ярилцлаа. 

- Жүжгийн зохиол яавал сайжирч, хөгжих бол?

-Бид жүжгийн зохиолыг сайжруулах тухай хоосон яриад байгаа болохоос биш яг яаж сайжруулах арга замаа олохгүй байна. Жүжгийн зохиолыг мэргэжлийн төвшинд, ёс суртахуун талаас нь сайн бодох хэрэгтэй болчихоод байгаа юм. Жишээлэхэд, хүн тэр бүр нүцгэлэдэггүй биз дээ. Үгүй ядахдаа үүлэн борооны ажил хийхдээ хөнжилдөө байдаг шүү дээ. Гэтэл тайзан дээр хүн нүцгэлүүлж түүгээр мөнгө олж, шуугиан тариад байна. Энэ бол хатуугаар хэлбэл, урлаг, утга зохиол, жүжгийн зохиолын ёс суртахуун болон уран бүтээлчийг гутаан доромжилж байгаа хэрэг гэж би боддог. 

С.Эрдэнэ гуай “Зохиолчийн хөдөлмөрийг тамын ажил” гэж хэлсэн юм. Тэр тамынхаа ажилд л уран бүтээлчид жаргаж явах ёстой. Би энэ тамынхаа ажилд дуртай. Гэхдээ жаргаж явна уу, зовж явна уу ёстой бүү мэд.

-Танд яруу найргийн олон бүтээл байдгийг мэдэх юм байна? 

-Яруу найргийг би бичиж чадахаа больсон. Яруу найраг гэдэг бол залуу цагийн ажил юм байна. Омголон, хурц, элдэвтэй үедээ хийх ёстой ажил. Би гурван шүлгийн түүвэр хэвлүүлсэн. Одоо эргээд харахад ичээд байдаг юм. Дэндүү гэнэн сэтгэлгээгээр бичсэн санагддаг. “Цэнхэр цасны туяа” миний анхны ном. Тааруухан болсон гэж боддог ч анхны бүтээл учраас хайртай байдаг юм. Удаагийнх нь “Гантиг нулимс” гэж ном бий. Д.Чинзориг яруу найрагч байжээ гэдгийг нотлох нотолгоо нь “Гантиг нулимс” ном юм шүү. Энэ номоос намайг хэр зэрэг яруу найрагч байсан бэ гэдгийг харж болно. Сүүлд “Бодох цэг” гэж ном бүтээсэн. Энэ бол ухаан тогтсон хойно ухаарал нь түлхэгдээд сэтгэл дутсан бүтээл болсон байж магадгүй.

-Орчин цагийн яруу найрагчдын талаарх таны бодол? 

-Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж Ш.Гүрбазар байнга хэлдэг. Энэ бол үнэн. Би мэдэхгүй байж сүүлийн үеийн яруу найрагт үзэгдэл болоод байгаа урсгалуудыг үгүйсгэж чадахгүй. Хөгжих замаараа хөгжих байлгүй. Миний хувьд хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэл байхгүй байна. Ер нь эцсийн эцэст яруу найргийг цаг хугацаа л шүүнэ. Уран бүтээлч хүн уран бүтээлчийг нулимах хамгийн утгагүй. Уран бүтээлч гэдэг өөр өөр ертөнц учраас өөрсдийнхөө л жам ёсоор явах ёстой.

-Таны номын санг сонирхвол? 

-Хувийн нууцад халдаж байна гэсэн үг үү / инээв/. Миний хувийн номын санд 8000 гаруй ном байдаг юм. Уншаад, хэрэглээд хэрэгтэй гэж үзэж авсан номын тоо шүү дээ. Намайг Москвад мэдрэлийн өвчтэй оюутан гэдэг байсан юм. Учир нь би хойноос Монголд ирэхдээ долоо, найман цаасан хайрцагтай ном авчирч байсан. Бусад оюутан босоо толь гэх мэтчилэн ховор бараа авчирдаг байлаа. Одоо тэр ховор бараанууд бүгд л алга болсон байх. Харин миний ном эзэндээ үнэтэй хэвээрээ байж л байна шүү дээ. Би үр хүүхдэдээ алт, мөнгө үлдээж чадахгүй. Өөрийнхөө номыг л үлдээнэ. Үр хүүхдэдээ үлдээх хамгийн том хөрөнгө минь юм даа.

-Алтан үеийнхэн гэсэн тодотгол утга зохиолд байдаг. Энэ талаар? 

-Сүүлийн үед уран бүтээлчдийг уралдааны морь шиг дугаарлаад байдаг болж. Энэ бол утгагүй зүйл. Хэн түүнийг алт, мөнгөн үеийнх гэсэн юм. Сүүлийн үед мөнгөн үеийн яруу найрагчид гэсэн тодотгол гарч ирсэн байгааг гайхдаг шүү. Хэн мөнгө, хүрэл үе гээд тодорхойлчихсон юм, бүү мэд. Гэхдээ Анна Ахматова, Борис Пастернак, Марина Цветава зэрэг хүнийг алтан үеийн яруу найрагчид гээд хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрчихсөн байхад бид үгүйсгэж чадахгүй. Манайд гэхэд л С.Эрдэнэ, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж нарыг Монгол түмэн хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ.

-Өвөл болохоор зөөлөн цас будраад л сэтгэл нэг л сайхан байдаг. Харин таны хувьд? 

-Өвлийг мэдэхгүй юм аа. Надад яагаад ч юм намар цаг сайхан санагддаг. Юм бүхэн уйтгарт автаад л Б.Явуухулан гуайн “Нүүдэлчний намар” гэдэг шиг энэ л улирал надад их гоё санагддаг. 

Нарс найгаад л 

Навчис хийсээд л 

Уулын оройд будан суугаад л 

Айлууд нүүгээд л Амрагууд холдоод л 

Ай хөөрхий Нүүдэлчний намар аа ... гэсэн байдаг даа. Энэ л улиралд миний сэтгэл илүү хөглөгддөг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Чинзориг: Үр хүүхдүүддээ үлдээх хамгийн том хөрөнгө минь ном юм даа  
Үзсэн: 2644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.27.xxx] 2018-11-23 12:26
залуу байхад телевизээр шүлгээ гал дөлтэй уншиж байхыг хараад л ийм яруу найрагч байдгийг мэдэж сэтгэл их хөдөлж байж билээ. Түүнээс хойш тэр л дүр төрхөөрөө надад төсөөлөгдөөд л байдаг. Танд амжилт хүсье. Хүний сэтгэлд орон зүйгаа үлдээнэ гэдэг их том чадвар шүү
Уншигч [202.179.4.xxx] 2018-11-23 10:42
Мундаг авъяастай залуу.Багаасаа шүлэг зохиол бичдэг байсан. Сүүлд Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч байсныг мэднэ. Танд баяр хүргэе.Удахгүй соёлын гавъяат зүтгэлэтэн болохыг хүсэн ерөөе
Зочин [103.229.121.xxx] 2018-11-23 09:35
Одоо баримтат дурдатгал унших болсоон. Ном уншаад суудаг цаг зохиолчидод л байдаг байх. Хөрөнгөтний нийгэмд бүгд ном уншаад байвал мөнгө яаж олохов. Сайн бод.

Бидэнтэй нэгдээрэй