Консерваторийн фагот хөгжмийн багш Б.Зандан-Оргилтой ярилцлаа. Улиран одож буй онд ДБЭТ-ын болон Улсын филармонийн симфони оркестрт сүүлийн жилүүдэд харагдаагүй контрафагот хэмээх хоёр метр гаруй урттай үлээвэр хөгжим тоглож суухыг нь нэг бус удаа харж, ховрын зэмсэг, түүнийг эзэмшигч хөгжимчин хоёрын аль алиныг сонирхсон тул уулзаж ярих санаа төрсөн юм. Бид ийнхүү ярилцав.
-Таны үндсэн мэргэжил багш уу?
-ОХУ-ын Екатеринбург хотын Хөгжмийн дээд сургуулийг фагот хөгжмийн багш, оркестрын, ансамблийн, гоцлол хөгжимчин гэсэн мэргэжлээр төгссөн. Диплом дээр ингэж бичсэн байдаг.
-Одоо аль ажилдаа илүү анхаарч байна вэ?
-Консерваторва хичээл зааж байна. Дуурийн театр, Улсын филармонийн симфони найралд хэрэгтэй үед ажилладаг. Үндэсний урлагийí их театрын үндэсний хөгжмийн найралд их бишгүүр хөгжим áас тоглодог.
-Олон ажил зэрэг хийдэг юм байна, яаж амжуулж байна вэ?
-Өдрийн цагаар хичээл зааж, орой тоглодог. Өдөр бүр тоглолттой байдаггүй л дээ.
-Та симфони оркестрт контрафагот тоглох болсон. Найрал хөгжимчид “1990-ээд оноос хойш агуулахаас гаргаагүй хөгжмийг дуугаргаж эхэллээ” гээд ам сайтай байна лээ. Хэрвээ найрал хөгжимд зайлшгүй шаардлагатай юм бол яагаад тоглуулдаггүй өдий хүргэсэн юм бол?
-Тоглох хүн байхгүй гэсэн. Тийм болохоор ДБЭТ агуулахдаа хадгалж байжээ. 1988 оноос хойш дуугаргаагүй гээ ойлгосон. Германы, бараг шинээрээ хөгжим билээ. Энэ онд гурван томоохон бүтээлд эгшиглүүллээ. ДБЭТ симфони найрал хөгжим Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын II симфонийг тоглоход, Улсын филармонийн симфони найрал Ричард Штраусын “Заратустра” (Zarathustra) симфони, ДБЭТ-ын симфони найрал С.Прокофьевын “Александр Невский” магтуу үзэгч, сонсогчдод хүргэхэд нь гоцолж тоглосон.
-Өнгө, тембр ондоо болохоор чухалчилсан уу?
-Хөгжмийн зохиолчилд бүтээл туурвилдаа өргөн ашигладаг зэмсэг. Найрал хөгжимд үүнтэй төстэй өнгөтэй зэмсэг байдаггүй. Санамсаргүй юм болсон л доо. Хоёр жилийн өмнө дуурийн гоцлооч Гавьяат жүжигчин Э.Амартүвшин тоглолтоо хийх болоход итали удирдаач нь “Хөтөлбөрт контрафагот дуугарах бүтээл байгаа. Ийм хөгжим байхгүй юм уу” гэжээ. Тэгэхээр нь театраас хөгжим олоод, намайг тоглооч гэсэн. Удаан ашиглаагүй болохоор хүнээр бол ангаж цангачихсан зэмсэг байсан. Гадаадад байдаг найз руугаа хулс захиж авчруулаад тоглосон. Түүнээс хойш удирдаачид контрафаготтой зохиол хэд хэдийг тоглууллаа. Сопрано хоолойт дуучид гоцлох үеэр хамт эгшиглүүлэхэд дуучны өнгийг тодотгож өгөх, баритонуудыг дэмжих гэх зэрэг олон зорилгоор тоглуулдаг сонирхолтой хөгжим.
-Та Үндэсний урлагийн их театрын үндэсний их найралд их бишгүүр тоглож байгаа гэлээ. Сонгодог хөгжимчин яагаад үндэсний хөгжмийн найралд дайчлагдах болов?
-Их бишгүүр хөгжмийг олон нийтэд сурталчлах, мэдүүлэх гэж бие даан сурсан. Үндэсний урлагийн театрт их бишгүүрчээр ажиллаж байсан хөгжимчин гадаадад сурахаар явсан тул очсон.
-Орост оюутан байхдаа монгол залуустайгаа хамт симфони оркестрт тоглодог байсан гэсэн. Хэнтэй ямар найрал хөгжимд суудаг байсан бэ?
-Екатеринбург хот дахь Свердловскийн Филармонийн залуучуудын оркесторт гурван жил гоцлол хөгжимчнөөр ажилласан. Цохивор хөгжмийн Энхбаяр, морин хийлийн Од бид хэд нэг дор ажилладаг байлаа. Тэр найрал хөгжмийн маэстро нь монгол удирдаач Б.Энхбаатар юм.
-Монгол удирдаач Монголчуудаа дэмжиж ажилд авч ээ?
-Бид найрал хөгжимд ажиллах хүсэлтэй байсан болохоор шалгуулаад ажилд орж байлаа. Мөн би тус хотын Дуурийн театр, Дуурийн студийн дэргэдэх Концертын симфони оркестр, Хөгжмийн дунд сургууль зэрэг байгууллагад давхар ажиллаж байсан.
Ажиллаж байх хугацаандаа ОХУ-ын Екатеринбург, Новосибирск, Москва, Казань, Нижний Тагиль, Тольятти, Их Британийн Лондон, Мевигасси, Корнволл, Пензас, Ньюкуей хот болон БНХАУ-ын Хөххотод аялан тоглолтоор явсан. Ер нь зогсоо зайгүй л ажиллаж байжээ (инээв).
-Мэргэжлийн уралдаануудад оролцож байв уу. Орост хөгжимчдийн ур чадварыг сайжруулах зорилгоор уралдаан байнга зохион байгуулдаг шүү дээ ...
-Тийм ээ, үнэн. ОХУ-ын Магнитогорск хотноо болсон үлээвэр хөгжимчдийнуралдаанд I, Новосибирскэд болсон үлээвэрхөгжимчдийн олон улсын уралдаанд II, Екатеринбург хотноо болсон цөөхүүл хөгжимчдийн уралдаанд II байр тус тус эзэлсэн. Ер нь Орост сурч байхдаа нэлээд юм амжуулсан. Фагот хөгжмийн нэртэй уран бүтээлчид болох Москвагийн В.С.Попов, Санкт-Петербургийн Б.К.Соколов, Германы КлаусТунаман, Италийн нэртэй хөгжимчин Паоло Карлини нараас мастер класс хичээл авсан.
-Уран бүтээлийн бие даасан тоглолт хийсэн бил үү?
-Түрүү жил “Bassoon Duo & Trio” тоглолтоо Монголдоо хийсэн. Өнөө үеийн шилдэг, гар нийлдэг хөгжимчидтэйгөө хамтарч тоглох сайхан байсан.
-Өөрийнхөө хөгжмийг магтаач гэвэл юу гэж хэлэх вэ?
-Фагот нь тайвшруулах, амар амгаланг мэдрүүлэх чанартай гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Өнгө, авианы үелзлийг хэмжихэд ийм дүн гарсан байна. Судалгаанд хамруулсан хүмүүст ямар хөгжмөөр тоглож байгааг харуулалгүй, зөвхөн сонсгож, нөлөөллийн тухай тэмдэглэл хийсэн байсан.
-Танд тийм мэдрэмж төрдөг үү?
-Мэдээж төрнө. Хөгжмөө тоглохоор бүх юм сайхан болоод ирдэг. Жаахан уцаартай, ядарч байсан бол үлээгээд эхэлмэгц аяндаа замхардаг. Фаготыг эр хүний хоолойтой зүйрлүүлдэг.
-Гомдсон бүсгүйг фаготын эгшгээр аргадаж болох уу?
-Болно. Үнэн шүү.
-Гэргийгээ аргадаж байв уу?
-Манай гэр бүлийн хүн интерьер дизайны мэргэжилтэй, хөгжимд их дуртай. Дуурь, балет үзнэ. Уран бүтээлчдийн тоглолтын талаар ярилцана. Сонирхол нэгтэй байх гоё л доо.
-Хөгжмөө гэртээ давтдаг уу?
-Үгүй. Багаасаа сургууль дээр давтаж сурсан. Одоо бол ажлын орчинд давтдаг. Гэрт сайн төвлөрдөггүй. Анги танхим гоё байх эсэх нь чухал биш. Төгөлдөр хууртай, ноотны тавиуртай, чимээ аниргүй байхад л болоод явчихна.
-Сүүлийн үеийн байруудад хөгжим тоглоход дээш, доош нэвт сонсогдоод оршин суугчид төвөгшөөх болжээ ...
-Байрны чанараас хамаарах байх. Бидний амьдардаг байранд манай сургуулийн төгөлдөр хуурын ангийн охин амьдардаг юм. Мэргэжлийн хичээлээ маш их давтана. Лав манай байрныхны хувьд түүний давтах нь аз жаргал. Дулааны улиралд гадаа сууж байгаа өвөө, эмээ нар маш дуртай сонсдог.
-Хөгжим, мэргэжил танд хэр их юм өгдөг вэ?
-Маш их юм өгдөг. Мэргэжлийнхээ сайхнаар алхам тутамдаа сайн сайхантай учирч байдаг. Орост оркестрт ажиллаж байхдаа Оросын хотуудаар болон гадаад улс орнуудад нэлээд аялан тоглосон. Хөгжмийн наадмуудад тоглоход дэлхийн өнцыг булан бүрийн алдартай хөгжимчид, дуурийн дуучидтай хамт нэг тайзан дээр гарч байлаа. Дэлхийн дуурийн од Д.Хворостовскийтой зэрэгцээд зогсож байхад бас л сайхан санагддаг юм билээ. Сайхан дуулдаг, цээж тэвхгэр эр мөр давсан үсээ байн байн хойш нь хаяад л, бас л сүртэй нөхөр. Харамсалтай нь яаж ч болдоггүй өвчин тусаад нас барчихлаа. Гэхдээ үлдээсэн юмтай хүмүүс амьд юм шиг л нэр нь байнга сонсогдож байх юм аа.
Р.Оюунжаргал
Б.Зандан-Оргил:Фаготын өнгийг эр хүний хоолойтой зүйрлүүлдэг | ||
Үзсэн: 1696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.