Шууд Chart

1893 оны энэ өдөр Хятадын удирдагч Мао Зэдун мэндэлжээ

2018-12-26 12:36:28

1898 ОНД ХИМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ РАДИО ИДЭВХТ РАД ХЭМЭЭХ ШИНЭ ЭЛЕМЕНТ НЭЭЖЭЭ

20-р зууны гайхамшигт физикч, химич эрдэмтэн Мари нөхөр Пиер Кюри нар, химийн шинжлэх ухааны салбарт, радио идэвхт рад хэмээх шинэ элемент нээснээ зарлажээ. 1897 онд Анри Беккерель ураны нэгдэл нь радио идэвхт цацраг ялгаруулагч болохыг илрүүлсэн байна.  Хожим нь радио идэвхт гэж нэрлэсэн энэхүү үзэгдлийг Мари Кюри судлахаар шийджээ. Удалгүй Мари уран, торий ба тэдгээрийн нэгдэл нь радио идэвхт болохыг мэдэв. Ураны хүдэр нь цэвэр уранаас 4 дахин илүү радио идэвхтэй болохыг нээсэн байна. Тэд энэхүү нээлтээрээ 1903 онд, Нобелийн шагналыг физикийн шинжлэх ухааны салбарт хүртсэн юм. 1911 онд Мари Кюри Нобелийн шагналыг Химийн шинжлэх ухаанаар авснаар Нобелийн шагналыг 2 удаа хүртсэн анхны хүн болоод зогссонгүй хоёр өөр шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртсэн цорын ганц хүн болсон юм. Тэрээр Сорбонны Их Сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ.

1893 ОНД ХЯТАДЫН УДИРДАГЧ МАО ЗЭДУН МЭНДЭЛЖЭЭ

Хятадын хувьсгалч, улс төрийн онолч, коммунист удирдагч Мао Зэдун, 1893 оны энэ өдөр, Хунань мужид чинээлэг тариачны гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1911 онд Хятадад хувьсгал гарахад хувьсгалт армид элсэн орсон бол 1912-1918 оны хооронд Чангша хотод суралцсан юм. Улмаар 1921 онд болсон Хятадын коммунист намыг байгуулах хуралд оролцон намын үйл хэрэг, үзэл баримтлалыг хөдөө тосгонуудад түгээх ажлыг хийх болсон байна. Чухам тэр үедээ Мао коммунистууд тариачдыг хувьсгалын гол хүч болох ёстойг ойлгосон гэдэг. 1924-1949 оны хооронд Хятадад иргэний дайн өрнөсөн бөгөөд уг дайнд Мао идэвхтэй оролцож байсан юм.Цзянси-ээс Шаньси хүртэл явсан Хятадын ажилчин тариачны улаан армийн давшилт, Их аян буюу Хятадын төрийг тухайн цагт удирдаж байсан гоминданы намтай өрнөсөн тулааны үеэр тэрээр намынхаа удирдлагыг бүрэн авсан байна. Гоминданчуудтай хийсэн тулаанд коммунистууд ялалт байгуулснаар 1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр Мао Зэдун Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг зарлан тунхаглажээ. Ийнхүү тэрээр, 1949 оноос хойш 1976 онд насан эцэслэх хүртлээ БНХАУ-ыг удирджээ. Мао Зэдуныг орчин үеийн дэлхийн түүхэнд, хамгийн их нөлөө үзүүлсэн зүтгэлтнүүдийн нэг гэж тооцдог бөгөөд, Тайм сэтгүүлээс түүнийг 20-р зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэжээ.

1941 ОНД АНУ-ЫН КОНГРЕСС ТАЛАРХЛЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Олон зууны туршид талархлын өдөр 11 дүгээр сард тэмдэглэдэг ч өөр өөр өдөр таардаг байсан юм байна. Харин, 1941 оны энэ өдөр, АНУ-ын Конгрессоос шийдвэр гарган энэ баярыг 11 дүгээр сарын дөрөв дэх Пүрэв гаригт тэмдэглэж байхаар тогтжээ. Энэ баяр 1621 оноос эхтэй бөгөөд тухайн үед өнөөгийн Массачусетс мужийн нутаг дэвсгэр дээр ирж суурьшсан анхны оршин суугчид ургац хураасныхаа дараа арвин их өгөөж хайрласанд бурханд талархах ёстой гэж үзсэнээс үүдэлтэй баяр юм. 1863 онд Авраам Линкольн энэ өдрийг амралтын өдөр болгон зарлажээ. Одоо америкчууд энэ өдөр болон баярын дараах баасан гаригт бүх нийтээрээ амарч, нийтдээ дөрвөн хоног амардаг тул хамаатан садан, гэр бүлийнхэнтэйгээ уулзахын тулд аялалд гардаг байна.

АНУ-Д КВАНЗА ХЭМЭЭХ ОЮУНЫ НААДАМ БОЛЖ БАЙНА

АНУ-д өнөөдрөөс эхлэн, 1-р сарын 1-нийг хүртэл афро-америкийн Кванка хэмээх нэртэй оюуны наадмын долоо хоног эхэлж байна. Энэ хугацаанд хоёр үндэстний эв нэгдэл найрамдал бэхжин хөгжих ёстой. Африк гаралтай америкчууд анх түүнийг 1966 оноос тэмдэглэжээ. Тэр нь ямар нэгэн хэмжээгээр  Христийн төрсөн баярыг орлох ёстой байсан аж.  Наадам нь лаа асааснаар эхэлдэг. Баярын түүхийг Хар арьстан боолуудын нэгдсэн байгууллага (Black Nationalist United Slaves Organization) гэх үндсэрхэг үзэлтнүүдийн лидер РонКаренга анхлан тэмдэглэснээр уламжлал болжээ. Кванза гэдэг үг нь Африк тивийн ярианы хэлээр, ургацын анхны жимс гэсэн утгатай.

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

1893 оны энэ өдөр Хятадын удирдагч Мао Зэдун мэндэлжээ  
Үзсэн: 1918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй