Шууд Chart

П.Жигжидсүрэн: Би шатарчдынхаа сэтгэл зүйч, тогооч, менежер, дасгалжуулагч, найз нь болдог

2019-01-07 09:50:43

Оюун ухааны “дэвжээнд” олон “хүчтэн” бэлтгэж буй Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, шатрын спортын ОУМ Пүрэвийн Жигжидсүрэнгийнд өчигдөр орой зочилж, Энэ оны анхны “Гэрт нь” буландаа урьж оролцууллаа. Тэднийх Хандгайтад нэлээн хэдэн жилийн өмнөөс суурьшаад буй. Биднийг очиход агаар сайхан, шинэхэн цас хөвсийсөн ямар гоё байв аа. Ойрд хотоос гараагүй болохоор байгалийн сайхан улам мэдрэгдсэн байж ч магад. Амар мэндийг нь эрмэгцээ энэ тухай түүнд хэлэхэд “Манайх шиг ийм цэнгэг агаартай улс хаана байна. Монголын агаарыг залгих гэж гадаадынхан олноор ирж байна шүү дээ” гээд маг маг хөхрөв.

Гэргий нь хот руу хувийн ажлаар явсан байсан болохоор тэрбээр өөрөө бидэнд үйлчилж цай аягалж, идээ ундаар дайлав.

Тэр үедээ гэнэт ярианыхаа сэдвийг өөрчилж “Танай телевизийн спортын сэтгүүлч Г.Отгонжаргал манай шавь, их мастер А.Энхтуулын тухай сайхан нэвтрүүлэг хийсэн байна билээ. Би нэлээн сүүлд үзсэн. Миний ярьсныг хүртэл гаргаад л. Танай хамт олонд би маш их баярлаж байгаа шүү” хэмээсэн.

Кирсан Николаевич Илюмжинов надтай гурван жил гаруйн өмнө уулзахдаа “Би Монголын шатарчдыг өөрийнхөө чадах бүхнээр дэмжсэн. Тэр ч бүү хэл, олон улсын шүүгч төрүүлж, гран при тэмцээнийг ч зохион байгуулуулсан. Гэтэл танай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нар миний сонгуулийг дэмждэггүй, эсрэг сурталчилгаа хийдэг байсан. Тиймээс би Монголын шатрын холбооны талаас гадаадад санал хүргэх хүнийг сольсон. 

Түүнээс Монгол Улсын шатрын холбооны талаар ямар бодолтой явдгийг нь сонирхоход “Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг бид найман жилийн өмнө холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ хүн их зүйл хийж байгаа. Нэг ажил нь л гэхэд Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулж Гадаад харилцааны яаманд их мастеруудын томоохон зөвлөгөөнийг зохион байгуулсан. Харин холбооны үе, үеийн Ерөнхий нарийн бичгийн даргын ажилд сэтгэл дундуур явдаг. Кирсан Николаевич Илюмжинов надтай гурван жил гаруйн өмнө уулзахдаа “Би Монголын шатарчдыг өөрийнхөө чадах бүхнээр дэмжсэн. Тэр ч бүү хэл, олон улсын шүүгч төрүүлж, гран при тэмцээнийг ч зохион байгуулуулсан. Гэтэл танай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нар миний сонгуулийг дэмждэггүй, эсрэг сурталчилгаа хийдэг байсан. Тиймээс би Монголын шатрын холбооны талаас гадаадад санал хүргэх хүнийг сольсон. 2008 онд танай улсад очихдоо Дэлхийн шатрын холбооны хөрөнгөөс 10 сая ам.доллараар шатрын ордон барихаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох газарт шав тавьсан. Гэтэл дараа нь тэр газрыг судалсан чинь 10 хүнд бүртгэлтэй байсан болохоор энэ ажлаа түр хойшлуулсан. Тэгээд ч тэр ордныг хүлээж авах танай талын хүмүүс итгэлтэй санагдаагүй. Хэрвээ тэр ордныг байгуулчихвал хүлээж авсан хүн нь улсынхаа хэмжээнд биш, хувьдаа ашиглах гээд байгаа нь анзаарагдсан. Уг нь нэг их томгүй газар шаардагдана л даа. Эсвэл танайх газаргүй болчихсон юм уу. Итгэл даах хүн хүлээж авахаар болж, найдвартай газар товлогдвол би сайхан ордон барьж өгнө. Би олон оронд ийм ордонтой болоход нь тусалсан. Танай улсад барих гэж байгаа нь ийм” гээд зураг төслийг нь хүртэл харуулсан” гэж ярив.   

Энэ мэт зүйл яриад байвал дуусашгүй мэт. Тийм болохоор ярианы сэдвийг өөр тийш нь чиглүүллээ. Манай улсын шатарчдын чадварыг дэлхий дахинд хэрхэн үнэлдгийг сонирхов. Тэрбээр “1960 оны дунд үеийг Монгол Улсын гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн, ОУМ Т.Үйтүмэнгүйгээр төсөөлшгүй. Гэтэл одоо олон орны тамирчин  тэднийг мэддэггүй, үнэлдэггүй. Гэхдээ 70-аас дээш насныхан асуудаг шүү. Гадаадын шатарчид Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, ОУМ А.Энхтуул нарын зэрэг тамирчинг асуудаг, хүндэлдэг. Тэдний нүүдэл тэр тамирчдын зүрхэнд шар ус хуруулсан байх л даа. Манай шатарчдын “хундаам” энэ зэрэгт хүрсэн байхад байшингаа хэр өндөр барих вэ гэдэг нь нийт тамирчнаас шалтгаална. Зэрэглэл өндөр шатарчин бий болгоход санхүү чухал биш гэдгийг энэ хэд маань харуулж байна. Тэгээд ч манайхан байгалийн авьяастай учраас хүн ам, эдийн засаг хөгжсөн орны тамирчдыг ч айлгаж байна шүү дээ. Дэлхийн хэмжээнд манай эмэгтэйчүүд 18, эрэгтэйчүүд 61 дүгээрт бичигдэж байна. ОУИМ Б.Хатанбаатарыг би 1994 онд гадаадын томоохон тэмцээнд дагуулж, оролцуулахад тэр эхнийхэд нь хожигдож байсан ч дараа дараагийнхад нь хожсон. Тэр байдлаас ажиглахад тамирчдыг тэмцээнээс тэмцээн рүү оруулбал амжилт гаргах нь илүү гэдэг нь нотлогдсон. Тухайн үед бусад тамирчин нь орхигддог байсан бол одоо хэн нь ч томоохон тэмцээнд хүчээ үзэх боломжтой. Их мастер цолны болзлыг хангасан хүнд Засгийн газраас нэг удаа 30, дасгалжуулагчид нь 10 сая төгрөг олгодог. Энэ мөнгө тэдний дараагийн тэмцээнд оролцоход хөшүүрэг болдог” гэлээ.  

Тамирчид маань медаль хүртээд ирвэл өнөө хэдийнхээ өрөөгөөр дахин орж талархал илэрхийлж, медалиа үзүүлж, шатар эсвэл цаг дурсгал болгодог байлаа. Бидэнд их сургуулийн болоод компанийн захирлууд их тусалсан. Одоо ч баяртай явдаг” гэсэн юм.

Энэ үед сониуч зан хөдөлж “Та тамирчин, дасгалжуулагч нараа гадаад руу тэмцээнд явуулахдаа зардлын мөнгө хайж нэлээд явдаг байв уу” гэхэд “Би 2003 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн. Энэ шар тэмдгийг зүүснээрээ би бусдыгаа төлөөлж, өөрийгөө зовоож нэлээн хэдэн компани, их сургуулийн захирлын үүдийг тогшсон. Шар тэмдгээ би ийм л зүйлд ашигласан. Тэгж явсныхаа хүчинд оюутнуудаа багаар нь дэлхийн аварга болгосон. Намайг хүлээж авдаггүй хүн байгаагүй. Зарим нь тухайн үед “Одоо ёстой боломж алга. Та дараа ирээрэй” гэдэг. Хоёр дахь удаагаа найдвартай тусална. Найман тамирчин, хоёр дасгалжуулагчийг 2010 оны ДАШТ-д оролцуулахад 20 орчим сая төгрөг цуглуулсан. Энэ мөнгийг нэг компани шийдэхэд хэцүү болохоор хэд хэдэн хүнтэй уулзаж байж бүрдүүлсэн. Тамирчид маань медаль хүртээд ирвэл өнөө хэдийнхээ өрөөгөөр дахин орж талархал илэрхийлж, медалиа үзүүлж, шатар эсвэл цаг дурсгал болгодог байлаа. Бидэнд их сургуулийн болоод компанийн захирлууд их тусалсан. Одоо ч баяртай явдаг” гэсэн юм.

Олонх орны шатарчин сэтгэл зүйч, эмч, менежертэй. Харин манайханд байдаггүй. Тиймээс Жийгээ багшаас “Манайд эдгээр мэргэжлийн орон тоо байдаггүй юм уу, ажиллах чадвартай хүн алга уу” гэхэд “Би л дээрх мэргэжилтнүүдийг орлож байна даа. Сэтгэл зүйч, тогооч, менежер, дасгалжуулагч, найз нь болдог. Гэхдээ тухайн тамирчин наад зах нь хоолоо аятайхан хийгээд сурчих хэрэгтэй. Надаар шатар заалгасан З.Баяраа гэдэг хүү миний хийдэг бүх хоолыг хийж сурсан. Гэтэл бусад нь миний хийснийг иддэг л болохоос яаж хийдгийг нь сурах гэж хичээгээгүй. Түүнчлэн бие бялдартаа анхаарах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, их мастер А.Энхтуул нарыг шатраар халз өрсөлдүүлэнгээ штанганд оруулсан. А.Сүхбатын зүрхний цохилт гайгүй байхад А.Энхтуулынх хэмжээндээ хүртэл буугаагүй. Бага насны хүүхэд өдөр бүр 30 минут, насанд хүрэгчид таван цаг тасралтгүй бэлтгэл хийдэг. Ингэж удаан суусан хүний бие хөшсөн байдаг болохоор биеийн тамирын дасгал заавал хийх ёстой. 1975 онд намайг дасгалжуулагчаар ажиллах үед дарга нар бүх спортын төрлийн дасгалжуулагчийг “Ирээдүйтэй тамирчин олж ир” гээд орон нутаг руу явуулдаг байлаа. Би ч хэд хэдэн аймгаас сайн тамирчин болох хүүхэд авч ирсэн. Гэтэл зарим нь удаан сууж бэлтгэл хийхээс халширсан уу яасан зугтчихсан. Тэсч үлдсэн хэдийн нэг нь их мастер Б.Хатанбаатар.

Надад “Миний хүү, охиныг сайн тамирчин болгоод өгөөч, тамирчин болохгүй ч гэсэн давгүй тоглодог болгоод өгөөч” гэх хүсэлтийг илэрхийлдэг аав, ээж олон. Монгол Улсын гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн “Би гудамжны зодооноос боксчин болсон”  гэж нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Түүн шиг манай шатарчид гудамжинд шатар нүүдэг өвгөчүүдээс өөрийгөө олсон. Энэ дашрамд би нэг зүйл хэлмээр байна” гээд яриагаа түр завсарлаж, аягатай цайнаасаа балгаад “Би өөрийгөө хэлэх гэж байгаа юм биш шүү. Манайхан ахмад тамирчин, дасгалжуулагчийнхаа үгийг сонсохыг огт хүсдэггүй. “Та одоо тэтгэвэртээ гарах болсон. Бидэнд таны хэрэг байхгүй” гэсэн шиг орхидог. Гэтэл сагс, хөлбөмбөгийн гадаадын багт үргэлж ахмад дасгалжуулагч нь ажиллаж, бүх ажлыг нь “баздагийг” харж байгаа биз дээ. “Жор үзээгүй эмчээс, зовлон үзсэн чавганц дээр” гэдэгчлэн насаараа бие, сэтгэлээрээ өөр өөрсдийн спортын жаргал, зовлонг мэдэрсэн хөгшчүүл илүү байдгийг манайхан бага ч болтугай ойлгох хэрэгтэй” хэмээн хэн нэгэнд бага зэрэг гомдоллоод авна билээ.

Шатрын спорт олимпийн төрөлд багтдаггүй. Яваандаа орох болов уу. Жийгээ багш “Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч ажлаа хүлээж авсан жилээсээ хөөцөлдсөн. Олон улсын олимпийн хороо саналыг хүлээж авсан гэсэн. Энэ спортын төрөлд олон хүн оролцож, олон өдөр үргэлжилдэг болохоор анхнаасаа дэмжигддэггүй байсан ч одооноос нааштай хариу сонсогдсон бололтой. Гэхдээ энэ спорт өөрөө олимпиадтай. Манай тамирчид 1956 оноос хойш үүнд оролцоход эмэгтэйчүүд шөвгийн 11-д, эрэгтэйчүүд 16 дугаар байрт орсон дээд амжилттай. Харин ширээний төрлөөс хэд хэдэн медаль хүртсэн. Би нэг сонирхолтой зүйл ярих уу (нүд нь сэргэх шиг болов).

“Кирсан Илюмжинов Болгарын иргэн, зөнч Вангатай 1996 онд уулзжээ. Тэрээр “Чи Халимагийн Ерөнхийлөгч байхаас илүү Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажиллах юм байна. Гэхдээ улсынхаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Каспин тэнгисийн дэргэдэх Элстэй гэдэг газар нефть гаргаарай” гэж хэлснийг нь тэр бидэнтэй уулзахдаа сонирхуулж ярьсан шүү” гээд хуучнаа дурсав.

П.Жигжидсүрэн гуайн хүүхдүүд өөр өөрийн гэсэн мэргэжилтэй. “Аавынхаа авьяасыг өвлөөгүйд гомддог уу” гэж үгийнхээ завсар хавчуулахад “Үгүй, үгүй. Бөхчүүд л хүүгээ барилдуулах гэдэг юм билээ. Хүн бүр өөрийн гэсэн хувь төөрөгтэй болохоор би хүүхдүүдээ заавал “Шатар тогло” гэж албадаагүй. Гэхдээ ач, зээ нараас давгүй тоглох хүүхэд бий. Би мөрөөдлөө гээхийг хүсдэггүй байлаа. Миний мөрөөдөл өөрийн гэсэн шатрын клуб байгуулах. Энэ мөрөөдлийг маань Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, “Тавантолгой транс” ХХК-ийн захирал Ч.Цэцэг-Өлзий дүү маань бүх санхүүг нь зохицуулж, дэмжсэн. Одоо миний хоёр дахь гэр болсон “Зууны шатар” клуб байна. Харамсалтай нь энэ сайхан ажлаа Ч.Цэцэг-Өлзий дүү маань нээгээд удаагүй байхдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Түүний хүү Ашид одоо миний удирдлага дор хичээллэдэг. Украины Алушта хотын хүүхдийн фестивалиас блиц, рапид төрлөөс алтан медаль, стандарт төрөлд дэд аварга, мөнгөн медаль хүртэж байсан. Би нэг дасгалжуулагчийнхаа хамт 50 орчим хүүхдэд сургалт явуулдаг. Гэвч мөрөөдөл хязгаарлагдахгүй юм даа. ” гээд инээсэн. 

Түүний гэр бүлийн хүнийг Д.Хишигдорж гэдэг. Тэд 1970 онд гэр бүл болж Алтанцэцэг, Мөнхбат, Мөнхсайхан, Мөнхцэцэг нарын аав, ээж болсон. Д.Хишигдорж Булган аймгийн Сайхан сумынх бөгөөд 1974 онд цанын спортын мастер цолны болзол хангасан шаггүй тамирчин.

Одоогоор “Голомт” банкны зөвлөх тогоочоор ажилладаг. Эхнэр нь өдөржин хоол хийж ирдэг болохоор гэрт нь энэ ажлаас чөлөөлөх гэж эхэндээ заалгаж, ихэнхдээ харснаараа хоол хийсээр байгаад одоо муухан тогоочоос илүү хийдэг болсон гэсэн. Түүний хамгийн сайн хийдэг хоол нь холимог хуурга, гуляш, бууз, хуушуур гэнэ. Мөн шатар нүүхээс гадна ширээний теннис тоглох хоббитой гэсэн.

П.Жигжидсүрэн гуайн үндсэн мэргэжил нягтлан бодогч. Хуучнаар Төв бараа баазад хоёр жил ажилласан ч 1975 онд Москвад дээд сургууль төгсч ирээд Монголын шатрын шигшээ багийг дасгалжуулсан. Түүнээс хойш өнөөг хүртэл шатартай хамт явна. Энэ тухай эргэн дурсахдаа “Хууччууд бараг бүгд байсан. 1984 онд Францад болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-д анх удаа оролцоход Ц.Лхагвасүрэн тавдугаар байр эзэлж, багийнхандаа итгэл хайрласан. 1990 онд Ц.Батцэцэг Азийн аварга, Б.Хатанбаатар их мастер цолыг анх удаа эх орондоо авчирсан” гэлээ.

Аав, ээж нь насаараа мал дагасан. Тэднийхээ тухай хуучлахдаа “Аав маань нутаг усандаа сайн шатарчин байсан. Гэртээ их тоглодог, тэр нөлөөгөөр нь би татагдсан хэрэг. Тэр үеийн шатарчид хэн нэгнийхээ гэрт цугларч тоглодог байв. Аймаг, сум, бригадын төвд ч тоглоно. Хожигдсон нэгнийхээ хувцсыг нь тайлах, сахлыг нь хусах, усаар норгох зэргээр шийтгэнэ. Эмэгтэйчүүд нь хожигдсон залуугаар нь ноосоо савуулдаг байлаа” гэж сонирхуулсан. 

Тэрбээр 1962 онд аймгийнхаа хоёрдугаар арван жилийг төгсөж, хотод ирээд Худалдааны техникумд оюутан болсон. Эхний жил хоттой танилцсан бол 1963, 1964 онд өсвөрийн шатарчдын УАШТ-ээс мөнгө, алтан медаль хүртэж амжилтаа эхлүүлсэн түүхтэй. Харин 1970 оны дэлхийн шатрын XIX олимпиадад үзүүлсэн амжилтаараа спортын мастер, 1988 онд олон улсын мастер, жил бүр Улаанбаатарт уламжлал болон зохиогддог байсан “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит олон улсын IV тэмцээний хоёр, тавдугаар тэмцээн болон 1985 оны ахмадын УАШТ-ий аварга, 1977, 1984 оны мөнгө, 1980, 1986 оны хүрэл медальтай. Түүнчлэн “Монхангай-2000” шилдэг шатарчдын тэмцээний аварга, МБАТ-ний спартакиадын алт, мөнгө, хүрэл медальтай. Түүний анхны багш шатрын олон улсын шүүгч Н.Намжил. 1968 оны УАШТ-ий дараа түүнд шавь орсон хувь төөргөө “Энэ хүн намайг шигшээ багт авч, цалинжуулж, шатрын спортоор амжилт гаргах боломжийг нээж өгсөн ачтан. 1970 онд шатрын олимпиадад шигшээ багийн бүрэлдэхүүнд багтааж, спортын мастер цолны болзлыг хангахад нөлөөлсөн” гэж магтлаа.

Хамгийн үнэтэй шатар хэдэн ам.доллараар үнэлэгддэг вэ гэхэд “Дэлхийд хамгийн үнэтэй шатар зааны ясаар хийгдсэн байдаг. Яг хэдэн ам.доллараар зарагддагийг мэдэхгүй юм. Гэхдээ манай нэг шавьд таван сая төгрөгийн үнэтэй шатар бий. “Загасчны морь усгүй” гэдгийн адил надад нэг их чамин шатар байдаггүй. ” гэв.

Бид дахин уулзахын ерөөл өргөж, тэднийхээс мордлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Жигжидсүрэн: Би шатарчдынхаа сэтгэл зүйч, тогооч, менежер, дасгалжуулагч, найз нь болдог  
Үзсэн: 2779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй