Ардын бишгүүр хөгжимчин, БНСУ-ын Чонжу хотын Урлагийн их сургуульд хөгжмийн зохиолч, удирдаач мэргэжлээр суралцаж буй Г.Шинэбаяр эх орондоо түр хугацаагаар ирээд байхтай нь таарч ярилцлаа. Хоёр жилийн өмнө ҮУИТ гоцлол хөгжимчдийн тоглолт зохион байгуулсан бөгөөд тухайн үеийн тэргүүн гоцлоочдоо оролцуулсан юм. Үндэсний их найрал хөгжмийн өмнө өөр өөрийн эзэмшсэн үндэсний хөгжмийн зэмсгээр дэлхийн хөгжмийн аль сайн бүтээлүүдийг гоцлон тоглож, үзэгчдийн халуун алга ташилтаар шагнуулж байсан зургаан хөгжимчний нэг нь Г.Шинэбаяр.
-Та БНСУ-ын нэгэн алдартай хамтлагт тоглодог гэж сонслоо. Ямар хамтлаг вэ, та зөвхөн бишгүүр тоглодог уу, эсвэл өөр үүрэгтэй юү?
-Хамтлаг тийм ч алдартай биш ээ. Гэхдээ үйл ажиллагаа олон жил тогтвор суурьшилтай явуулж байгаа. Нэр нь “Blended”. Үндэсний хөгжмийн мөртлөө жааз, R&B гэх зэрэг орчин үеийн чиглэл, урсгал баримтлах талдаа. Би бишгүүр, товшуур тоглож, хөөмийлдөг. Гурван жилээр гэрээ байгуулаад ажиллаж байна.
-Хөгжим янз янзаар нь тоглоно, хөөмийлнө, хөгжим зохионо, найруулна. Авьяастай юм аа ...
-Яах вэ, нэгийг чаддаг байхад хүсвэл бусдыг нь сурч болдог юм билээ. Олон талын авьяастай хүн олон байдаг шүү дээ (инээв).
-Танай хамтлагийн бусад хөгжимчин ямар ямар зэмсгээр тоглодог вэ?
-Бид зургуулаа. Африк гаралтай залуу африк болон солонгос бөмбөр тоглодог. Төгөлдөр хуурч, дуучин бий. Үндэсний ятга хөгжмөө болон гитар тоглодог бас нэг хөгжимчин бий. Тэр тал бүрийн авьяастай, чадахгүй юмгүй.
-Үзэгч, сонсогчид монгол үндэсний бишгүүр хөгжмийг “эрхийн чинээ байж эр хонгор дуутай” гэдэг үү?
-Их сонирхдог. Зургаахан нүхтэй ийм энгийн хийцтэй хөгжмөөр яаж бүх төрлийн хөгжим тоглодог юм бэ гэж их асуудаг. Альт саксофон шиг өнгөтэй юм байна гэдэг. Нарийн бүрээ орлуулж болдог. Импровизац буюу тэр даруйд нь найруулж тоглоход үзэгчид их дуртай хүлээж авдаг. Хамтлагийн ахлагч намайг ажилд авахдаа “Сонирхолтой хөгжмөөр сайн тоглодог юм байна, чамд өөр ямар нөөц бий вэ” гэж асуусан. Тэгэхээр нь чаддаг, чадах юмнуудаа хэлээд, ярилцаад орж байлаа. Манай хамтлаг Сөүлд төдийгүй бусад хотоор аялан тоглодог.
-Солонгосчууд хөгжим хэр сонсдог вэ?
-Маш сайн. Долоо хоног бүр сонирхолтой тоглолт болно, тэр болгоныг үзнэ. Амьдрал сайн байгаагийн шинж юм болов уу гэж боддог. Айл бүр төгөлдөр хууртай, бүгд хүүхдээ ямар нэг хөгжмийн сургалтад явуулдаг гээд яриад байвал авах үлгэр их ээ. Зарим нь давхар давхар сургана. Ер нь боловсрол чухал гэж үздэг ард түмэн санагддаг.
-Уучлаарай, орлогоо юунд зарцуулдаг вэ?
-Сургалтын төлбөртөө өгдөг.
-Тэнд дээд сургуулийн төлбөр төлж суралцах амаргүй биз?
-Сургалтын төлбөр харьцангуй хямд гэж ойлгож болно. Гурван сар хичээллээд, гурван сар бие дааж сурах байдлаар улирлыг зохион байгуулсан байдаг. Хагас жилийн төлбөр тав орчим сая төгрөг. Харин өмнө нь дансанд нэлээд мөнгө байршуулах шаардлага гардаг. Би бакалаврын сургалтаа өөрийн хүчээр дүүргээд, магисрт “K art” хөтөлбөрт хамрагдаж, суралцах зорилготой байгаа.
-Сүүлийн үед энэ хөтөлбөрт манай улсаас залуус хамрагдах болжээ ...
-Тийм ээ. Энэ жил лав дуурийн дуучин, тенор Б.Батжаргал, хийл хөгжимчин нэг залуу элссэн байна билээ.
-Хөгжимчин болсон түүх нь сонирхолтой байх. Яагаад бишгүүр хөгжмийг сонгосон бэ?
-Үе тэнгийнхнийхээ адил гоё сургуульд оръё гээд ХБК-д шалгуулсан. Манай ээж энэ сургуулийг цохивор хөгжимчин мэргэжлээр төгссөн ч, нэг ч жил ажиллааагүй. Оёдол, урлал гээд хазайчихсан. Намайг шалгуулмаар байна гэхэд дагуулж авчирсан, би тэнцээд элссэн. Тэгээд л ээж намайг “мартчихсан” гэхэд болно. Зүг чигийг нь гаргаж өглөө, авьяастай бол сурах байх, үгүй бол өөр сургуульд шилжүүлэх байх гэж бодсон болов уу. Хөгжим сурах амар биш гэж хэлж байсныг нь санаж байна. Морин хуурч болох хүсэлтэй байсан ч, анги дүүрсэн байсан тул хуучир санал болгосон. Хөгжим нь жижигхэн, эмэгтэйлэг санагдаад болдоггүй. Хуучрын П.Мөнгөнцэцэг багш дургүй байгааг ойлгосон байх, Самбалхүндэв багштай танилцуулсан. Багш эвэр бүрээ гээ мушгиралдсан, бишгүүр хэмээх гозгор хөгжим харуулаад “Аль нь таалагдаж байна” гэхээр нь мушгирсан нь олон товчлууртай юм байна, эцэүү байх гэж бодоод бишгүүр сонгосон. Амархан гэж бодтол үгүй байв.
-Хамгийн хэцүү нь байв уу?
-Хөгжим тоглож сурах хэцүү. Ардын бишгүүр, лимбэ хоёр мэдрэмж их шаарддаг. Хөндий нүхнүүд л байдаг. Нэг нүхнээс хоёр өөр өнгө ялгаж гаргана. Өөрийгөө тийм ч авьяастай гэж боддоггүй ээ. Эхэндээ шантарч байлаа. Хичээл тасалдаг, багшийн чихнээс хонх уядаг сурагч байсан. Харин ахлах ангид ороод хөгжимдөө дуртай болж эхэлсэн. Хөгжим гэж юу вэ гэдгийг ойлгосон. Сайн сураад, сайтар тоглоод байвал олон үүд хаалга нээгдэх юм байна гэж бодсон.
-Бишгүүрчин болсны хэргийг гаргаж яваа юм байна гэж харж байна ...
-Ардын бишгүүр хөгжимчид тоглох өөр өөрийн хэв шинжтэй болсон байдаг. Би жааз хэлбэрийн зохиолд дуртай. ХБК-ийн хоёрдугаар курст байхдаа “армян” Ганбаа ахтай болон “Бөртэ” хамтлагт тоглодог байхдаа жаазаар дагнаж болох юм байна гэж бодож байсан юм. Удалгүй франц саксофонч Мартин Жэкобсонтой хамтрах үеэс бүрэн итгэлтэй болсон. Тэр үеэс цаашид үүнийгээ хөгжүүлье гэж бодсон. Бишгүүрчин Чимэдтогтох рок чиглэлээр тоглодог байлаа. Түүний тоглолтоос ч гэсэн энэ зэмсгээр хүссэнээ тоглож болдгийг харсан. Одоо хэдийгээр өөр мэргэжилтэй болохоор суралцаж байгаа ч ардын бишгүүрээ орхихгүй. Ардын бишгүүрт зориулсан зохиол байдаггүй. Тийм болохоор өөрөө зохил бичиж тоглож байя гэж бодсоноос хөгжмийн зохиолч болох санаа төрсөн. Зохиосон хөгжмөө өөрөө удирдаж тоглуулбал гоё. Ер нь багаасаа удирдаач болно гэж битүүхэндээ боддог байсан юм. Тэр бодлоо орхиж чаддаггүй. Сурагчдын амралтаар ДБЭТ, УДЭТ-т үзвэр үздэг байлаа. Хөгжмийн сургуулийн хүүхдүүд хуваарийн дагуу очдог. Нэг удаа “Кармен” дуурийг хөгжимчдийн суудаг “нүх”-нээс үзэхэд дуурь удирдаж байгаа Н.Туулайхүү маэстро гоё харагдаад байсан. Түүнээс хойш энэ мэргэжлийг илүү сонирхож эхэлсэн л дээ. Удирдаач ямар байх ёстой юм гэдэг талаар уншиж, судалдаг болсон. Өөрийгөө бэлтгэж ирсэн гэх үү дээ. Дэлхийн том том удирдаачдын бичлэг үзэж, ойлголт авч, дэг жаягийг нь ч гэсэн судалдаг боллоо. Одоо өөр дээрээ хэрэгжүүлэх гэж байна. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм. Хөгжмийн зохиолч болох дур сонирхол минь 2008 оноос хойш “Сибилиус” гээд ноот шивдэг программ дээр ажиллаж эхэлснээр бүр илүү өдөөгдсөн. Номын эх бэлтгэл, театр, чуулгуудын ноот шивэх ажил хийдэг байсан юм. Тэгж байхдаа партитур гэдэг юмыг ойлгож эхэлсэн. 2009 онд “Улаанбаатар” чуулга байгуулагдсан шүү дээ. Тэнд ажиллаж байхад их хуурын Бойжоо ах хөгжмийн найруулга хийгээд үз гэхээр нь хэд хэдэн дууны клавирыг оркестрын болгож бичсэн юм. Түүнээс хойш бага багаар зохиож эхэслэн. Бүжигчидтэй хамтарч ажилладаг байлаа. Симфони найрал хөгжмийн удирдаач болохыг зорьж байгаа юм чинь найрал хөгжмийг сайн мэддэг байх ёстой.
-Хүний хүсэл хязгааргүй юм даа, тийм ээ?
-Тийм ээ. Нэг мэдэхэд төгсөх гээд явж байх болов уу. Залуудаа сураад авахад насан турш хэрэг болно гэж боддог.
-Та түрүүн Солонгосчууд хөгжим сайн сонсдог гэсэн. Уран бүтээлчдийн ур чадвар хэр сайн бэ?
БНСУ-д урлаг дэлхийн түвшинд хүртлээ хөгжжээ гэж боддог. Сонгодог ч, үндэснийх нь ч тэр. Дахиж юм нэмэхээргүй, тултал хөгжсөн харагддаг. Урлаг хөгжихийн сацуу үзэгчдийн буюу хүнийх нь хөгжил урлагтаа нөлөөлдөг мэт. Хөгжсөн үзэгчид чанартай хөгжим сонсож, сайн жүжиг, бүтээл л шаарддаг байх. Энэ хоёр талын хүчин зүйл хүн амын тооноос бас хамаардаг болов уу. Монголд урлаг хөгжөөгүй гэж хэлэхгүй. Манайд уран бүтээлчид сайн. Гагцхүү хүн ам цөөтэй, үзэгчдийн тоо өсдөггүй нь цаагуураа урлагийг хөгжилд нөлөөлдөг байх гэж боддог.
-Цөөхөн ч гэлээ үзэгчид тогтмол театр, чуулгын бүтээл үзэж, музей явж хэвшээгүй тал бий бус уу?
-Тийм ээ. Үзэж хэвшихгүй бол урлагийн бүтээл сайн, муу болохыг ялгахад хэцүү. Гэхдээ үзэгч цөөн гээд хөгжимчид тоглохгүй байж болохгүй. Үгүйдээ л өөрөө өөртөө тоглож, болж байгаа үгүйгээ мэдэж байх шаардлагатай. Манай улсад мэргэжлийн уран бүтээлчид утоглолт зарлахад сонсох хүн танхимын тал хэртэй байж л байдаг. Удахгүй хэн хүнгүй хөгжим сонсох гэдэг болох байх аа.
Г.Шинэбаяр: Хөгжмийн зохиолч, удирдаач болохоор суралцаж байна | ||
Үзсэн: 2318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.