“Биндэръяа мину” ТББ-ын дэргэдэх “Миракл” клубын уран нугаралтын багш Н.Цэрэндолгортой ярилцлаа.
Тэрбээр олон улсад уран нугаралтын үзүүлбэр үзүүлж байсан бол өдгөө шавь бэлддэг болжээ.
-Таныг олон оронд уран нугаралтаар ажилласан гэж сонссон. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Хэдэн жилийн өмнө гэрээгээр уран нугардаг байсан юм. Сингапур, БНСУ, Турк, Малайз гэх мэт оронд. Гурван жил ажилласан.
-Уран нугаралтанд төрөл гэж байдаггүй. Харин хамтлаг болон хос төрөл гэж бий. Та аль төрлөөр нь оролцдог байсан бэ?
-Тийм ээ. Мөн ганцаарчилсөн төрөл гэж бий. Би олон тэмцээнд хосоороо, хамтлагаараа оролцсон. Сүүлийн хэдэн жил ганцаарчилсан төрөлд нугарч байгаа.
-Аль нь амар санагддаг вэ?
-Байнгын бэлтгэлтэй байхад аль ч үзүүлбэр нь амархан.
-Одоо бэлтгэлээ хийж амжиж байна уу. Сургалт ажиллуулдаг гэсэн ...
-Тиймээ сургалт ажиллуулж хичээлээ орохын хажуугаар бэлтгэлээ бага багаар хийж байгаа. Хааяа ч амжихгүй юм.
-Хэдэн насны хүүхдүүдэд заадаг вэ. Сургалтынхаа талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Манай “Биндэръяа мину” ТББ-ын дэргэдэх “Миракл” клуб 2004 оноос үйл ажиллагаа явуулж байна. уран нугаралт нь таван наснаас шалгаж авдаг. Харин бүжгийн дугуйланд бага, дунд, насны насанд хүрэгчдийн гэсэн гурван анги байгаа.
-Бага насны хүүхдэд заахад хэцүү юу. Шантарч орхиж байгаа хүүхэд байдаг уу?
-Бага насны хүүхдүүдтэй ажиллахад хэцүү зүйл огт байхгүй. Багш анх заахдаа хүүхдийн хүсэл сонирхолыг татах дасгал хийлгэж, бага багаар дасгах ёстой.
-Танай клубт хэдэн хүүхэд хичээллэдэг вэ?
-Байнгын бэлтгэл хийдэг хүүхдүүд бүжиг болон уран нугаралтын төрлөөр хичээллэдэг. Нийтдээ 30 гаруй хүүхэд бий. Үүнээс гадна шинэ элсэгчид болон сонирхож асууж сурагласан эцэг эхүүд ч их байдаг. Уран нугаралтын сургалтанд сурдаг хүүхдүүд долоо хоногт хоёр удаа мэргэжлийн багшийн бүжгийн сургалтанд хамрагддаг. Манай “Миракл арт” клуб нь хүүхдүүдээ бүхийл талаар хөгжүүлэхийг зорьдог. Хүүхдүүд уран нугаралтыг сурсны дараа ноймер тавих, дэглэлт хийхэд трукны холболт хийх, ямар нэг утга санаа илэрхийлэхэд бүжгийн санаа чухал үүрэгтэй. Бүжгийн сургалтыг бүжигчин У.Басбиш буюу Баби заадаг.
-Та сонирхол, зорилгынхоо дагуу энэ урлагаар хичээллэж, багшилж байгаа нь мэдээж. Ер нь уран нугараач болсны давуу тал юу вэ?
-Давуу тал ихтэй. Монголын үндэсний өв соёл үндэсний урлагаар хичээллэсэнээрээ бахархах, биeэ зөв авч явж сурах, гоо зүйн мэдрэмжтэй болох, тэсвэр хатуужилтай болох, хүндлэх хайрлахын үнэ цэнийг мэдэрч, бүтээлч сэтгэлгээтэй болдог.
-Та яагаад энэ урлагийг сонгож хичээллэх болсон юм бэ. Хэдэн жил хичээллэж байна вэ?
-Би энэ мэргэжилдээ маш их дуртай бас хайртай. Зургаан настайдаа Эрдэнэт хотод хөгжмийн сургалттай Баян өндөр цогцолбор сургуулийн дэргэдэх Ч.Дэлгэрцэцэг багштай уран нугаралтын ангид элсэж орсон. Түүнээс хойш 18 жил нугарч сүүлийн дөрвөн жил багшилж байна.
-Энэ урлагт ороход юу нөлөөлсөн бэ?
-Сонирхол бас хүсэл эрмэлзэл. Мөн үлгэр жишээ болсон мундаг нугараачид зөндөө байдаг шүү дээ. Монгол кинонд гардаг даа. Тэднийг хараад л нугараач болохыг хүссэн.
-Өмнө нь ямар ямар тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлж байв?
-Дурьдвал их л дээ. Язгуур урлгийн “Яргуй” наадмаас эхлээд БНСУ-руу Монгол орныхоо нэрийг гарган Азийн орнуудын фестивалд оролцож байлаа. Хамгийн сүүлд л гэхэд 2016 онд шавь нарынхаа амжилтыг Геннист бүртгүүлсэн. Тэгэхэд Монголын өнцөг булан бүрт суугаа мундаг багш нар нэгдсэн бэлтгэлд шавь нараа бэлдэн Сүхбаатарын талбайд 430 нугараач нэгэн зэрэг уран нугаралтын үзүүлбэр үзүүлсэн юм. Мөн урилгаар АНУ-аас уран нугарлтын багш нар ирж хамт нугарч байлаа.
Н.Цэрэндолгор: Уран нугаралтаар хичээллэх давуу тал ихтэй | ||
Үзсэн: 6672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.