Монголчууд бид сар шинийн баярыг өмнө нь болон одоо цаг хэрхэн тэмдэглэдэг талаар академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа.
-Монголчуудын маань зарим нь жил ирэх тусам сар шинийн баярыг бэл бэнчингээ гайхуулах гэж байгаа юм шиг тэмдэглэдэг боллоо. Нэг айл гурван ууц давхралдуулж ч тавьж байх шиг. Иймд таниас асуухад уламжлал ямар байсан юм бэ?
-Сүүлийн үед цагаан сарын утгыг алдагдуулж байна. Уг нь эрт дээр үеэс энэ баярыг хүндэтгэн дээдэлж, ёс төртэй тэмдэглэж ирсэн юм. Энэ бол нэг нас нэмсний, шинэ он гарсны, өвлийг өнтэй давсны баяр. Монголчууд нэг сумаар олон туулай харвах дуртай улс. Тиймдээ ч “Сар шинэ”-тэй олон баярыг хамтатгаж ирсэн нь энэ. Гэтэл одоо айл хэсэж, бэлэг цуглуулдаг, хэмжээ, хязааргүйгээр идэж, ууж, эрүүл мэндээ муутгадаг баяр болов. Сар шинийн баяраар хүнийг таньж болдог. Золгоход л тэр хүн тухайн жилд ямар байсан, явсан нь мэдэгддэг гэдэг. Өдөртөө сайн явсан нь мэндлэхэд, жилдээ сайн явсан нь золгоход гэж ардууд ярьж ирсэн билээ.
-Энэ баярыг хэзээнээс тэмдэглэж ирсэн юм бэ. Ялангуяа залуучуудад дэлгэрэхгүй тайлбарлана уу?
-Түүх товч сөхье. Сар шинийн баярыг Хүннүгийн үед сүүн сар гээд, намар хийж байсан. Чингис хааны буюу Нэгдсэн Монгол Улсын үеэс өвлийг өнтэй давсны баяр гэж хаврын тэргүүн сард хийдэг болсон. Тэгэхээр 800 гаруй жилийн тэртээгээс хаврын баяр болжээ. Өөрийн мэдэх цагаан сарын тухай ярья. 1952 онд маршал Х.Чойбалсан нас барахад орон даяар цагаан сар хийгээгүй юм. Түүнээс хойш хэсэгтээ нам жим байлаа. Харин 1960-аад оноос хойш нэгдэлчдийн баяр болгож, малчдын хүрээнд тэмдэглэдэг болсон. Тэр үеэс бөх барилдуулж эхэлсэн юм. Би бөхөд дуртай болохоор барилдаан үзэх гэж цагаан сар тааруулж амралтаа авдаг байлаа. Яагаад гэхээр тэр үед битүүний өдөр заавал хурал зарладаг, тасалбал арга хэмжээ авдаг байсан юм. Хаагдаж, хоригдож, өнгө зүсээ өөрчилж байсан, зовлон үзсэн баяр шүү дээ. 1990 оны цагаан морин жилээс хойш бүх юм дур зоргын боллоо гэж ойлгосонтой холбоотойгоор Монголчууд маань аливаад дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж эхэлсэн шигээ цагаан сарын баяртаа ч замбараагүй хандах болсон. Сүүлийн үед хаа хаанаа бас ч гэж энэ баярын утга алдагдлаа, яах ёстой вэ гэж ярьж эхэлж байна. Радио сонсож байхад нийгмийн янз бүрийн давхаргын, төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс санаа оноо хэлж байна. Зөв, зүйтэй саналууд гаргаж байна.
-Яаж шинэлбэл зохилтой тухайд танд ямар санаа, оноо байна вэ?
-Настангуудад чирэгдэл багатай байлгах хэрэгтэй. Тэднийг яаж баярлуулахаа л бодох ёстой. Түүнээс биш одоогийнх шиг зүдрээж болохгүй. Энэ бол гэр бүлийн баяр. Авах, гээхийн ёсоор авч үзвэл аль болох даруу, бололцоо, хэр чинээгээрээ, гэхдээ баяртай, сайхан тэмдэглэх ёстой юм. Ууцны хэмжээгээр уралдах хэрэггүй. Бэлэг гэдэг дэмий, импортын, Хятад голдуу бараа бие биедээ өгөх гэж тэмүүлээд яах юм бэ. Бэлгэнд явсан хүмүүс осолд орж хэцүү юм боллоо. Ийм юм гэж байх уу. Хүн бүрт бэлэг өгдөг ёс байгаагүй. Хүүхдийн гар дээр боов, ааруул, чихэр тавьдаг байсан. Одоо цагт дээр үеийнх шиг боов, ааруул, чихэр биш юм гэхэд хүүхэд баярлуулах ямар нэгэн бэлэг өгөхдөө дээр нь 1000 төгрөг тавьчих л даа. Хүүхэд дуртай юмаа аваг, эсвэл мөнгө хадгалж сураг. Эд барааг хүмүүс хэрэгтэй үедээ өөрсдөө худалдаад авдаг шүү дээ. Үнэхээр бэлэг өгмөөр байгаа бол өөрсдийн гараар хийсэн, урласан зүйл, бичсэн ном, бүтээлийн дээжээсээ өгвөл харин утгатай. Настангуудад бол бэлэг өгөх учиртай. Дээр үед 73-ны, 87-ны гэх зэрэг жил нь орсон хүмүүст хошуу ноёдоос нь бэлэг хүргүүлдэг байжээ. Уламжлалаа л гэж байгаа юм бол авууштайг нь хадгалаад, өвлөн, үлдээх ёстой. “Барлаг улс баян хүн дуурайж байдгаа барах хэрэггүй” гэсэн үг байсан юм. Одоо ч утга хэвээрээ шүү дээ. Хүнээс дутах вий гэсэн нэрэлхүү зан хэрэггүй. Өөр өөрсдийнхөө хүсэл, сонирхол, боломж, бололцоонд тулгуурлаад хөнгөн, даруу тэмдэглэхэд хангалттай. Ямар ч цаг үед хүн байгаагаараа байх шиг сайхан юм байхгүй.
-Мөнгөөр золгосоор л байна. Буруу гэх атлаа засахгүй байна. Яавал дээр вэ?
-Гар хоосон золгох эвгүй байвал хадаг барьж болно. Хадгаа эрхий хуруунаасаа уяж, аав, ээж, өндөр настнуудыг хүндэтгэн золгоод, тайлна. Түүнээс биш хүн бүрт хадаг барих шаардлагагүй. Хадаг гэж төвөд үг. Энэ эд зүйл 700-гаад жилийн өмнөөс манайд орж ирсэн. Үүнээс өмнө Монголчууд цагаан хурганы арьс барьж золгодог байсан.
-Хэвийн боовыг ес, эсвэл долоон үеэр өрөх ёстой гэдэг. Энэ хэзээ бий болсон “дүрэм” юм бол?
-Зарим нь зохиомол ёс заншил үүсгэх юм. Тийм уламжлал байхгүй. Хийх юмаа олж ядсан хүмүүсийн бий болгосон худал, хуурмаг тоо. Айл гэрийн амьдралын дотоод руу, тогоо, шанага руу нь өндөлзөх гээд байгаа юм биш, гэхдээ нийтээр бодмоор хэдэн зүйлд шүүмжлэлтэй ханддаг. Цагаан сар бол өвлийг өнтэй давсны, ах дүүс, айл хотлоороо ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, үгийн сайхныг хэлэлцэж, ерөөлийн сайхныг талбидаг баяр гэж түрүүн хэлсэн. Шинийн 3-нд идээ, будаагаа хурааснаар өндөрлүүлдэг. Ялангуяа орчин үеийн дулаан байранд идээ, шүүс амархан мууддаг. Шинийн 2-нд багтаж золгоно гэдэг нь гараг эрхэс, сарны тохиолтой холбоотойн дээр ахуйн энэ мэт асуудалтай ч хамаатай. Бүр шинийн 4, 5 болчихоод байхад унаа тэрэг хөлөглөн аймаг, сум хэсэж, ажил, албаа цалгардуулж, ахмадуудыг ядрааж, балчир хүүхдүүдээ тух алдуулж явах нь бий. Энэ бол уламжлал, хүндлэл биш. Нийтэд нь харахад бусдыг хошууран дагаж, “Хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөв” гэдэгчлэн байдгаа барж цагаан сарын баярт бэлтгэх юм. Тэгээд ард нь юу ч үгүй сууж байдаг. Бийлэгжүү, чинээлэгдүү айл гэр бүлүүд толгойгоороо хөл хийнэ үү, хөлөөрөө толгой хийнэ үү, хамаагүй. Тэднээс дутахгүй гэсэн шиг ууц, тавгийн хэмжээ, өндөр, намаар уралдах хэрэггүй. Гэр бүл болгоны гишүүдийн нас, ажил мэргэжлийн байдлаас хамаараад тэдний аливаа баяр ёслолыг тэмдэглэх байдал ч өөр байх ёстой. Заавал нэгэн хэвд цутгасан мэт адилхан хоол, унд, бэлэг сэлт бэлтгэж, хэдэн өдөр дараалан хүн бужигнуулах шаардлага байхгүй. Уламжлалт сайхан баярын утгыг алдагдуулж, гажуудуулан, өнгө, мөнгөний өрсөлдөөн, бэл бэнчингээ гайхуулах гэсэн бүдүүлэг авирын талбар болгосонд харамсдаг.
-Сүүлийн хэдэн жил зарим айл тавгынхаа хэвийн боовыг хогийн цэг дээр хаядаг болсон байна билээ. Үүнийг та сонсож, харж байв уу?
-Тостой боов их идэж болохгүй гэж бодож байгаа нь авууштай ч, өв, соёлын бэлгэдэл өнөөх боовоо гаргаад хаячихаж байгаа хүнийг уламжлалаа дээдэлж сайхан шинэллээ гэхэд хэцүү. Гоё ганганаа гайхуулах гэж олон боовоор өндөр таваг засаж, ард нь том хөөрөг барьж сууж дээ л гэж ойлгоно. Сар шинийн баяр өнгө мөнгөний өрсөлдөөн болсны илрэл энэ.
-Тэгэхээр уламжлалт энэ баяраа хэрхэн зохистой тэмдэглэж байвал зүйтэй вэ?
-Өвөр Монголчууд аль хэдийнээс ахан дүүсээрээ хүндэлж, дээдэлж явдаг өндөр настнаа баярлуулахад гол анхаарлаа хандуулж, бултаараа нэг дор цуглан, хамтдаа бэлтгэсэн хоол ундаа хувааж идэж, ахмад буурлууд болон хүүхэд багачуудаа баярлуулж шинэлдэг болсон. Настандаа бэлэг өгч, хүүхдүүдийн гарыг цайлгадаг. Бүгдээрээ нэг л удаа нэг дор ингэж цуглаад л болоо. Энэ сайн туршлага шүү. Цагаан сарын ёс жаягийг суурин соёл иргэншлийнхэн самууруулж, бусниулж ирсэн баримт байдаг. Яагаад Д.Нацагдорж “Цагаан сар ба хар нулимс” гэдэг өгүүллэг бичсэн юм бэ. Яг одоогийнх шиг, тэр үед хүрээний баячууд ядуу зүдүү улсыг хөлдөө чирсэн юм. Нүдтэй, билэгтэй зохиолч тэр байдлыг олж хараад бичсэн нь тэр. Түүх давтагдаж байна. Тиймээс аль болох хүмүүс дор бүрнээ ухаалаг хандаж, эрүүл мэнддээ эрсдэлгүй, өрөөлд дарамтгүй, өөртөө зүдэргээгүй шинэлцгээе. Цаашид ч уламжлал болгоё. Хэдэн жилийн өмнө 100-гаас дээш настнуудад Төрийн тэргүүний бэлгийг хүргүүлж, хүндэтгэл үзүүлдэг болсон нь сайхан санагддаг. Дахин хэлэхэд Монголчууд минь шинийн 2-нд багтааж золгодог болъё. Амжаагүй бол зун наадмаар гар зөрүүлж байя. Уламжлал тийм. Айл хэсээд яваад байдаг донтой мэт хүмүүс байдаг. Ажил багатай хүний зан. Аливаад хамжаарга хэрэгтэй. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон хойно, төрөөс уламжлалын дагуу хэрхэн зөв, зохистой шинэлэх тухайд чиглэл өгч болно шүү дээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас юм уу, Төрийн ёслол хүндэтгэлийн албанаас журам гаргаж замбараагүй байдлыг цэгцлэх цаг болсон. Хэдий болтол ингэж хавтгайрч байх юм. Ядаж албан байгууллагад золгож, архиддагийг болиулах хэрэгтэй. Засаг төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ард түмэн биелүүлэх үүрэгтэй. Тэгж байж зөв голдрилдоо орно. Хүн ахтай, дээл захтай. Эцэст нь заслын тухайд ямар санаа, бодолтой явдгаа хэлье. Энэ нь шашны зан үйл бус зурхайн зурлагатай холбоотой учраас хийлгэх хэрэгтэй юм.
Д.Цэрэнсодном: Монголчууд дээхнэ хадагны оронд цагаан хурганы арьс барьж золгодог байсан | ||
Үзсэн: 2540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.