Манай сайтын сурвалжлах хэсэг уламжлалт ёсоор “Гэрт нь” буландаа урьсан айлдаа зочлов. Энэ эрхмийнх Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэндондогийн Цэвэрбалынх байлаа. Нэрнээсээ л өвөрмөц, сонин түүхтэй амьдралтай тэрбээр элдэв хачиргүй ярих нь хэтэрхий энгийн сайхан гэмээр санагдаж байсныг хамгийн түрүүнд хэлмээр санагдлаа.
Түүнтэй хоёр хоногийн өмнө утсаар холбогдож, гэрт нь очих хүсэлтээ хэлэхэд “Та нарын ажил энэ юм байлгүй. За хүрээд ир” хэмээсэн юм. Тэрбээр өдрийн цагаар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд хичээл заадаг болохоор 21:00 цагийн үед ирээрэй гэсэн юм. Бид товлосон цагтаа очиход тэрбээр гэртээ дөнгөж орж ирээд сууж буй бололтой.
Эхнэр нь биднийг харж, учрыг ойлгосон бололтой “Цэвэрээ ажлаасаа өнөөдөр эрт ирсэн нь ийм учиртай байжээ” хэмээх нь гэргийдээ биднийг очих болсныг тодорхой хэлж амжаагүйг илтгэнэ.
Тэдэнтэй мэнд усаа мэдэж, гэргийнх нь аягалж барьсан цайг ууж суух зуур Цэвэрээ гуай яриа өдөж, “За ямар учиртай ярилцлага авна гэсэн бэ” гээд лавшруулж асуухын зэрэгцээ цаг орой болсон тул ажлаа эртхэн эхэлье гэсэн байртай харна. Ингээд бидний яриа түүний дасгалжуулж буй багийн тухай эхэлсэн. Харин эхнэр нь бидний ярианд саад болохгүйн тулд галынхаа өрөөнд ямар нэгэн зүйл өчүүхэн ч чимээ гаргалгүй хийж зогсоно.
Ц.Цэвэрбал гуай “Манай “Ханталстын ирвэсүүд” клубын эрэгтэй, эмэгтэй баг ер нь сайн тоглож байгаа. Мөн ахмадын сагсан бөмбөгийн тэмцээн болдог. Нас харьж яваа болохоор энэ тэмцээнд л орох юм даа. Энэ тэмцээн 1981, 1982 оны үед эхэлсэн санагдаж байна. Би найман жил оролцохдоо долоон алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Түүнээс хойш хааяа үзэж, үеийнхэнтэйгээ хөөрөлддөг байсан ч сүүлийн үед очихоо байсан. Удаан суухаар хөл өвддөг болсон байна билээ. Тэгээд ч хичээлтэй болохоор зав гарахгүй юм” гэв.
Бид тэднийд очих замдаа “Яагаад Цэвэрбал гэсэн өвөрмөц нэртэй болсон юм бол, ямар нэгэн учир байгаа даа” гээд ярилцаж явсан болохоор тэсэлгүй энэ талаар лавлахад “Аан миний нэрний учир уу” гээд инээмсэглэн харснаа “Аав маань Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын наймдугаар багийн харьяат, өөлд хүн байлаа. Багадаа нутгаасаа гарч, ОХУ-ын Эрхүү хотод сургуульд сурахдаа Ю.Цэдэнбал дарга, ШУА-ийн анхны Ерөнхийлөгч Б.Ширэндэв, Ц.Дүгэрсүрэн нартай нэг ангид сурч байсан гэдэг. Төгсөж ирээд Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын дамжлага баазад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хэлмэгдэж, Ховд аймгийн лагерьт гурван жил хоригдсон юм билээ. Тэр үед Ю.Цэдэнбал гуай лагерь эргэж явахдаа аавыг зэрвэсхэн харжээ. Харин аав “Хамт сурч байсан нэг нь дарга болчихсон явж байхад өөрөө шоронд орчихсон байх гэж” гээд санаа зовсондоо түлээний модны ард нуугдсан гэдэг. Гэвч Ю.Цэдэнбал гуай харчихаад тэр хорихын даргаас “Түлээний ард нуугдаад байгаа савхин дээлтэй залуу Цэрэндондов мөн үү” гээд асууж. Ингээд дуудуулж, уулзаад учир байдлыг нь сонсоод 10 гаруй хоногийн дараа сулласан юм билээ.
Ингээд 1957 онд намайг хорвоод мэндлэхэд аав минь хүү төрлөө гэж баярлахдаа ачит Ю.Цэдэнбал гуайн нэрийг оролцуулж Цэвэрбал гэдэг нэр хайрласан гэдэг. Аав маань багш, ээж оёдлын машины засварын мастер хүн. Би гурван эгч, нэг эмэгтэй дүүтэй. Нэг эрэгтэй дүүтэй байсан ч харамсалтай нь хорвоог голоод буцчихсан юм” гэв.
Ц.Цэвэрбал гуайн бага нас хотод өнгөрсөн. Хуучнаар ЗХУ-ын сургуулийг төгссөн. Тэрбээр ангидаа өндөр, намаараа жагсахад нэг их доогуур зогсдоггүй байсныг нь бодоход багаасаа өсгөлүүн хүү байсан бололтой. Тийм өсгөлүүн байснаа тэр сагсан бөмбөгтэй л холбож тайлбарлана.
Дунд сургуулиа төгсөөд “Алдар” спорт хорооны тамирчин болохын тулд сайн дураараа цэргийн албанд мордож, гурван жил эх орноо хамгаалжээ. Дараа нь Батлан хамгаалахын их сургуульд сурч төгсөөд, нийслэлийн 13 дугаар сургуульд багшилсан түүхтэй. Харин “Алтан-Од” клубыг 1991 онд байгуулж, 1994 оноос өнөөдрийг хүртэл лигийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
Тэрбээр “Над шиг 20 гаруй жил тасралтгүй сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажилласан хүн манай улсад байхгүй дээ” гээд “онгирно”. Түүнээс “Олон жил бөмбөг хөөхөөр халширдаг уу” гэхэд “Одооноос л “ханхалж” байна даа. Эрүүл мэндийн байдлаас ч болоод тэр үү, заримдаа төвөгшөөх юм. Энэ спорттой амьдралаа холбож, 25 жил тоглож, 22 жил тамирчин бэлтгэхдээ 15 орчим эрэгтэй, эмэгтэй баг удирдсан. Одоо залуу байсан шигээ тэмүүлэлтэй байхаа больжээ. Магадгүй урам, зориг маань мохож байж ч мэднэ. Сүүлийн үед зааланд удаан байхаар нус, нулимс гоожиж, хоолой хорсож сөөдөг болж. Энэ мэргэжлийн өвчин байх л даа. “Хүссэн юм хүзүүгээр орооно” гэдэг байх аа” гээд инээснээ “Гэхдээ миний өнгөрсөн амьдралын алдаа, оноог тэнцүүлэхэд оноо нь арай илүү жин дарах биз” гэв.
Тэгэхээр нь “Дасгалжуулагч хүн ер нь ямар байх ёстой вэ. Зарим дасгалжуулагч таниас үлгэр дууриал аваг” гэхэд “Тухайн тамирчнаа ойлгохын тулд бие бялдар, мэдрэмж, чадвар гэх мэт олон хүчин зүйлийг дотор нь орсон юм шиг мэдрэх хэрэгтэй. Учир нь тэд өөр өөр орчинд өссөн болохоор зан байдал нь ч ижил биш. Гагцхүү тийм хүмүүсийг нэг хамт олон болгож, ямар нөөц боломж байна вэ, ямар тоглолт тухайн хүнд таарах вэ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Тэгж байж дасгалжуулагч нь тэднээсээ ялалт байгуулахыг шаардана. Гэхдээ тухайн тамирчны хичээл зүтгэл мөн нөлөөлнө л дөө. Зарим үед би тамирчдынхаа сэтгэл зүйч, эмч, аав, дайсан нь мэт загнах тохиолдол ч гардаг” гэлээ. Тэгэхээр нь “Хангалттай чадвартай хэрнээ түүнийгээ зөв ашиглаж, “чулуу” болгож чаддаггүй залуучуудыг та хараад харамсдаг уу” гэхэд “Тийм тоглогч олон. Гол хүчин зүйл нь өөрөөс нь болон тухайн багшаас шалтгаалдаг. Мөн ахуйн орчин, хүмүүжил ч нөлөөлдөг. Хүн гэдэг амьтан чинь амар тайван байдлыг эрхэмлэдэг. Харин спортоор хичээллэгсдийг авто машинтай харьцуулахад үргэлж өндөр хаазтай байхыг шаарддаг. Ийм байдалтай удаан байхыг хүсдэггүй хүн л таны хэлж байгаа шиг чадвараа “чулуу” болгож чаддаггүй” гэв.
Тэрбээр олон эрэгтэй, эмэгтэй баг удирдсан. Тиймээс “Аль нь үг хүлээж авахдаа сайн бэ” гэхэд “Эмэгтэй нь арай илүү дуулгавартай шүү. Гэхдээ эрэгтэйчүүд дуулгаваргүйдээ биш тухайн заасан зүйлийг өөрийнхөөрөө хийх гэдэг чанар нь давамгайлж ажиглагддаг. Би өнөөдрийг хүртэл эрэгтэй, эмэгтэй нийлсэн 15 баг удирдсан. Энэ хугацаанд дундаас нь гарсан хүүхэд ч бий” гэсэн юм.
Түүнээс “Дасгалжуулагчаар анх ажиллахад ямар санагдаж байсан бэ” гэж асуухад “Миний хийж чадах ажил мөн байна гэдгийг хамгийн түрүүнд ойлгосон. Нойр, хоолгүй гүйгээд болоод л байдаг байлаа. Харин одоо тийм ачааллыг дийлэхээ байж. Дасгалжуулагч хүнээс олон зүйл хамаардаг. Наад зах нь цаг барих. Тухайн дасгалжуулагч амьдрал дээрээ ч зөв хүн байж гэмээнэ шавь нартаа эерэг үлгэр дууриал өгдөг. Тэгж чадахгүй бол сайхан чадвартай залуусыг хорлосонтой ялгаагүй. Би анх насанд хүрэгчдийн хувьд “Алтан-Од”, залуучуудын ангилалд 13 дугаар сургуулийн хүүхдүүдээс баг бүрдүүлсэн” гэлээ.
Ихэвчлэн ахмад бөхчүүд бөх болох хүүхэд харж явдаг гэдэг. Үүнтэй адил Ц.Цэвэрбал гуай дээхэн үед сагс тоглочихмоор өндөр нуруутай залуусыг үе, үе хардаг байсан гэнэ. Харин одоог тэр үетэй харьцуулахад дунд, ахлах ангийнхан, их сургуулийн залуус өөрсдөө “Би сагс тогломоор байна” гээд ирдэг болсон болохоор хайхаа болсон гэсэн. Түүнээс “Орон нутаг, нийслэлийн залуучуудаас аль нь сайн тоглож байна вэ” гэж лавлахад “Зах зээл шилжиж байх үед нийслэлийн дасгалжуулагчид ганзгын наймаа хөөснөөр хүүхдүүдээ хайхрахаа больсон. Тэр үед орон нутгийн хүүхдүүд нэг хэсэг илүү байсан ч одоо тэнцүү болсон гэдгийг дуулгасан.
Тоглолтын үеэр түүнийг тамирчдаа удирдаж байхад нь харсан хүмүүс нэлээн ширүүн зантай байх гэж ойлгодог. Бидний яриа ч энэ талаар өрнөсөн юм. Тэрбээр “Зарим тамирчин олон хүний дунд ороод тоглохдоо сандардаг, мэдрэмжээ алддаг тохиолдол бий. Гэхдээ бэлтгэлийн үеэр чадаж байсан зүйлээ тоглолтоороо гаргахгүй байвал бүх дасгалжуулагчийн уур хүрнэ шүү дээ. Харсаар байтал хожигдоод байвал би “Одоо ингэ, чи сандраад байна шүү” гээд тайван хэлж чаддаггүй. Сэтгэл хөдлөл ихтэй болоод ч тэр үү ширүүнээр илэрхийлдэг. Шинээр ирсэн охидын зарим нь уйлаад гардаг ч, маргааш нь инээгээд л ирдэг. Уурласандаа би хатуу үг цухуйлгадаг ч үнэн сэтгэлээсээ хэлээгүйг тэд ойлгодог байлгүй дээ. Одоогоор шавь нарын маань хүртсэн хамгийн том шагнал бол Тайваньд 2010 онд оюутны Азийн АШТ болоход оролцож, хүрэл медаль хүртсэн амжилт. Энэ шагнал улсын хэмжээнд ч хамгийн том шагнал байлаа” гэсэн юм.
Түүний тамирчин бэлтгэсэн гавьяанаас цухасхан ярихад ийм. Харин тамирчин байх үеэр нь аялахад “Дугуйланд орж, жинхэнэ утгаар нь тоглож эхэлсэн үе 1974 он юм. Түүнээс өмнө байрныхаа үүдэнд тоглож байсан гэж хэлэхэд хэцүү ч сагсан бөмбөг хөөж явсан минь үнэн. Миний багшийг Л.Аюурзана гэдэг байлаа. Би үндсэндээ нэг л багштай. Аав төрсөн дүүдээ намайг “Энэ нөхөр ерөөсөө зүгээр суухгүй юм. Спортын хүн болж магадгүй. Чи Л.Аюурзанад аваачиж өг” гэсний дагуу би авга ахдаа хөтлүүлж анх багшдаа очиж байлаа. Ах багштай хамт лигт тоглодог байсан болохоор аав сайн таньдаг байсан хэрэг л дээ. Би эхний хоёр жил тэгж, ингэж өнгөрөөд 1974-1994 он хүртэл тууштай тоглосон. “Алдар” нийгэмлэгийн сагсан бөмбөгийн дугуйланд анх орохдоо зөвхөн бөмбөг тоглохоос өөр юм хийхгүй байх гэж бодож очсон чинь багш биднийг эхлээд гүйлгэж, дасгал хийлгээд бөөн юм болдог юм байна. Тэгэхээр нь “Энэ ер нь дэмий ажил байна” гээд хоёр жил хэртэй алдаг оног явсан. Тухайн үед манай нийгэмлэг сайн тоглогч олонтой байсан болохоор намайг орж, гараад байгааг багш анзаардаггүй байлаа” гээд хуучлав. Тэгэхээр нь “Боксын спортоор хичээллэсэн чинь хэдэн он бэ” гэхэд “Сагсны дугуйлангаас орж, гарч явсан тэр үе буюу 1972-1973 оны хооронд байхгүй юу. Боксын спортын мастер Дүгэрээ багшийн удирдлага дор жил хэртэй гүйсэн. Дүгэрээ багшийн найз Зоригоо гэдэг ах манайхтай нэг орц. Мөн л бокс тоглоно. Тэднийг хараад би боксчин болмоор санагдсан хэрэг. Ер нь бокс, сагс хоёроор хичээллэвэл хөлний ажиллагаа төстэй болохоор буруу юм руу ч ороогүй бололтой” гээд өөрийгөө “өмөөрөв”.
Тэрбээр “Алдар” нийгэмлэгээс гараад Октьябрын район, Сүхбаатар дүүрэг, Найрамдлын спорт хороо, “Алтан-Од” клубт тоглосон. Түүнийг “Алдар”-т тоглож байхад хүмүүсийн дунд “Алдар”-ынхан цалин, хангамж сайн болохоор олон чадварлаг тамирчин бүрдсэнээр дандаа түрүүлдэг юм” гэсэн яриа дэлгэрчээ. Тухайн үед тэрбээр үндсэн цалин 560, цэргийн алба хааснаас гадна цолны мөнгө нэмэгдэж 620 төгрөг халаасалдаг байжээ.
Хүмүүсийн дунд дээрх яриа дэлгэрсэн болохоор Ц.Цэвэрбалын хор шар хөдөлж, өөрийгөө бусдад таниулахын тулд муу тоглогчтой багт орж, хүчээ үзэхийг зорьсон байна. Ийнхүү “B” хэсэгт хуваарилагдаж байсан “Октьябр”, “Найрамдал” зэрэг багт тоглож, улсын аварга хүртэл болгожээ. Түүний өөр нэг сонирхол сагсан бөмбөгийн холбогдолтой ном, сэтгүүл цуглуулах. Гэхдээ ямар ч сэдвээр ярилцахад бэлэн гэсэн шүү. Түүнийг Монголын сагсан бөмбөгийн түүхийн гэрч гэдэг. Тиймээс манай улсын тамирчдын чадвар, хоёр холбооны үйл ажиллагааны талаарх сэтгэгдлийг нь сонсоход “Тамирчдын ур чадвар жилээс жилд ахиж байгаа. Харин холбоо хоёр хуваагдах шаардлагагүй. Манай улсад тоогоо алдсан баг, дасгалжуулагч алга. Цөөхөн тамирчин, дасгалжуулагчаа зөв удирдаад явбал оргилд хүрэхэд ойрхон. Гэтэл хэдэн хувь хүний ашиг сонирхлын зөрчил үүсээд байх шиг ээ. Нэгдээч гэсэн санаагаа хоёр холбооны удирдлагуудад хэлж ч байсан. УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил өмнө нь Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тайлангийн хурал хийдэггүй байсан нь өнөөдөр ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн. Уг нь тэр хурлыг дөрвөн жилд нэг удаа хийх ёстой байтал одоо найман жил өнгөрлөө. Тэр хурлаа нээлттэй, шударга хийгээд даргаараа хэнийг сонгохоо шийдчихээсэй. Эсвэл хэн нэг нь заавал дарга гэсэн сэтэр зүүж байж энэ спортыг авч явах гээд байгаа юм уу, бүү мэд. Гавьяа байгуулъя гэж бодож байгаа бол сайн тоглогч, дасгалжуулагч, ивээн тэтгэгч болж болно шүү дээ. Дор дороо “Би заавал дарга болно” гээд зүтгээд байх юм. Энэ холбоо 1960 оны дундаас Ерөнхийлөгч, тэргүүлэгч гишүүн гэсэн хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулаад ирсэн. Цөөхөн ам бүлтэй байсан болохоор болоод байсан л даа. Харин өнөөдөр олон клуб байгуулагдсанаас гадна хүрээ нь ч тэлэгдсэн тул одоо байгаа бүрэлдэхүүнд холбооны “гар” хангалттай хүрч ажиллаж чадахгүй байна” гэсэн юм. Асар их туршлагатай, чадвартай ахмад тамирчин, дасгалжуулагчийн үгийг дээрх холбооныхон бодолцоод үзэхэд гэмгүй санагдлаа.
Түүний гэр бүлийн хүнийг С.Энхтуяа гэдэг. Тэд 1984 онд айл гэр болж, гурван хүү, нэг охин төрүүлжээ. Хүү Ц.Пүрэвдорж нь мөн л аавынхаа шийрийг хатаахаар сагсан бөмбөгийн “Төв ургац” клубт тоглож буй. Өмнө нь ХҮДС болон “Хасын хүлгүүд” багт тоглож байсан юм. Энэ талаар ярьж байхад ээж нь дэргэд ирж суугаад “Хүү минь таван настай байхдаа бид хоёрыг сагсны бөмбөг аваад өг гээд их шалгаадаг байж билээ. Бид хоёр өдөр нь ажил дээрээ их шуугианд байдаг болохоор орой гэртээ тайван байх гээд авч өгдөггүй байсан юм. Гэтэл хүү маань нэг өдөр нэлээн хэдэн оймс бөөгнүүлж, бөөрөнхийлөөд өөдөө шидээд тоглож байсан. Тэгэхээр багаасаа л энэ спортод элэгтэй байж дээ” гэв. С.Энхтуяа ШУТИС-д биеийн тамирын багшаар ажилладаг байсан ч сүүлийн жилүүдэд ачааллаа арай багасгаж, зохион байгуулагчаар ажиллаж байгаа гэсэн. Сургуулийнхаа хүндэт профессор тэрбээр 1966-1972 оны хооронд гимнастикаар хичээллэхдээ хоёр удаа улсын аварга болж байсан түүхтэй юм билээ.
Тамирчны гэр бүлд өнгөрүүлсэн нэгэн үдэш ийнхүү өндөрлөсөн. Та бүхний амьдралд сайтынхаа хамт олны болон уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.
Ц.Цэвэрбал: Над шиг 20 гаруй жил тасралтгүй сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажилласан хүн манай улсад байхгүй дээ | ||
Үзсэн: 6312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.