Шууд Chart

Г.Бандицэрэн: Ээжүүд хүүхдийнхээ төлөө зүтгэж, зүтгэчихээд хариуд нь ганцхан зүйл хүсдэг

2019-03-08 11:04:28

Монголын үг урлаачдын нийгэмлэгийн хүмүүнлэгийн лектор, соёлын тэргүүний ажилтан Ганболдын Бандицэрэнтэй ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу та?

-Сайхаан. Та сайхан хаваржиж байна уу?

-Сайхан. Та манай MNB.mn сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Ээж минь намайг багад Чила гэж өхөөрдөж дууддаг байсан. Найз нөхөд минь ингэж дууддаг байснаа сүүлд хүмүүс ч энэ нэрээр дууддаг болсон. Би нийслэлийн 57 дугаар сургуулийг дүүргээд СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний анги төгссөн. Дараа нь хойд хөршийг зорьж, Москвад сэтгэл судлаач мэргэжил эзэмшсэн. Ерөнхийдөө амьдралынхаа ихэнх хугацааг сурахад зарцуулжээ. ОХУ-д сургуулиа төгсөөд ирэхэд ажлын байр олдоогүй. Тэр хугацаандаа ганц нэг кино хийсэн ч төдийлөн амжилт олоогүй. Тухайн үед л лектор болох гараа тавигдсан. Илтгэл уншаад 17 жил болж байна. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд Монгол Улсын бараг бүх сургуулиар явж, багш, сурагчидтай уулзаад зөв буруугийн тухай болон өөрийн үзэл бодлоо ярьж явсан. Одоо Монголын үг урлаачдын нийгэмлэгээ олон таниулах зорилго тээгээд урдах ажлаа хийгээд л явж байна. Олон газар очиж, сэдэлжүүлэх сэдэвтэй лекцүүд уншсан. Намайг зөвхөн аав, ээжийн тухай лекц уншдаг гэж хүмүүс ойлгоод байдаг. Залуучуудыг илүү ёс суртахуунтай болгоход чиглэсэн лекц уншдаг.

-Таны ээжийн тухай нэг лекц цахим орчинд өндөр хандалт авсан. Мөн их олон хүнийг уйлуулж, тэр хэрээрээ ухаарал бэлэглэсэн. Тэр хаана, ямар хүмүүст уншсан лекц вэ?

-Манай найз телевизийн +40 реалити шоуны продсераар ажилласан юм. 40-аас дээш насны эмэгтэйчүүдийг нийгэмд идэвхтэй оролцуулах, нас бол тоо гэдгийг батлах гэж энэ шоуг зохион байгуулсан. Тэгээд шоуны оролцогч нарт намайг эмэгтэйчүүдийн тэр дундаа ээжийн тухай лекц уншиж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Миний уншсан лекцийг дараа нь цахим орчинд байрлуулсан байсан. Би мөн өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд аавын тухай лекц уншсан. Тэр лекцийг манай байгууллага цахим орчинд нийтэлсэн. Мөн л олон хүн үзсэн байсан. Энэ хоёр лекц хүмүүст сайн хүрч байгаа нь нийгэмд хэрэгтэй сэдвүүдийг хөндсөн учир хандалт сайн байгаа гэж ойлгодог. Иргэдийн сэтгэгдлийг уншаад, хүмүүсийн утсаар хэлж буй санал хүсэлтийг сонсоод аав, ээжийн тухай сэдвээ улам лавшруулах, лекц сонсож, үзэж буй хүмүүст улам л урам зориг, итгэл найдвар хайрласан лекц бэлдэх, унших ёстой юм байна гэж бодсон. Манай байгууллага судалгааны хийж, харилцаа, хүмүүжил, ёс суртахуун, залуусыг уриалан дуудах зэрэг сэдвээр 200 гаруй лекц бэлдсэн.

-Та ээжийн тухай лекц уншихдаа эх хүнийг маш уран яруу, үнэн зөвөөр тодорхойлсон. Тэгэхээр энэ тодорхойлолтыг гаргасан хүн ээжийгээ дотор нь ортол мэдэрч, ойлгосон байх гэж бодогдлоо. Та ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ?

-Би ээждээ хачин их хайртай. Гэхдээ бусад айлын хүүхдүүд ээжийгээ хэрхэн баярлуулдаг би тэд нартай л адил. Манай ээжийг Бадамханд гэдэг. 11 хүүхэд төрүүлж, өсгөснөөс зургаа дахь хүүхэд нь би. Би багадаа бусдын л жишгээр ядуу зүдүү амьдралыг туулж өссөн. Би ээжийгээ баярлуулж байна гээд сүрхий их үнэтэй бэлэг авч өгөхөөсөө илүү буруу замаар будаа тээхгүй, сэтгэлийг нь зовоохгүй, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлсэн тэр их хөдөлмөрийг нь талаар өнгөрүүлэлгүй, аль болох нэртэй төртэй амьдрах юмсан гэж хичээж явдаг. Ээж минь ч үр хүүхдүүдээ ийм байхад нь л баярладаг.

-Айлын ганц хүүхэд ижий, аавынхаа хайрыг хэнтэй ч хуваалцахгүй ганцаар эдэлж өсдөг. Таны хувьд эхээс олуулаа учир ээждээ ханатлаа эрхлэх боломж цөөхөн байв уу?

-Би ээждээ нээх олон удаа эрхэлж өсөөгүй. Багаасаа л ээжийгээ өрөвддөг байсан. Манай ээж маш хүнд, хэцүү амьдрал туулсан мөртлөө зовоогүй, өвдөөгүй, ядраагүй, ээж нь зүгээр гэж их худлаа ярьдаг байсан. Үр хүүхдээ зовоохгүй гээд л ээж болгон л тэгдэг. Ээж арван хүүхэд нь олигтой явж байсан ч нэг нь тааруухан байвал тайван амгалан байж чаддаггүй, санаа нь зовчихдог. Би яах гэж ээжийн тухай лекц уншдаг вэ гэхээр залуус нэг зүйлийг ойлгохгүй байна гэж санагддаг. Учир нь зарим залуус бүтэлгүй хайраас болоод үхэх тухай яриад явж байна. Өөр нэг хэсэг нь амьдралд жаахан нугачаас гараад ирэхээр л сэтгэл санаагаар хямраад архи дарс уудаг. Энэ хүмүүст би хэлмээр байдаг юм. Өөрийг чинь орхиж, хаяж явж байгаа хүн таныг хайрлаж байна уу. Гэтэл өөрийг чинь төрүүлж, өсгөж, сайн сайхан явуулах гэж бүх хөдөлмөрөө зориулсан хүн хажууд тань байтал худлаа хэлж, урвасан хүний  төлөө сэтгэл санаагаа хямраах нь зөв үү. Яагаад өөрийг тань хаясан, доромжилж гутаасан хүний хүслийг биелүүлж амьдрах гээд байгаа юм бэ. Гэтэл эцэг эх тань таныг сайн сайхан амьдруулах гэж хөдөлмөрлөсөн байтал тэд нарын зорилгыг яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ. Үүнийг л залууст ойлгуулах гэж хичээдэг. Манай залуус заримдаа сэдэл авахгүй байна. Хүмүүсийн дотор хэмжээ тогтоодог ямар нэг зүйл байхгүй болчхоод байгаа юм шиг санагддаг. Учир нь хаяад явсан найз охиноо ээжээсээ илүү, орхиод явсан нөхрөө ааваасаа илүү үзэж байна. Тэр үед нь аав, ээж үү эсвэл өөрийг нь орхиод явсан хүн үү. Хэн нь өөрт нь илүү хайртайг сануулахад л сэтгэл нь “эдгэдэг”.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж, гэмт хэргийн золиос болж байгааг харахад Монголд эмэгтэй хүн тайван амгалан амьдарч, ажиллах орчин нөхцөл бүрэн бүрдээгүй байна. Монгол эмэгтэйг хэн хамгийн сайн хайрлах вэ гэхээр монгол эрчүүд л тэгж хайрлах ёстой. Тэгтэл монгол эрчүүд эмэгтэйчүүдээ хайрлаж чадаж байна уу?

-Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй нийгэм тэр чигээрээ ёс суртахуунгүй болчхоод байна. Зөвхөн эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөөгүй. Эрчүүд ч мөн эмэгтэй хүнд хүчирхийлүүлж байна. Амьдралын төлөө, гэр бүлийнхээ төлөө зүтгээд явж буй эхнэртээ хайртай эрчүүд олон бий. Гэтэл нөхөртөө үнэнч биш, гэр орныхоо асуудлыг зохион байгуулаад аваад явах менежмэнт байхгүй, гоёж гоодох, наргиж цэнгэхийг илүүд үздэг, ёс суртахуунгүй эмэгтэй олон байгаа. Ажиллаж хөдөлмөрлөхийн оронд биеэ үнэлдэг, архинд живчихсэн, өөрийгөө жолоодох чадваргүй эмэгтэйчүүд манай нийгэмд байж л байгаа. Тэгэхээр нэг талыг бариад бүх л зүйлд эрчүүдийг буруутгаж болохгүй. Нийгэм тэр чигээрээ ёс суртахуунаа гээж, алдаж байна. Тэр ёс суртахууныг бий болгохын тулд сургагч багш нар, бусдад нөлөөлдөг үлгэр дууриалал бүхий хүмүүс бүгд чадах чинээгээрээ зүтгэх ёстой. Хүмүүсийн үздэг кино, хэрэглэж буй сошиал орчноор дамжуулж ёс суртахууныг нь зөв болгох хэрэгтэй. Энийг хэн хийж чадах вэ гэвэл хүн бүр хувь хувьдаа ёс суртахуунтай байж чадвал ёс суртахуунгүй байдал удаан үргэлжлэхгүй, өөрчлөгдөж болно. Даанч энэ өөрчлөлтийг буруу мэтээр ярьдаг, ухуулдаг, сурталчилдаг тийм хэсэг хүмүүс байна.

Тиймээс хүмүүсийн ёс суртахууныг өөрчлөхгүйгээр хуулиа хэчнээн чангаллаа гээд хүчирхийлэл, гэмт хэрэг алга болохгүй.

-Та Мартын 8-ны орой “Бурхан” сэдэвтэй лекц унших юм билээ. Энэ лекцээрээ үзэгч, сонсогчдод юуны талаар ярьж, ойлгуулах вэ?

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монголын үг урлаачдын нийгэмлэгийн таван жилийн ойд зориулж, Мартын 8-ны орой 16:00, 19:00 цагаас МҮЭ-ийн Соёлын төв ордонд уярал, уран сэтгэмжийн лекц уншина. Газрын бурхан ээж нарын тухай болохоор лекцээ “Бурхан” гэж нэрлэсэн. Лекц гэдэг бол шат дараалалтай, холбоостой, найруулга хийгдсэн байдаг. Өмнө нь сошиал ертөнцөөр цацагдсан ээжийн тухай 10 минутын лекцтэй адилгүй. Энэ өдөр би хоёр цаг лекц уншина. Ингэхдээ нэлээд задалж, маш нарийвчлалтай, бүх л талаас нь ярина. Залуусыг аль болохоор ээжтэйгээ ирж үзэхийг, сонсохыг уриалж байгаа. Ээж хүн өөрийгөө магтаад суудаггүй. “Бурхан” лекцээр ерөнхийдөө ээж нарыг магтана. Үр хүүхдийн төлөө ямар хөдөлмөр зүтгэл гаргасан бэ. Хариуд нь юу хүссэн бэ. Ээж нар хүүхдийнхээ төлөө зүтгэж зүтгэчхээд хариуд нь ганцхан хүсэлт хэлдэг. Тэр нь юу вэ гэхээр “Миний хүү сайхан амьдраарай” гэсэн ганц өгүүлбэр. Тэгэхээр ээжийн тухай ярихаас гадна сайхан амьдрал гэж юу юм. Юуны тулд сайхан амьдрах ёстой вэ. Үр хүүхэд нь сайхан амьдарснаар яагаад эцэг эхчүүд нь баярладаг вэ. Залуус сайхан амьдрахын тулд яах ёстойг ярина. Үүнийг л ойлгуулахыг манай нийгэмлэг хичээдэг.

-Монголын улс төрд уран яруу ярьдаг хүмүүс олон бий. Гэвч ам, ажил нь зөрдөг. Лектор хүн зөвхөн гоё сайхан ярих ёстой юу. Эсвэл өөрөө ярьж, хэлдэг зүйлийнхээ үлгэр дууриалал байх ёстой юу?

-Хэл гэдэг цохиур, ам гэдэг оч гэдэг. Энэ чинь аймшигтай хүчтэй зэвсэг. Би лекц уншихдаа амлалт өгдөггүй. Харин улс төрд гараад ярьсан зүйлээ хийхгүй байгаа хүмүүс хоосон амладаг. Амлах, амлалт өгөхгүй ярих хоёрын хооронд тэнгэр, газар шиг ялгаа бий. Би хүний дотоодод өөрт нь байдаг ёс суртахуун, сайхан зүйлийг сэргээхийн тулд ярьдаг. Гэтэл зурагтаар ярьж байгаа зарим хүнийг харахад зорьсон хүрчхээд амлалтаа мартдаг. Өөрт нь өгсөн итгэл найдварыг мартана гэдэг ёс суртахуунтай холбоотой. Тэгэхээр хэлсэн ярьсандаа хүрэхгүй байгаа хүнд тооцдог хариуцлага нэлээн өндөр байх ёстой юм болов уу. Ялангуяа шийдвэр гаргах түвшний, төрийн өндөр албан тушаалтай хүмүүст хариуцлага нь өндөр байх ёстой.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Бандицэрэн: Ээжүүд хүүхдийнхээ төлөө зүтгэж, зүтгэчихээд хариуд нь ганцхан зүйл хүсдэг  
Үзсэн: 7832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-23 12:39
Энэ хүний яг юу нь мундаг болоод шуугиад байгааг ойлгохгүй юм. Лекц нь гэж "Сайхан түүхүүд" гээд сургамжит өгүүллэгүүд л байдгын байна лээ шд. Хүн хөгжихөөр мэдээлэл ер байхгүй
Өвгөн [127.0.0.xxx] 2019-03-09 16:06
Энэ бодол санаа чинь олон хүнд хүрч сонссоноо эрэгцүүлж ухаардаг хүмүүс олшроосой гэж хүснэ. Тавин хэдэн жилийн өмнө дунд сургуулиа төгсөхөд ангийн магш маань ангийн сүүлчийн хурлыг хийж захиа даалгавараа өгч байхдаа "Та нар олон газар явж их юм мэдэж олон хэл сурах байх. Тэгэхдээ тэр хэлээр нь сэтгэдэг болсон цагтаа л хэл сурсан гэж хэлээрэй" гэсэн нь санаанаас гардаггүй юм. Гэтэл өнөөдөр монголоор яррьж байвч сэтгэлгээ нь монгол биш хүмүүс ихэд олширч байна. Үнэгний явдал арсланд зохихгүй, арслангийн явдал үнэгэнд зохихгүй гэдэг. Гэтэл дээр дооргүй харийн юм болгоныг хоосон дуурайх болсон нь харамсалтай бас өрөвдөлтөй. Монгол хүн монголоороо байхад энэ хүний таниулга ихээхэн хувь нэмэр болоосой гэж хүсэн ерөөе.
Irgen [127.0.0.xxx] 2019-03-09 13:20
Manai zaluuchuudad setgeld ni nandin zuil gedeg yum bhgui bolchihson mash tom emgeneltei niigemd bid amidarch bna. Deer ni solongosiin shal demii olon angit kinonuudiig suvag bolgon gargaj niigemd ih buruu ulger duurial bolj bgaag zogsooh heregtei bns. Niigmiihee sain saihanii tuluu mash ih zuil hiinee gedegt tani itgej bnaa. Ajild ni amjilt husie. Udur bolgon l uurii chini lektsiig zuragtaar gargaj baigaasai. Ene huuhed zaluuchuudiig sereemeer bnaa.
зочин [127.0.0.xxx] 2019-03-09 10:40
Амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-03-09 10:05
амжилт хүсэе.
60gal [127.0.0.xxx] 2019-03-09 07:59
Амжилт хүсье.Залуучуудад үлгэр дуурайлал болж яваа танаар бахархаж явдаг шүү.
ИРГЭН [127.0.0.xxx] 2019-03-09 07:50
МУНДАГ ХҮН БАЙНА
Үнэн [127.0.0.xxx] 2019-03-09 07:39
Паразит хүүхэн их болжээ, нэг хоол зуурч хийснээ их юманд бодсон гэрийн ажил хийхгүй гд л ярьдаг, өөрийнхөө араас л цэвэр байхад болно ш д, цай өягалж өгснөө боол боллоо гд болчихсон, гэрээ пицаа мэтээр хооллосон
Зочин [127.0.0.xxx] 2019-03-08 20:24
Zaluuchuud n shouchin, arhichin, huuhnuud n zugeer tejeelgeh gesen parazit huvalz setgelgeetei bolson zevuun tsag ue .Ene buhel buten hagas zerleg erin ueiig MANAN mongold uildverlev
норов [127.0.0.xxx] 2019-03-08 16:00
Өнөөгийн хүмүүст, ёс заншил, монгол хүмүүжлээ бараг бүрэн алдаад эрлийзэж байгаа энэ үед ганц тохирсон лекц, таных байна. Нэг ч бол ийм хүн байгаад баярлаж байна. Аймаг хотоор, ахлах ангиудад, дээд сургуулиудаар болдогсон бол явж уншмаар, уншуулмаар байна шүү. Манайхан "өрсөлдөөн, ардчилал" гэдэг буруу үг сонгосон биш биз? Танд амжилт хүсье.
KK [127.0.0.xxx] 2019-03-08 15:46
BANDI GEDEG CHINI TUVD UG YUM BAINSHD
зочин [127.0.0.xxx] 2019-03-08 15:34
Нийгэм ёс суртахуунгүй болсон үед, хүн чанараа гээчихсэн гэсэн үг,одоо манайхан хүн чанараа хайгаад олохгүй бгаан үнэн биз

Бидэнтэй нэгдээрэй