Хүн өөрийн хөдөлмөрөөрөө олсон өмч, хөрөнгө, хуримтлал, мөнгөн хөрөнгийг хэн нэгэн шунахай этгээдэд залилуулахыг хүсэхгүй. Гэвч Монгол Улсын хэмжээнд залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлтэй байна. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр залилах гэмт хэрэг 2017 онд өмнөх оноос 38.4 хувь, 2018 онд 2017 оноос 79.3 хувь, харин 2019 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 2150 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2018 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад 19.5 хувиар тус тус өссөн нь харамсалтай хэрэг.
Үүнийг дагаад мөн залилах гэмт хэргийн улмаас иргэдэд учруулж буй хохирол нэмэгдсэн ба 2018 онд 268 тэрбум, 2019 оны эхний 3 сарын байдлаар 58 тэрбум төгрөгийн хохирол учиржээ. Хохирлын хувьд мөнгөөр илэрхийлэгдэх тоон үзүүлэлт энэ боловч мөнгөөр илэрхийлэгдэхгүй хор уршиг ч байна.
Залилах гэмт хэргийг маш олон аргаар үйлддэг. Үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнхийг цахим болон олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах болон иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэх, гадаад улсын виз гаргаж өгнө, зуучлана гэх хэргүүд эзэлжээ.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, үйлдлийн арга, хэлбэрийг таниулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилах гэмт хэрэгт өртөж хохирохгүй байх урьдчилан сэргийлэх олон талт ажил, арга хэмжээг үе шаттай, тасралтгүй зохион явуулж мэдээлэл өгч, сурталчилсаар байтал залилах гэмт хэрэгт өртөж хохирч буй иргэдийн тоо буурахгүй байна. Энэ нь иргэдийн гэнэн итгэмтгий байдал, эрх зүйн мэдлэг хомс, өөрийн үйлдэлдээ хариуцлагагүй мэдээллийг нягтлахгүйгээр аливаад хөнгөмсөгөөр ханддаг, өрөвч занг ашиглаж буйн бас нэгэн илрэл юм.
Үүнтэй холбоотой сүлжээний гэх тодотголтой нэг хэрэг байна. Иргэдийг элсүүлэхдээ хүн итгэх аргагүй, бодит байдалд байх ямар ч боломжгүй, ямар ч баталгаа байхгүй амлалт өгөхөд иргэд түүнд итгэн ахин дахин элсэж орон мөнгөө өгч хохирсоор байна. Өөрөөр хэлбэл өмнөх сүлжээнд элсээд уг асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад дахин өөр төрлийн сүлжээ хайгаад элсэх гэсэн юм, найдвартай юу гээд асуугаад явж байх жишээтэй.
Мөн визний залилан байна. Визний хэд хэдэн шаардлага, нөхцөлийг хангаж байгаа боловч ганц нэг заалтыг хангахад эргэлзээ төрөөд интернет, сошиал орчиноос виз найдвартай гаргана гэсэн зарын дагуу тэдэнд хандаж байна. Тухайн этгээд материалыг нь аваад нийгмийн даатгалын шимтгэл төлөлт харуулсан хуурамч бичиг баримт, банкны хуурамч бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлдэг. Энэ нь өөрийн боломжийг бүр үгүй хийх ч тохиолдол үүсгэдэг.
Иргэд бусадтай аливаа гэрээ, хэлцэл байгуулахдаа мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах, албан ёсны байгууллагад хандах, бичиг баримт үнэн эсэхийг төрийн байгууллагаар шалгуулах, мэдээллийн эх сурвалжийг заавал тодруулж, тантай харилцаж буй хүн хэн гэдгийг бүрэн таньсаны дараа үйлдэл хийх, цагдаагийн байгууллагаас мэдээлэл лавлагаа авч, сэжигтэй тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандах, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай байж, гэмт хэргийн хохирогч болохгүй байхад анхаарах шаардлагатай.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр цагдаагийн байгууллагаас 2019 оны 04 дүгээр сарын 15-30-ны өдрийг хүртэл “Залилан” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
"Шударга хөдөлмөрийн шулаач" | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.