Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Манай сайтын сурвалжлах хэсэг “Гэрт нь” буландаа Сумын алдарт уяач, энгийн сайхан малчин Л.Цолмонг урьж, тэднийд зочиллоо.
Тэднийх Төв аймгийн Эрдэнэ сумынх бөгөөд Харзтайн сэрүүн булаг гэдэг газар жил бүр зусдаг юм байна. Мөн төрсөн ах Л.Даваадоржийнхтой олон жил айл бууж, “Харзтайн унага” галдаа хүлэг сайн морьдоо сойж байгаа гэнэ.
Биднийг очиход гэрийн эзэгтэй өөрийн хийсэн ааруулаа тавгалж, борцтой цуйван, цай өмнө тавиад их л зочломтгой угтав. Ер нь малчдын маань ёсорхог зан ийм л дээ.
Тэднийх саяхан хурдны морьдоо барьжээ. Гурван цээл уяа дүүргэж уяж, ах дүү нар нь олноор цугларсан байгаа нь ёстой л баяр наадмыг санагдуулна.
Л.Цолмонгийнх бар өдөр морьдоо ёслодог гэнэ. Учрыг тодруулбал “Бар шиг хүчтэй байгаасай гэж бэлгэдэж энэ өдрийг сонгодог. Өвөл уралдуулаагүй болохоор морьд маань тарган талдаа байна. Гэхдээ наадам болоход сар хэртэйн хугацаа үлдэж. Болох биз дээ” гэв.
Таныг БНСУ руу явсан гэж сонссон. Морьдын уяа сойлго цалгардах тал гарав уу гэхэд “Нэг их тийм зүйл болсонгүй ээ. Би морин тойруулгын уралдаан үзэх гэж явсан юм. Манайхан сүүлийн үед адуугаа эрлийзжүүлэх нь элбэг болсон. Тиймээс би цэвэр цусны адуу ямар байдгийг, хурд нь хэр байдаг бол гэсэндээ сонирхохыг хүссэн. Ер нь илт хурдан байдаг нь ч ажиглагдлаа. Харин манай улсын адуу тэсвэр хатуужил сайтай болохоор уналга эдэлгээнд илүү тохиромжтой байдаг” гэв.
Тэрбээр 10 гаруй жил морь уяжээ. Энэ хугацаанд хүний өөрийн нийлсэн 100 гаруй адуу бүс, сум, дүүрэг болон овоо тахилгын наадамд түрүүлүүлж, айрагдуулсан байна.
Түүний аавыг Б.Лхагвасүрэн гэдэг бөгөөд Аймгийн алдарт уяач цолтой, нутаг усандаа нэртэй, нүүртэй сайхан буурай биднийг байхад буугаад мордсон. Гэрийн эзэн малчин айлын хүүхдүүдийн адил эхлээд аавынхаа уясан морьдыг унаж уралдаж байгаад дараа нь уядаг болжээ.
Тэрбээр цааш ярихдаа “Бид аав, ээжээсээ наймуулаа. Таван хүү, гурван охинтой. Нэг эрэгтэй дүү маань гадаадад амьдарч байгаа бол бусад эрэгтэйчүүд адуугаа шүтэж, морио уяж байна. Ах бид хоёр сумын алдарт уяач цол хүртсэн. Буурлуудынхаа буяныг сайхан л хүртэж байна” гэв.
Тэдний адууны угшлын дийлэнх хувийг Монгол Улсын Манлай уяач С.Гэсэрваань агсны адуу ноёлдог гэсэн. Учир нь түүний төрж өссөн энэ хөндийд тэр агуу уяач нутагладаг байжээ. Удамт уяач аавын хүү Л.Цолмон “Аав, С.Гэсэрваань агсан хоёр эртнээс морио хамт сойж, айл саахалт явсан. Тэр үедээ аав түүний гурван хурдан хүрэн азарганд гүүгээ хураалгах, панз үсэргэх зэргээр хурд цуглуулсан байдаг. Мөн Сүхбаатар, Дорнод аймгаас ч адуу худалдаж авсан. Сүүлд "Торгон" Тойвын хээрийн удам гээд нэг өвгөн халтар азарга худалдаж авсан юм. Тэр адууны удам ч манайд бий” гээд бахархах.
Түүнээс “Анх ямар наадамд аль адуугаараа айраг амсч байв" гэхэд “Эрдэнэ сумынхаа 80 жилийн ойн баяр наадамд хонгор халзан морио аман хүзүүдүүлж, гараагаа сайхан эхлүүлсэн. Тэр адууг аав маань Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач "Монжиго" Дуламсүрэн гэдэг хүнээс худалдаж авахдаа намайг дагуулж явж байлаа. Бага насанд нь уялгүй өнжөөж байгаад бүдүүрэх үед нь сойход сайхан хурдалсан шүү” гэлээ.
Уяачид маань жил ирэх тусам адуугаа эрлийзжүүлж байна. Энэ байдал даамжирвал Монгол адуугаар нааддаг хүн ховордох вий. Үүнд та ямар бодолтой явдаг вэ гэхэд “Одоо цагт цэвэр Монгол адуугаар уралдана гэвэл хэцүү болсон. Тиймээс би эрлийз адуугаа уралдуулах болвол эрлийзээ, Монгол адуугаа уралдуулах бол Монголоо тус тусад нь сойж байвал зүгээр юм шиг санагддаг” гэсэн юм.
Тэдний гэрийн хойморт нэгэн адууны сүүл өлгөөтэй харагдана. Хүндтэй газраа залсан байхыг бодоход унаган хурдан буяных нь болов уу. Тэр тухай лавлахад “Манай унаган хонгор үрээнийх. Дээд угшил нь мөн л С.Гэсэрваань агсны адууных. Ойр хавийнхаа сум, дүүрэг болон Хэнтий аймгийн баруун бүсийн наадамд олон түрүүлж, айрагдсан адуу байлаа. Даанч эрт эндчихсэн юм. Адууны буян хишиг нь сүүлэндээ гэж монголчууд үздэг тул би сүүлийг нь гэрийнхээ хойморт залаад байна. Төрсөн бууцан дээрээ, ижил сүрэгтээ эргэн төрөх байх аа” хэмээн дурсана.
Тэрбээр морь уях эрдмийг ааваасаа өвлөжээ. “Ах бид хоёрт аав байнга тэг, ингэ гэж хэлдэггүй ч хааяахан уяан дээр буухдаа “Энэ мориндоо одоо тийм ажил хий. Тэр наадамд уралд” гэж зөвлөдөг. Тэгэхээр нь бид хоёр буурлынхаа заасны дагуу ажил хийж, уралдахад тавьсан сум шиг л барианд орно” гээд бахархангуй хариулав.
Бид түүний гэргийтэй цөөн хором ярилцлаа. Түүний гэр бүлийн хүнийг Ц.Мөнхчимэг гэдэг. Тэднийх гурван хүүхэдтэй. Том хүү Содбилэг нь нийслэлд оюутан бол Болорчимэг, Содончимэг охид нь Налайх дүүргийн дунд сургуульд суралцдаг гэнэ.
Ц.Мөнхчимэг бага охиндоо малгайтай дээл урлаж өгсөн байхыг нь хараад “Энэ таны зохиож урласан дээл үү” гэхэд “Тийм. Нөхөр хүүхэддээ хүссэн дээлийг нь оёж өгдөг. Мөн айл, саахалтынхандаа ч гэсэн оёж өгнө. Зарим айл нь хол нүүсэн хэрнээ дээлнийхээ материалыг хүнээр ч хамаагүй дайгаад явуулчихдаг. Би тэдний дээлийг олон удаа оёж өгсөн болохоор хэмжээг нь бараг мэднэ ээ” гэлээ.
“Уяач хүний гэр бүл байх ямар байдаг вэ. Адаглаад л олон хүний хөлд дарагддаг шүү дээ” гэхэд “Би нөхрийнхөө бараг туслах уяач нь юм шиг байдаг. Байхгүй үед нь морьдыхоо тэжээлийг өгнө. Бага сага морины ажил хийх шаардлага гарвал уралдаанч хүүхдүүддээ морийг нь эмээллэж өгөөд мордуулах үе ч бий. Цай, хоол, хувцас хунарыг нь бэлдэх гээд ажил мундахгүй. Аав маань морь уядаг, Сумын алдарт уяач цолтой хүн болохоор би багаасаа ийм ажил мэднэ ээ. Тиймээс надад төвөгтэй санагддаггүй” гэсэн юм.
Гэхдээ бага байхдаа хурдны морь сунгаанд унадаг байсан ч наадамд унаж байгаагүй гэв.
Тэр цааш ярихдаа “Монгол наадам гэдэг их сайхан. Эмэгтэй хүн ч ялгаагүй хурдан морь харахаараа сэтгэл нь хөөрч, эрийн гурван наадмаараа бахархдаг. Миний сэтгэлд үлдсэн хамгийн сайхан наадам гэвэл сумынхаа 80 жилийн ойг хэлнэ. Учир нь тэр наадамд манай хонгор халзан морь аман хүзүүдэж байлаа. Хурдан морьтой айлд хун шувуунаас бусад нь цуглардаг гэсэн үг бий. Морь айрагдах үед хүмүүс улам их ирж, сайхан байдаг” гээд нөхрөөрөө бахархан ярив.
Тэд дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд аж. Монгол хүүхдүүд чулуугаар гэр барьж тоглож байгаад аав, ээж болцгоодгийн адил тэд энэ л жишгийг дагажээ.
Тэдний аав, ээж багад нь айл, саахалт бууж, хэн хэнээ мэдэх тул амьдралаа хамт түшилцэж явахад ойлголцохгүй зүйл бараг байхгүй болов уу. Тэд 2003 онд гэр бүл болж, өдгөө гурван хүүхдийн аав, ээж болон сайхан амьдарч байна.
Аймаг, сумын наадамд 100 гаруй хүлгээ түрүүлүүлж, айрагдуулсан сумын алдарт уяач Л.Цолмонгийнд зочиллоо | ||
Үзсэн: 3659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.